Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 90

 

“М С Э к” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын

Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч

С.Лхам, Д.Доржнамжим, Т.Батцэцэг нарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                 Д.Мөнхтуяа,

Шүүгчид:                               Г.Банзрагч,

                                              Б.Мөнхтуяа,

                                              П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга     Т.Даваажаргал. 

Гомдлын шаардлага: “...улсын байцаагч нарын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0005531 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0629 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 653 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг, Л.Пагамсүрэн, хариуцагч Д.Доржнамжим, Т.Батцэцэг нарыг оролцуулан,

Гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0629 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 1.3-т тус тус заасныг баримтлан “М С Э к” ХХК-ийн гаргасан гомдлыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0005531 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 653 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0629 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан ”М С Э к”ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч С.Лхам, Т.Батцэцэг, Д.Доржнамжим нарт холбогдуулан гаргасан “2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0005531 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч улсын байцаагч Т.Батцэцэгийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.  

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, буруу тайлбарласан гэх үндэслэлээр шүүхийн магадлалын эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

4. Шүүх хуулийг буруү хэрэглэсэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:  Нэг: Шүүхийн магадлалд манай компанийг “Моннидер” ХХК, “Номин тав трейд” ХХК болон “Скай хайпермаркет” ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан жижиглэнгийн үнийг тогтоохдоо Өрсөлдөөний тухай хуульд заасан босоо хэлбэрийн картель байгуулсан. Өрсөлдөөний эрх зүйд үйлдвэрлэгч борлуулагчийн хооронд байгуулсан картелийг босоо хэлбэрийн картель гэх бөгөөд үүний түгээмэл хэлбэр нь үнэ тогтоох гэрээ байдаг. Тухайлбал, үүнд үйлдвэрлэгчээс өөрийн бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтоох буюу үнийн дээд доод хэмжээг борлуулагчаас шаардах харилцаа хамаарна гэх дүгнэлтийг хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Өрсөлдөөний тухай хуулийн 2 дугаар зүйлд өрсөлдөөний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Өрсөлдөөний тухай хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн актаас бүрдэнэ гэж тодорхойлсон. Эдгээр хуульд шүүхийн магадлалд дурдсан босоо хэлбэрийн картель, үүнд үйлдвэрлэгчээс өөрийн бараа, бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн тогтоох харилцаа хамаарна гэж заагаагүй. Мөн үйлдвэрлэгч бөөний үнийг тогтоож болно, жижиглэнгийн үнийг тогтоохыг хориглох тухай хуулийн зохицуулалт байхгүй.

5. Хоёр: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэлд “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 527 дугаар шийдвэрээр “Скай хайпермаркет” ХХК-тай байгуулсан гэрээг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 633 дугаар шүүхийн шийдвэрээр “Моннидер” ХХК-тай байгуулсан гэрээг тус тус өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэгдсэн картель хэмээн дүгнэж, тэдгээрт оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн тул эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн” байна. Гэтэл дурдан буй шүүхийн шийдвэрүүд нь хэргийн материалд байхгүй бөгөөд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй баримтууд бөгөөд нөгөө талаас манай улсад шүүхийн жишиг хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн эх сурвалжид тооцогддоггүйг дурдах нь зүйтэй байна.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэх шүүх хууль хэрэглэх заалтыг хэрэглэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож маргааныг шийдвэрлэсэн байна. Тухайн шүүхийн шийдвэрүүд хэргийн материалд байхгүй бөгөөд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй баримтууд болно.

7. Гурав: Шүүхээс “М С Э к” ХХК-ийн өмнөх жилийн борлуулалтын орлогын 0,5 хувьтай тэнцэх хэмжээний буюу 1,209,682,136 төгрөгөөр торгосон нь хуульд нийцнэ гэх дүгнэлтийг гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх “ Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

8. Улсын байцаагч нар нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.3 “бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлийн нэвтрэх орох боломж, хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг хязгаарлах гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хураан авч аж ахуй эрхлэгчийг тухайн бараа, бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээгээр торгоно” гэж заасан. Улсын байцаагч нар торгууль оногдуулахдаа картель байгуулсан гэх “Номин тав” ХХК-д нийлүүлсэн ус, ундаа 8,397,029,995 төгрөг, “Моннидер” ХХК-нд 2,499,443,958 төгрөг, “Скай хайпермаркет” ХХК-нд 1,203,212,400 төгрөг, нийт 12,099,686,353 төгрөгөөс буюу тухайн “зөрчил гарсан” гэж үзэх борлуулалтаас бус, харин компанийн нийт борлуулалтын дүн буюу 241,936,427,258 төгрөгөөс тооцсон нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

9. Зөрчлийн тухай хуульд зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг тодруулан “тухайн бүтээгдэхүүний” гэж тодорхой байдлаар хуульчилсан. Гэтэл хуульд заасны дагуу гагцхүү зөрчилтэй тухайн бүтээгдэхүүний борлуулалтын дүнгээс бус, нийт тухайн жилийн орлогын бүхэл дүнгээс тооцож буй нь торгууль оногдуулахдаа нийт компанийн үйлдвэрлэсэн болон импортын барааны борлуулалтын жилийн орлогоос тооцох нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжид тохирсон байх зарчмыг зөрчиж, хариуцлагыг хэтрүүлсэн байна.

10. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг зөрчсөн гэх тухайд: Шүүхийн магадлалд үйлдвэрлэгчээс өөрийн бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтоох буюу үнийн дээд доод хэмжээг тогтоохыг борлуулагчаас шаардах харилцааг картелийн түгээмэл хэлбэр гэж дүгнэжээ. Манай компани нь нэр бүхий компаниудтай гэрээ байгуулахдаа жижиглэнгийн үнийг тогтоохыг шаардах, ижил төрлийн дэлгүүрүүдийн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйлдлийг гаргаагүй. Компанийн борлуулалт бэлнээр, зээлээр болон томоохон сүлжээ дэлгүүртэй худалдааны гэрээ байгуулан бүтээгдэхүүнийг борлуулдаг. Эдгээр гэрээ байгуулах дэлгүүр нь манай бүтээгдэхүүнийг худалдан авдаггүй үйлдвэрийн үнэ дээр нэмэлт 15 орчим хувийг нэмж борлуулах, борлуулсны дараа төлбөрийг төлөх, мөн нэмэлтээр борлуулалтын орлогын тодорхой хувийг авч тухайн бүтээгдэхүүний үнийн дүнгийн (25) хүртэл хувийг авах нөхцөлтэй гэрээ байгуулдаг. Энэ нөхцөлөөр гэрээ байгуулахгүй тохиолдолд үйлдвэрлэгч нь сүлжээ дэлгүүрт өөрсдийн бүтээгдэхүүнийг борлуулах боломжгүй. Борлуулалтын үнийг дэлгүүртэй зөвшилцөж гэрээнд оруулах бөгөөд манай компани нь дангаар шийдвэрлэдэггүй юм. Тухайн дэлгүүрт борлуулалтын хувь өгнө, бараа бүтээгдэхүүн борлуулалтыг нэмэгдүүлэх маркетингийн хөтөлбөр хэрэгжүүлнэ, эдгээр зардлыг үйлдвэрлэгч буюу нийлүүлэгч дангаар гаргана.

11. “Моннидер” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээгээр Оргил сүлжээ дэлгүүрт өөрсдийн бүтээгдэхүүнийг борлуулах үнийн саналыг худалдагч талын хувьд гаргаж, нэг бүтээгдэхүүнд 15 хувийн нэмэгдэлтэй борлуулах, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхэд борлуулалтын орлогын 7 хувийг нэмж төлөх, нийт борлуулалтын 23 хувийг тус компани авах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Хамтран ажиллах хугацаанд Оргил сүлжээ дэлгүүрүүд нь гэрээнд тохирсон үнийг 5 хувиар бууруулан борлуулалтыг хийсэн тул 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 463 дугаар хүсэлтийг бичгээр илгээсэн. Энэхүү хүсэлтийн агуулга нь гэрээгээр тохиролцсон үнийг баримтлан ажиллах, компанийн зүгээс нэмж 10 сая төгрөгийн маркетингийн хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг илэрхийлсэн. Хүсэлтийг тус компани хүлээн авсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаар албан бичгээр бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хязгаарлах тухай мэдэгдлийг дахин хүргүүлсэн. “Моннидер” ХХК нь гэрээнд заасан борлуулалтын үнийг дангаар 5 хувиар буулгасан боловч гэрээний дагуу борлуулалтын орлогоос манайд төлөх 7 хувийг суутган авч байгаа нь гэрээгээр урьдчилан тохиролцсон нөхцөлийг зөрчсөн үйлдэл байсан. Иймээс уг гэрээний зөрчлийг арилгуулахаар бидний зүгээс хүргүүлсэн 463, 493 тоот албан бичгүүдийг ”М С Э к”ХХК нь “Моннидер” ХХК-ийг “Номинтав” ХХК болон “Скай хайпермаркет” ХХК-тай байгуулсан гэрээний үнэтэй ижил дүнд барь гэсэн шаардлага гаргасан мэтээр улсын байцаагчийн зөрчлийн актад тайлбарлаж буй нь үндэслэлгүй болно.

12. Дурдвал, зөрчлийн тэмдэглэлд “2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд борлуулалтыг хязгаарласан нь “Моннидер” ХХК-ийн менежер Т.Гантөмөрийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгээр нотлогдож байна” гэж дурдсан. Гэтэл бодит байдал дээр манай компани нь мэдэгдлийг хүргүүлсэн боловч тус компанид бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хязгаарлаагүй. Нөгөө талаас “Номин тав” ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Худалдааны хамтран ажиллах гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “хямд үнийн баталгаагаар “М С Э к” ХХК нь хангана” гэсэн заалтыг зөрчил хэмээн зөрчлийн тэмдэглэлд дурдсан байдаг. Мөн гэрээний хавсралт 1.5-д “Дэлхийн хэмжээний сүлжээ дэлгүүрүүд Монгол Улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж эхлэх үед тухайн дэлгүүр нь хямд үнийн бодлого баримталсан тохиолдолд нийлүүлэгч тал тус дэлгүүрт шаардлага хүргүүлэх гэж харилцан тохиролцсон гэрээний дагуу “Моннидер” ХХК-нд саналын үнийг дагаж мөрдөх шаардлагыг хүргүүлж, хязгаарлалт хийсэн нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаартай албан бичгээр нотлогдож байна” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл “Моннидер” ХХК-ийн Оргил сүлжээ дэлгүүр болон “Номин тав” ХХК-ийн Номин дэлгүүрүүд нь дэлхийн хэмжээний сүлжээ дэлгүүр огт биш бөгөөд улсын байцаагчийн зүгээс “М С Э к” ХХК-ийн огт ишлээгүй заалтыг өөрийн үзэмжээр үндэслэлгүй, гагцхүү өөрийн зорилгодоо нийцүүлэн тайлбарлаж манай байгууллагыг хохироож байна.

13. “Скай хайпермаркет” ХХК-тай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлд манай компани нь нийлүүлж буй бүтээгдэхүүнд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдэд нийлүүлж буй үнэтэй ижил буюу хямд байх гэсэн үүргийг хүлээсэн. Бид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд дэлгүүрүүдэд хямд үнийн баталгаа гаргаж, борлуулах үнийг гэрээнд тогтоосон. Энэ нь зах зээл дээр өрсөлдөгч байгууллагуудын хооронд өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл гаргаж буй хэлбэр огт биш, харин ч нэг өртгөөр гарч буй бүтээгдэхүүнийг ижил төрлийн өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдэд ялгаваргүй үнээр хүргэж буй, нөгөө талаас хэрэглэгчдэд хямд үнэ хүргэх зорилготой шударга ажиллагаа бөгөөд үйлдвэрлэгчид хэрэв бүтээгдэхүүнээ борлуулж буй байгууллагуудад өөр өөр үнээр бүтээгдэхүүнээ худалдвал энэ нь бодит утгаараа “өрсөлдөөнийг хязгаарлаж” зарим аж ахуйн нэгжид илүү боломж олгосонд тооцогдох биз ээ. Иймд, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

15. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч С.Лхам, Т.Батцэцэг, Д.Доржнамжим нар нь “М С Э к” ХХК-ийг “Моннидер” ХХК, “Номин тав” ХХК, “Скай хайпермаркет” ХХК-иудтай бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ байгуулан ажиллахдаа “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон” зөрчил гаргасан гэж үзэж, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0005531 дугаар шийтгэлийн хуудсаар тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 0.5 хувь буюу 1,209,682,136 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. 

16. Нэг. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар “Моннидер” ХХК-ийн гомдолтой ШӨХТГ-ын улсын байцаагч нарт холбогдох, “...улсын байцаагч нарын 0005529 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох...” гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцэж, 11 дүгээр тогтоолыг гаргасан.

17. Тус тогтоолын 14-т “...гомдол гаргагч “Моннидер” ХХК нь “М С Э к” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр МСSCC17-05-035 дугаарын “Нийлүүлэлтийн гэрээ”-г байгуулан, уг гэрээний 3.14-т “Худалдан авагч нь худалдагч талын санал болгосон үнийн саналыг дагаж мөрдөнө” гэж зааж тохиролцсон байх ба “Моннидер” ХХК нь гэрээний энэхүү заалтын дагуу худалдагч талын саналын үнийг баримтлан тус компанийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж ирсэн нь “М С Э к” ХХК-иас, харилцагч “Моннидер” ХХК-д хүргүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1068 тоот, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 463 тоот, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 493 тоот албан бичгүүд, саналын үнийн жагсаалт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, өөрөөр хэлбэл  гомдол гаргагч “Моннидер” ХХК болон “М С Э к” ХХК-иуд нь “Оргил” сүлжээ дэлгүүрүүдэд “М С Э к” ХХК-ийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах жижиглэнгийн үнийг хэлцэн тохирч, Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон гэрээ байгуулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон...” талаар дүгнэж, “Моннидер” ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0633 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 588 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 110 дугаар зүйлийн 110.2-т “...шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заажээ.

19. Дээрхээс үзэхэд, гомдол гаргагч “М С Э к” ХХК-ийн өөрийн бараа бүтээгдэхүүнээ зах зээлд дээр нэг үнээр худалдаалах бодлогын хүрээнд бусад сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ байгуулж, бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтоосон буюу нийлүүлэлтийн гэрээнд худалдан авагч нь худалдагч талын санал болгосон үнийн саналыг дагаж мөрдөхөөр заасан нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл баримт болохыг тухайн гэрээний харилцаанд оролцогч “Моннидер” ХХК-ийн гомдолтой зөрчлийн хэргийг шийдвэрлэхдээ тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учир энэ талаар дахин хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.

20. Иймээс гомдол гаргагч хуулийн этгээдийн “...шүүх маргааныг эцэслэн шийдвэрлээгүй шийдвэрүүдийг үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн...” гэх хяналтын гомдол үндэслэлгүй.

21. Түүнчлэн гомдол гаргагчийн “...шүүхийн магадлалд дурдсан босоо хэлбэрийн картель, үүнд үйлдвэрлэгчээс өөрийн бараа, бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн тогтоох харилцаа хамаарна гэж заагаагүй. Мөн үйлдвэрлэгч бөөний үнийг тогтоож болно, жижиглэнгийн үнийн тогтоохыг хориглох тухай хуулийн зохицуулалт байхгүй...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

22. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:” гээд 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заажээ.

23. Хэдийгээр хууль тогтоогч картелийн хэлбэрийг нарийвчлан заагаагүй ч  хууль зүйн онол болон олон улсын практикт ийм төрлийн картелийг “босоо” ба “хэвтээ” гэж ангилан авч үздэг, энэ тохиолдолд нэг талаас “М С Э к” ХХК (үйлдвэрлэгч, нийлүүлэгч), нөгөө талаас “Моннидер” ХХК (жижиглэн борлуулагч) аж ахуйн нэгжүүд хоорондоо гэрээ байгуулж, жижиглэнгийн (эцсийн хэрэглэгчид нийлүүлэх) үнийг тогтоож, борлуулагч нар нь хоорондоо үнийн өрсөлдөөн хийх шаардлагагүй болсон нь өрсөлдөөнийг хязгаарласан “дахин борлуулалтын үнийг баталгаажуулсан гэрээ (картел)”[1] мөн, энэ талаар хуулийн агуулгыг тодотгож тайлбарласан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.

24. Мөн гомдол гаргагч нь тухайн гэрээ байгуулсан зорилгоо тайлбарлахдаа “хэрэглэгчид хямд үнийн баталгаа гаргах” гэж байгаа боловч хууль тогтоогч хэлцэн тохирч үнэ тогтоох бүхий л хэлбэрийг “шударга бус” хэмээн хориглосон буюу хэрэглэгчид хүрэх хямд үнэ нь хэлцэл (картел)-ийн журмаар бус, харин өрсөлдөөний үр дүнд хэрэглэгчид бараа бүтээгдэхүүний хямд үнэ тогтох чөлөөт зах зээлийн үзэл баримтлалыг хуульчилсан учир энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

25. Ийнхүү гомдол гаргагч болон жижиглэн борлуулагчийн хооронд “босоо” төрлийн картель хийгдсэн үйл баримт тодорхой, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”-ыг хориглосон заалт зөрчигдсөн байхад анхан шатны шүүх “...тэдгээрийг зах зээлд өрсөлдөхөд нь хязгаарлалтыг тогтоогоогүй, бүтээгдэхүүнийг борлуулах бүх аж ахуйн нэгжид ижил боломж, нөхцлийг гарган өгсөн...” зэргээр  маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, хэрэглэвэл зохих хууль зөв тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргажээ.

26. Хоёр. Гомдол гаргагч “М С Э к” ХХК-аас “...манай компанийн борлуулалтын 10 хүрэхгүй хувийг томоохон сүлжээ дэлгүүр эзэлдэг, түүний дотор “Моннидер” ХХК-ийн Оргил, “Номин тав” ХХК-ийн Номин, “Скай хайпермаркет” ХХК-ийн И-март супермаркетууд багтана. Эдгээр дэлгүүртэй гэрээ байгуулан ажиллахад зөрчлийг гаргасан гэсэн тохиолдолд тухайн дэлгүүрт нийлүүлсэн бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогоос торгуулийн шийтгэлийн хэмжээг тодорхойлох ёстой, ...зөрчилтэй тухайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын дүнгээс бус компанийн нийт үйлдвэрлэсэн болон импортын барааны борлуулалтын жилийн орлогоос тооцох нь хууль бус...” гэх үндэслэлээр маргаж байна.

27. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн” гээд 1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох ... гэрээ, хэлцэл (картель) байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

28. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд “тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлого” гэдгийг картель буюу гэрээ, хэлцэлд дурдагдсан тухайн төрлийн бараа, бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын нийт орлого гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, “зөрчилд хамаарах” бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлогоор хууль тогтоогч хязгаарлаагүй учир гомдол гаргагчийн “...зөрчил гарсан гэж үзэх борлуулалтын орлогын дүн болох 12,099,686,995 төгрөгөөс хувийг тооцох...” талаарх гомдол няцаагдаж байна.

29. Нөгөө талаас, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох ... гэрээ, хэлцэл (картель) байгуулсан...” гэж зааснаас үзэхэд тухайн зөрчил нь “хэлбэр”-ийн бүрэлдэхүүнтэй буюу заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй, гэрээ, хэлцэл (картель) байгуулагдсанаар төгссөнд тооцогдох зөрчил байх тул шийтгэлийн дүнг “зөрчил гарсан гэж үзэх борлуулалт”-аас тооцох боломжгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.    

30. Мөн, хуульд “тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заасан, хариуцагчаас шийтгэл ногдуулахдаа “М С Э к” ХХК-ийн 2017 онд борлуулсан бараа бүтээгдэхүүний 240 тэрбум төгрөгийн орлогын 0.5 хувиар тооцож, 1,209,682,136 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас ногдуулсан, мөн уг заалтад заасан “хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хураах” албадлагын арга хэмжээ хэрэгжүүлээгүй байх тул гомдол гаргагчийн “...эрх зүйн байдлыг дордуулсан...” гэж үзэхгүй.

31. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 


[1] Өрсөлдөөний эрх зүй. Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл.2 дугаар шат. Гарын авлага. Хоёр дахь хэвлэл. УБ., 2017. 60-61 дэх тал