Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2019/00081

 

 

*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

437 дугаар нээлттэй хорих анги, Тольдох Оюуны

өгөөж ХХК нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00403 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих анги, Тольдох Оюуны өгөөж ХХК нарт холбогдох,

Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/79 дугаартай албан бичгээр хүргүүлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гүррагчаа, Д.Эрдэнэболд, хариуцагч Тольдох оюуны өгөөж ХХК-ийн захирал Д.Отгонцагаан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сум дундын 14-р шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1238 дугаартай захирамжтай гүйцэтгэх баримт бичигт ажиллагаа хийж хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон байдаг ба шинжээч Хүрэнбулаг багт орших Дагинас төвийн 1 давхарт байрлах ONYX пабыг 110.000.000 төгрөгөөр, Хүрэнбулаг багийн 4-22-23 тоот 2 ороо орон сууцыг 75000000 төгрөгөөр, Согоот багийн 6-18-27 тоот 2 өрөө орон сууцыг 60400000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлсэн байсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчийн дүгнэлтийг надад хуульд заасан хэлбэрээр танилцуулаагүй тул "Тольдох оюуны өгөөж ХХК-иас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/79 тоот албан бичгээр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гүррагчаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1238 дугаар шийдвэрээр Даблкроун ХХК-аас 221.996.999 төгрөг гаргуулж Хаан банканд олгохоор шийдвэрлэсэн. Тус газар тухайн гүйцэтгэх хуудсыг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж удаа дараа дуудан уулзаж мэдэгдэл өгсөн боловч төлбөрөө төлж барагдуулаагүй тул 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр барьцаа хөрөнгийг 16141010/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн, мөн төлбөр төлөх хугацаа өгсөн боловч төлөөгүй тул 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16141010/08 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч Даблкроун ХХК-ийн захирал *******, барьцаа хөрөнгийн өмчлөгч Э.Нандинцацрал нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хаягаар очиход байхгүй байсан тул 2 удаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасны дагуу баталгаат шуудангаар явуулсан ба Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2101006173 дугаартай Дагинас төвийн 1 давхрын Сантайн" зоогийн газар буюу ОNҮХ пабыг 950.000.000 төгрөг, Ү-2101001742 дугаартай 4-22-23 тоот 2 өрөө орон сууцыг 120.000.000 төгрөг, иргэн Э.Нандинцацралын өмчлөлд бүртгэлтэй Согоот багт байрлах 6-18-27 тоот Ү-2101004445 дугаартай 2 өрөө орон сууцыг 120.000.000 төгрөгөөр үнэлж тус тус үнэлгээ ирүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл хүргүүлснээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан санал ирээгүй тул төлбөр төлөгч Даблкроун ХХК-ийн Хаан банкинд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2101006173 дугаартай Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ пабыг 110.000.000 төгрөг, Ү-2101001742 дугаартай 4-22-23 тоот 2 өрөө орон сууцыг 75.000.000 төгрөг, иргэн Э.Нандинцацралын өмчлөлд бүртгэлтэй Согоот багт байрлах 6-18-27 тоот Ү-2101004445 дугаартай 2 өрөө орон сууцыг 60.400.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг Иргэний хуулийн 177 дугаар 177.1-д заасны дагуу 70 хувиар 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч оролцогч оролцоогүй. Хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгч Даблкроун ХХК-ийн захирал *******, барьцаа хөрөнгийн өмчлөгч Э.Нандинцацрал нарт өөрийн биеэр болон 99092892 дугаараар мэдэгдэж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2101006173 дугаартай Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ пабыг 110.000.000 төгрөг, Ү- 2101001742 дугаартай 4-22-23 тоот 2 өрөө орон сууцыг 50.000.000 төгрөг, иргэн Э.Нандинцацралын өмчлөлд бүртгэлтэй Согоот багт байрлах 6-18-27 тоот Ү-2101004445 дугаартай 2 өрөө орон сууцыг 60.400.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг Иргэний хуулийн 177 дугаар 177.1-д заасны дагуу 50 хувиар хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулж иргэн М.Лхагвасүрэн нь Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ пабыг 57.000.000 төгрөг, Согоот багт байрлах 6-18-27 тоот 2 өрөө орон сууцыг 30.200.000 төгрөгөөр, иргэн Ө.Эрдэнэтунгалаг нь Хүрэнбулаг багт байрлах 4-22-23 тоот 2 өрөө орон сууцыг 50.000.000 төгрөгөөр тус тус ялагч болсон. Иймд төлбөр төлөгч Даблкроун ХХК-ийн захирал *******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Тольдох оюуны өгөөж ХХК-ийн захирал Д.Отгонцагаан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Үнэлгээчин миний бие нь шинжээчийн дүгнэлтийг гаргах үед иргэн *******ийн Оnух пабны өргөтгөл хэсэг нь зөвшөөрөлгүй байсан бөгөөд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг зах зээлийн судалгаатай харьцуулан тогтоосон нэхэмжлэгч Д.Дорожпүрэвт холбогдуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан. Энэ өдрөөс хойш *******тэй 99092899 гэсэн утсаар удаа дараа холбогдсон боловч би Орхон аймагт байхгүй байна гэж худлаа яриад яваад байсан. Нэхэмжлэгч ******* өөрөө 4-22, 6-18-57 тоот орон сууцыг тус тус 120 сая төгрөгөөр үнэлсэн байсан. Орон нутгийн судалгаагаар 4-22-р байрны 2 өрөө орон сууц 75 сая төгрөг, 6-18-р байрны 2 өрөө орон сууц 64 сая төгрөг гэсэн зах зээлийн ханшаар дундаж үнэлгээ гаргасан. 4-р микрийн байрнууд өнөөдрийн зах зээлийн ханшаар 75 сая төгрөгийн ханштай байгаа. Үнэлгээг судалгааг үндэслэж зах зээлийн бодит ханшаар гаргасан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Би үнэлгээ гаргахдаа 2, 3 өдөр үл хөдлөх хөрөнгө жуучлалын газар, мэдээллийн биржээс судалгаа авсан гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1238 дугаар захирамжаар Даблкроун ХХК нь зээлийн гэрээний дагуу 221.996.999 төгрөгийг графикийн дагуу 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулж, зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй нөхцөлд 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09/094 тоот барьцааны гэрээ, 09/094 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн БГ 11/83 тоот гэрээнд заасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдээр төлбөрийг хангуулна. Талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ нэг удаа зөрчсөн тохиолдолд энэ гэрээний дагуу гарсан эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх, зээлийн барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж зээлийн төлбөрийг барагдуулахад татгалзахгүй гэж харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч Даблкроун ХХК нь эвлэрлийн болон шүүгчийн захирамжид заасан үүргээ биелүүлээгүй графикийг зөрчсөн тул нэхэмжлэгч буюу Хаан банкны Орхон салбар 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүгчийн 447 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар 65 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн бөгөөд үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасантай нийцсэн хуульд заасан журам зөрчөөгүй болно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн бөгөөд хэтрүүлсэн хугацаа сэргээлгэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, уг хугацааг сэргээгээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00403 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -437 дугаар нээлттэй хорих анги болон Тольдох оюуны өгөөж ХХК-д холбогдох Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/79 шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9-р зүйлийн 9.1-д Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна, 9.2-т Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж заасан. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилохдоо хуулийн дээрх заалтыг зөрчиж, шинжээч томилсон тогтоол үйлдсэнийхээ дараа үнэлгээчинд тогтоолыг танилцуулж гарын үсэг зуруулсан. Мөн Эрүүгийн хуульд шинжээч дүгнэлт гаргахаас зайлсхийх, татгалзсан эс үйлдэхгүйг гэмт хэрэг гэж заагаагүй, холбогдох хууль тогтоомжоор шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзах эрхийг хуульчилсан байтал Шинжээч томилох тухай тогтоолд ...Дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж бичсэн. Нөхцөл байдлыг тодруулж, шинжээчээс урьдчилж асууж тодруулалгүй шинжээчийг шууд томилсон, ийнхүү томилохдоо дүгнэлт гаргахаас өөр аргагүй гэж ойлгогдохоор Эрүүгийн хууль тогтоомжоор гэмт хэрэгт тооцоогүй үйлдэлд хариуцлага хүлээлгэхээр хууль сануулж, хууль зөрчиж тогтоол үйлдсэн. Шинжээч Хүрэнбулаг багт орших Дагинас төвийн 1 давхарт байрлах ОМҮХ пабыг үнэлэхдээ орлогын хандлагаар хийсэн тооцоололдоо түрээсийн орлогыг үндэслэл, нотолгоогүйгээр 1.000.000 төгрөг байдаг гэж зах зээлийн бодит төлбөрөөс доогуур тогтоосон. Мөн түрээслүүлэхгүйгээр үйлчилгээний зориулалтаар ашигласан тохиолдолд сард хэдэн төгрөгийн орлого олж болох вэ? гэдгийг харгалзаж үзээгүй. Хүрэнбулаг багийн 4-22-23 тоот 2 өрөө орон сууц, Согоот багийн 6-18-27 тоот 2 өрөө орон сууцыг үнэлэхдээ тухайн хөрөнгүүдийг өөрийн биеэр очиж үзэлгүйгээр үнэлсэн. Гэтэл хөрөнгийн байдалтай танилцсан мэтээр тайланд тусгаж бичсэн үнэлгээ хийсэн огноо, хөрөнгийн байдалтай танилцсан огноо ойлгомжгүй. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00403 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэгч ******* нь Тольдох оюуны өгөөжХХК-ы гаргасан 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №18/79 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар ...хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийсэн, шинжээчийн дүгнэлтийг орлогын, өртгийн, жишиг үнийн аргаар тооцоолон 245.400.000 төгрөгийн үнэлгээ тогтоосон нь хуульд нийцсэн гэх тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд төлбөр төлөгч Даблкроун ХХК-иас зээлийн төлбөр-221.996.999 төгрөг гаргуулж төлбөр авагч Хаан банкинд олгохоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан ба нэхэмжлэгч ******* нь тус компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, уг компанийг итгэмжлэлгүйгээр шууд төлөөлөх эрхтэй болох нь тодорхойгүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх *******ийн гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******ийг төлбөр төлөгч Даблкроун ХХК-ийг төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй, шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад жинхэнэ нэхэмжлэгч мөн эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3-д заасан үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгч *******ийн гаргасан 2 өрөө орон сууцыг үнэлэхдээ тухайн хөрөнгүүдийг өөрийн биеэр очиж үзэлгүйгээр үнэлсэн, хөрөнгийн байдалтай танилцсан мэтээр тайланд тусгаж бичсэн үнэлгээ хийсэн огноо, хөрөнгийн байдалтай танилцсан огноо ойлгомжгүй, намайг шүүх хуралдаанд ороцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ