Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 207/МА2019/00092

 

 

Хөүп таун ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

*******, ******* нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/00604 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хөүп таун ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

Орон сууцанд амьдарсан хөлс 2.616.667 төгрөг гаргуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-8-05 тоот хаягтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, Хөүп таун ХХК-иас 14.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Хөүп таун ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хөүп таун ХХК нь *******, ******* нартай 2016 оны 08 дугаар сарын 13-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах 32 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр худалдан авагч нар нь компанийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7 хорооллын 8-р байрны 05 тоот хаягт байрлах орон сууцны гэрээгээр тохирсон үнэ 55.000.000 төгрөгийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх, компани нь дээрх хаягт байрлах орон сууцыг худалдан авагч нарт хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцыг гэрээ байгуулсан өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр *******д хүлээлгэн өгсөн. ******* нь гэрээгээр тохиролцсон ёсоор орон сууцны үнийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөрт багтаан хуваарийн дагуу төлж дуусгах байсан. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж өдийг хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй 1 жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Компаний зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй юм. Иймд *******тэй 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэнээр гэрээ цуцлагдсан. ******* нь орон сууцыг хүлээн авсан өдрөөс хойш өдийг хүртэл компанийн орон сууцанд амьдарсаар байна. ******* нь орон сууцны үнэ 55.000.000 төгрөг төлөх байснаас 17.000.000 төгрөгийг төлсөн байна. Энэхүү 17.000.000 төгрөгийг гэрээний 4.5-д зааж тохиролцсон ёсоор орон сууцанд амьдарсан нийт хугацаагаар тооцон төлсөн суутган авсан. Харин компанийн байранд амьдарсан хугацааны төлбөрийн зөрүү 2.616.667 төгрөг болж байгаа болно. Иймд *******, ******* нараас орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр болох 2.616.667 төгрөгийг гаргуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хороолол 8 байрны 05 тоот хаягт байрлалтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* би 2016 оны 08 дугаар сарын 13-нд Хөүп таун ХХК-ийн 8-5 тоотод орох гэрээ хийж урьдчилгаа 31 хувийг тусламж 8 сая төгрөг болон цалингийн зээлээр төлсөн юм. Бид гэрээ хийх үедээ байрны зээлийн 70 хувийг ипотекийн зээлд хамруулж өгнө гэсэн энэ гэрээ одоо хүртэл хийгдээгүй. Миний түрүүчийн зээл төлж дуусаагүй учир дараагийн зээл авах эрх нээгдээгүй. Мөн би өвчилсөн тул 2 удаа 2 сараар ажил хийгээгүй тул цалин багассан. Ийм шалтгаанаар өнөөдрийг хүртэл мөнгө төлөөгүй нь үнэн боловч энэ нь гэрээ цуцлах шалтгаан биш юм. Бид байрыг бусдад дамжуулсан юм уу эсхүл эд ангийг нь сүйтгэсэн тохиолдолд уг асуудал яригдах ёстой. Миний бие ажлаасаа бууж ирээд гэртээ орох гэж яваад бороонд норж гантиг шатан дээрээс халтирч унан шагайгаа гэмтээж ажлын чадвараа алдсан. Энэ тухайгаа компаний ажилтан н.Доржпагмад хэлсэн боловч нөхөн төлбөр гаргаж өгөөгүй хэрүүл хийгээд өнгөрсөн. Иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар ямар ч ажил хийгээгүй. Манай байранд суулт өгч хана хагарсан салхинд ванны өрөөний лампиран тааз хуурч унасан. Эдгээрийг засаж өгөөч гэж хүсэлт гаргасан боловч засварчин байхгүй гэдэг. Миний бие нь уг байрнаас гарах бол төлсөн 31 хувийн мөнгөө авна. Яагаад гэвэл хэлсэн гэрээгээ анх зөрчсөн нь энэ компани юм. Би хятад эзэнд нь өргөдөл өгсөн. 2019 оны 05 дугаар сараас урьд өр төлөгдөж дараа нь зээлд хамрагдаж болно гэж банкныхан хэлж байна. Тэр үед төлье гэж хэлсэн. Одоо болохоор бид нарыг зөвшөөрөөгүй талаар яриад байна. Компани зөвхөн өөрт ашигтай Монголд хортой гэрээ зохиожээ. Манай эзэн өөрийнхөө хувийн мөнгөөр байр барьж өгсөн гэдэг юм байна лээ. Уг нь манай улсын комисс хүлээж авсан юм гэсэн. Иймд бидний асуудлыг шударгаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манайх тус компаний 8-5 тоот хаягтай 40 мкв байранд 2 жил 8 сар амьдарсан. Уг байрыг худалдаж авах гэхээр төлбөрөө төлөх цалин хүрэлцэхгүй учир тус байранд амьдарсан хугацааны үнэ 576.000 төгрөг, засварт 924.000 төгрөгийг төлж үлдэгдэл 14.000.000 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна. Энэ нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь би тус компанид урьдчилгаа 31 хувь буюу 16.500.000 төгрөг төлсөн гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч нар нь Хөүп таун ХХК-иас 14.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч *******, ******* нартай компани нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ гэх худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр *******, ******* нарыг орон сууцанд оруулсан бөгөөд тэд компаний өмчлөлийн орон сууцанд 2018 оны 12 дугаар сар хүртэл амьдарсан. Одоогоор орон сууцны үнийг төлж чадахгүйд хүрсэн тул орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн болно. Гэрээний дагуу орон сууцны үнийг худалдан авагч тал болох Б.Батцэнгэп, ******* нар нь хавсралт 1-д заасан дагуу төлж сүүлийн төлөлтийг буюу гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хугацаа 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлж дуусгах байсан боловч дээрх үүргээ биелүүлээгүй болно. Харин худалдан авагч тал 17.000.000 төгрөг төлсөн бөгөөд энэ үнийн дүн дээр компаний зүгээс маргах зүйл байхгүй болно. Уг 17.000.000 төгрөгийг компанийн зүгээс буцаан *******, ******* нарт олгох боломжгүй юм. Учир нь гэрээний 4.1 /Захиалагч гэрээний хавсралт 1/-т заасан хуваарийн дагуу төлөх төлбөрийг хугацаанд төлөөгүй хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч тал захиалагч талд төлбөрийг төлөх тодорхой хугацаа өгөх болон төлбөрийг шаардаж, шаардсан хугацаанд төлбөр төлөөгүй бол гэрээг цуцлах тухай захиалагчид бичгээр мэдэгдэнэ/, 4.4 /Талуудын аль нэг нь гэрээг зөрчсөнөөс нөгөө талд учирсан хохирол /хууль зүйн зардал, үйл ажиллагааны зардал, орон сууц ашигласны зардал, дотор заслын зардал, байрны халаалтын болон бусад зардлуудыг бүрэн хариуцна/, 4.5 /Хэрвээ захиалагч тал орон сууцны урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс энэхүү гэрээ цуцлагдаж байраа буцаах тохиолдолд орон сууц ашигласны төлбөр болон дахин шинэчлэн засварлах засварын төлбөр /хавсралт 2/-ийг төлсөн төлбөрөөс суутган авна/ гэж заасны дагуу суутган авсан. Ийнхүү 17.000.000 төгрөгийг суутган авахдаа дараах тооцооллоор суутган авсан болно. Үүнд: Гэрээний хавсралт 2-д заасан шинэчлэн засварлах материалын үнэ 4.500.000 төгрөг, дотор заслын ажлын хөлс 2.000.000 төгрөг /нийт 6.500.000 төгрөг/, гэрээний хавсралт 2-т заасан орон сууц ашигласны төлбөрийг орон сууцанд амьдарсан хугацаа болох 787 хоногоор тооцвол 13.116.666 төгрөг болох бөгөөд 6.500.000 төгрөгийг суутган аваад үлдсэн 10.500.000 төгрөгийг 13.116.666 төгрөгөөс хасч зөрүү буюу орон сууцанд амьдарсан хугацааны хөлс 2.616.666 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Орон сууц захиалга хөрөнгө оруулалтын гэрээг *******, ******* нартай харилцан тохиролцож байгуулсан бөгөөд гэрээний хавсралт 1, 2 -ыг хүлээн зөвшөөрсөн. Мөн уг гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан гэрээ тул гэрээгээр талуудын тохиролцсон тохиролцоог шүүх анхаарч үзэх үндэстэй гэж байна. Ийнхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон 2.616.666 төгрөгийг *******, ******* нараас гаргуулж Хөүп таун ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж гаргасан тайлбартаа:

Хариуцагч нараас нэхэмжлэгч компани нь 2.616.667 төгрөг гаргуулж орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь компанийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хороолол 8 дугаар байрны 05 тоот хаягт байрлах 3 өрөө бүхий орон сууцанд 32 сар амьдарсан. Энэхүү орон сууцанд амьдарсан хугацааны асуудал дээр хариуцагч тал маргадаггүй бөгөөд сөрөг нэхэмжлэлдээ мөн энэ талаар тодорхой дурьдсан байна. *******, ******* нарын орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрийн гэрээгээр тохиролцсон ёсоор нэг сарын төлбөрийг 500.000 төгрөгөөр тооцвол 16.000.000 төгрөг болж байгаа юм. Дээрх 16.000.000 төгрөг дээр гэрээгээр тохиролцсон орон сууцыг шинэчлэн засварлах засварын материалын үнэ, ажлын хөлс нийт 6.500.000 төгрөгийг нэмж тооцвол 22.500.000 төгрөг болох ба үүнээс компанид төлсөн 17.000.000 төгрөгийг хасч 5.500.000 төгрөг гарч байна. Энэхүү 5.500.000 төгрөг нь хариуцагч нараас нэхэмжлэх үнийн дүн бөгөөд үүнээс 2.616.666 төгрөгийг нэхэмжилсэн болно. Шинжээчийн дүгнэлтээр орон сууцыг шинэчлэн засварлах засварын зардлыг 2.751.000 төгрөг байхаар тогтоосон байх ба нийт амьдарсан хугацааны төлбөр 16.000.000 төгрөг дээр шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 2.751.000 төгрөгийг нэмж тооцвол 18.751.000 төгрөг. 18.751.000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 17.000.000 төгрөгийг хасхад 1.751.000 төгрөг гарч байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 2.616.666 төгрөгөөс 865.666 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа 1.751.000 төгрөг болгон багасгаж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж буй *******, ******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас дараах үндэслэлээр татгалзаж байна. Хариуцагч нар нь компанийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хороолол 8 дугаар байрны 05 тоот хаягт байрлах 3 өрөө бүхий орон сууцыг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа чөлөөлсөн байна. Ийнхүү хариуцагч нар нь Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хороолол 8 дугаар байрны 05 тоот хаягт байрлах 3 өрөө бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч зөвшөөрч биелүүлсэн гэх үндэслээд татгалзаж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/00604 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хөүп таун ХХК-ийн хариуцагч *******, ******* нараас 1.751.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан Хөүп таун ХХК-иас 1.000.000 төгрөг гаргуулан *******, ******* нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 13.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Хөүп таун ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөүп таун ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр давж заалдсан гомдолдоо:

Энэхүү хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүх хүлээн авч "Далайван аудит ХХК- ийг шинжээчээр томилж 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 262 дугаартай захирамж гарсан нэхэмжлэгч талаас Далайван аудит ХХК-ийг шинжээчээр томилуулах хүсэлт гаргаагүй шүүх өөрөө зааж томилсон болно. Хэрэгт шинжээчээр дүгнэлт гаргуулах ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмаар явагддаг бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөө санаачлагаараа шинжээч томилж дүгнэлт гаргах боломжгүй юм. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Далайван аудит ХХК-ийн гаргасан үнэлгээнд үндэслэж бууруулан 2.751.000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа боловч тус компани нь хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг компанийн үнэлгээг баримтлан орон сууцыг шинэчлэн засварлах материалын үнэ, дотор заслын ажлын хөлсийг гаргуулах боломжгүй гэж үзлээ " гэсэн нь буруу болжээ. Учир нь шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх, 9.1 Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж хувийн бичиг баримт мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг нь урьдчилан тодруулна, 9.2. Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг хариуцлагыг нь урьдчилан сануулж гарын үсэг зуруулна гэж тус тус заасан. Энэ нь шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэх тохиолдолд шинжээчийн мэргэжил, чадвар, тусгай зөвшөөрөл зэргийг шалган тогтоох ажиллагааг шүүхийн буюу эрх бүхий байгууллагын үүрэг байхаар тусгасан бөгөөд энэхүү үүргээ шүүх биелүүлээгүй нь хэргийн оролцогчийг буруутгах буюу нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох учиргүй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 604 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Хөүп таун ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан орон сууцанд амьдарсан хөлс 2.616.667 төгрөг гаргуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-8-05 тоот хаягтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч ******* нар Хөүп таун ХХК-иас 14.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хөүп таун ХХК-ийн хариуцагч *******, ******* нараас 1.751.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан Хөүп таун ХХК-иас 1.000.000 төгрөг гаргуулан *******, ******* нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 13.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нь 2019 оны 01 дүгээр сарын 08 ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 262 дугаар захирамжаар шүүх хүсэлтийг шүүх хүлээн авч "Далайван аудит ХХК- ийг шинжээчээр томилжээ.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч тал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт орон сууц засварлах материалын үнэ, ажлын хөлсийг Далайван аудит ХХК-ийн гаргасан үнэлгээнд үндэслэж бууруулан 2.751.000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа боловч тус компани нь хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг компанийн үнэлгээг баримтлан орон сууцыг шинэчлэн засварлах материалын үнэ, дотор заслын ажлын хөлсийг гаргуулах боломжгүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй болжээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч МУ-ын иргэн хүнийг хэлнэ гэж заажээ. Шүүх нэгэнт шинжээч томилсон бол тусгай зөвшөөрлийг нь шаардан авах боложмтой байжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 57.000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/2019/00604 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 57.000 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР