Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 207/МА2019/00093

 

 

О.Байгалын нэхэмжлэлтэй хариуцагч

*******т холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/00600 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: О.Байгалын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 263.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч О.Байгал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь иргэн *******т 2016 оны 10 сарын 07-нд 180.000.000 /нэг зуун наян сая /төгрөгийг 3 сарын хүүтэй, хөрөнгө барьцаалан зээлсэн. Зээлийн гэрээндээ 2017 оны 01 сарын 07-ны өдөр гэхэд хүүгийн хамт 225.000.000 төгрөг буюу зээлийн хүүнд 45.000.000 төгрөг төлнө гэсэн боловч хугацаандаа төлбөрөө төлөөгүй ба зээлээ төлөх хугацааг 2017 оны 01 сарын 07-ны өдрөөс сунгахаар тохиролцон 2018 оны 03 сарын 07-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн хүүнд үргэлжлүүлэн 125.760.000 төгрөгөөр өгөхөөр тохиролцож гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээний хугацаанд 130.000.000 төгрөг зээлийн хүү гэж төлсөн. Иймд үндсэн зээл 180.000.000 төгрөг, алданги 83.700.000 төгрөг нийт 263.700.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор барьцааны гэрээг 2016 оны 10 сарын 07-ны өдөр байгуулсан ба барьцааны гэрээгээр Довчин овогтой Эрдэнэчулууны өмчлөлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 4 -1 тоот 72 хувийн сууц /000129969 гэрчилгээний дугаартай ,улсын бүртгэлийн Ү-2101011507 дугаартай /мөн хаягт байрлах 50 м2хувийн сууц/ 000129970 гэрчилгээний дугаартай,улсын бүртгэлийн Ү-2101007791дугаартайI мөн хаягт байрлах 418м2 газар, /000125127 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Г-2101003827 дугаартай/ Буяа овогтой Болбаярын өмчлөлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 2 гудамж-1 тоот 680 м газар /000076726 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-2101004307 дугаартай/, ав овогтой Катягийн өмчлөлтэй Орхон аймгийн Уурхайчин багийн 3-12-130 тоот 17.1 м2 нэг өрөө орон сууц /000115427 тоот гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Ү-2101009237дугаартай/, Төмөрбаатарын Нарангэрэлийн өмчлөлтэй Орхон аймгийн Баян өндөр сумын Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 хороо Үйлдвэрийн бүс /16010/ Нарны зам 10-р байрны 42 тоот 60.49 МКВ2 хоёр өрөө /000227002 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Ү-2205045655 дугаартай/, Л.Нямсүрэн, Д.Эрдэнэчулуун, *******,Э.Хулан нарын өмчлөлтэй Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-20-39 тоот орон сууц /0085840 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Ү-2101004335 дугаартай/ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй бол барьцааны гэрээний дагуу барьцаалбараар үүргийн гүйцэтгэлийг хангах талаар талууд тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлага болох 263.700.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний дагуу барьцаалбараар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-д төмрийг чанаржуулагч FeMn 88 (ферромаргенц) нийлүүлэх №2016/04-21-225 тоот гэрээг урьдчилгаа төлбөргүйгээр байгуулан нийлэхээр болсон боловч БНХАУ-ын Байгал орчны тухай хуульд өөрчлөлт орон үнэ нэмэгдсэн үйлдвэрүүд хойд бүс нутагт нүүлгэн шилжүүлсэн FeMn 88 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг түр хорьсон долларын ханш өссөн зэрэг шалтгаанаар нийлүүлэлт хойшлон үнэ нэмэгдсэн асуудлаас болж санхүүгийн асуудалд хүндрэл гарсан.БНХАУ-ын Kangxin international trade co.limited компанитай 2016.08.16-нд бараа нийлүүлэх гэрээг 50%-ийн төлбөрийг хийгээд барааг үйлдвэрлэж нааш ачуулахаар ярилцан тохиролцсон. Эхний 50%-ийн төлбөрийг бид таньдаг хүмүүсээс зээлж хийсний дараа 100% төлбөрөө авч барааг үйлдвэрлэнэ, БНХАУ-ын хууль тогтоомж чангарсан гэх шалтгаанаар үлдсэн мөнгийг нэхэж эхэлсэн. Үлдсэн 50%-ийн төлбөрийг олох боломж байгаагүй тул иргэн О.Байгалаас 180.000.000 төгрөгийг хөрөнгө барьцаалан зээлсэн. 2016.10.08-ны өдөр үлдсэн 50%-ийн төлбөрийг Голомт банкаар дамжуулан Ching Merchants Bank H.O ShenZhen банкаар дамжуулан Kangxin international trade co.limited компани дансанд хийсэн. Гэвч Kangxin international trade co.limited компани захирал эхэндээ мөнгө ороогүй байна гэж хэлсэн учир Голомт банкинд шалгуулах хүсэлт тавин 2016.10.20-нд шалгуулсан. Голомт банк нь олон улсын гүйлгээг АНУ-ын Standart chartered bank-аар дамжуулан гүйлгээ хийдэг ба Standart chartered bank-наас Ching Merchants Bank H.OshenZhen банкруу гүйлгээ хийсэн гэсэн хариу ирсэн. Ингээд Kangxin international trade co.limited компани захиралруу утсаар холбогдсон ч тэрээр хөдөө ажилтай явж байна. Ажил дээрээ очихоороо дансаа шалгаад хариу хэлье гэх зэргээр аргацаан цаг хожиж луйврын шинж илэрч эхэлсэн. Хүлээх аргагүй болж БНХАУ-руу очоод Kangxin international trade co.limited компани захиралтай уулзсан. Kangxin international trade co.limited компани захирал мөнгө орсон байна одоо хийж эхэллээ гэхдээ үнэ өссөн учир хэмжээ багасна гэсэн учир дахин тохиролцож ярилцсаны эцэст барааг хийж эхлэлээ гэсэн. Ингээд бараа хийж дуусах 20 хоног гэсэн боловч ачаалал их байна хийж байгаа гэсээр нэлээн удсан. Удалгүй бараа БНХАУ-ын Эрээн хотод бараа ирсэн гэвч хилээр гаргахгүй байгаа хэсэг хүлээ гэсэн хариу өгсөн. Бид таньдаг хүнээр Эрээн хотын агуулахыг шалгуулахад бараа ирсэн байсан. 14 хоногийн дараа дахин шалгуулахад бараа алга болсон байсан ба буцаагаад ачаад аваад явсан гэсний дагуу Kangxin international trade co.limited компани захиралруу залгахад: БНХАУ-ын хуулиар FeMn 88 бүтээгдэхүүнийг хийлээр гаргахыг хориглосон тийм болохоор нийлүүлэх боломжгүй болсны дээр бид бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тээвэрлэсэн зэрэг шалтгаанаар төлбөрийн 50%-ийг л буцаан олгоно зөвшөөрөхгүй бол өөрсдөө цагдаагаараа яв бид юу ч өгөхгүй гэсэн хэмээн дарамталж эхэлсэн. Ингээд бид луйвардуулсан гэдгээ ойлгосон ч төлбөрийн 50%-ийг буцаан авах нөхцөлийг зөвшөөрч эхний 50%-ийн төлбөрийн 70% барагдуулан иргэн Байгалаас зээлсэн мөнгөний 70%-ийг барагдуулж гэрээг шинэчлэх 130.000.000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасаж тооцохыг гуйсан. Гэвч мөнгөө аваад Улаанбаатар явах ажилтай байна ирээд ярина гээд хэсэг чимээгүй алга болсон. Ингээд хэсэг хугацааны дараа гэнэт 130.000.000 саяыг мөнгөний чинь хүүнд тооцож авлаа одоо та хэд 200.000.000 саяыг өгөөрэй гэж дарамталж эхэлсэн. 130.000.000 саяыг үндсэн төлөлтөөс хасаж өгсөн боловч мөнгө хүүлэгчийн аргаар хүүнд тооцож авсныг би ойлгохгүй байна. Мөн энэ хугацаанд байнга утсаар дарамтлан мөнгөө нэхэн гэрээг эсвэл сунга хэмээн шаардаж нэгэн удаа хоосон цаасан дээр гарын үсэг зуруулан гэрээгээ сунгана шүү тэгж байгаад хүү хугацаагаа тохиролцоно гэсэн ба албан ёсоор 2 тал сууж гэрээг сунгаагүйн дээр хүү тохиролцоогүй байж хоосон цаасан дээр зуруулсан гарын үсгийг ашиглан гэрээг сунгаснаар тооцон 263.700.000 саяыг нэхэж байгаа нь хууль зөрчиж мөнгө угааж байна гэж үзэж байна. Мөн бид иргэн Байгалаас зээлсэн мөнгөнөөс 1 төгрөгийг ч хувийн хэрэгцээнд зарцуулаагүй ба БНХАУ-ын Kangxin international trade co.limited компанид луйвардуулан хохирсон болно гэжээ.

Нэхэмжлэгч Б.Байгал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тайлбартаа:

Миний бие ******* нь иргэн *******тай байгуулсан гэрээний дагуу 130.000.000 төгрөгийг буцаан өгөх үед үндсэн зээлийн хүү 45.000.000 авах эрх үүссэн ба 14 сарын хугацааны дотор төлнө гэж тохиролцсон зээлийн хүү 80.000.000 төлөхөөр тохиролцсон байсан хугацааны эрхийг дагуу зээлийн хүүгээ авсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан байсан. Харин зээлийн хүү 80.000.000 төгрөгийг 14 сарын хугацаанд тооцон авахаар тохиролцсон байх үед 130.000.000 төгрөгийг буцаан авсан ба энэ үед хүү 50.714.285 төгрөгийг авсан байна. Иймд үндсэн зээлээс 79.285.715 төгрөгийг төлж, үлдэгдэл үндсэн зээл 100.714.285 төгрөг, зээлийн хүү 74.285.715 төгрөг, алданги 50.357.142 төгрөг, нийт 225.357.142 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гарган, өмнөх нэхэмжлэлийн шаардлагаас 38.342.858 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/00600 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч *******аас 142 230 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Байгалд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 83 127 142 төгрөг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч ******* нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 142 230 000 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн Тухай Хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 4 -1 тоот 72\Г хувийн сууц /000129969 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101011507 дугаартай /мөн хаягт байрлах 50 м2 хувийн сууц/ 000129970 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101007791 дугаартайI мөн хаягт байрлах 418м2 газар, /000125127 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Г-2101003827 дугаартай/ Буяа овогтой Болбаярын өмчлөлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 2 гудамж-1 тоот 680 м2 газар /000076726 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-2101004307 дугаартай/, Катягийн өмчлөлтэй Орхон аймгийн Уурхайчин багийн 3-12-130 тоот 17.1 м2 нэг өрөө орон сууц /000115427 тоот гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Ү-2101009237дугаартай/, Төмөрбаатарын Нарангэрэлийн өмчлөлтэй Орхон аймгийн Баян өндөр сумын Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 хороо Үйлдвэрийн бүс /16010/ Нарны зам 10-р байрны 42 тоот 60.49 мкв хоёр өрөө /000227002 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Ү-2205045655 дугаартай/, Л.Нямсүрэн, Д.Эрдэнэчулуун, *******,Э.Хулан нарын өмчлөлтэй Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-20-39 тоот орон сууц /0085840 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн Ү-2101004335 дугаартай/ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний Хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн Тухай Хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.476.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 869.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

Иргэн О.Байгалаас шүүхэд гаргасан Зээлийн гэрээний үүрэгт 263.700.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2019/00600 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтуудыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Миний бие иргэн О.Байгалаас 180.000.000 төгрөг зээлж авсан тухайд маргаагүй, харин тухайн мөнгийг зээлж авсны дараа нэг талын давуу эрхээр буюу зээлдүүлэгч О.Байгал дур мэдэн зээлийн нөхцөлийг тогтоосон, дараа нь гэрээний сунгалт гэх баримтыг мөн л дур мэдэн өөрөө нөхөн хийж надаас зээлийн хүү, алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Монгол улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан бөгөөд энэ заалтыг зөрчиж гэрээг нэг талын дур зоргоор нөхөн хийсэн, үүнд зээлдэгч ямар ч үүрэггүй оролцсон болох нь гэрээний сунгалт болон зээлийн үндсэн гэрээнд зээлийн хүү, төлөх дүнгийн илт зөрүүтэй тооцоо байгаа, барьцаалбарыг гэрээнд заасан хугацаанаас хойш улсын бүртгэлд бүртгүүлсэн зэргээс илэрхий харагдаж байгааг шүүхэд тайлбарласан боловч анхан шатны шүүх үүнийг хүлээн авалгүй, энэ талаар дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн гэрээний сунгалтыг хүчингүй гэж үзсэн бол тухайн сунгалт нь нэгэн салшгүй хэсэг нь болж байгаа үндсэн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 600 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцон зээлсэн мөнгөний үлдэгдэл 50.000.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О.Байгал нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 263.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 225.357.142 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 10 дугаар сарын 07ны өдрийн зээлийн гэрээ, уг гэрээг сунгасан гэрээний сунгалт гэсэн нотлох баримтанд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч О.Байгал хариуцагч ******* нар 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 180.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 8.3 хувийн хүүтэй 3 сарын дотор хүүгийн хамт 225.000.000 төгрөг болгож төлөх болзолтой зээлийн гэрээ байгуулж хариуцагч *******ын Голомт банкны дансанд бэлэн бусаар шилжүүлэн өгөхөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч О.Байгалаас зээлийн гэрээний дагуу 180.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэрээний хугацаанд мөнгөө эргүүлэн төлөөгүй тул 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл зээлийн гэрээг сунгахаар тохиролцож гэрээний сунгалт гэх баримтыг үйлдсэн гэж хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн боловч хариуцагч ******* энэ баримтанд гарын үсэг зураагүй гэж маргасан ба шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүх шинжээч томилуулж гэрээний сунгалт гэх баримтын баруун доод хэсэгт зурсан 2 гарын үсгийг хэвлэмэл хуудас хэвлэсний дараа үйлдсэн гэсэн дүгнэлт гаргажээ.

Талууд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээндээ үндсэн зээл, 3 сарын хүү төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хариуцагч ******* нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд үндсэн зээл, тохирсон хугацааны хүү, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги төлөх үүрэгтэй болно.

Анхан шатны шүүх үндсэн зээл 180.000.000 төгрөг, гэрээгээр тохирсон 3 сарын хүү 44.820.000 төгрөг, нийт 224.820.000 төгрөгөөс нэхэмжлэгчид төлсөн 130.000.000 төгрөгийг хасч үндсэн зээл 94.820.000 төгрөгийн 50 хувиар алданги тооцож 47.410.000 төгрөг нийт 142.230.000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан О.Байгалд олгохоор шийдвэрлэсэн нь зөв Иргэний хуулийн 281., 282., 231 дүгээр заалтуудад нийцсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг анх хүлээн авч иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгч О.Байгалын зээлийн гэрээний үүрэгт 225.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай 2 шаардлага гаргасан байхад зөвхөн 1 шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн ч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагын талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт хийж явсан байх боловч мөн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг бичээгүй орхигдуулсан байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхээр байгаа боловч энэ талаар анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч *******ыг зээлийн сунгалт гэх баримтыг О.Байгал өөрөө дур мэдэн нөхөн хийж надаас зээлийн хүү алданги нэхэмжилсэн байгааг зөвшөөрөхгүй гэж давж заалдсан гомдлыг хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/00600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 869.100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ