Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2019/0451/З |
Дугаар | 89 |
Огноо | 2020-02-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 89
Д.С-ын нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа,
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Нарийн бичгийн дарга Т.Даваажаргал.
Нэхэмжлэлийн шаардлага: “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/182 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0648 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарны 11-ний өдрийн 662 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат, Г.Алтансүх нарыг оролцуулан,
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0648 дугаар шийдвэрээр: Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, 22 дугаар зүйлийн 22.1.5 дахь заалтыг баримтлан “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/182 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай” нэхэмжлэгч Д.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарны 11-ний өдрийн 662 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон давж заалдах шатны шүүхийн магадлалын аль алиныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Жич: миний амьдралд нөхөж баршгүй өвчин зовлон тохиолдсоны нэгэнд гэр бүлийн ханийн маань төрсөн ганц дүү Тунгалаг нь донор болж, өөрийн төрсөн охин Анударьд өрөөсөн бөөрөө өгч, бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд Солонгос улсад орсон. Иймд миний бие Солонгос улс явж асран харж байгаад ирсэн билээ. Иймд анхан болон давах шатны шүүх хуралд өөрийн биеэр орох боломжгүй тул өмгөөлөгч Д.Оюунчимэгт бүрэн эрхээр төлөөлөн оролцох эрх олгосон боловч давж заалдах шатны хуралд өөрийн биеэр ирж оролцоогүй байгаа нь туйлын харамсалтай байна.
5. Иймд, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаасан хугацаагаар “цэргийн алба хаасны тэтгэвэр”-ийг авах эрх үүсдэг. Гэтэл хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.2.3-т тус тус зааснаар цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаасан нийт хугацааг 20-иос доошгүй жил алба хаасан эмэгтэй, мөн цэргийн алба хаагч нас хэтэрсэн тохиолдолд 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй гэсэн шалгуурт багтаж байж цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүсэх учиртай.
6. Түүнчлэн энгийн болон Хөдөлмөрийн тухай хуулийн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д зааснаар Тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах гэхэд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болох шалгуурыг хангахгүй байна. Иймд, дээрх 2 хуулийн аль алинаар нь миний эрх зөрчигдөөд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах эрхээ хэрэгжүүлж чадахгүй эрх зүйн байдал дордож байгаа нь хүний эрх зөрчигдөж байна.
7. Мөн 2019 онд бүтэн нэг жилээр ажиллах “Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ”-г 2019 оны 01 дүгээр сарын 18-нд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Сүхбаатарын Пүрэвсамдан, тус газрын нягтлан бодогч, ахмад Дашнамжилын С- нар гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулснаар цаашид ажиллах эрх үүссэн байх учиртай. Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна-д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат нь “Гамшгаас хамгаалах тухай хууль 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс мөрдөгдсөн, тус хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлийн 50.1-д алба хаасан хугацааг тооцохдоо алба хаасан 6 сар тутмыг 8 сараар дүйцүүлэн тооцохоор тус тус зохицуулсан байдаг. Д.С-ын төрийн тусгай буюу цэргийн албанд ажилласан жилийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлийн 50.1-д заасан нэг жилд 4 сар нэмэгдүүлэн тооцоход 28 сар буюу 2 жил 4 сар нэмэгдүүлэхээр байгаа нь түүний ажилласан жил 9 жил, 7 сар, 17 хоног байхаар дүйцүүлэн тооцогдож байгаа.
8. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д 20-иос доошгүй жил ажилласан эмэгтэй цэргийн албан хаагч, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар, тус зүйлийн 8.2-т тус шаардлагыг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаагч цэргийн алба хаах нас хэтэрсэн бол цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрхтэй байхаар тус тус зохицуулсан байдаг. Д.С-ыг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу хувь тэнцүүлэн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох боломжгүй тул Онцгой байдлын ерөнхий газраас 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/412, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3/2521 дүгээр бичгээр тус тус өөрт нь мэдэгдэж байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 6/182 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлсөн. Д.С-ыг Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 6-д заасан зохицуулалтаар төрийн цэргийн байгууллагад ажиллуулах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснээр 2 шатны шүүхээр баталж гаргасан нь төрөө дээдэлж, хуулиа хүндэлж, хүний эрхийг хамгаалах нийгэм гэж үгүй болгосон нь илт харагдаж байна.
9. Иймд, Монголын шүүхийн шүүгч, ажилтнуудын шударга ёсны тунхаг болон төрийн албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнч байж эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан зүтгэнэ гэдэгт ард түмэн багтдаг атал хүний нийгмээс ангид үзэж байгаа нь ард түмнийг цаашид амьдрах итгэл, эх орныхоо төлөө зүтгэх сэтгэлийг мохоож байгаа нь харамсалтай бөгөөд тухайн хуулийг дээр яаж гуйвуулсныг доор дурдъя.
10. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл. Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрхийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т 20-иос доошгүй жил алба хаасан эмэгтэй, 2.Энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй. 3.цэргийн алба хаах нас хэтэрч гэснийг хэтэрхий гуйвуулж цэргийн алба хаагч гэдэг нэрийн дор хохироож байгаад гомдолтой байна.
11. Тайлбар: Төрийн албаны тухай хуулийн 41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэх заалтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу цэргийн албанаас бусад төрийн албанд 65 нас хүртлээ ажиллаж тэтгэвэр тогтоолгох бүрэн эрхтэй” гэж санаатайгаар гуйвуулан буруу тайлбарласныг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх нягталж үзээгүй хэвээр баталсан нь хүний эрхийг хөндөж, эрх зүйн байдлыг дордуулсанд туйлын их гомдолтой байна.
12. Хүний эрх, эрх зүйн байдлын хувьд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна”, 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн”, 40.3- т “ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэх үндэслэлүүдийг огт баримтлаагүй, хэт 1 талд туйлширсан нь илт бөгөөд хүний эрх, эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул уг хэргийг задалж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгч гүн туслалцаа үзүүлнэ гэдэгт гүнээ найдаж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй буюу нэхэмжлэгч Д.С-ыг “цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” үндэслэлээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/182 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 22 дугаар зүйлийн 22.1.5-д заасантай нийцсэн учир шүүхийн шийдвэр, магадлал зөв байна.
14. Нэхэмжлэгч Д.С нь “...цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгоход цэргийн албанд ажилласан жил хүрээгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нас хүрээгүй гэсэн үндэслэлээр тэтгэвэр, тэтгэмж авах эрхээ хэрэгжүүлж чадахгүй эрх зүйн байдал дордож, эрх зөрчигдсөн, ...2019 онд бүтэн нэг жилээр ажиллах үр дүнгийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 18-нд байгуулж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулснаар цаашид ажиллах эрх үүссэн, ...төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна...” гэх гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргажээ.
15. Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “эмэгтэйчүүд офицерийн албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаах эрхтэй”, 11.6-д “Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно” гэж тусгайлан зохицуулсан; нэхэмжлэгчийн хувьд 2014 оны 3 дугаар сард тухайн насны шалгуурт хүрсэн, хариуцагчаас нэхэмжлэгч Д.С-ыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн ажил, албан тушаалд /офицерын албанд/ 2019 оны 3 дугаар сарыг хүртэл нэмж 5 жилийн хугацаанд офицер цолтойгоор үргэлжлүүлэн ажиллуулснаас үзэхэд хуулийн 11.6-д заасан 5 жилээр сунгасан буюу хуулиар өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
16. Өөрөөр хэлбэл, нэгэнт хууль тогтоогчоос эмэгтэй офицерийн алба хаах насны хязгаарыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл зааж, нэг удаа 5 жил хүртэл сунгах боломжийг захиргаанд олгосон учир үүнээс илүү хугацаагаар (ялангуяа хувь тэнцүүлэн тэтгэвэр авахад богино хугацаа үлдсэн учир гэх зэргээр) ажиллуулах эрх зүйн боломж байхгүй, ингэвэл хариуцагч өөрөө хууль зөрчих тул гомдол гаргагчийн “...65 нас хүртэл ажиллах эрхтэй...” гэсэн гомдол үгүйсгэгдэж байна.
17. Хэдийгээр нэхэмжлэгчийн хувьд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т “...10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж зааснаар хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгож авахад цэргийн алба хаасан хугацаа хүрээгүй буюу богино хугацаа үлдсэн байх боловч энэ нь түүнийг цэргийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах эрх зүйн үндэслэл болохгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэсэн байх тул гомдол гаргагчийн “...2019 онд бүтэн нэг жилээр ажиллах үр дүнгийн гэрээг ...байгуулж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулснаар цаашид ажиллах эрх үүссэн...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
18. Харин хариуцагчаас Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д заасан “алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” үндэслэлээр нэхэмжлэгч Д.С-ыг тус газрын нягтлан бодогчийн албан тушаалаас нь чөлөөлсөн атлаа маргаан бүхий актад “...төрийн албанаас чөлөөлөх тухай” гэж бичсэн нь буруу байна.
19. Нэхэмжлэгч нь цэргийн албан хаагчийн хувьд тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн болохоос биш төрийн алба хаах эрхийг уг тушаалаар хязгаарлахгүй, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар 65 нас хүртлээ төрийн албанд ажиллах эрх нь нээлттэй; мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “...55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасны дагуу хуулиар тогтоосон өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх тохиолдолд Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар онцгой байдлын алба хаасан хугацааны зургаан сар тутмыг найман сард дүйцүүлэн тооцуулах боломжтой учир “...тэтгэвэр авах боломжгүй болж эрх зүйн байдал дордсон...” гэх үндэслэлээр гаргасан гомдол мөн няцаагдаж байна.
20. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэвэл зохих дээрх хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.