Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2019/00099

 

 

*******ын нэхэмжлэлтэй хариуцагч

******* ТӨХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00581 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ТӨХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5.024.480 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* намайг ажлаас үндэслэлгүй халсан болохыг Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай магадлалаар тогтоож, дээрх шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болох нь Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 417 дугаартай тогтоолоор баталгаажсан ба П. Анхбаяр би 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс цалин хөлсний нягтлан бодогчоор ажилдаа орлоо. Ажилгүй байсан үеийн цалин 5.024.480 төгрөг хүссэн өргөдөл бичсэн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар санхүү борлуулалтын хэлтэст цохсон боловч санхүү борлуулалтын хэлтсийн дарга Ч.Орхон энэ мөнгийг өгөхгүй гэж хариу өгсөн. Ажилгүй байсан үеийн цалин хөлсөө ажлаас халсан хугацаа буюу 2015 оны 05 дугаар сарын 15-наас анхан шатны шүүх хуралдаан хуралдах хүртэл хугацаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 04-ний байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Энэ хугацааны ажилгүй байсан үеийн цалин хөлс 3.889.920 төгрөг гаргахаар шийдвэрлэснийг "Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-иас гаргаж өгсөн. Харин 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойших ажилгүй байсан үеийн цалин 5.024.480 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь ******* ТӨХК-иас Ажилгүй байсан үеийн цалин 5.024.480 төгрөгийг гаргуулах, НДШ нөхөж төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна. Тус нэхэмжлэлийн шаардлагыг манай компанийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 80-р зүйлийн 80.2.-т зааснаар Хуулийн хүчин төгөлдөр шаардлага нь дахин давтагдах, ирээдүйд хийгдэх үүрэгт хамааралтай бол тухайн үүрэгт тогтоогдсон хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа хуулийн хүчин төгөлдөр байна гэжээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж хуульчилжээ. Иргэний хуулийн дээрх заалтад заасан богиносгосон хугацаа нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаанд хамаарах учиртай. Нэхэмжлэгч ******* нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 2016 оны 04 сарын 26-ны өдрийн 001/ХТ2016/00417 дугаартай тогтоолыг сонсмогц хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ өдрөөс түүний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа эхлэн тоологдоно. Иймд *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00581 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хариуцагч ******* ТӨХК-д холбогдох ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5.024.480 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 95.342 /ерэн таван мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг дурдаад ... нэхэмжилсэн нэхэмжлэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан маргаанд 3 сарын хугацааг баримтлахаар байна...нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахад баримтлах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, нэхэмжлэл гаргасан... гэж дүгнээд байгаа нь үндэсгүй байна. ******* би ажилдаа орсон 2016 оны 06 дугаар сарын 20 ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд цалин олговрыг хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандаагүй, зөвхөн захирал н.Эрхбаатарт өргөдөл гаргасныг буруутгах боломжгүй. н.Эрхбаатар захирал асуудлыг шийдээд өгөх байх гэж найдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно. Гэж заасныг баримтлан ******* миний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг шүүх сэргээн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч ******* би нэхэмжлэлдээ заасан, хавсаргасан баримтыг шүүх үнэлээгүй, шүүхийн шийдвэртээ энэ талаар дүгнэлт хийхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэснийг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа юм. Тодруулбал: Нэхэмжлэгч ******* би нэхэмжлэлдээ: ...2016 онд ажилдаа эргэж ороод энэ мөнгийг авна гэдгээ даргадаа хэлж байсан. Олгоно хүлээж бай гэж хариу хэлсэн. 2018 оны 12 дугаар сард ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авах өргөдөл бичиж өгсөн. Эрхбаатар дарга цохолт хийж өгсөн боловч санхүү эдийн засгийн дарга өгөөгүй... гээд нэхэмжлэлд Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ний захирал Эрхбаатарт гаргасан өргөдлийг хавсаргасан ба шүүгч шүүх хуралдаан дээр ...даргалагчаас... хэрэгт хавсаргаж өгсөн өргөдлийг хэдэн онд гаргаж байсан бэ? гэхэд нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 31 ний өдөр гаргасан... гэж тодруулсан боловч үнэлээгүй. Улмаар шүүхийн шийдвэрт ******* миний байгууллагадаа гаргасан өргөдлийн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр боллоо. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, анхан шатны шүүхийн 00581 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, ******* миний гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь ******* ТӨХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 5.024.480 төгрөг гаргуулах нийгмийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гарсан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр магадлал, Хяналтын шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2016/00417 дугаар тогтоол зэрэгт үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч ******* нь ******* ТӨХК-д цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* ТӨХК-ийн ерөнхий захирлын Б/116 дугаар тушаалаар уг ажлаас халагдсан байх ба Орхон аймгийн сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Булган, Орхон, Хөвсгөл аймгийн иргэний хэрийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаар магадлалаар тухайн ажилдаа эргүүлэн тогтоогдсон ба хяналтын шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ҮТ2016/00417 дүгээр тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болсон зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор нэхэмжилсэн нэхэмжлэл буюу хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан маргаанд хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хугацаа хамаарна гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд нийцсэн байна.

Хөдөлмөрийн эрх зүйн маргаанаас үүссэн маргааны талаар гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлээр зохицуулсан ба 129 дүгээр зүйлийн 129.2.т ...ажилтан ажлаас буруу халагдсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж богиносгосон хугацаа заасан бөгөөд зохигчдын хооронд үүссэн ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилсэн маргаанд 3 сарын хугацааг баримтлах ёстой.

Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлээ 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сум дундын шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс ******* ТӨХК-ийн цалин хөлсний нягтлан бодогчийн ажилдаа орж ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байтал 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан нь хөдөлмөрийн эрх зүйн ганцаарчилсан маргааны хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул шүүх нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлийг бий болгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож хэргийг хянан шийдвэрлэх тухай зохицуулалтын дагуу нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаар хүсэлт гаргаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00581 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 95.342 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдсан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР

С.УРАНЧИМЭГ