Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00403

 

П.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00581 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр магадлалтай,

П.А-ын нэхэмжлэлтэй,

ЭДЦС” ТӨХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч П.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч П.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.А- намайг ажлаас үндэслэлгүй халсан болохыг Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай магадлалаар тогтоож, дээрх шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болох нь Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 417 дугаартай тогтоолоор баталгаажсан ба П. Анхбаяр би 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс цалин хөлсний нягтлан бодогчоор ажилдаа орлоо.

Ажилгүй байсан үеийн цалин 5 024 480 төгрөг хүссэн өргөдөл бичсэнийг гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар санхүү борлуулалтын хэлтэст цохсон боловч санхүү борлуулалтын хэлтсийн дарга Ч.Орхон энэ мөнгийг өгөхгүй гэж хариу өгсөн. 

Ажлаас халсан 2015 оны 05 дугаар сарын 15-наас анхан шатны шүүх хуралдаан хуралдах 2015 оны 11 дүгээр сарын 04-ний үеийн цалин хөлс 3 889 920 төгрөг гаргахаар шийдвэрлэснийг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-иас гаргаж өгсөн. Харин 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш ажилд орох хүртэлх хугацааны цалин хөлсийг аваагүй тул энэ хугацааны цалин 5 024 480 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.А- нь “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-иас ажилгүй байсан үеийн цалин 5 024 480 төгрөгийг гаргуулах, НДШ нөхөж төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна. Тус нэхэмжлэлийн шаардлагыг манай компанийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 80-р зүйлийн 80.2.-т зааснаар Хуулийн хүчин төгөлдөр шаардлага нь дахин давтагдах, ирээдүйд хийгдэх үүрэгт хамааралтай бол тухайн үүрэгт тогтоогдсон хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа хуулийн хүчин төгөлдөр байна гэжээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж хуульчилжээ. Иргэний хуулийн дээрх заалтад заасан богиносгосон хугацаа нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаанд хамаарах учиртай.

Нэхэмжлэгч П.А- нь ажилд орсон үеэс хойш түүний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа эхлэн тоологдоно. Иймд П.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00581 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.А-ын нэхэмжлэлтэй хариуцагч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-д холбогдох ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5 024 480 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 95 342 /ерэн таван мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00581 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.А-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч П.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 95 342 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс  зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Дээрх шийдвэрүүд нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “ ... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ...” гэж заасныг зөрчсөн илт үндэслэлгүй шийдвэрүүд болжээ.

Нэг.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасныг баримтлан П.А-ын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг шүүх сэргээн тогтоох боломжтой тухайд:

Анхан шатны шүүх "... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг дурдаад ... нэхэмжилсэн нэхэмжлэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан маргаанд 3 сарын хугацааг баримтлахаар байна...нэхэмжлэгч П.А- нь шүүхэд нэхэмжлэл гаргахад баримтлах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, нэхэмжлэл гаргасан...” гэж дүгнээд байгаа нь үндэсгүй байна.

Давж заалдах шатны шүүх “ ... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож хэргийн хянан шийдвэрлэх тухай зохицуулалтын дагуу нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаар хүсэлт гаргаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв...” гэснийг зөвшөөрөхгүй.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасныг баримтлан П.А-ын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг шүүх сэргээн тогтоох боломжтой байхад шийдвэрлэхгүй байгаа нь үндэсгүй.

П.А- би ажилдаа орсон 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс ажилгүй  байсан хугацааны цалин, олговрыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд цалин олговрыг хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандаагүй, зөвхөн захирал Эрхбаатарт өргөдөл гаргасныг буруутгах боломжгүй. Захирал Эрхбаатар асуудлыг шийдээд өгнө байх гэж их найдсан.

П.А-ын хувьд "хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн тухай хүсэлтээ гаргаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.” гэж давж заалдах шатны шүүх үнэлж байгаа нь хэтэрхий нэг талыг барилаа. Учир нь:

П.А- шүүхээр хөөцөлдөн байж ажилдаа орсон. Ажилгүй байсан үеийн цалин, олговроо өөрөө шийдвэрлэх удирдах албан тушаалтан биш. Тухайн үедээ эдийн засаг, санхүүгийн албаны тооцооны нягтлан бодогчоор ажилдаа эгүүлэн тогтоогдсон ч 1 жилийн өмнө цех рүү ээлжийн ажилд томилогдсон. Ажил, албан тушаал өөрчилсөнтэй маргаагүй л  явна. Давж заалдах шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар бий. Ажил албан тушаалыг  санаснаараа өөрчилж байгаа удирдлагуудтай ажилтан тэдний аясыг дагаж, байгууллага  дотроо шийдэх болов уу? гэж хугацаа алдсан тал бий. Энэ нь яалт ч үгүй л хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үздэг.

Нэхэмжлэгч П.А- нь анхан шатны шүүхэд өмгөөлөгчгүй оролцсон. Давж заалдах шүүхийн шатнаас өмгөөлөгч авсан ба давж заалдах гомдлоо П.А- өөрөө гаргаж, энэ гомдлыг нь өмгөөлөгч миний бие дэмжиж шүүх хуралдаанд оролцсон байхад “ ... нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарыг гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй...” гэж шүүх үнэлээд байгаа нь ойлгомжгүй.

Хөдөлмөрийн   тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасныг баримтлан П.А-ын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг шүүх сэргээн тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх дээр дурдаад байгаа “ ...Ажил, албан тушаалыг нь өөрчилж байгаа удирдлагуудтай ажилтан П.А- тэдний аясыг дагаж, байгууллага дотроо шийдэх болов уу?...” гэж хугацааг алдсаныг шүүх хүндэтгэн үзэх шалтгаан гэж тооцож, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжтой. Ажил олгогч нь ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа энэ үйлдлийг шүүх зөвтгөх учиртай.

Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, П.А-ын гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч П.А- нь “ЭДЦС” ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс: “...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...ажилтан ажил олгогчийн аясыг дагаж, байгууллага дотроо асуудлыг шийдчих болов уу гэж хүлээснээс хугацаа алдсан тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэжээ.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр магадлалаар П.А-ыг “ЭДЦС” ТӨХК-ийн цалин хөлсний нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосныг Улсын Дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2016/00417  дугаартай тогтоолоор магадлалд найруулгын өөрчлөлт оруулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь тогтоосныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Ажил олгогч 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр П.А-ыг ажилд нь томилсон тушаал гаргасан, ажилтан үүнээс хойш ажил үүргээ гүйцэтгэж байсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д шүүхийн шийдвэрийн дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор заасан, ажилтан энэ олговрыг олгоогүй үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн129 дүгээр зүйлийн 129.1.-д ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо гаргах эрхтэй талаар зохицуулсан.

П.А-ыг  2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсон, энэ хугацаанаас ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн тул түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрх 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байхад тэрээр 2019 оны 04 дүгээр сард нэхэмжлэл гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд... шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7.-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно гэж, 78 дугаар зүйлийн 78.1.-д заасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 78.2.-т түр зогсох нөхцөл байдал арилсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тооцохоор тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос шаардах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгт баримтаар авагдаагүй бөгөөд тэрээр ажил олгогчид 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүсэлт гаргасан нь мөн л хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа гаргасан байх тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй тогтоогдсонгүй. 

Ажилтан ажил олгогчийн аясыг харж, энэ асуудлыг байгууллага дотроо шийдчих болов уу гэж бодож байсан, тухайн байгууллагад ажиллаж, цалин хөлс авч байсан тул шүүхэд хандаж чадаагүй гэх тайлбар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж,  үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00581 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр магадлал тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч П.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч П.А-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД