Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2019/00100

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******ад холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдсан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00619 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ад холбогдох,

Гэрээний үүрэг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 19.295.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн ******* нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монгол Дайвин ХХК-тай Орхон аймгийн Баян-Өндөр суманд баригдаж байгаа Эко Баян-Өндөр жишиг хороололд амины орон сууц захиалах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 50 мкв 2 өрөө байрыг гражийн хамт 76.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөр болох 30 хувь буюу 18.750.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн. Уг төлбөрөөс хойш 2016 оны 01 дүгээр 15-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 27-нд 1.705.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 29.250.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гражийн төлбөрт 1.000.000 төгрөг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш одоогийн байдлаар төлөлт хийгдээгүй байна. Иймд Б Бадамхандаас 19.295.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 50-р гудамж 7 тоот хувийн сууцны үнийн үлдэгдэл болох /1 м2-ыг нь хэдэн төгрөгөөр үнэлсэн болох нь тодорхой бус 50 м2 гээд 76.500.000 төгрөгөөс 57.205.000 төгрөг төлсөн гэж/ 19.295.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. 50 м2 гэсэн нь 50 м2 хүрэхгүй 47.19 м2 болох нь Орхон аймаг дахь "Гмомон" ХХК-ийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн хийсэн хэмжилтээр нотлогдох юм. Эндээс дүгнэлт хийхэд хувийн сууцны үнийг илүү төлсөн байна. Хувийн сууцны дэргэд 21.22 м2 талбай бүхий автомашины гараж байгаа бөгөөд гаражийн үнэ гэж 12.0 сая төгрөг гэж байгаа боловч дулааны шугамд холбогдоогүй, үндсэн тоосго болон өнгөлгөөний тоосго хоёрын завсраар дулаалгын шилэн хөвөн буюу хөөсөнцөр байх учиртай байтал байхгүй зэргээр тооцож үзэхэд 4.600.000 төгрөгийн материал орсон байгаа юм. Дээрхийн адил ийм хүйтэн гараж 5.0 сая төгрөгөөр үнэлэгдэж байхад ийм гараж яаж ч бодсон 12.0 сая төгрөгөөр үнэлэгдэхгүй. Энэ гаражийн төлбөр бүрэн хийж дууссан. 2017 онд бохирын шугам бөглөрч би хувиасаа зардал гаргаж 2017 оны 12 дугаар сард засуулсан. Энэ байдлыг харгалзан үзэж "Монгол дайван" ХХК 8.0 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн боловч өнөөдөр нэхэмжлэл дээрээ нэг ч төгрөг хасаагүйн дээр үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 142/ШШ2019/00619 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 9.012.500 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10.282.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 159.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Шүүх 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хурлаараа "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн *******ад хариуцагдах гэрээний үүрэг биелэгдээгүйн улмаас учирсан хохирол гэж 19.295.000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад бодит дүгнэлт хийсэн боловч тооцооны алдааны улмаас 7.282.500 төгрөг гаргуулж гэхийг 9.012.500 төгрөг гаргуулан гэж 1.730.000 төгрөгийг хариуцагчаас илүү гаргуулахаар шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа 1м~ тус бүрийг 1.290.000 төгрөгөөр тооцсон байх бөгөөд /50м2* 1.290.000 төгрөг =64.500.000 төгрөг/ болж байгаа бөгөөд /50м2* 1.250.000 төгрөг=62.500.000 төгрөг/болж байгаа учраас м~-ын зөрүү 2.0 сая төгрөгийг шүүх хасаж тооцсон. Тухайн сууцны талбайг 50м2гэж тооцож худалдсан боловч хэмжилт хийлгэхэд 47.19мбайсан бөгөөд үүнд дээр нэхэмжлэгч маргаагүй бөгөөд м-ын зөрүү/47.19м-ыг* 1.250.000 төгрөг=58.987.500 төгрөг болно.50м2-ын үнэ 62.500.000 төгрөгөөс-47.19м2-ын үнэ 58.987.500 төгрөг = 3.512.500 төгрөгийн зөрүү гаргч байна.Энэ талаар шүүх мөн ингэж дүгнээд нэхэмжлэлийн нийт үнээс хасаж тооцсон. Нэхэмжлэгч гаражийг 12.000.000 төгрөгөөр үнэлээд нэхэмжилсэн хэдий ч уг хүйтэн гаражийг үнэлүүлэхэд 5.500.000 төгрөгөөр үнэлсэн учир шүүх гаражийн үнэ болох 5.500.000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэсэн дүгнэлтийг хийж 12.000.000 төгрөгөөс-5.500.000 төгрөгийг хасаад=6.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 19.295.000 төгрөгөөс 2.0 сая төгрөг 3.512.500 төгрөг 6.500.000 төгрөг нийт 12.012.500 төгрөгийг хасаад үлдэх 7.282.500 төгрөгийг хариуцагч ******* төлөх үүрэгтэй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14 ний өдрийн 142/ШШ2019/00619 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт *******аас 9.012.500 төгрөг гаргуулах гэснийг 7.282.500 төгрөг гаргуулж гэсэн өөрчлөлтийг оруулж 1.730.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******аас орон сууц худалдан авах гэрээний үүрэгт 19.295.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч ******* нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* ХХК-тай Эко Баян-Өндөр жишиг хорооллын амины орон сууцыг захиалгаар гүйцэтгэх худалдах гэрээ байгуулж 50м2 талбай бүхий 2 өрөө амины сууцыг гражийн хамт урьдчилгаа төлбөрт 30 хувийг буюу 18.750.000 төгрөг төлөх, 43.750.000 төгрөгийг 12 сард багтаан төлөхөөр тохиролцож уг 2 өрөө амины орон сууцыг худалдан авсан байна.

Хариуцагч ******* гэрээний хугацаанд 57.205.000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлсөн ба энэ талаар талууд маргаагүй, харин орон сууцны нийт талбай 50м2, гаржийн үнэ 12.000.000 төгрөг гэсэнтэй нэхэмжлэгч марган мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж үнэлгээ тогтоолгосон байх ба шүүх шинжээчийн дүгнэлтэнд үндэслэн хариуцагч *******аас 9.012.500 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 10.282.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Гэвч нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэл гаргахдаа анхнаасаа нэхэмжлэлийн үнийн дүнг алдаатай тооцсон байгааг шүүх залруулаагүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. /47.19м2х125.0=58.987.500+5.500.000граж=64.487.500/ /64.487.500-5.720.500=7.282.500/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00619 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 9.012.500 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10.282.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 7.282.500 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12.012.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дугаар заалтанд ...хариуцагчаас 159.150 төгрөг... гэснийг ...хариуцагчаас 131.470 төгрөг... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43.230 төгрөгийг төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдсан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР

С.УРАНЧИМЭГ