Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2019/00102

 

 

*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

437 дугаар нээлттэй хорих анги, ******* нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00579 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

017-53-01 дугаартай эд хөрөнгө хураасан актыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би өөрийн өмчлөлийн Булган аймгийн Булган сумын 3-р багийн В хэсэгт байршилтай Дүнзэн байшин зориулалттай 1 өрөө бүхий улсын бүртгэлийн Ү-0405001747 дугаартай үл хөдлөх хөрөнгөө охин Л.Оюунтунгалаг, хүргэн Н.Алтанхуяг тэдний хүү А.Болд-Эрдэнэ нарыг амьдрах орон сууцтай болгох зорилгоор өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулан Булган аймгаас зөөвөрлөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг Уртын голын 8-р гудамжны 52 тоот хаягт байрлах газар барьж босгон ашиглалтанд оруулсан ба одоо уг орон сууцанд Н.Алтанхуяг, Л.Оюунтунгалаг тэдний хүү миний зээ А.Болд-Эрдэнэ, миний бие хамт ам бүл таван хүн амьдарч байна. Гэтэл бий болгосон дээрх үл хөдлөх хөрөнгийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч *******ын 017-53-01 дугаартай эд хөрөнгө хураасан акт-аар надад мэдэгдэлгүйгээр хураан авсан байна. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хураан авсан талаар охин Л.Оюунтунгалаг, Н.Алтанхуяг нар нь надаас нууж байсан болохыг сая олж мэдлээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заасан бөгөөд миний хөрөнгүүдийг бий болгоход оруулсан хувь нэмэр, оролцоо зэргээс үзвэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг Уртын голын 8-р гудамжны 52 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь манай гэр болох охин Л.Оюунтунгалаг, Н.Алтанхуяг, зээ хүү А.Болд-Эрдэнэ нарын дундын хөрөнгө юм. Тухайн үл хөдлөх хөрөнгө манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн хувьд би бие даасан шаардлага гаргах эрхтэй гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйл, 122.5-д зааснаар гомдол гаргах эрхтэй.

Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгд *******ын 017-53-01 дугаартай эд хөрөнгө хураасан акт-ыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2016/0726 дугаар шүүгчийн захирамжаар Л.Оюунтунгалаг, Н.Алтанхуяг нараас 9018244.97 төгрөг гаргуулж Хаан банканд олгохоор шийдвэрлэсэн. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй Хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч ******* надад харьяаллын дагуу хуваарилан өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхэлснээс хойш төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж боломжит хугацааг олгож ажилласан. Битүүмжилсэн хөрөнгийг хураах ажиллагааг төлбөр төлөгч нарын гаргасан хүсэлтээр аргагүй байдлыг харгалзан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийн дагуу хүйтний улирлыг дуустал буюу 2016 оны 11 сарын 22-ноос 2017 оны 03 сарын 13-ныг хүртэл хойшлуулж 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17-53-01 эд хөрөнгө хураах актаар хураасан юм. Мөн төлбөр төлөгч Лүндэнгийн Оюунтунгалаг, Намжилдоржийн Алтанхуяг нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор аудитын байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар удаа дараа шүүх байгууллагад хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 04 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын 10-ныг хүртэл хойшлуулж Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01708 тогтоолоор үнэлгээг хэвээр үлдээж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээсэн. Нэхэмжлэгч ******* гэх иргэн нь миний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураасан хөрөнгийг хуулиар өмчлөөгүй, бусдад барьцаалж зээл авахад хамааралгүй нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Иймд шийдвэр гүйцэтгэгч дэслэгч ******* би хууль бус үйл ажиллагаа явуулаагүй хуулийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул нэхэмжлэгч *******гийн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2016/0726 дугаар шүүгчийн захирамжаар Л.Оюунтунгалаг, Н.Аптанхуяг нараас 9.018.244.97 төгрөг гаргуулж Хаан банканд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус газрын 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч ******* харьяаллын дагуу хариуцан гүйцэтгэж байна.

Тус газрын 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч ******* нь төлбөр төлөгч Л.Оюунтунгалаг, Н.Алтанхуяг нараас төлбөрт битүүмжлэн хураасан эд хөрөнгө нь Хаан банкны үүргийн гүйцэтгэлийн барьцаанд хуулийн хүрээнд гэрээний дагуу нотариатаар батлуулан Улсын бүртгэлийн хэлтэст барьцааны гэрээг бүртгүүлж баталгаажуулсан эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын голын 8-14 тоотод байрлах Ү-2101013885, Г-2101006043 улсын бүртгэлийн дугаартай хашаа, байшинг тус тус битүүмжлэн хураан авч үнэлгээ тогтоолгон албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үнээс төлбөрийг барагдуулахаар хуулийн хүрээнд ажиллаж байгаа тул иргэн *******гийн үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00579 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг баримтлан Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч ******* нарт холбогдох 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 17-53-01 дугаартай эд хөрөнгө хураах тухай актыг хүчингүй болгуулах *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШЗ2019/01565 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасан үүргээ дутуу хэрэгжүүлсэн. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч ******* нь дээрх барцаа хөрөнгийн хамтран өмчлөгч болон төлбөр төлбөр төлөгч нарын гэр бүлийн гишүүн болох нь нотлогдохгүй байна гэсэн нь хэрэгт авагдсан Л.Оюунтунгалагын төрсний гэрчилгээ, Багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэнэ. Дээр дурдсан баримтуудыг шүүх үнэлж дүгнэлгүйгээр гэр бүлийн гишүүн гэдэг нь нотлогдохгүй байгаа гэж дүгнэсэнд гомдолтой байна. Ийнхүү анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх ажиллагаа дутуу хэрэгжүүлсний улмаас үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 579 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* Эд хөрөнгө хураасан 017-53-01 дугаартай акт-ыг хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдол гаргасан ба хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ...хууль бус ажиллагаа явуулаагүй,шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн хүрээнд явуулсан, төлбөр төлөгч Лүндэнгийн Оюунтунгалаг, Намжилдоржийн Алтанхуяг нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор аудитын байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар удаа дараа шүүх байгууллагад хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2016/00726 дугаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШЗ2016/04838 дугаар захирамжийн дагуу олгосон № 758 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч Л.Оюунтунгалаг, Э.Алтанхуяг нараас зээлийн гэрээний үүрэг-9.018.244 төгрөг гаргуулж Хаан банкид олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж улмаар 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг Уртын голын 8-р гудамжны 52 тоот хаягт байрлах 54 м/кв талбай бүхий байшинг хурааж авсан байх ба төлбөр төлөгч нар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргасныг хуульд заасны дагуу хянан шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг ба хариуцагч нарын гүйцэтгэж буй ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүйгээс гадна нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.ы

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч *******гийн гаргасан ...хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хураан авсан талаар төлбөр төлөгч нар мэдэгдээгүй, гэр бүлийн гишүүн болох нь нотлогдохгүй байна гэсэн дүгнэсэнд гомдолтой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00579 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

Б.ОЮУНЦЭЦЭГ