Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 207/МА2019/00105

 

Өнөр сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй хариуцагч *******д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/00682 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Өнөр сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 292.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Өнөр сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Баттуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Өнөр хороолол байгуулагдсан цагаас эхлэн хорооллын дундын өмчлөлийн зүйлийн хадгалалтыг хэрхэх талаарх асуудал оршин суугчид дунд чухал асуудал байсан. Мөн тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна гээд 15.1.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэг дүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны хонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж дундын өмчлөлийн эд хөрөнгийг нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зорилго нь оршин суугчдыг ая тухтай орчинд амьдруулах, дундын өмчлөлийн эд зүйлс хулгайд алдагдах, элдэв халдлагаас хамгаалахад оршдог. 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Өнөр сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын 2 дугаар тогтоолын дагуу 24 цагийн харуул хамгаалалтын албатай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Үүний дараагаар 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан бүх гишүүдийн хурлаас оршин суугчдын саналын дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын асуудлыг үргэлжлүүлэн тусгай харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Учир нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг оршин суугч хамгаалах боломжгүй, хулгайд алдах болон халдлагад өртсөн тохиолдолд хариуцах эзэнтэй байлгах болон оршин суугчдыг аятай таатай нөхцөлд амьдруулах үндсэн зорилготой байдаг. Уг хурлаар шийдвэрлэгдсэн асуудлын дагуу 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Өнөр сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын №1 тогтоол гарсан. Уг тогтоолоор харуулын албаны хөлсийг айл бүрт ижил тэгш хэмжээгээр хуваарилан үргэлжлүүлэн нэг сарын 7.500 төгрөгөөр буюу өмнө нь мөрдөж байсан хэмжээгээр тогтоосон байдаг. Өнөр хорооллын 104 дүгээр байрны 57 тоот хаягт оршин суух ******* нь 2016 онд 90.000 төгрөг, 2017 онд 90.000 төгрөг, 2018 онд 90.000 төгрөг, 2019 онд 22.500 төгрөг нийт 292.500 төгрөгийн харуул хамгаалалтын хөлсийг төлөх үлдэгдэл үүсээд байна. Харуул хамгаалалтын албаны хөлсийг айл бүрт ижил хэмжээгээр хуваарилдаг учир нэг айл, нэг сард уг хөлсийг төлөөгүй тохиолдолд харуул хамгаалалтын албанд төлөх ёстой мөнгө хүрэхгүй нөхцөл байдал үүсч СӨХ-ны үйл ажиллагаанд ихээхэн хүндрэлтэй байна. Иймээс *******аас Өнөр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын хөлс болох 292.500 төгрөг гаргуулан Өнөр сууц өмчлөгчдийн холбоонд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Өнөр хотхонд 2015 оноос эхэлж амьдарч байгаа. Урьд нь Улаанбаатар хотод амьдарч байсан. Улаанбаатар хотод амьдарч байхдаа Өнөр хотхонд төлдөг шиг ийм хэмжээний хөлс төлөөд, үүнээс илүү үйлчилгээ авч байсан. Би энэ тухай СӨХ-нд харуул хамгаалалтаа сайжруул гэдгийг СӨХ-ны даргад нэг биш удаа хэлж байсан. Харуул хамгаалалтын ажилтанд ч хэлсэн. СӨХ-ны дарга ямар нэгэн асуудлыг хэрүүлийн чанартай хүлээж авдаг. Харуул хамгаалалт огт сайжраагүй. Би 7.500 төгрөгтөө тохирсон үйлчилгээ авах ёстой. 7.500 төгрөг гэдгийг хэн тогтоосон юм бүү мэд. Миний сонссоноор 40 айл байгаад түүний 20 айл нь хуралдаж шийдсэн юм шиг байгаа юм. 2016 онд хуралд орж хэлье гэхэд хурал нь болоогүй. Тоглоомын талбайд гадны хүүхдүүд ирж тоглодог. Орцонд шөнөжин нохой хуцаад унтуулдаггүй, машин хаагаад зогсчихдог. Өглөө хүн ажилд явах гэтэл машиныг нь хаагаад тавьчихсан болохоор нөгөөдүүл нь сигналдана. Тэгээд унтаж байсан хүүхэд, хөгшчүүл сэрээчихнэ. Би энэ талаар СӨХ-ны дарга, харуул хамгаалалтын ажилтанд хэлэхэд огт хүлээж аваагүй. Тэнд байгаа камер нь шаардлага хангахгүй. Харуул хамгаалалтын албанд нь дандаа тэтгэврийн хүмүүс байдаг. Хамгаалж байгаа бол хамгаалсан шиг хамгаалах хэрэгтэй. Хүүхдийн тэрэг, унадаг дугуйг харахгүй. Өөр юу харах гээд байгаа юм бэ? 2015 оноос хойш энэ СӨХ яг ийм зүйл хийлээ гэдэг зүйлийг би нэг ч хараагүй. Хүүхдийн тоглоомын талбай цементээрээ байна. Хүүхдийн савлуурын доор резинэн юм тавьчих гэж хэлдэг. Орцны цэвэрлэгээ маш муу, ариун цэврийн шаардлага хангахгүй. Орцны гэрэл байнга шатдаг. Шаардлага тавихаар хүн явуулсан байгаа л гэдэг. Орцонд солиотой, сэтгэцийн өвчтэй хүн хүүхэд, эмэгтэйчүүдийг айлгадаг. СӨХ-ны хурал бол хуулиндаа жилд дор хаяж нэг удаа хуралдах юм байна лээ. Бичгээр санал авахыг тооцдоггүй юм байна, хуралд оролцохгүй бичгээр санал өгсөн хүмүүсийн тоо бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж хуульд заасан байна. Албан ёсны хурал нэгч болоогүй. Би төлсөн үнэндээ хүрсэн үйлчилгээ авахгүй байгаа болохоор хагас жил төлөөд дахиж төлөөгүй. Би өөрийнхөө санал бодлыг зөндөө хэлж байсан. Ерөөсөө хүлээж авдаггүй. 2013 оны СӨХ-ны хурлыг хэлээд байна. Тэр үед нийт 19, 20 хүн хуралд хамрагдсан гэж яриад байна. Хуульд зааснаар 2013 оны хурал, 2016 оны хурал бүгд хүчин төгөлдөр биш, бүх гишүүдийн 50 хувиас дээш хувь нь оролцож байж асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/00682 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Өнөр сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 292.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9.425 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа давж заалдсан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулан үзээгүйн улмаас үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй. Учир нь Өнөр сууц өмчлөгчдийн холбоо нь харуул хамгаалалттай байх асуудлыг оршин суугчдын бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Энэхүү асуудлаар нийт 207 өмчлөгч оршин сууж байснаас 183 өрх санал өгсөн. Санал өгсөн 183 өрхөөс 146 гишүүн буюу 78.4 хувь нь харуул хамгаалалтыг цаашид ажиллуулах шаардлагатай гэж дэмжсэн болно. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д Хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй, 9.2-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж тус тус заасныг нийт өмчлөгчдийн буюу гишүүдийн 78.4 хувийн саналаар Харуул хамгаалалттай байх асуудлыг шийдвэрлэсэн нь зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Хууль тогтоогчоос тогтоосон хуулийн дээрх зохицуулалтууд нь сууц өмчлөгч холбооны гишүүдийн хэлэлцэх асуудалд санал өгөх эрхээ хэрэгжүүлж чадсан эсэх асуудлыг зохицуулахад чиглэсэн. Энэхүү зохицуулалтыг Өнөр сууц өмчлөгчдийн холбооны хурал зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Нөгөө талаас СӨХ-ны хуралд ирэх боломжгүй, ирэх хүсэлгүй байдаг оршин суугч нарын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Сууц өмчлөгчдийн холбоо эрх үүргээ хэрэгжүүлэх чадамжгүйд хүрч болохгүй юм. Сууц өмчлөгч болох ******* нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 147 дугаар зүйл болон холбогдох хуульд зааснаар бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйд буруутай юм. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дүгээр сарын 23-ний өдрийн 142/ШШ2019/00682 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Өнөр СӨХ нь хариуцагч *******аас дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 292.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Өнөр СӨХ нь 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн засаг даргын 01 дугаар гэрчилгээний дагуу СӨХ-ны нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Өнөр хороололд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба хуульд заасан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил ашиглалт, хамгаалалтыг хариуцах зорилго бүхий чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд Өнөр СӨХ нь 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын 2 дугаар тогтоолоор 24 цагийн харуул хамгаалалтыг ажиллуулахаар шийдвэрлэсэн ба дахин хуралдаж 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын асуудлыг үргэлжлүүлж, тусгай харуул хамгаалалтын асуудал эрхлэх байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн 01 тогтоол гарсан ба энэ тогтоолоор харуулын хөлсийг айл бүрт адил тэгш хэмжээгээр хуваарилж сар бүр 7.500 төгрөг буюу урьд тогтоосон хэмжээгээр үргэлжлүүлэн төлөхөөр шийдвэрлэсэн болох нь, мөн хариуцагч ******* нь 2016-2019 онуудад харуул хамгаалалтын хөлсийг төлөөгүй болох зэрэг нь тогтоогджээ.

Сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2., 147 дугаар зүйл, сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар бүх гишүүдийн болон Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх, дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээний холбогдох зардлыг СӨХ-д төлнө. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3.-т зааснаар өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийг ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зохицуулжээ.

Иймд хариуцагч ******* нь хуульд зааснаар харуул хамгаалалтын хураамж төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй СӨХ-ны харуул хамгаалалтын сар бүрийн хөлсийг төлөх үүрэгтэй болно.

Анхан шатны шүүх СӨХ-ны бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Өнөр СӨХ нь хариуцагч *******аас харуул хамгаалалтын төлөөгүй хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх шаардлага гаргаагүй, зохигчдын мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх тухай зарчмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох СӨХ-ны 2016 оны бүх гишүүдийн хурал түүний шийдвэрийн талаар тухайн үед шүүхэд гомдол гаргаж байгаагүй байх ба энэ талаар баримт хэрэгт авагдаагүй тул СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэгдэж хууль ёсны болсон асуудлын талаар дүгнэлт хийж хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэлт хийсэн нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/00682 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Өнөр сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 292.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3., 148.3., Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3., 13.2.9.,-д зааснаар хариуцагч *******аас харуул хамгаалалтын хөлс 292.500 төгрөг гаргуулж Өнөр СӨХ-д олгосугай гэж өөрчилж,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9.425 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй гэсний дараа *******аас Улсын тэмдэгтийн хураамж 9.425 төгрөг гаргуулж Өнөр СӨХ-д олгосугай гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.725 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

С.УРАНЧИМЭГ