Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 207/МА2019/00107

 

 

*******ийн нэхэмжлэлтэй хариуцагчО-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00640 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, *******, ******* нарт холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн захирал Д.Отгонцагаан, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, *******йн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалдулам нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцагаан, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь Хас банкнаас авсан зээлийн үлдэгдэл 38.140.279 төгрөгийг төлж чадаагүйгээс Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Өрлөг зэлмэ ХХК-ийн өмчлөлтэй сендвичэн барилгыг төлбөрийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээ хийсэн билээ. Гэтэл уг үнэлгээнд миний саналыг аваагүйгээс гадна үнэлгээг үнэлгээний байгууллагаас 2019 оны 02 сарын 25-ны өдөр хийж дүгнэлт гаргахдаа 88.746.272 төгрөгөөр үнэлсэн тухай 2019 оны 02 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас танилцуулсан. Гэтэл уг барилгыг 2015 оны 10 сарын 10-нд Өрлөг зэлмэ ХХК-ийн захирал Ч.Оюунчимэг нь 150.000.000 төгрөгөөр үнэлж худалдах болж би худалдаж авахаар болж байсан бөгөөд уг худалдан авсан гэрээнээс талууд татгалзаж, тус компанийн захирал Ч.Оюунгэрэл хэвээр үлдсэн талаарх маргаан шүүхэд хэлэлцэгдэж байгаа билээ. Гэтэл ийм үнэлгээтэй хөрөнгийг 1 дахин бууруулж үнэлсэн нь үндэслэлгүй байх тул Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны саналаар хийгдсэн ******* нь үнэлгээг дутуу хийсэн байна гэж үзэж байх тул гомдолтой байна. Уг үнэлгээг эх баримтаар өгөх боломжгүй гэх хариуг өгсөн. Шүүхийн журмаар гаргуулахад өгөх боломжтой гэсэн. Иймд Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны хүсэлтээр хийгдсэн *******-ийн 2019 оны 02 сарын 25-гы өдрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү? *******-ийн 2019 оны 02сарын 25-ны өдрийн үнэлгээний баримтыг Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэлийн газраас гаргуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгнө үү? гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, *******, шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4362 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч *******ийн өмчлөлийн Хас банкинд барьцаалсан Өрлөг Зэлмэ ХХК-ний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-2101016808, Ү-2101010761, Г- 2101015749 эд хөрөнгүүдийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18140378/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 18140378/07 дугаартай тогтоолоор хураан авсан. Тус газраас албадан дуудлага худалдааг явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор Тольдох оюуны өгөөж ХХК-ний шинжээч Д.Отгонцагааныг томилж үнэлгээ хийлгэхэд 3 үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 88.746.272 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талууд болон талуудын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус байгууллага хариуцахгүй болно. Иймд *******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Шинжээч Д.Отгонцагаан миний бие нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин 3 дугаар хороолол 13-р байрны ард дэлгүүрийн зориулалттай 40 м.кв талбайтай Ү-2101016808 тоот улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин 3 дугаар хороолол 13-р байрны ард дэлгүүрийн зориулалттай 40 м.кв талбайтай Ү-2101010761 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин 3 дугаар хороолол 13-р байрны Г-2101015749 эзэмших эрхийн гэрчилгээтэй 80 м.кв худалдааны зориулалттай газар зэргийн зах зээлийн үнэлгээг тогтооход шинжээчээр ажилласан болно. Шинжээч зах зээлийн судалгааг ижил төстэй хөрөнгүүдийн харьцуулсан байдал барилгын хийц, бүтцийг, зах зээлийн судалгаатай харьцуулан тооцоолж эцсийн дүгнэлтийг гаргасан болно. 2019 оны 04 сарын 12 ноос тодорхойгүй хугацаагаар Бээжинд ээжийгээ нурууны үений хагалгаанд орох үед нь асран хамгаалагчаар явах болсон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгааг минь харгалзан үзэж шинжээчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахыг хүсч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00640 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.5-д заасныг баримтлан Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, *******йн хүсэлтээр хийгдсэн Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож, Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагч нараас тус тус 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******-ийн захирал Д.Отгонцагаан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргасан Өрлөг зэлмэ ХХК-тай холбогдох үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Ашид билгүүн ХХК-ийн 2014 оны 11 сарын 07 ны өдрийн 1/85 дугаартай үнэлгээний дүгнэлт болон Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 25 ны өдрийн 19/02 дугаартай үнэлгээний дүгнэлтүүдийг хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан мэргэжлийн байгууллага болох Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд эсвэл үнэлгээчний эрх олгосон Сангийн яаманд хандаж буруу зөвийг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, *******йн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалдулам давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* нь *******-ийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ШГ 19/02 дугаар үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих 437 дугаар нээлттэй хорих ангийг татсан. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 193 дугаар гүйцэтгэх хуудсын дагуу төлбөр төлөгч *******т төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдэл өгч, хугацаа өгч байсан боловч төлбөрөө төлж барагдуулах үүргээ биелүүлэхгүй байсан тул хуульд арга хэмжээг авч 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр түүний үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар хураасан эд хөрөнгийн үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгчийн саналыг авахад төлбөр төлөгч ******* нь ... үнийн санал өгөх боломжгүй, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хариу өгнө... гэдэг хариу өгсөн. Төлбөр төлөгч үнийн саналаа тогтоосон хугацаанд өгөхгүй, утсаар холбогдоход ирэхгүй байсан учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дүгээр зүйлд заасан хугацааны дотор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор *******-ийг шинжээчээр томилсон. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэгчийн үнийн саналыг авч ... үнэлгээ тогтоох нь зүйтэй байжээ гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1, Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримт, тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх заалтыг зөрчиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00640 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тольдох Оюуны өгөөж ХХК-д холбогдуулан тус аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин 3 дугаар хороолол 13-р байрны ард байрлалтай, 40 м.кв талбайтай Ү-2101016808 тоот улсын бүртгэлийн дугаартай дэлгүүр, үйлчилгээний зориулалттай 40 м.кв талбайтай Ү-2101010761 тоот улсын бүртгэлийн дугаартай дэлгүүр, тус сумын 3-р баг Уурхайчин 3 дугаар хороолол 13-р байрны ард байрлах Г-2101015749 эзэмших эрхийн гэрчилгээтэй 80м.кв худалдааны зориулалттай газрын зах зээлийн үнэлгээг тогтоосон үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар ...хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч тус аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн газар төлбөр төлөгч *******т холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа зээлийн гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох газар, дэлгүүрийн зориулалттай 2 байрыг зах зээлийн үнэлгээг тогтоосон ба хариуцагч *******-ны үнэлгээчин Д.Отгонцагаан нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө тус бүрт харьцуулсан судалгаа хийж зах зээлийн үнэлгээг нэгтгэж гаргахдаа 80 м/кв талбай бүхий газрын үнэлгээг оруулсан эсэх нь тодорхойгүй өөрөөр хэлбэл тухайн газар эзэмших эрхийн үнэ цэнэ 3.200.000 төгрөг, зах зээлийн үнэ цэнийг 32.000.000 төгрөг гэж үнэлгээ тогтоосон атлаа дүгнэлтэнд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 36-13 ард байрлах дэлгүүр 80 м/кв 56.746.272 төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 36-13 ард байрлах дэлгүүр 80 м/кв 32.000.000 төгрөг нийт 88.746.272 төгрөг гэж тогтоосон нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоохдоо төлбөр төлөгч *******ийг байлцуулаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг урьд нь үнэлж байсан үнэлгээг судалж харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлгээг тогтоох боломжтой байсан гэж үзсэнийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалдулам, *******-ны захирал Д.Отгонцагаан нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00640 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн захирал Д.Отгонцагаан, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, *******йн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалдулам нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар *******-ийн захирал Д.Отгонцагааны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Хариуцагч Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, ******* давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

Б.ОЮУНЦЭЦЭГ