Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 138

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн Засаг дарга

В.Р-д холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                         Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

                                                    Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамж миний хувьд хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоож, 2019 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлж, 20 хоногт ногдох ээлжийн амралтын олговрыг олгохыг аймгийн Засаг дарга В.Р-д даалгах”,

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 112/ШШ2019/0030 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 56 дугаар магадлалтай,

            Нэхэмжлэгч Ч.Б-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 112/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамж нэхэмжлэгч Ч.Б-ийн хувьд хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоож, 2019 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхийг аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Ч.Б-Э 20 хоногт ногдох ээлжийн амралтын олговор олгохыг аймгийн Засаг даргад даалгах шаардлагыг буцааж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 56 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг баримтлан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоож, 2019 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх, 20 хоногт ногдох амралтын олговрыг олгохыг даалгах” шаардлага бүхий Ч.Б-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч Ч.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүхийн магадлалд “уг захирамжийн агуулгаас үзвэл албан тушаалтнуудын ээлжийн амралтын хуваарийг төрийн байгууллагын ажлын уялдааг хангаагүй баталсан хууль бус захирамжийг хүчингүй балгож, дахин шинэчлэн батлахаар шийдвэрлэснээс үзвэл төрийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын “гадагш чиглэсэн” шинжгүй байхад анхан шатны шүүх ЗХШХШтХ-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “захиргааны акт”-ын талаарх маргаан гэж үзэж захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын нэг шинж “гадагш чиглэсэн” гэдэгт байгууллагын хүрээнээс гаднах “гуравдагч” гэж болох иргэд, байгууллагын эрх, ашиг сонирхлыг хөндсөн акт, үйл ажиллагаанаас гадна байгууллага дотроо доод албан тушаалтныхаа иргэний хувьд эдлэх эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж гаргасан актыг хамруулдаг.

6. Маргаан бүхий захиргааны актын хувьд аймгийн Засаг дарга нь доод албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Б /нэхэмжлэгч/-ийн ээлжийн амралтаа эдлэхийг хязгаарласан, улмаар иргэний үндсэн эрх болох хөдөлмөрлөх эрх, тэр дундаа төрийн алба хаах эрхийг хязгаарлаж хөндөхийн тулд гаргасан захирамж учир “гадагш чиглэсэн” шинжийг агуулсан захиргааны акт гэж үзнэ. Үүнд:

7. Нэхэмжлэгч Ч.Б нь Говь-Алтай аймгий Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа тус аймгийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар баталсан ээлжийн амралтын хуваарийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажлын 20 хоног ээлжийн амралт эдэлж байсан бөгөөд шинэ Засаг дарга В.Р ажлаа хүлээн авангуутаа Ч.Бд мэдэгдэлгүйгээр 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б/30 дугаар захирамж гаргаж, ээлжийн амралтын хуваарь баталсан өмнөх захирамжийг хүчингүй болгосон. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар ээлжийн амралттай байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг ажил олгогч хүлээсэн учир Ч.Бат-Эрдэнийг ээлжийн амралт эдэлж байх үед төрийн албанаас халах боломжгүй. Төрийн албанаас халах боломж, нөхцлөө бүрдүүлэхийн тулд 2019 оны 06 дугаар сарын 17-нд захирамж гаргаж ээлжийн амралтын хуваарийг хүчингүй болгоод, 3 хоногийн дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ч.Бат-Эрдэнийг төрийн албанаас халсан захирамжийг аймгийн Засаг дарга гаргасан.

8. Аймгийн Засаг дарга нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамждаа дурдсанаар төрийн албан хаагчдын ажлын уялдааг харгалзан ээлжийн амралтын хуваарийг шинэчлэн баталсан нэг ч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад “тухайн захирамж нь төрийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой албан хаагчдын тухайн жилдээ ээлжийн амралт биеэр эдлэх эрхийг хөндөөгүй ...” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

9. Эндээс дүгнэвэл, аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамжийн гол зорилго нь Ч. Бат-Эрдэнийг төрийн албанаас халах нөхцлийг бүрдүүлэх байсан бөгөөд энэ зорилго биелэгдэж Ч.Б төрийн албанаас халагдсан, улмаар иргэн Ч.Б-ийн хөдөлмөрлөх, төрийн алба хаах эрх хөндөгдсөн учир “гадагш чиглэсэн” захиргааны акт мөн юм.

10. Түүнээс гадна аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйи хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын бусад шинжийг бүрэн агуулсан байна. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллага буюу төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг аймгийн Засаг дарга захирамж гаргасан, тодорхой нэг асуудлыг зохицуулсан буюу жагсаалтад дурдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, сумдын Засаг дарга, агентлаг албадын дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2019 оны ээлжийн амралтын асуудлыг зохицуулсан, нийтнйн эрх зүйн хүрээнд буюу төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагаврыг бий болгож захирамжилсан шийдвэр байна.

11. Иймд давж заалдах шатны шүүх аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамжийг захиргааны акт биш гэж үзэн ЗХШХШтХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

12. Анхан шатны шүүх шийдвэртээ: “... аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын амралтын хуваарь батлах захирамж гаргасныг аймгийн Засаг дарга Б/30 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж хүчингүй болгож байгаа нь хууль зүйн хувьд учир дутагдалтай Төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.6-д заасан Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх баталгаагаар хангагдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ” гэж заасан хуулиар олгогдсон ээлжийн амралтаа эдлэх иргэний үндсэн эрхийг хязгаарласан байгааг тогтоож ...” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангасан байна.

13. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 56 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 112/ШШ2019/0030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            14. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна.

15. Нэхэмжлэгч Ч.Б-ээс “... Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны Б/30 дугаар захирамж миний хувьд хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоож, миний 2019 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлж, 20 хоногт ногдох ээлжийн амралтын олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн дагуу олгохыг аймгийн Засаг дарга В.Р-д даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Ээлжийн амралт олгох тухай” Б/27 дугаар захирамж гаргасныг Говь-Алтай аймгийн Засаг дарга маргаан бүхий  2019 оны Б/30 дугаар захирамжаар хүчингүй болгож, ээлжийн амралтын хуваарийг шинэчлэн батлуулахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад үүрэг болгожээ.

16. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох”-оор заасан, маргаан бүхий Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны Б/30 дугаар захирамж нь нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн шийдвэр биш, тухайн байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулсан байх тул захиргааны акт гэж үзэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

17. Тодруулбал, эрх бүхий албан тушаалтнаас өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тухайн жилд албан хаагчдын ээлжийн амралт эдлэх хуваарийг баталсан, эсхүл өмнөх баталсан хуваариа хүчингүй болгож, хуваарийг өөрчилсөн зэрэг нь гадагш чиглэсэн, нийтийн эрх зүйн хүрээнд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд аливаа үр дагавар үүсгэсэн шийдвэр гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... аймгийн Засаг дарга нь доод албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Б /нэхэмжлэгч/-ийн ээлжийн амралтаа эдлэхийг хязгаарласан, улмаар иргэний үндсэн эрх болох хөдөлмөрлөх эрх, тэр дундаа төрийн алба хаах эрхийг хязгаарлаж хөндөхийн тулд гаргасан захирамж учир “гадагш чиглэсэн” шинжийг агуулсан” гэх гомдол үндэслэлгүй байна. 

18. Анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны Б/30 дугаар захирамжийн дотогш чиглэсэн,  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “захиргааны акт”-ын шинжийг хангаагүй байгааг анхаараагүй, уг захирамжид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу, давж заалдах шатны шүүх уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг залруулж, нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 56 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА