Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 116

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 207/МА2019/00116

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг, нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00717 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******агийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би анх хариуцагч ******* гэж хүнийг таньдаггүй байсан. н.Батцэнгэл намайг түүнтэй танилцуулсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр 10.000.000 төгрөгийг зээлдүүлсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Гэвч хариуцагч тал надаас авсан зээлийг төлөхгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд үндэслэлгүй тайлбар хэлж, зугтаж байна. Миний бие н.Батцэнгэл болон хариуцагч ******* нарын хооронд ямар асуудал болсныг мэдэхгүй, одоо нэхэмжилж буй 10.000.000 төгрөгийг н.Батцэнгэл бид хоёрын 45.000.000 төгрөгийн зээлтэй хольж, хутгаж болохгүй. Хариуцагч өнгөрсөн хугацаанд зээлийг төлөхгүй байсан учраас би түүнтэй уулзах гэж Орхон аймгаас удаа дараа Улаанбаатар хотод ирж, бензин, шатахууны төлбөрт 2.500.000 төгрөгийн зардал гаргасан ба тооцооллыг холбогдох баримтын хамт хэрэгт өгсөн. Хэрэгт авагдсан мөнгөн орлогын баримтаар хариуцагчийн дансанд 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн байхад үүнийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгааг тодорхой тайлбарлах хэрэгтэй. Иймд хариуцагчаас зээл 10.000.000 төгрөг, учирсан хохиролд 2.500.000 төгрөг, нийт 12.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгч ******* гэж хүнийг ерөөсөө танихгүй, гэнэт л надаас 10.000.000 төгрөг нэхэж, ажил дээр ирж дарамтлах болсон. Би 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр н.Батцэнгэлтэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 40.000.000 төгрөгийг зээлдүүлсэн юм. Ингээд н.Батцэнгэл надад авсан зээлээ буцаан төлөхдөө миний дансыг авсан ба 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөгийг ******* гэж хүнээс шилжүүлсэн байсан. Үүнийг н.Батцэнгэлээс лавлахад өөрийнхөө зээлийг төлсөн гэж хэлсэн. Яагаад надаас мөнгө шаардаад байгааг ойлгохгүй байна. Би өөрийнхөө бусдад өгсөн зээлийг авсан гэж бодож байна. Түүнээс биш М.Лханаагаас мөнгө зээлээгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

Нэхэмжлэгч ******* 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Д.Нямлхагвын Хаа банкан дахь 5914076498 дугаартай дансанд 10.000.000 төгрөгийг Лханаагаас гээд хийсэн байгаа юм. ******* яагаад 10.000.000 төгрөгийг Д.Нямлхагвын дансанд хийх болсон бэ? гэвэл гэрч гэх Ө.Батцэнгэлийн "Батжин ундрах" ХХК-ийн нэр дээр авсан орон сууцны барилга барих эрхийг нь ашиглан барилгын тендерт ялахын тулд ажил бүтээлгэхээр шилжүүлсэн мөнгө юм байна. Ө.Батцэнгэл ганц *******д мөнгө шилжүүлээгүй нийт 4 хүнд 53.000.000 төгрөгийг тендерийн ажил бүтээлгэнэ гэж шилжүүлсэн боловч нэг нь ч барилгын тендерийн ажил бүтээж өгөөгүй учир шилжүүлсэн мөнгөө Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр шаардаж мөнгөө гаргуулж авах нь зүйд нийцнэ. Гэрч гэх Ө.Батцэнгэлийн ажил бүтээх хүмүүс гэж хэлээд тэд нарт дараах мөнгөнүүдийг өгсний дараа ажил бүтнэ гэсний дагуу мөнгө шилжүүлсэн. Хариуцагч ******* амласан ёсоороо ажлаа бүтээгээд өгсөн бол өнөөдрийн энэ маргаан гарахгүй шүү дээ. Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" бол буцаан шаардах эрхтэй байна. Иймд *******ас 10.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр гаргуулан *******д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00717 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1., 492.1.1.-д зааснаар хариуцагч *******ас 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 222 600 /хоёр зуун хорин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 174.950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогч миний эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хариуцагч би ******* гэдэг хүнийг танихгүй, бие биенээ огт мэдэхгүй ба бид 2-ийн хооронд ямар нэг өр төлбөр болон эрх зүйн харилцаа огт үүсээгүй. Харин Ө.Батцэнгэл надад төлөх төлбөрийг шилжүүлэхдээ *******гийн данснаас шилжүүлсэн тул би хамтран хариуцагчаар Ө.Батцэнгэлийг оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ******* Ө.Батцэнгэл 2-ийн хооронд мөнгөний асуудал байсан ба хамтран хариуцагчаар Ө.Батцэнгэл татагдан орж ирж байж уг маргаантай асуудал бүрэн шийдэгдэх ёстой. Гэтэл шүүх зөвхөн мөнгө миний дансанд орсон гэсэн байдлаар хэргийн талаар урьдчилан дүгнэлт хийж улмаар хуулиар олгогдсон эрхийн дагуу гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ******* нь Батцэнгэлтэй хамтран ажиллаж улмаар тендерт шалгарахын тулд хүмүүс мөнгө шилжүүлсэн гэж тайлбарладаг ба би уг тендерийн асуудал шийдвэрлэх эрх бүхий этгээд биш. Гэтэл шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д ...үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь дуусгавар болсон, хүчин төгөлдөр бус болсон гэж заасан зохицуулалтын аль хэсэг нь надад хамааралтай болох эсхүл хуульд заасан дээрх нөхцөлүүд бүгд хамаарч байгаа эсэх талаар дүгнэлт хийлгээгүй зөвхөн шилжүүлсэн мөнгө нь *******гийн мөнгө байсан нь нотлогдсон гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан зээлийн төлбөр -12.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нэхэмжлэлийн шаардлага багасгаж төлбөр 10.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******ас 10.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх, өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байхыг хуулиар зохицуулсан байна.

Гэвч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрч Ө.Батцэнгэл ...Д.Нямлхагвын данс руу 10.000.000 төгрөг шилжүүлж, буцаагаад би авсан гэх мэдүүлэг өгсөн байхад шүүх хариуцагч ******* нэхэмжлэгч ******* нарын хооронд үүрэг үүсээгүй, хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1-д Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж заасан зохицуулалтыг зөрчсөн байна./хх-ийн 82-85тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* уг хэргийн жинхэнэ хариуцагч нь Ө.Батцэнгэл тул хариуцагчийг сольж өгөхийг хүссэн тухай хүсэлт гаргасан ба шүүх уг хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 6 ны өдрийн № 142/ШЗ2019/02330 дугаар шүүгчийн захирамжаар татгалзаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг өөр этгээдээр солихыг зөвшөөрөөгүй тухай хүсэлт, тайлбараа шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хариуцагчийн гаргасан дээрх хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Хариуцагч ******* 2019 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдааны шатанд гэрчээр Ө.Батцэнгэлийг оролцуулах тухай хүсэлт гаргасан ба шүүх ...уг хүсэлтийг өмнө гаргах боломжтой байсан гэсэн үндэслэлээр хангахаас татгалзсан, нэхэмжлэгч ******* уг хэргийн талаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулж байгаа эсэхийг шүүх тодруулаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч Д.Нямлхагвын гаргасан ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00717 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч *******агийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

Б.ОЮУНЦЭЦЭГ