Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 726

 

 

 

 

Ц.Цэрэндоржид холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Оюунжаргал,

цагаатгагдсан этгээд Ц.Цэрэндорж, түүний өмгөөлөгч С.Намжилмаа, Ц.Төмөрцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мядагсүрэн, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 141 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Оюунжаргалын бичсэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10 тоот улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мядагсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Цэрэндоржид холбогдох 201324000862 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Жанжинхүүгийнхэн овгийн Цэцгээгийн Цэрэндорж, 1989 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, Улсын хүүхэлдэйн театрт жүжигчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 7 дугаар гудамжны 165 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ЕЗ89070110/,

 

Ц.Цэрэндорж нь 2013 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 410 дугаар км-ын           2 дугаар зуутад төмөр замын хашаан дотор Ц.Эрдэнэчимэгийг өмдний тэлээгээр хоолойг нь боож, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн Прокурорын газраас: Ц.Цэрэндоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Ц.Цэрэндоржийг гэртээ байх үед талийгаач Сансарын тунелын тэнд байдаг караокед байсан байх магадлалтай байх ба энэ шөнө Ц.Цэрэндорж талийгаач хоёр тааралдаагүй байна гэж үзэв. Иймд прокуророос Ц.Цэрэндоржийг Ц.Эрдэнэчимэгийг өмдний тэлээгээр нь хоолойг боож хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Ц.Цэрэндоржид Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж Жанжинхүүгийнхэн овогт Цэцгээгийн Цэрэндоржид Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,

Ц.Цэрэндоржид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Ц.Цэрэндорж нь энэ хэргийн улмаас 54 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн камерын бичлэг бүхий СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээж, 9.5 см х 5.5 см, 1.3 см х 5 см, 16 см х 6 см, 19 см х 10 см-н хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогсдон 4 ширхэг чулуу, хар өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, “Hite” пивоны лааз 1 ширхэг, 500 гр экс архины шил 1 ширхэг зэргийг устгах, “Самсунг” загварын хар өнгийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мядагсүрэнд олгож,

энэ хэрэгт битүүмждэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, оршуулгын зардалд нэхэмжилсэн 6.713.664 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Оюунжаргал бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт заасан нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

  1. Туслах төлөөлөгч д/а Д.Чингэлийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр бичсэн тэмдэглэл “БЗД 12 хороо төмөр зам гараад эмэгтэй хүний цогцос байна гэх дуудлагыг хүлээн авч мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Б.Мөнхбатаар удирдуулсан бүрэлдэхүүний хамт уг хэрэг гарсан газар гэх газарт үзлэг хийхэд цогцосны цус болон үнэр авахуулж албаны “Мастираа” дуудлагатай нохойг мөрдлөг хэлбэрээр ажиллахад ертөнцийн баруун хойд зүгт 20 метр газар яваад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 6 гудамж Амины орон сууцны 4-47 тоот хашаанд очсон тул биечилж сурвалжлага хийхэд Л.Нансалмаа хэлснээр “2013 оны 9 дүгээр сарын 7-ны орой 1 цагаас 2 цагийн орчим хашааны гадаа машинтай хүмүүс ирээд хэрэлдсэн ба маргалдсан ба гараад харахад        38-20 УНТ дугаартай машин байсан" гэж хэлсэн болно”,
  2. Шүүх эмнэлгийн 2013 оны 9 дүгээр сарын 26-ны 1544 дугаартай задлан шинжилгээ хийсэн актын дүгнэлт: Талийгаач Эрдэнэчимэгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр механик амьсгал бүтэлт: боолт хүзүүн дэх хөндлөн дарагдлын ором, зүүн талын хөвч ясны хугарал, хоёр талын залгиурын салст булчин, бамбайн булчирхайн хальсан дах цус хуралт, тархи, уушигны хаван, уушиг, зүрхний гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт, дотор эрхтний цус дүүрэлт, нойр булчирхайн үхжил, тархины зөөлөн бүрхүүлийн голомтлог цус харвалт, дух ясны ил хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, духны шарх, зулгарал, нуруунд зулгаралт, умайн хөндий дэх эхсийн үлдэгдэл гэмтэл өөрчлөлт тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь шинэ, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ШЭГЗТЖ-ын 3.1.2, 3.1.3, 3.1.16-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь механик амьсгал бүтэлт боолтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь цусны АВО системээр А2-р бүлгийн цустай байна. Талийгаач нь зүрхний булчингийн сорвижил, завсрын үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй болно. Талийгаачийн цусанд 2.1 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаач нь БЗХӨвчний шинжилгээгээр тэмбүү өвчтэй байна. Талийгаачийн үтрээнээс авсан арчдас наалдцанд үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн бөгөөд ДНХ-н шинжилгээнд шилжүүлсэн болно",

З. Шинжээч эмч Г.Ганцэцэгийн мэдүүлэг: "талийгаачийн хар хүрэмний ар талд сэмэрсэн халцархай гарчээ. Энэ нь хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр буюу үрэлтийн хүчээр гарна. Хатуу гадаргуутай зүйл гэдэгт асфальтан зам, чулуу, шороо гэх мэт хатуу гадаргуутай үрэлцсэн тохиолдлуудад гардаг. Өмдөнд гарсан халзархай оёдол оёосоороо тасарсан, оёдлын утаснуудад суналт үүссэн байх тул энэ нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүснэ”,

4. Шинжээч эмч Т.Амартүвшингийн мэдүүлэг: "...учирсан гэмтлүүдийг харахад хүний хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн. Хүний хүчнээс давсан хүчээр үүсгэгдсэн гэмтэл байгаагүй",

5. Хохирогч Ч.Мядагсүрэнгийн мэдүүлэг: "Миний охиныг Цогтсайханы Эрдэнэчимэг гэдэг 1982-05-15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 2013 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 14-15 цагийн үед байхаа яг цагийг нь сайн санахгүй байна найз залуу болох Лхамаатай уулзахаар гарсан ба уг залуутайгаа "өнөөдөр амьдрах үгүйгээ шийднэ" гэж хэлж байсан, гэрээсээ гарахаасаа өмнө утсаар ярихыг нь сонсоход "3-р сургуулийн тэнд үү" гэж хэлээд яриад гарсан ба би бодохдоо тэнд уулзахаар тохирсон юм байна гэж бодсон. ...Эхээс 3-лаа айлын том нь байсан, хүү нь одоо 8 настай Баянзүрх цогцолборын 3-р ангид сурдаг, ер нь л охин маань ямар нэгэн залуу гэр орондоо дагуулж ирдэггүй миний мэдэхийн 2 жил гаруй явсан царай төрхийг нь хараагүй эчнээ нэрээр нь таних Лхамаа гэх залуу л байна. Тамхи татдаг хааяа нэг хонож өнжөөд яваад ирэхээрээ архи үнэртүүлчихсэн л орж ирдэг байнга архи уугаад гадуур дотуур яваад байдаг асуудал байхгүй. Зан байдлын хувьд дэвэрч нямбай, хүнтэй эвсэг, хүнтэй хэрэлдэж маргаад байдаг асуудал байхгүй, түргэн ааштай, бухимдуу, эдийн шуналгүй, үнэтэй цайтай зүйл хэрэглэдэггүй, даруухан, ажилсаг, 5 настай байхдаа нуруундаа гэмтэл аваад хэл ярианы жаахан ээрхшээлтэй болчихсон бага зэрэг гацаж ярьдаг, хараа муутай, цус багатай, хөл гар янгинаад бөөр өвдөөд байна гэх болсон. Талийгаач ер нь тэлээ зүүдэг эсэхийг нь эгч нь ёстой мэдэхгүй байна, 2013 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр гэрээсээ гарахдаа өмдөндөө тэлээ зүүсэн эсэхийг мэдэхгүй байна, байвал нэг л тэлээ байгаа байх, тэр нь цулгуй л юм байх ёстой эрээн мяраан юманд дургүй, яг тэр энэ тэлээтэй тэрийгээ энийгээ зүүдэг эсэхийг сайн мэдэхгүй юм. Тухайн үед гарахдаа эмссөн өмд нь нилээн бариун учраас тэлээ зүүсэн эсэхийг мэдэхгүй байна”,

  1. Гэрч Б.Должинсүрэнгийн мэдүүлэг: "Би 2013 оны 9 дүгээр сарын 8-нд 8 цагт ажилдаа очоод төмөр замын 409-р км-ээс 415-р км хүртэлх зам тор шалгах ажилтай 412-р км-ээс 413-р км-ийн замд төмөр замын онгорхой орох хашааг засаж янзлаад тороо шалгаж явж байхад 11-н цагийн үед 410-р км-н 2,3-р зуутын хавьцаа төмөр зам дээгүүр явж байхад торны дотор талд торон хашааны дэргэд төмөр замын баруун талд хар савхин куртиктэй, хар өнгийн өмдтэй алагдуу ногоон өнгө орсон хар пүүзтэй эмэгтэй хүн дээшээ харсан байдалтай ямарч хөдөлгөөнгүй нас барсан байдалтай дуудахад хариу өгөхгүй нүүрэн дээгүүр нь ялаа яваад царай нь цайчихсан толгой нүүр орчим нь цус болсон нас барсан байдалтай эмэгтэй хүн байсан. Нас барсан эмэгтэйн хавьцаах торон хашаа бүтэн байсан, торон хашааг онгойлгосон зүйл байгаагүй",
  2. Гэрч С.Рэнцэнхорлоогийн мэдүүлэг: “Би 2013 оны 9 дүгээр сарын 7-нд өглөө 10 цагт ажилдаа явж байгаад 21 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд төмөр замын торон хашааны ойр хавьд ямарч хүмүүс байгаагүй. Харин 23 цаг өнгөрч байх үед эрэгтэй эмэгтэй хүмүүс маргалдаж хэрэлдээд байгаа бололтой дуу чимээ гарч байсан. Гэрээсээ гарч хараагүй, тэгээд л би 1 цаг өнгөрөөгөөд унтсан, Ер нь хааяа төмөр замын торон хашаагаар хүмүүс орж гараад явж байдаг",
  3. Гэрч Л.Батнасангийн мэдүүлэг: "би унтаж байсан тул сонсоогүй, эхнэр харин өчигдөр хэлэхдээ хагас сайны орой 00 цаг өнгөрсөн байх үед манай хашааны урд хүмүүс хэрэлдээд, машины хаалга үүд дуугараад байхаар нь гарч хашааны завсараар харахад 38-20УНТ гэсэн улсын дугаартай жижиг тэрэг урд гэрлээ асаачихсан, хоорондоо хэрэлдээд байсан гэсэн. Хамгийн гол нь охин хүргэн хоёроо гадаа ирчихээд маргалдаж муудалцаж байгаа юм болов уу гэж гарч харсан юм гэж байсан. Тэр үед машин дотор хоёр хүн маргалдаж байсан гэж ярьсан",
  4. Гэрч Л.Нансалмаагийн мэдүүлэг: "2013 оны 9 дүгээр сарын 7-нд 24 цаг өнгөрч байхад TV-5 телевизээр гоо сайхны бараа сурталчилсан нэвтрүүлэг гарч байхад манай хашааны хаалганы харалдаа нэг машин ирж зогсоод машины хаалга нээж хаах чимээ гараад байхаар нь гэрээсээ гарч хашааныхаа завсраар харахад 38-20 УНТ гэсэн дугаартай суудлын жижиг машин гадна гэрлээ асаачихсан зогсож байсан. Ингээд гэртээ эргээд ороод байж байтал нэг эмэгтэй хүн "болиочээ" гэж хашгирах чимээ гарсан, мөн нэг эрэгтэй хүн "хөөе юу болоод байнаа" гэх чимээ гарсан. Би бол энэ яриаг гэрт байхдаа л сонссон юм. Анхаарал татахаар дуу чимээ гарч маргалдаж зодолдоогүй. Машины гадна гэрэл нь маш хурц тод байсан. Машинтай хэдэн хүн ямар хувцас хунартай явсныг нь хараагүй, гадаа бол салхитай шуургатай, зэврүүн, тас харанхуй шөнө байсан, би бол машины дугаарыг нь л сайн харсан. Уг машин нь 38-20 УНТ улсын дугаартай л байсан юм. ...тэр машин манай хашааны гадаа ирж зогсоод хаалга нь нээж хаагдах чимээ гараад 3,4 минут болоход нь би гарч харчихаад эргэж гэртээ орж ирсэний дараа 5 орчим минут болоод явсан юм. Тэр машин манай гудамж руу ертөнцийн зүгээр баруун талаас буюу Чулуу овооны постноос Нарантуул зах руу явдаг төв засмал замаас орж ирсэн ба буцаж засмал замруугаа гараагүй, гудамжаар ертөнцийн зүгээр зүүн тийшээгээ явсан юм. Манай гудамжинд орж ирсэн машин буцаж засмал замруугаа гарахын тулд эргэх үйлдэл хийж байж буцдаг юм. Би эдгээрийг гэртээ байж байхдаа бүгдийг нь сонсож мэдсэн юм. ...тэгээд ч тэр эмэгтэй ганцхан "болиочээ" гэж орилсноос өөрөөр ямар нэгэн үг хэлсэн асуудал байхгүй юм. Тэр эмэгтэйг би ерөөсөө харж чадаагүй болохоор өмссөн хувцас болон зүс царайг нь хэлж чадахгүй байна. "Болиочээ" гэж орилохыг нь би гэртээ байж байхдаа сонсоод гадагшаа гарахад тэр машин зогсож байсан ба намайг гарч очсоноос хойш машинаас ямар нэгэн хүн бууж сууж харагдаагүй юм",

10. Гэрч Г.Гандөшийн мэдүүлэг: "...маргааш өглөө нь хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээтэй гээд ажилтай байсан юм. Манай ажилтнууд өглөө 10 цаг гээд цугладаг юм. Тэгтэл Цэрэндорж ирэхгүй хоцорч ирсэн. Машины багажинд газар дэвсэж суувал гээд жүжгийн шар дээлийг өөрийн гар цүнхэндээ хийчихсэн байсан. Маргааш нь Цэрэндорж ажилдаа хоцорч ирсэн юм тоглолт өдөр 14 цагаас эхлэх байсан тулгаад орж ирсэн шиг санаж байна, дээлийг цүнхтэй хамт өглөө сүүлд нь тусдаа өгсөн билүү би сайн санахгүй байна. ...би ажилдаа ирэхээр нь "гайгүй юу" гэсэн чинь "гайгүй", "яасан юм бэ" гэхэд "яриад байх зүйл бишээ" гээд юм яриагүй түүнээс хойш энэ талаар юм асуугаагүй",

11. Гэрч Х.Батжаргалын мэдүүлэг: "тухайн үед буюу 2013 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр урлагийн ажилчдын баярын өдөр болсон бөгөөд өглөө 07 цагийн үед надтай хамт ажилладаг жүжигчин Ц.Цэрэндорж, Г.Гандөш хоёр Цэрэндоржийн машинтай манай гэрт ирж намайг аваад явсан ба замдаа 1-р хорооллоос найруулагч М.Ариунтуяаг авсан. Баярын үйл ажиллагаа 9 цагаас эхэлж, орой 21 цаг өнгөрч байхад тарсан" гэх зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байхад хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан "нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал" гэсэн үндэслэлээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн Ц.Цэрэндорж нь тухайн үед согтуу эмэгтэйг автомашиндаа суулгасан, гэрч Нансалмаагийн гэрийн гадаа машинтайгаа очсон, тэр эмэгтэйтэй маргалдсан болох нь тогтоогдсон, талийгаачийн цогцос олдсон газар болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 410 дугаар км-ын 2 дугаар зуутад төмөр замын хашаан дотроос нохой цогцосноос, цус болон үнэр авахуулж мөрөөр нь явахад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар гудамж Амины орон сууцны 4-47 тоот хашааны гадна очсон, 01-02 цагийн хооронд хашааных нь гадна машинтай хүмүүс ирээд хоорондоо маргалдсан талаар гэрч Л.Нансалмаа мэдүүлсэн зэргээр Ц.Цэрэндорж гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 141 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна, 290 дүгээр зүйлийн 290.2 дах хэсэгт заасан "шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй" гэж заасан заалтуудыг зөрчиж "Ц.Цэрэндоржийг гэртээ байх үед талийгаач Сансарын тунелийн тэнд байдаг караокед байсан байх магадлалтай байх ба энэ шөнө Цэрэндорж талийгаач хоёр тааралдаагүй байна" гэсэн дүгнэлтийг хийж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэлгүйгээр хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 141 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мядагсүрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний охин Ц.Эрдэнэчимэгийг онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хөнөөсөн байхад хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Ц.Цэрэндоржийг уг хэргийг үйлдсэн эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдаа, прокурорын байгууллага энэ хэргийг удаан хугацаанд шалгахдаа хэргийн үнэнийг одоо хүртэл тогтоож өгөхгүй байгаад маш их гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 141 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мядагсүрэнгийн өмгөөлөгч Г.Бат-Отгон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ц.Цэрэндоржийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокуророос Ц.Цэрэндоржийг санаатайгаар талийгаачийн хоолойг боомилж алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талийгаачийг боосон тэлээнд Ц.Цэрэндоржийн хурууны хээ илрээгүй.  Мөн талийгаачийн цогцосоос илэрсэн үрийн шингэн нь Ц.Цэрэндоржийн цусны бүлэгтэй таарахгүй байгаа. Мөн хэргийн газраас Ц.Цэрцэндоржийн автомашин болон гутлын мөр илрээгүй. Ц.Цэрэндоржийн өмсөж явсан гутал, хувцас зэргээс талийгаачийн цусны толбо, хэргийн газрын сэжиг бүхий зүйлс илрээгүй. Талийгаач Ганзориг, Энхтүвшин нартай шөнийн 1 цаг 15 минутаас 2 цаг 15 минутын хооронд үйлчлүүлсэн болохыг нотлох баримт байгаа.  Гэрч Нансалмаа “шөнийн 00 цагийн орчим TV5 телевизээр гоо сайхны бараа сурталчилж байхад эрэгтэй, эмэгтэй 2 хүн 38-20 УНТ улсын дугаартай автомашинд маргалдаж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Энд цаг хугацааны зөрүү гараад байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн үед хүн амьны хэрэг гарсан болохыг л нотолж байгаа болохоос тус хэргийг Ц.Цэрэндорж үйлдсэн болохыг тогтоогоогүй. Хэргийн газрын үзлэг хийхэд нохой оролцож байсан гэдэг. Прокурор ямар ч нотлох баримтгүй байж хийсвэрээр сэтгэж хүнийг хэлсдүүлж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв

 

Цагаатгагдсан этгээд Ц.Цэрэндоржийн өмгөөлөгч С.Намжилмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар зөвхөн Ц.Цэрэндоржид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх процессын алдаа гаргаж хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн гаргасан процессын алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц.Цэрэндоржийн үйлдэл тогтоогдохгүй байгаа. Гэрч Нансалмаа “шөнийн 00 цагийн орчим хашааны завсраар харахад эрэгтэй, эмэгтэй 2 хүн маргалдаж байсан” гэж мэдүүлсэнийг прокурор гол яллах үндэслэл болгосон. Гэтэл гэрч Нансалмаа шөнийн 00 цагт хашааны завсраар бусдыг хараад байгаа байдал нь сэжиг төрүүлж байна. Мөн Нансалмаагийнд охин, хүү хоёр нь портер автомашинтай ирсэн байдаг байдлаас үзэхэд гэрч Нансалмааг хэрэгт холбогдуулан шалгах хэрэгтэй. Мөрдөн байцаалтаар талийгаач хэдэн цагт нас барсан болохыг тогтоож чадаагүй. Хэргийн газрын үзлэгийг маргааш өдөр нь 14 цагийн орчим хийсэн. Шөнийн 00 цагаас өдрийн 14 цаг хүртэл тухайн газарт өчнөөн автомашин, хүмүүс явсан тул хэргийн ул мөр баларсан. Мөрдөн байцаагч гэрчийн мэдүүлгийн дагуу Ц.Цэрэндоржийг хэрэгт холбогдуулан хангалттай шалгасан. Одоо Ц.Цэрэндоржид холбогдуулан шалгах зүйл үлдээгүй. Гэрч Оюунбат “шөнийн 1 цаг өнгөрхөд 3 хүн орж ирсэн. Эмэгтэй нь намхан залуутай ариун цэврийн өрөөнд ороод дотроос нь түгжээд байсан” гэж мэдүүлсэн байдаг. Талийгаач шөнийн 1 цаг 15 минутаас 2 цаг 15 минут болтол бааранд байсан болох нь тогтоогддог. Гэрчийн мэдүүлгээр баарнаас гарахдаа буудал руу орно гэж ярьсан болох нь тогтоогддог. Гэтэл Ганзориг, Энхтүвшин нарыг хоорондоо зодоолдож байхад талийгаач алга болсон гэдэг. Тиймээс талийгаачтай хамгийн сүүлд Ганзориг, Энхтүвшин нар байсан тул хэрэгт холбогдуулан шалгах хэрэгтэй. Мөрдөн байцаагч Ц.Цэрцэндоржийг 3 жилийн хугацаанд хэрэгт холбогдуулан шалгахдаа хэрэг хүлээлгэх гэж маш их дарамталсан. Гэрч Нансалмаагийн нөхөр “23 цагийн орчим эрэгтэй эмэгтэй хүмүүс хэрэлдээд байсан” гэж мэдүүлсэн. Тиймээс Ц.Цэрцэндоржид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хэргийг маш хариуцлагагүй, хангалтгүй шалгасан. Хэргийн жинхэнэ холбогдогч олдохгүй болохоор мөрдөн байцаагч, прокурор нар Ц.Цэрэндоржийг хэлсдүүлж хэргийг дарах гэж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ц.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2013 оноос эхлэн энэ хэрэгт хэлсээр холбогдож шалгагдаад сэтгэл санаагаар маш их хохирч байна. Намайг гэмт хэрэг үйлдээгүй байхад хэлсдүүлээд хэрэг тохох гээд байгаад гомдолтой байна. Мөрдөн байцаалтаар цаг хугацааны хувьд зөрүү гарсаар байхад намайг гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа нь ойлгомжгүй байна. Прокурор “шөнийн 00 цагийн орчим хохирогч Ц.Цэрэндоржийн автомашинд суусан байх магадлалтай” гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Гэрч Ганзориг “тэр эгч пабаас гарахдаа бүжиглэдэг газар оръё гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Талийгаач пабаас гараад караокед шөнийн 1 цаг 15 минутаас 2 цаг 15 минут өнгөртөл үйлчлүүлсэн байдаг. Гэтэл миний автомашинд шөнийн 00 цаг өнгөрт байхад эмэгтэй хүн суусан болохыг гэрч Нансалмаа гэрчилдэг. Миний автомашинд суусан хүн үсээ хусаад дөнгөж ургаж байсан тул талийгаачтай огт адилгүй байсан. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад олж тогтоосон бодит байдлын талаар дүгнэлт хийж, тухайн үйлдлийг шүүгдэгч хийгээгүй буюу хийсэн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй талаар тодорхой дүгнэлтийг хийснээр Эрүүгийн байцаан шийгэх хуулийн 284, 286, 290 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан цагаатгах тогтоол гаргах учиртай.

 

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 201324000862 дугаартай эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоогоогүй байхад Ц.Цэрэндоржид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь буруу бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дараах нөхцөл байдлуудыг зайлшгүй шалгаж, тодруулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Амь хохирогч Ц.Эрдэнэчимэг нь 2013 оны 9 дүгээр сарын 7-ны орой “Даймонд” болон Сансарын туннелийн хажууд “Hite” /Хайт/ караоке, уушийн газруудад М.Ганзориг, Т.Энхтүвшин нарын хамт үйлчлүүлж хамт шар айраг ууж байгаад шөнө 02.15 цагийн орчим гарч М.Ганзориг, М.Энхтүвшин нараас салж ганцаараа явсан, харин маргааш нь буюу 2013 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 13.30 цагийн үед Баянзүрд дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр төмөр замын 410 дугаар км-ийн 2 дугаар зуутын торон хашаан дотор бусдад боолгуулан амь насаа алдсан байдалтай олджээ.

 

Харин Ц.Цэрэндорж нь 2013 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Хүй долоон худагт болсон Соёл урлагийн ажилтны баярын өдөрт зориулсан арга хэмжээнд оролцоод буцахдаа өөрийн эзэмшлийн 38-20УНТ улсын дугаартай, “Т.Приус-11” загварын автомашинаар гэртээ харих замдаа үл таних эмэгтэйг замаараа авч явсан нь тогтоогджээ. Энэхүү байдлыг тэрээр мөрдөн байцаалтын шатанд анх мэдүүлэхдээ “…Сансарын туннелийн хажууд зам дээр 20 орчим минут автобусны буудал дээр зогссон. Тэр үед баар хаагаад шөнийн 00 цаг болж байсан. Туннелээс танихгүй 30 гаран насны залууг аваад Тундэмун сауны гадаа буулгачихаад тэндээс Офицеруудын ордон руу гэртээ харих гээд зам дагуу хүн байвал авах гээд “Офицер” өнгөрөөд 100 метр орчим явж байхад зам дээр 23-26 орчим насны гэмээр гадна талаараа эрээн өнгийн урт, бөгсөө давсан нимгэндүү цамцтай, хар ноосон трикотой, хар хагас түрийтэй өсгийтэй гуталтай, үс нь хусаад бага зэрэг ургаж байгаа гэмээр үстэй ямар нэгэн барьсан цүнх эд зүйлгүй эмэгтэй машинд суугаад “Улиастай явна” гээд явсан…буухгүй болохоор нь машинаасаа буугаад арын хаалгаар буулгах гэхэд хоёр залуу хажуугаар явтал нөгөө хоёр залуу руу хандан “Намайг авраач, намайг аллаа” гээд байсан тэгээд би зам руу буцаж ороод замын хажууд буулгаад гэр лүүгээ 01.28 цагийн орчим орсон” гэж /хэргийн 4 дэх хавтас 2-3 дахь тал/,

“…Офицеруудын ордон өнгөрөөд баруун гар тийш эргээд 200 метр газар явахад зам дээр үсээ хусуулаад дөнгөж ургаж байгаа болов уу гэмээр хар өнгийн үстэй, 169-170 см өндөр, туранхай, өндөрдүү хамартай давхараадуу нүдтэй, нүүрний төрх нь казакархуу төрхтэй, цээж хэсгээрээ бөгсөө давсан хар эрээн ноосон углаж өмсдөг урт цамцтай, хар тирко, шагайгаараа татсан түрийтэй өсгийтэй хар гуталтай, гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй эмэгтэй машины арын суудалд суусан. Энэ үед 00 цаг өнгөрч байсан…”Сансар” бөөний худалдааны төвийн баруун талаар нь баруун гар тал руугаа эргээд гудамж руу ороод 30 метр газар яваад зогссон…тэр эмэгтэйн хөлөөс татаад буулгах гэхэд тэр эмэгтэй “Тавь хулгайчаа…” гэсэн. Энэ үед төв замын зүгээс хоёр залуу миний зогсож байсан гудамжаар чигээрээ ертөнцийн зүгээр урагшаа явж байсан…би төв зам руу орж баруун гар тал руугаа эргэж 100 орчим метр явж “Сансар” худалдааны төвийг өнгөрөөд зогсоход тэр эмэгтэй машины хаалга саваад  буугаад замаа дагаад Амгалан чигтээ алхсан…гэртээ ороход 01.20 цаг болж байсан байх…тэр эмэгтэй бага зэрэг хэлээ зажилж ярьдаг юм шиг байсан. Энэ эмэгтэй миний машинд суусан эмэгтэй биш байна” гэж /хэргийн 4 дэх хавтас 7-8 дахь тал/,    

“…Эмэгтэйг буулгах гэхэд “Архи авч өг, хамт ууя” гээд байхаар нь би машинаасаа буулгах гэхэд буухгүй байсан ба энэ үеэр хажуугаар хоёр залуу явж байсан. Тэр эмэгтэйг буухгүй болохоор нь би эргэж зам руугаа ороод …буулгасан” гэж /хэргийн 4 дэх хавтасны 9 дэх тал/,

“…Би урьд нь мэдүүлэг өгөхдөө …айгаад… худлаа мэдүүлчихсэн…тэр эмэгтэй буухгүй гээд гараа алдлаад тээглүүлээд байхаар нь хөлөөс нь татаж байтал хажуугаар хоёр эрэгтэй хүн явсан чинь нөгөө эмэгтэй “Аллаа, буухгүй за юу” гээд хашгичаад байсан чинь тэр хоёр залуу “Хөөе болиоч” гэж хэлчихээд хажуугаар гараад явсан…Сансар үйлчилгээний төвийн хажуугаар өнгөрч 100 гаран метр яваад зогсож нөгөө эмэгтэйг буулгасан…гэртээ орохдоо машины цагийг харахад 01.15 цаг болж байсан…” гэж /хэргийн 4 дэх хавтасны 10-12 дэх тал/ хэрэг болсон үйл явдлын талаар өөр өөр байдлаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг арилгаагүй байна.

 

Амь хохирогч Ц.Эрдэнэчимэг нь дурдаж буй хугацаанд хаагуур, хэнтэй явсан болон уг хэрэг болсон гэх газарт /эсхүл түүний цогцосыг зөөвөрлөсөн эсэх/ чухам хэнд боолгуулж амь насаа алдсан нь тодорхойгүй, Ц.Цэрэндорж нь 2013 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шөнө өөрийн 38-20УНТ улсын дугаартай, “Т.Приус-11” загварын автомашинд суулгаж улмаар харилцан маргалдсан гэх эмэгтэй нь амь хохирогч Ц.Эрдэнэчимэг мөн байсан эсэхийг мөрдөн байцаалтаар нэг мөр шалгаж тогтоогоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гэмт хэрэг гарсан байдал, гарах болсон шалтгаан, гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн орон зай, цаг хугацаа, гэм буруугийн хэлбэрийн талаар дүгнэлт хийхэд онцгой ач холбогдол бүхий байж болох нотлох баримтыг цуглуулаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

            Иймд прокурор С.Оюунжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мядагсүрэн нарын гаргасан "...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөх"-ийг хүссэн прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдлыг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 141 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 141 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц.Цэрэндоржид холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Тээврийн прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Ц.Цэрэндоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Л.ДАВААСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                Ц.ОЧ