Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 343

 

Б.Өт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Д.Халзан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, Б.Өт холбогдох 1921006530383 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын хамтран гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэрүүцлийг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2001 оны 8 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2019 оны 2 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Сонгоол овогт Бы Ө нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 2.2, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

шүүгдэгч Б.Өыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, мөн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдаж дураараа авирласан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 6 сар хорих ял, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 сар 90 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь эмчилгээний зардал болон бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нь хохирогчид 100.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг устгахаар шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Өт холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Өт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Урансувд нар хамтран гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн ба шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлээ “Ө нь ...Гыг гадагшаа дагуулж гараад хамт алхахгүй бол ална гэж заналхийлэн улмаар авч явсан хутгаараа хоолойг нь зүссэн үйлдэл хийсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, өөрөөр хэлбэл түүний хоолойг зүсэж алахад чиглэсэн үйлдэл хийсэн боловч эцсийн үр дагавар нь шүүгдэгчийн хүсэл зоригоос шалтгаалаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан завдалт гэсэн ойлголтонд хамаарна гэж үзлээ” гээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Өт холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан, яллах дүгнэлтийн хүрээнд, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгчийн санаа зорилго, үйл явцад зөв дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан энэ хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хоолойг зүсэж алахад чиглэсэн үйлдэл хийсэн нь хүнийг алах гэмт хэргийн шинжид нийцнэ гэж дүгнэсэн нь буруу байна.

Ө нь Г охинтой 1 жил гаруй үерхэн нөхөрлөж байгаад больсон. Хэрэг болдог орой Гтай уулзахаар гэрт нь очсон, хаалгыг нь балбахад онгойлгохгүй байсан тул гэрийнх нь хаалга нь уяагаар түгжсэн байсан учраас уяаг хутгаар зүсээд гэрт нь ороод Гыг дуудаад сэрээсэн, хоёулаа уулзъя гэхээр нь уулзахгүй гэтэл гэрээс маань явахгүй уулзъя гэж гуйгаад гэрээс нь авч гарсан, гараад хамт байхдаа ярилцсан зүйл нь намайг чи хаялаа, надтай үерхсэнгүй, надтай үерхэхгүй бол чинь ална шүү гээд байхаар нь би чамтай үерхэхгүй, даараад байна гээд гэртээ орох гэтэл миний зүүн гарнаас бариад тавихгүй байхаар нь би гар тавиач гэж уурласан чинь хутга гаргаж ирээд миний хоолойд тулгаад хамт алхая гэхээр нь алхахгүй гэхэд ална шүү гэж сүрдүүлсэн гэдэг. Хүнийг ална гэж сүрдүүлсэн энэ үйлдлийг /гэмт хэргийг/ Эрүүгийн хуульд бие даасан зүйлчлэлтэй гэмт хэрэгт тооцсон. Мөн хутгаар хоолойг нь зүсэгдсэний дараа газарт унахад нь өргөөд гэр лүү нь алхаж явсан ба Ө нь хутгаа Гаас асуусан байдаг. Эргээд хутганыхаа хойноос явахад Г гэр рүүгээ явсан гэж хохирогч мэдүүлсэн. Энэ үйл явдал, мэдүүлэгт дүгнэлт хийхэд Ө нь хутга тулгахдаа хамт алхая, алхахгүй бол ална шүү гэж сүрдүүлсэн байгаа нь хохирогчийн мэдүүлгээс тодорхой. Хутгаар хоолойг нь зүссэний дараа өргөөд гэр рүү явсан байдаг зэрэгт шууд санаатай хүнийг алах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч Ө ч би Гыг ална гэж ёстой санаагүй, хэрвээ алах байсан бол гэрт нь ороход унтаж байсан үеэс ч энэ гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаа байсан байдаг. Гэтэл шүүгдэгч нь хутга тулгасан байдалтай байхад Г гэнэт хөдөлж, цочихдоо хоолойг нь зүссэн гэдэг. Үүнээс дүгнэн үзэхэд хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл хийгдээгүй.

Давж заалдах шатны шүүхийн тайлбарлаж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан завдалт гэдэг нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол... гэдэг ба гэмт хэрэг болсон гэх үйл явдлаас ...тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах ямар нөхцөл байдлын улмаас хүнийг алах гэмт хэрэг төгсөөгүй гэдэг нь ойлгомжгүй байна. Давж заалдах шатны шүүхээс хохирогчийг зугтаан гэртээ очсоноор гэмт хэрэг төгсөөгүй гэх маягаар дүгнэсэн байх ба Ө нь хохирогчийн хоолойг зүсэгдсэний дараа хохирогчийг гар дээрээ өргөөд явж байсан байдлаас харахад тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал гэж дүгнээд буй хохирогч гэр рүүгээ зугтан явсан гэх үйлдлээс өмнө шүүгдэгч нь хохирогчийг гар дээрээ өргөөд явсан үйлдэл байгаа нь хүнийг алах гэмт хэргийн шинжгүй буюу субъектив санаа зорилго, сэдэлт харагдахгүй байна.

Шүүгдэгч нь 18 настай бөгөөд 1 жил гаруй үерхэн нөхөрлөхдөө цэвэр ариун үерхэж нөхөрлөсөн ба хохирогчид хайртай байсны үндсэн дээр эргэж үерхэхийг гуйж байсан юм. Энэ байдлаас харахад түүнийг алах санаа зорилго анхнаасаа агуулаагүй. Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн хоолойг хутгаар зүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон уг үйлдэлд "хүнийг алах гэмт хэргийн субъектив талын үндсэн шинж болох “хохирогчийг үхэлд зайлшгүй хүргэх боломжийг урьдчилан харж, хүсэж үйлдсэн байх” зорилго, сэдэлт байхгүй байна гэх анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Улсын яллагчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 02 цагийн үед Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг “Баруун хотон” гэх газарт оршин суух хаягтай Цийн гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдан дураараа авирласан, 16 настай хохирогч Ц.Гыг зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, хохирогч Ц.Гын хоолойг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч Ц.Гын “...2019 оны 9 дүгээр сарын 28-ны шөнийн 02 цагийн үед гэртээ 2 дүүгийн хамт унтаж байхад “хоёулаа гарч уулзъя гэхээр нь уулзахгүй гэтэл гэрээс маань явахгүй уулзъя гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь Өыг гэрээсээ гаргах санаатай хамт гэрээс баруун хойш гарч бид хоёр 20-30 минут ярилцсан. Ярилцсан зүйл нь “намайг чи хаялаа, надтай үерхсэнгүй, надтай үерхэхгүй бол ална шүү” гээд байхаар нь “би чамтай үерхэхгүй, даараад байна” гээд гэртээ орох гэтэл миний зүүн гарнаас бариад тавихгүй байхаар нь би “гар тавиач” гээд уурласан чинь хутга халааснаасаа гаргаж ирээд миний хоолойд тулгаад “хамт алхъя” гэхээр нь “алхахгүй” гэхэд “ална шүү” гэж намайг сүрдүүлсэн. Тэгээд бид хоёр гэрээс урагш 500 орчим метр газар очиж зогссон. Зогсонгуутаа Ө нь “уучлаарай” гэж хэлчихээд миний хоолойг зүссэн. Тэгээд миний хоолойноос цус гараад би газарт унасан. Ө намайг цааш өргөөд явж байхдаа хутгаа унагаачихсан гээд намайг орхиод хутгаа хайхаар яваад эргэж ирээд надаас хутгаа асуугаад миний хажууд тамхи татаж байснаа хутгаа хайхаар явахад нь би зугтаж гэртээ ирсэн”, яллагдагч Б.Өын “...Гын гэрийн гадаа ирээд хаалгыг нь татах үед дотроосоо уяагаар уясан байсан бөгөөд би гэрээсээ авч гарсан хутгаар тухайн хаалганы уяаг зүсэж дотогш орсон. Ороод Гыг дуудаж сэрээгээд ...гаръя гэхэд, ...гарахгүй гээд байхаар нь шалсаар байгаад авч гарсан. Гараад Гд ...хоёулаа хамт алхъя гэхэд алхахгүй, би өөр хүнд хайртай болсон гэхээр нь гэрээсээ авч гарсан хутга гаргаж ирээд хоолойнд нь тулгаад “хоёулаа хамт алхъя” гэж хэлээд урагшаа алхасан. Алхаад урагшаа явж байгаад “амьсгалахад хэцүү байна, хальт амаръя” гээд байхаар нь бид хоёр зогссон бөгөөд тэр үед М огцом ширүүн хөдлөх үед би сандарсандаа хутгаараа хоолойг нь зүссэн. ...Би Мтай нийлж чадахгүй болчихлоо гэж бодоод, би Мг гэмтээсэн учир нийлэхээсээ өнгөрсөн гэж бодоод замд байсан хагархай шилээр өөрийнхөө хоолойг зүссэн” гэх мэдүүлгүүдээс үзэхэд Б.Ө нь өсвөр насны хохирогч Ц.Гыг алахыг завдсан гэх субъектив талын санаа зорилго байгаагүй болох нь харагдаж байна. Б.Ө нь хохирогч Ц.Гыг алах санаа зорилготой байсан бол түүнийг алах нөхцөл боломж, цаг хугацаа хангалттай байсан болох нь гэрээс нь авч хамт явсан цаг хугацаа, шөнийн 02 цагийн үед Б.Ө, Ц.Г нараас өөр хүн тухайн үед байгаагүй, хөдөө хээр газарт байсан зэргээс харагдаж байна.

Харин шүүгдэгч нь хохирогчийн хоолойд нь хутга тулгаж хамт алхахыг шаардаж, заналхийлж байхад хохирогч огцом хөдөлснөөс хоолойг нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бөгөөд Б.Ө нь хохирогч Ц.Гыг алах гэсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу Ц.Гыг алах үйлдэл хийж байхад түүний үйлдлийг таслан зогсоосон, Б.Өын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас хүнийг алах гэмт хэрэг төгсөөгүй гэх нөхцөл байдал үүсээгүй байна. Харин ч Б.Ө нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсны дараа унахад нь өргөж авч явсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогддог. Шүүгдэгч Б.Ө нь Ц.Гыг хамт алхахыг шаардаж хоолойд нь хутга тулгаж хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “...зэвсэг хэрэглэж ...бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн”, хоолойг нь хутгаар зүссэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх зарчмыг алдагдуулж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсоор байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хүндрүүлж зүйлчлэхээр буцааж байгаа нь буруу юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” заалтыг удирдлага болгож байгаа нь ойлгомжгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т “Хэргийг буруу тусгаарласан бол”, 1.2-т “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, 1.3-т “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол хэргийг прокурорт буцаахаар заасан байна. Гэтэл ял хүндрүүлэн зүйлчлүүлэхээр буцааж байгаа нь дээрх заалтуудын алинд ч хамаарахгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээр дурьдсанчлан давж заалдах шатны шүүх нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлэхдээ хэргийн бодит нөхцөл байдал, хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг үнэн зөв үнэлж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Өт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хүчингүй болгуулж, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд хэлсэн саналдаа: “Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй буюу зарим үйл явдлын холбоосыг орхигдуулж хүнийг алахыг завдсан байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хохирогчийн хоолой зүсэгдэхээс өмнөх хугацаанд түүнийг алах санаа зорилго агуулаагүй гэдэг нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон буюу хоолойг зүссэн ч гэр лүү нь хүргэж өгөхөөр өргөж явсан холбоосыг орхигдуулснаар хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. 18 настай хүүхдэд 9 сар хорих ял оногдуулсан нь гэмт үйлдлийн шинж чанар, хэргийн нөхцөл байдал, хохирол төлсөн зэрэгт нийцэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Д.Халзан хэлсэн саналдаа: “Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокуророос Б.Өын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 2.2, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгч хутга бэлдэн ирж насанд хүрээгүй хохирогчийг алахыг завдсан тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх санал гаргасан хэдий ч “хүнийг алах гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэж, прокурорын шилжүүлсэн зүйл ангиар шийтгэсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Өыг өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлах ёстой байсан. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль буруу хэрэглэсэн. Мөн шүүгдэгчийн биечлэн эдлэх нийт ялыг “6 сар 90 хоног” гэж тогтоосон нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээргүй, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын хамтран гаргасан гомдол болон Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Өт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.Өыг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг “Баруун хотон” гэх газарт оршин суух хаягтай А.Цолмондоржийн гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдан дураараа авирласан, 16 настай иргэн Ц.Гыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, Ц.Гын хоолойг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 2.2, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Туулын гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр харьцуулан үнэлэх замаар хэргийн үйл баримтад анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Өт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй гэж үзэв.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдол болон Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                           С.БАТДЭЛГЭР          

                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН