Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/54

 

 

 

 

 

 

 

 

2020        02          04                                               2020/ШЦТ/54

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Идэрбат

Насанд хүрээгүй хохирогч Ц.Г

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сонгоол овогт Өт холбогдох 1921000000383 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ................ суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, ээж, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн ............................ оршин суух,  гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, .............. овогт Ө. /РД: .................../

 

Шүүгдэгч Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг “Баруун хотон” гэх газарт оршин суух хаягтай Ц-ийн гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдан дураараа авирласан, 16 настай хохирогч Г-ыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, хохирогч Г-ын хоолойг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийгөө зүсэж гэмтээгээд байдаг зантай. Би халаасандаа хутга авч явдаг. Би Г-ыг гэмтээх зорилгоор хутга авч яваагүй. Хэрвээ надад Г-ыг алах бодол байсан бол боломж зөндөө гарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Надад ярих зүйл байхгүй...гэв.

 

             Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тшүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би шүүгдэгч Өт гомдолтой байна. Миний охины амь насыг хөнөөх гэж “бахирвал ална шүү” гэж айлган сүрдүүлж, зүүн хацрыг нь хутгаар зүсэж, хоолойг нь хэрчиж, алахыг завдсан гэж бодож байна. Харанхуй шөнө хоёр дүүтэйгээ унтаж байхад нь хаалганы уяаг нь хутгаар зүсэж орж ирсэн. Миний охины биед гэмтэл учруулах гэж зэвсгийг эртнээс бэлдсэн. Гэрт орж ирээд “хутгаар зүсээд орж ирлээ” гэж айлгасан. Тиймээс айлгах болон алахыг завдсан гэмт хэрэгт шийтгэх ёстой. Миний охины хоолойд арилашгүй сорви үлдсэн. Сорви арилгах зардал 6000000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300000 төгрөг, эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот орох унааны зардал 100000 төгрөг зэрэг зайлшгүй гарах зардлыг гаргуулах шаардлагатай байна. Миний охиныг алахыг завдсан тул би гомдолтой байна. Охиныхоо эрүүл мэндэд учирсан хохирлыг гаргуулах хүсэлтэй байна“ гэв.

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 612 тоот дүгнэлтэд:

            1.Гын биед хүзүүний зүсэгдсэн шарх, зүүн завьжны эсгэгдсэн гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүр бүхий зүйлийн 1-2 удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 46/

 

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/

            - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15/

            - Эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 17/

            - Насанд хүрээгүй хохирогч Гын мэдүүлэг /хх-ийн 22-24/

            - Гэрч А.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 38-39/

            - Гэрч Б.Э-ын мэдүүлэг /хх-ийн 40/

            - Анхны үзлэгийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-45/

            - Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 46 тоот дүгнэлт /хх-ийн 82-83/

            - Шүүгдэгч Өын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 86-87/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг “Баруун хотон” гэх газарт оршин суух хаягтай Ц-ийн гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдан дураараа авирласан, 16 настай хохирогч Гыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, хохирогч Гын хоолойг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Г, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Т нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч А.Ц, Б.Энарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 612 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...шүүгдэгч Ө нь гэрт орж, хохирогч Гтай ярилцаад хамт гарсан бөгөөд тэрээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдаж дураараа авирласан зүйл харагдахгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх санал гаргаж байгаа боловч насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өыг би гэртээ дуудаж оруулаагүй. Гэрийнхээ хаалгыг уяагаар уясан байсныг тайлж гэрт ороод ирчихсэн намайг сэрээгээд гарч уулзъя гээд байсан...” гэх мэдүүлэг, мөн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гын гэрийн гадаа ирээд хаалгыг нь татах үед дотроосоо уяагаар уясан байсан бөгөөд би гэрээсээ авч гарсан хутгаар тухайн хаалганы уяаг зүсэж дотогш орсон...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.

Хохирогчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “...улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, шүүгдэгч нь хутга бэлтгэж ирээд насанд хүрээгүй хохирогчийг алахыг завдсан байх тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэх санал гаргажээ. Хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанд талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн хоолойг хутгаар зүссэн үйлдэл гаргасан байх хэдий ч уг үйлдэлд “хүнийг алах” гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж болох “хохирогчийг үхэлд зайлшгүй хүргэх боломжийг урьдчилан харж, хүсэж үйлдсэн байх” зорилго, сэдэлт байхгүй байх тул хүнийг алах гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүхээс үзлээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг мөн хүлээн авах боломжгүй байна.

 

Түүнчлэн хэргийн оролцогч нар нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокурорт буцаалгах тухай хүсэлтээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн шийдвэрлүүлэх ёстой ба энэ талаар хэргийн оролцогч нараас хүсэлт гаргаагүй тул шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийгээгүй болно.

 

Шүүгдэгч Өт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Өыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдаж дураараа авирласан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Өыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдаж дураараа авирласан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Ө нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. 

 

Шүүгдэгч нь хохирогчид 100.000 төгрөг төлсөн ба хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч Ө нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

 

Гэвч шүүгдэгч Ө нь ял оногдуулахыг тэнсэж хяналт тогтоосон хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Өын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тоо цож 30 /гуч/ хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 /зургаа/ сар 90 /ер/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19 см урттай шаргал өнгийн бариултай жижиг хутга 1 ширхэгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 100.000 төгрөг төлсөн/ болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Өын ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг буюу “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулахыг тэнсэж ... 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай” гэснийг хүчингүй болгож, шүүгдэгч ........... овогт Өыг Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

2. Шүүгдэгч................. овогт Өыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдаж дураараа авирласан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. .

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,  2 дахь хэсгийн 2.2,  6.9 дүгээр зүйлийн 1,3,4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг тус тус  нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 /зургаа/ сар 90 /ер/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Өт оногдуулсан 6 /зургаа/ сар 90 /ер/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 6. Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19 см урттай шаргал өнгийн бариултай жижиг хутга 1 ширхэгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 100.000 төгрөг төлсөн/ болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Өын ...............  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй. 

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.БАТЖАРГАЛ