Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 127

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2019/00127

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00821 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ХХК-д холбогдох,

7.075.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ХХК-ийн захирал З.Базарсадын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Базарсад, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*******ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-тай нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулан 1 тонн нүүрсийг 27.500 төгрөгөөр нийт 265.2 тонн нүүрсийг 7.293.000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон. ******* ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж нүүрсийг нийлүүлсэн ба *******ХХК нь төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлөлгүй өнөөдрийн байдлаар 5.943.000 төгрөгийг төлөөгүй байна. Тус компани нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөгийг манай ******* ХХК-д төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байсаар байна. Иймээс Монгол Улсын иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас гэрээний үндсэн төлбөр гэрээнд заасан алдангийг нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1 дэх хэсэгт тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор талууд тохирсон байдаг. *******ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 5.443.000 төгрөг, гэрээнд заасан алданги 1.632.900 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч Бэрх Оньс ХХК-иас 7.075.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь танай байгууллагад нүүрсний үнийн үлдэгдэл 5.943.000 төгрөгийн өртэй байгаа нь үнэн болно. Дээрх төлбөрийн алданги 1.632.900 төгрөг, нийт дүн 7.075.900 төгрөгийг хуваарь хийж 9-р сард багтаан барагдуулах хүсэлтэй байна. Манай компани нь 5-р сарын 15-аас дулаан зогсож 6, 7-р сард хөрөнгө мөнгөний ямар ч орлого байхгүй байна. 2019 оны 9-р сарын 15-аас эхлэн дулааны мөнгө орж ирэхээр төлбөрийг бүрэн барагдуулахыг баталж байна. Төлбөрийг 8-р сард багтаан 3.000.000 төгрөг, 9 сарын 25-ны дотор үлдэгдэл 4.075.900 төгрөгийг бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Дээрх байдлыг харгалзан үзэж манай хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00821 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч *******ХХК-аас 7 075 900 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.164 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-аас 128.164 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******ХХК-ийн захирал З.Базарсад давж заалдсан гомдолдоо:

Манай компани нь ******* ХХК-д нүүрсний үнэ 5.493.000 төгрөгийн өртэй байсан нь үнэн ба дээрх мөнгийг 9, 10 сард бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч байгаа. ******* ХХК нь дээрх мөнгөн дээр алданги 1.632.900 төгрөг нэхэмжилж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00821 дугаартай захирамжаар манай компанийг нүүрсний үнэ 5.493.000, алданги 1.632.900 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Манай компани нь *******" ХХК-д нүүрсний үнэ 5.493.000 төгрөгийг 9, 10-р сард бүрэн төлж барагдуулна. Харин манай компани нь хөрөнгө мөнгөний алдагдалд орж, санхүүгийн байдал хүнд байгаа тул дээрх алданги болох 1.632.900 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй байгаа тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00821 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Бэрх оньс ХХК-д холбогдуулан төлбөр 7.075.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч *******ХХК талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул шүүх хариуцагчаас нүүрсний үлдэгдэл төлбөр 5.443.000 төгрөг, гэрээнд заасан алданги 1.632.900 төгрөг бүгд 7.075.900 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хэргийн болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн гаргасан ...алданги-1.632.900 төгрөг төлөх боломжгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00821 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-ийн захирал З.Базарсадын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******ХХК-ийн захирал З.Базарсадын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.062 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ