Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2019/00821

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2019/00821

Орхон аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: “ЧХА” ХХК /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: “БО” ХХК-д холбогдох,

“7 075 900 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Г.М, хариуцагчийн төлөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЧХА” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “БО” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “ЧХА” ХХК-тай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулан 1 тонн нүүрсийг 27 500 төгрөгөөр нийт 265.2 тонн нүүрсийг 7 293 000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон. “ЧХА” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж нүүрсийг нийлүүлсэн ба “БО” ХХК нь төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлөлгүй өнөөдрийн байдлаар 5 943 000 төгрөгийг төлөөгүй байна. Тус компани нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг манай “ЧХА” ХХК-д төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байсаар байна. Иймээс Монгол Улсын иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас гэрээний үндсэн төлбөр гэрээнд заасан алдангийг нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1 дэх хэсэгт тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор талууд тохирсон байдаг. “БО” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 5 443 000 төгрөг, гэрээнд заасан алданги 1 632 900 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч “БО” ХХК-иас 7 075 900 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч “БО” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч З.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манай компани нь танай байгууллагад нүүрсний үнийн үлдэгдэл 5.943.000 төгрөгний өртэй байгаа нь үнэн болно. Дээрх төлбөрийн алданги 1.632.900 төгрөг, нийт дүн 7.075.900 төгрөгийг хуваарь хийж 9-р сард багтаан барагдуулах хүсэлтэй байна. Манай компани нь 5-р сарын 15-аас дулаан зогсож 6, 7-р сард хөрөнгө мөнгөний ямар ч орлого байхгүй байна. 2019 оны 9-р сарын 15-аас эхлэн дулааны мөнгө орж ирэхээр төлбөрийг бүрэн барагдуулахыг баталж байна. Төлбөрийг 8-р сард багтаан 3.000.000 төгрөг, 9 сарын 25-ны дотор үлдэгдэл 4 075 900 төгрөгийг бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Дээрх байдлыг харгалзан үзэж манай хүсэлтийг хүлээн авна уу” гэжээ.   

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “ЧХА” ХХК нь “БО” ХХК-д холбогдууалн 7 075 900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, “ЧХА” ХХК ХХК-ийн нэхэмжилсэн 7 075 900 төгрөгийг 8 дугаар сард багтаан 3 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор үлдэгдэл 4 075 900 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ. 

            Нэхэмжлэгч “ЧХА” ХХК нь хариуцагчийн 8 дугаар сард багтаан 3 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 4 075 900 төгрөгөөр төлөлт хийх хугацааг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлээгүй болно.   

            Хариуцагч нь нэхэмжлэгч “ЧХА” ХХК-ийн нэхэмжилсэн 7 075 900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд, эсэргүүцэж маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 164 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “БО” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжаар 128 164 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.    

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч “БО” ХХК-аас 7 075 900 төгрөг гаргуулан “ЧХА” ХХК-д олгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 164 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “БО” ХХК-аас 128 164 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

                                                                            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА