Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2019/00141

 

Д.Энхтайваны нэхэмжлэлтэй, хариуцагч

******* ТӨҮГ-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00935 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ТӨҮГ-т холбогдох,

1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *******ийн Геологи хайгуулын ангид гарсан ослыг тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх бүртгэлд бүртгэж, хамтын гэрээнд заасан нөхөн төлбөр, үйлдвэрийн сувиллаар сувилуулах сувилал, эм эмчилгээний хөнгөлөлт, тэтгэмж тусламж гэх мэт хөнгөлөлт үйлчилгээнд хамруулах, дээрх ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан тул 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгохыг даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшиг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшиг, А.Сугарсүрэн, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь 1988 оны 2 сараас ******* ХХК-д Геологи хайгуулын ангид тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж эхэлсэн. Ингээд ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлын талбай дээрээ үйлдвэрлэлийн осолд орсон. Миний биеийг үйлдвэрлэлийн осолд орсон учраас үйлдвэрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн ажилчдын нэгэн адил өнөөдрийг хүртэл тус үйлдвэрийн Эмнэлэг сувиллын албаны мэргэжлээс шалтгаалах өвчнийг харьяалан хянаж эмчилдэг эмчийн хяналтад оруулж эмчлүүлж сувилуулсаар ирсэн. Биеийн байдлаас шалтгаалж 1990 оны 5 сард ажлаас чөлөөлөгдсөн. Гэхдээ үйлдвэрийн түр табелиар одоог хүртэл үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний учир үйлдвэрийн зарим нэг хөнгөлөлт үйлчилгээг авдаг. Харин ******* надад үйлдвэрлэлийн осолд орсон ажилчинд олгодог нөхөн төлбөрийг хуулийн дагуу олгож өгөхгүй явсаар өдий хүрсэн. Хөөцөлдөхөөр захирлууд нь солигдож, өргөдлийн маань хариуг өгөхдөө үйлдвэрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх бүртгэлд бүртгэгдээгүй байна гэх мэтээр хариу өгч шүүхээр шийдвэрлүүл гэдэг. Иймээс миний бие аргаа барахдаа үйлдвэрлэлийн осол болсныг тогтоолгохоор Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 19-ний нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00123 дугаар шийдвэрээр ******* намайг 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эрдэнэт-Үйлдвэрийн Геологи хайгуулын ангид засварчнаар ажиллаж байхдаа осолд орж үйлдвэрийн осол гарсан болохыг тогтоосон юм. Ийнхүү осол болсноо тогтоолгосон тул Эрдэнэт-Үйлдвэрт нөхөн төлбөрөө авах талаар хүсэлт гаргахад үйлдвэрийн захиргаа мөн л хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нөхөн төлбөр олгохгүй гэлээ. Иймээс миний бие дахин шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрч нэхэмжлэлээ гаргаж байна. Тиймээс 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *******ийн Геологи хайгуулын ангид гарсан ослыг тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх бүртгэлд бүртгэж, хамтын гэрээнд заасан нөхөн төлбөр, үйлдвэрийн сувиллаар сувилуулах сувилал, эм эмчилгээний хөнгөлөлт, тэтгэмж тусламж гэх мэт хөнгөлөлт үйлчилгээнд хамруулах, дээрх ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан тул 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг хууль тогтоомжийн дагуу олгохыг тус тус ******* төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага тодруулж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн шаардлагын 1 дүгээрт 18 сартай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгож, гэснийг тооцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл, ******* ХХК-ний Захиргаа, ҮЭ-ийн холбооны хооронд байгуулсан \2018 оны 06 сугаар сарын 25 ны өдрөөс эхлэн 2019 оны 12 сарын 31 ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ\ Хамтын гэрээний 9 дүгээр бүлэг \Үйлдвэрлэлийн Осол, Хурц Хордлого, Мэргэжлээс Шалтгаалах Өвчний хохирлыг нөхөн төлөх талаар \ 9.1-ийн г-д ...2006 оноос өмнө үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадварын хувь тогтоолгосон ажилтнуудын нөхөн төлбөрийг сарын дундаж цалинг 580.000 төгрөгөөр тооцож,... гэсний дагуу сарын дундаж цалин 580.000 төгрөг х 18 сар = 10.440.000 төгрөгөөр тооцохыг ******* Улсын үйлдвэрийн газарт үүрэг болгох, эдгээр шаардлагуудыг тодруулж, нэмэгдүүлсэн тул хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшиг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа үйлдвэрлэлийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан ба үүнийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00123 тоот шийдвэрээр нөхөн тогтоосон байна. Нэхэмжлэгч нь уг үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх бүртгэлд бүртгэж хамтын гэрээнд заасан нөхөн төлбөр, сувилал, эм эмчилгээний хөнгөлөлт, тэтгэмж тусламж гэх мэт хөнгөлөлт үйлчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гэтэл Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00123 тоот шийдвэртэй шүүх хуралдаанд ******* ТӨҮГ хэргийн оролцогч болж оролцоогүй, эрх ашгаа хамгаалах боломж олдоогүй байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаас *******ы хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоосон акт хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 5.8-д заасны дагуу актад комиссын дарга, гишүүд гарын үсэг зурснаар акт хүчин төгөлдөр болохоор заасан байна. Гэтэл нотлох баримтад авагдсан 0095829 тоот актанд комиссын дарга, орлогч дарга гарын үсэг зураагүй байна. Түүнчлэн тус актад хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгааныг ердийн өвчин гэж заасан нь шүүхийн шийдвэрээр тогтоосон үйлдвэрлэлийн осолтой шууд шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа тусгасан 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Хамтын гэрээнд тусгагдсан ба энэхүү хамтын гэрээ нь 2018 оны 06-р сарын 25-ны өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар заасан байна. Аливаа эрх зүйн акт, баримт бичиг батлагдсан хугацаанаас хойших эрх зүйн харилцааг зохицуулдаг ба өнгөрсөн харилцааг /30 жилийн өмнөх асуудлыг/ зохицуулахгүй, ухарч үйлчлэхгүй юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэрийн дагуу нэхэмжлэгч ******* нь *******т хандсан байдаг. Хандахдаа ажлаас халагдсан тушаал буюу 1990 онд өөрийн хүсэлтээр халагдсан тухай тушаалаа өөрчлүүлье гэсэн агуулгаар хандсан. *******ийн зүгээс боломжгүй гэдэг хариу өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Мөн 1988-2018 хүртэл 30 жилийн хугацаа өнгөрсөн байна. Эндээс харвал Иргэний хуульд заасан иргэний хэргийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа болох 10 жилийн хугацаа аль хэдийн өнгөрсөн байна. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн талаар ямар нэг баримт байхгүй. Тиймээс Иргэний хуулийн 82.1-д зааснаар татгалзах эрх байна. Тухайн үйлдвэрлэлийн осолтой холбоотойгоор хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00935 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасныг баримтлан хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-аас 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 10.440.000 /арван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс шүүхийн шийдвэрийг үндэслэн үйлдвэрлэлийн осолд бүртгэж, 2019 оны 05 дугаар сараас хойш үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтны эдлэх холбогдох хөнгөлөлт, тэтгэмжийг эдэлж байхыг ******* ТӨҮГ-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 252.190 /хоёр зуун тавин хоёр мянга нэг зуун ер/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-с улсын тэмдэгтийн хураамж 181.990 /нэг зуун наян нэгэн мянга есөн зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх "...*******гийн *******ийн Геологи хайгуулын ангид ажиллаж байхдаа 1988 оны 10 дугаар сарын 12 ны өдөр ажлын байранд гарсан осолд өртсөнийг үйлдвэрлэлийн осолд тооцсон шүүхийн 2019 оны 00123 дугаартай шийдвэрийг үндэслэн үйлдвэрлэлийн осолд бүртгүүлэхийг хариуцагч байгууллагад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь Монгол улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг сүдлан бүртгэх дүрмийн 7.2-т " Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй" гэж заасан байх тул актыг нөхөн гаргаж боломжгүй нөхцөлд байдал үүссэн байна...Нэхэмжлэгч *******гийн 2019 оны 05 дугаар сараас хойш үйлдвэрлэлийн осолд өрстөн ажилтны эдлэх холбогдох хөнгөлөлт, тэтгэмжийг эдэлж байхыг "*******" ТӨҮГ-т даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд холбогдох хөнгөлөлт, тэтгэмж гэж ямар хөнгөлөлт, тэтгэмжийг хэлж байгааг нэхэмжлэлдээ тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой холбогдох нотлох баримтыг цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх түл уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна..." гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Монгол улсын Засгийн Газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 7.2-т " Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй" гэж заасан байх тул актыг нөхөн гаргах боломжгүй нөхцөлд байдал үүсчээ гэж шүүх дүгнэлт хийсэн нь хийсвэр дүгнэлт болжээ. Эрх зүйн ач холбогдол бүхий дээрх үйл явдлыг иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 00123 дугаартай шийдвэрээр " үйлдвэрлэлийн осолд өртсөн" болохыг тогтоосон. Хариуцагч "*******" ТӨҮГазар "үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг үндэслэдэг." гэж маргаж байгаа ч тухайн үедээ ******* нь үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх үүргээ санаатайгаар биелүүлээгүй юм. Осол болсны дараа 1988 оны 10 сард 46 цаг 100% тэтгэмж, 11 сард 130 цаг 100% тэтгэмж, 12 сард 68 цаг ажилласнаар 100% цалин олгосон байдаг./Энэ тухай шүүх хуралдаанд ******* тайлбарласан./ Осолд өртсөний дараа дээрх цалин, тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад журмын ямар заалтыг үндэслэн олгосноо ******* тайлбарлах учиртай. "2019 оны 05 дугаар сараас хойш үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтны эдлэх холбогдох хөнгөлөлт, тэтгэмжийг эдэлж байхыг "*******" ТӨҮГ-т даалгах тухайд ...нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой холбогдох нотлох баримтыг цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй..." гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд "*******" ТӨҮГ-ын 2019-04-17 ны өдрийн 773 дугаартай тодорхойлолт /ХХ-ийн 2-р хуудас/ жилд нэг удаа сувилалд үнэ төлбөргүй хэвтэж, сувилуулах, амбулаторийн нарийн мэргэжлийн кабинетаар үйлчлүүлсэн баримт /ХХ-ийн 4-7-р хуудас, 30-32-р хуудас / "Медипас" эмнэлгийн 2019-04-16 ны өдрийн 89 дугаартай тодорхойлолт /ХХ-ийн 8-р хуудас/ сувилалд хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн нарийн мэргэжлийн кабинетаар үйлчлүүлэх зөвшөөрөл /ХХ-ийн 14-15-р хуудас/

"*******"-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2018-06-25 ны өдрийн хамтын гэрээ /хэвлэмэл/ Эдгээр баримтууд нь дээрх шаардлагыг нотолсон, үндэслэл болсон баримтууд ба үүнийг шүүх үнэлээгүй байгаа нь үндэслэлгүй байна. 2019 оны 05 дугаар сараас хойш үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтны эдлэх холбогдох хөнгөлөлт, тэтгэмжийг эдэлж байхыг "*******" ТӨҮГ-т даалгах шаардлага нь дээр дурьдсан хамтын гэрээний наймдугаар бүлгээр зохицуулагдаж байгаа. Иймд хэргийн тал бүрээс нь нягтлан үзэж, 935 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшиг давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* нь 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа үйлдвэрлэлийн осолд орсон тухай Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00123 тоот шийдвэрээр нөхөн тогтоосон байдаг. Гэхдээ энэхүү шийдвэрт 1988 онд болсон үйлдвэрлэлийн осолд ******* өртсөн болохыг тогтоосноос биш үүнээс шалтгаалж хөдөлмөрийн чадвараа алдсан тухай тогтоогоогүй юм. ******* нь хөдөлмөрийн чадвар алдсан тухайгаа 2011 онд анх тогтоолгосон ба энэ нь осол болсноос 23 жилийн дараа байгаа тул тухайн ослоос шалтгаалсан, шууд шалтгаант холбоотой гэж үзэх ямар ч боломжгүй юм. /23 жилийн хугацаанд тухайн хүнд юу ч тохиолдож, ямар ч бэртэл гэмтсэн байхыг үгүйсгэхгүй/ Мөн ******* нь 1988 оноос 1990 он хүртэл ажил хөдөлмөрөө эрхэлж байгаад өөрийн хүсэлтээр /өвчин, эмгэгээс биш/ ажлаас чөлөөлөгдсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Иймд түүнийг тухайн ослоос шалтгаалж хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүх хуралдааны үеэр хариуцагч нараас уг асуудлыг ярьж, тайлбарласан боловч шүүгч хэргийг шийдвэрлэхдээ уг асуудлыг хөндөлгүй, анхаарч үзэлгүй буруу шийдвэр гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас *******ы хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоосон акт хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Эмнэлэг- хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 5.8-д заасны дагуу актад комиссын дарга, гишүүд гарын үсэг зурснаар акт хүчин төгөлдөр болохоор заасан байна. Гэтэл нотлох баримтад авагдсан 0095829 тоот актанд комиссын дарга, орлогч даргын гарын үсэг зураагүй байна. Түүнчлэн тус актад хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгааныг ердийн өвчин гэж заасан байна. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, 0095829 тоот актыг хүчин төгөлдөр хэмээн үзсэн нь нотлох баримтад буруу дүгнэлт өгсөн ноцтой алдаа юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх зүйлд хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байхаар заажээ. Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэжээ. ******* нь үйлдвэрлэлийн осолд өртсөнөөс хойш 31 жил өнгөрсөн тул тус үйл явдалтай холбогдуулан үүсэх аливаа үүргийн хөөн хэлэлцэх хугацаа хэдий дууссан болохыг харуулж байна. Гэтэл Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00123 тоот шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн гэж үзэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн асуудал юм. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00123 тоот шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн асуудлаар ямар ч шийдвэр гараагүй бөгөөд аливаа нэг этгээдэд ямар нэг үүрэг болгосон зохицуулалт агуулаагүй тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн гэж үзэх боломжгүй юм. Ийнхүү хэргийн гол нөхцөл, нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч, хуулийг буруу хэрэглэж буруу шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрээс ******* ТӨҮГ-аас нэхэмжлэгч *******д 10.440.000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч: ******* ТӨҮГ-т холбогдуулан 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *******ийн Геологи хайгуулын ангид гарсан ослыг тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх бүртгэлд бүртгэж, хамтын гэрээнд заасан нөхөн төлбөр, үйлдвэрийн сувиллаар сувилуулах сувилал, эм эмчилгээний хөнгөлөлт, тэтгэмж тусламж гэх мэт хөнгөлөлт үйлчилгээнд хамруулах дээрх ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан тул 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага зөвшөөрөхгүй маргажээ. Нэхэмжлэгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шүүхийн шийдвэрийг үндэслэж үйлдвэрийн осолд бүртгэж, 18 сартай тэнцэх хэмжээний нөхөн олговор 10.440.000 төгрөг гаргуулж, үйлдвэрийн осолд өртсөн ажилтны эдлэх хөнгөлөлт тэтгэмжийг эдлүүлж байхыг ******* ТӨҮГ-т даалгахаар шаардлагаа тодруулжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр олгох хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон актанд дарга орлогч нар гарыг үсэг зураагүй учир хүчин төгөлдөр бус учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 123 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******ы 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ******* ТӨҮГ-ийн геологи хайгуулын ангид засварчнаар ажиллаж байхдаа /ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байранд/ осолд орж үйлдвэрлэлийн осол болохыг тогтоожээ.

Нэхэмжлэгч ******* нь энэ хүү үйлдвэрийн ослын улмаас F 07 тархины өвчин, гэмтэл гэмтэл үйл ажиллагааны хямрал оноштойгоор 79 хувь F 07 тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант H54. 2 оношоор 80 хувь хөдөлмөрийн чадвараа тус тус алдсан болох нь хэрэгт цугларсан нэхэмжлэгчийн тайлбар, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон акт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч ******* нь ******* ТӨҮГ-ийн захирлын 1988 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 47к тушаалаар геологи хайгуулын ангид тоног төхөөрөмжийн 3 дугаар зэргийн засварчнаар томилогдон ажиллаж байсан ба ажил үүрэг гүйцэтгэж байхдаа ажлын байрандаа 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үйлдвэрийн осолд орж гэмтсэн болон тухайн үед ******* ХХК уг ослыг бүртгэж холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлээгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогджээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заасны дагуу Нэхэмжлэгч *******д 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 10.440.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ/2019/00935 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшигийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч *******ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагч ******* ТӨҮГ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.990 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ