Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00303

 

 Д.Энхтайваны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00935 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 141 дүгээр магадлалтай, 

Д.Энхтайваны нэхэмжлэлтэй,

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох

1988 оны 10 сарын 12-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын ангид гарсан ослыг тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх бүртгэлд бүртгэж, хамтын гэрээнд заасан нөхөн төлбөр, үйлдвэрийн сувиллаар сувилуулах сувилал, эм эмчилгээний хөнгөлөлт, тэтгэмж тусламж гэх мэт хөнгөлөлт үйлчилгээнд хамруулах, дээрх ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан тул 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Энхтайван, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сугарсүрэн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: Миний бие 1988 оны 2 сараас Эрдэнэт үйлдвэр ХХК-д Геологи хайгуулын ангид тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж эхэлсэн. Ингээд ажиллаж байгаад 1988 оны 10 сарын 12-ны өдөр ажлын талбай дээрээ үйлдвэрлэлийн осолд орсон. Миний биеийг үйлдвэрлэлийн осолд орсон учраас үйлдвэрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн ажилчдын нэгэн адил өнөөдрийг хүртэл тус үйлдвэрийн Эмнэлэг сувиллын албаны мэргэжлээс шалтгаалах өвчнийг харьяалан хянаж эмчилдэг эмчийн хяналтад оруулж эмчлүүлж сувилуулсаар ирсэн. Биеийн байдлаас шалтгаалж 1990 оны 5 сард ажлаас чөлөөлөгдсөн. Гэхдээ үйлдвэрийн түр табелиар одоог хүртэл үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний учир үйлдвэрийн зарим нэг хөнгөлөлт үйлчилгээг авдаг. Харин Эрдэнэт үйлдвэр надад үйлдвэрлэлийн осолд орсон ажилчинд олгодог нөхөн төлбөрийг хуулийн дагуу олгож өгөхгүй явсаар өдий хүрсэн. Хөөцөлдөхөөр захирлууд нь солигдож, өргөдлийн маань хариуг өгөхдөө үйлдвэрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх бүртгэлд бүртгэгдээгүй байна гэх мэтээр хариу өгч шүүхээр шийдвэрлүүл гэдэг. Иймээс миний бие аргаа барахдаа үйлдвэрлэлийн осол болсныг тогтоолгохоор Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.12.19-ний нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019.01.24-ний өдрийн 142/ШШ2019/00123 дугаар шийдвэрээр Д.Энхтайван намайг 1998.10.12-ны өдөр Эрдэнэт Үйлдвэрийн Геологи хайгуулын ангид засварчнаар ажиллаж байхдаа осолд орж үйлдвэрийн осол гарсан болохыг тогтоосон юм. Ийнхүү осол болсноо тогтоолгосон тул Эрдэнэт Үйлдвэрт нөхөн төлбөрөө авах талаар хүсэлт гаргахад үйлдвэрийн захиргаа мөн л хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нөхөн төлбөр олгохгүй гэлээ. Иймээс миний бие дахин шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрч нэхэмжлэлээ гаргаж байна. Тиймээс 1988.10.12-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын ангид гарсан ослыг тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх бүртгэлд бүртгэж, хамтын гэрээнд заасан нөхөн төлбөр, үйлдвэрийн сувиллаар сувилуулах сувилал, эм эмчилгээний хөнгөлөлт, тэтгэмж тусламж гэх мэт хөнгөлөлт үйлчилгээнд хамруулах, дээрх ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан тул 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг хууль тогтоомжийн дагуу олгохыг тус тус Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болон тодруулсан нэхэмжлэлд: Нэхэмжлэлийн шаардлагын 1 дүгээрт 18 сартай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгож, гэснийг тооцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Захиргаа, ҮЭ-ийн холбооны хооронд байгуулсан \2018 оны 06 сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ\ Хамтын гэрээний 9 дүгээр бүлэг \Үйлдвэрлэлийн Осол, Хурц Хордлого, Мэргэжлээс Шалтгаалах Өвчний хохирлыг нөхөн төлөх талаар \ 9.1-ийн г-д ...2006 оноос өмнө үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадварын хувь тогтоолгосон ажилтнуудын нөхөн төлбөрийг сарын дундаж цалинг 580,000 төгрөгөөр тооцож,... гэсний дагуу сарын дундаж цалин 580,000 төгрөг х 18 сар = 10,440,000 төгрөгөөр тооцохыг Эрдэнэт үйлдвэр УҮГазарт үүрэг болгох, эдгээр шаардлагуудыг тодруулж, нэмэгдүүлсэн тул хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Д.Энхтайван нь 1988 оны 10 сарын 12-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа үйлдвэрлэлийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан ба үүнийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 24-ний өдрийн 00123 тоот шийдвэрээр нөхөн тогтоосон байна. Нэхэмжлэгч нь уг үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх бүртгэлд бүртгэж хамтын гэрээнд заасан нөхөн төлбөр, сувилал, эм эмчилгээний хөнгөлөлт, тэтгэмж тусламж гэх мэт хөнгөлөлт үйлчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гэтэл Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 24-ний өдрийн 00123 тоот шийдвэртэй шүүх хуралдаанд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хэргийн оролцогч болж оролцоогүй, эрх ашгаа хамгаалах боломж олдоогүй. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаас Д.Энхтайваны хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоосон акт хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 5.8-д заасны дагуу актад комиссын дарга, гишүүд гарын үсэг зурснаар акт хүчин төгөлдөр болохоор заасан байна. Гэтэл нотлох баримтад авагдсан 0095829 тоот актад комиссын дарга, орлогч дарга гарын үсэг зураагүй байна. Түүнчлэн тус актад хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгааныг ердийн өвчин гэж заасан нь шүүхийн шийдвэрээр тогтоосон үйлдвэрлэлийн осолтой шууд шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа тусгасан 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр нь 2018 оны 06 сарын 25-ны өдөр батлагдсан Хамтын гэрээнд тусгагдсан ба энэхүү хамтын гэрээ нь 2018 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар заасан байна. Аливаа эрх зүйн акт, баримт бичиг батлагдсан хугацаанаас хойших эрх зүйн харилцааг зохицуулдаг ба өнгөрсөн харилцааг /30 жилийн өмнөх асуудлыг/ зохицуулахгүй, ухарч үйлчлэхгүй юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Д.Энхтайван нь Эрдэнэт үйлдвэрт хандсан байдаг. Хандахдаа ажлаас халагдсан тушаал буюу 1990 онд өөрийн хүсэлтээр халагдсан тухай тушаалаа өөрчлүүлье гэсэн агуулгаар хандсан. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс боломжгүй гэдэг хариу өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Мөн 1988-2018 хүртэл 30 жилийн хугацаа өнгөрсөн байна. Эндээс харвал Иргэний хуульд заасан иргэний хэргийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа болох 10 жилийн хугацаа аль хэдийн өнгөрсөн байна. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн талаар ямар нэг баримт байхгүй. Тиймээс Иргэний хуулийн 82.1-д зааснаар татгалзах эрх байна. Тухайн үйлдвэрлэлийн осолтой холбоотойгоор хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00935 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасныг баримтлан хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-аас 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 10,440,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Энхтайванд олгож, нэхэмжлэлээс шүүхийн шийдвэрийг үндэслэн үйлдвэрлэлийн осолд бүртгэж, 2019 оны 05 дугаар сараас хойш үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтны эдлэх холбогдох хөнгөлөлт, тэтгэмжийг эдэлж байхыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 252,190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-с улсын тэмдэгтийн хураамж 181,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Энхтайванд олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 141 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ/2019/00935 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.24-ний өдрийн 00935 дугаар шийдвэр болон Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.19-ний өдрийн 141 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч, хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Д.Энхтайван, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрхэн үнэлж, хангахгүй орхисон талаараа огт дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн алдаа гэж үзэж байна. Давж заалдах гомдлын үндэслэлээ нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломжийг заасан байхад давж заалдах шатны шүүх анхааран үзээгүйд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэл муутай шийдвэрүүд гэж нэхэмжлэгчийн зүгээс үздэг.

Нэг. 2019 оны 00123 дугаар шийдвэрийг үндэслэн үйлдвэрлэлийн осолд бүртгэх тухайд: МУ-ын ЗГ-ын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 7.2-т "үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй" гэж заасан байх тул актыг нөхөн гаргах боломжгүй нөхцөл байдал үүсчээ гэж шүүх дүгнэлт хийсэн нь хийсвэр дүгнэлт болжээ. Эрх зүйн ач холбогдол бүхий дээрх үйл явдлыг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 00123 дугаар шийдвэрээр "Д.Энхтайван үйлдвэрлэлийн осолд өртсөн" болохыг тогтоосон. Хариуцагч "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГазар "үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг үндэслэдэг" гэж маргаж байгаа ч тухайн үедээ Эрдэнэт үйлдвэр нь үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх үүргээ санаатайгаар биелүүлээгүй. Давж заалдах шатны шүүх " ... Нэхэмжлэгч Д.Энхтайван ... ажил үүрэг гүйцэтгэж байхдаа ажлын байрандаа 1988 оны 10 сарын 12-ны өдөр үйлдвэрийн осолд орж гэмтсэн болон тухайн үед Эрдэнэт үйлдвэр ХХК уг ослыг бүртгэж холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлээгүй байна..." гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Осол болсны дараа 1988 оны 10 сард 46 цаг 100 хувь тэтгэмж, 11 сард 130 цаг 100 хувь тэтгэмж, 12 сард 68 цаг ажилласнаар 100 хувь цалин олгосон байдаг. Энэ талаар нэхэмжлэгч Д.Энхтайван анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарладаг ба шүүх хуралдааны тэмдэглэлд бий. Эрдэнэт үйлдвэрийн буруугаас үйлдвэрлэлийн осолд өртөөд тухайн үедээ үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоогүйн /Эрдэнэт үйлдвэр санаатайгаар үйлдвэрлэлийн ослыг бүртгээгүй/ улмаас Д.Энхтайваны эрх ашиг зөрчигдөх учиргүй. Эрдэнэт үйлдвэр 1988 онд үйлдвэрлэлийн осол судлан бүртгээгүй болохыг үе үеийн удирдлагуудад Д.Энхтайван танилцуулж, улмаар Хамтын гэрээний заалтын дагуу үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтантай адил Эрдэнэт сувиллаар үйлчлүүлэх, эмийн хөнгөлөлт эдлэх, "Медипас" эмнэлэгт оношлогоо, шинжилгээнд хамрагдах зэрэг хөнгөлөлт, үйлчилгээг Эрдэнэт үйлдвэр дараах хууль тогтоомжийг үндэслэн олгосон. Монгол улс 1990 оноос зах зээлийн харилцаанд шилжин орсноос Хөдөлмөрийн хууль анх 1991 онд батлагдан мөрдөгдсөн. Энэ хуулийн 75 дугаар зүйлд "Ажилтанд учирсан хохирлыг захиргаа хариуцах" гэж зааснаар зохицуулж, мөн БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1991 оны 46 тоот тогтоолын 14-д дээрх зүйл заалтыг тайлбарлахдаа "Ажилтанд тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон явдал нь захиргаанаас нөхөн төлөх хохирлыг хорогдуулах үндэслэл болохгүй" гэж тайлбарлан зүйл заалтуудыг баримталжээ. Д.Энхтайван би "үйлдвэрлэлийн осолд өртсөн" болохоо тогтоолгоод 2019 оны 00123 дугаар шийдвэрийг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Хууль, эрх зүйн газарт хандахад судалж үзээд "Ерөнхий захиралд өргөдөл гарга" гэсэн. Миний гаргасан өргөдлийг Ерөнхий захирал Захиргаа, хүний нөөц хэлтсийн хүний нөөцийн тэргүүлэх мэргэжилтэн Алтангэрэлд " судалж, танилцуул" гэж цохсон. Алтангэрэл миний өргөдлийг судалж үзээд үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгүүлэхээр Эрдэнэт үйлдвэрийн ҮО, ХХ-ыг судлан бүртгэх орон тооны бус комисст материалыг хүргүүлсэн. Судлан бүртгэх орон тооны бус комисс үйлдвэрлэлийн ослыг бүртгэн авч, нөхөн олговор олгуулахаар Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэст шилжүүлсэн. Хөдөлмөр аюулгүй байдлын хэлтэс нь 00123 дугаар шүүхийн шийдвэрээр үйлдвэрлэлийн осолд судлан бүртгэх боломжтой, нөхөн олговрыг хуулийн аль зүйл заалтыг баримтлах талаар Хууль эрх зүйн газарт албан бичиг хүргүүлснээр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн шинэ удирдлага болох Болдбаатар "хөөн хэлэлцэх хугацаа" барьж, хэрэгт авагдсан албан бичгүүдийг хэлтсүүд хоорондоо шидэлцээд " Энхтайван та энэ асуудлаа шүүхээр эцэслэн шийдвэрлэ." гээд үйлдвэрээс өгч байсан хөнгөлөлт, үйлчилгээг зогсоосон. Иймээс шүүхэд хандах болсон юм. Дээр дурдсан албан бичгүүд хэрэгт бий. ЗГ-ын 269 дүгээр тогтоолоор үйлдвэрлэлийн осол гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд ослын акт, дүгнэлт гаргахгүй гэж заасан. Харин эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосон 00123 дугаар шийдвэр нь дээр дурдсан ослын окт, дүгнэлтийн хэмжээнд үнэлэгдэх нотлох баримт гэж үздэг. Энэхүү шийдвэрийг үндэслэн осолд бүртгэхийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГазарт даалгах нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримтлан шийдвэрлэх боломжтой. Шүүхэд хандаж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоолгоод шүүхийн шийдвэрээр үйлдвэрээс хөнгөлөлт, тэтгэмж, тэтгэлэг авч байгаа хүмүүс олон бий.

Хоёр. 2019 оны 5 сараас хойш үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтны эдлэх холбогдох хөнгөлөлт, тэтгэмжийг эдэлж байхыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГазарт даалгах тухайд: Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой холбогдох нотлох баримтыг цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй..." гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтууд: "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2019.04.17-ны өдрийн 773 дугаартай тодорхойлолт, жилд нэг удаа сувилалд үнэ төлбөргүй хэвтэж, сувилуулах, амбулаторийн нарийн мэргэжлийн кабинетаар эмчлүүлсэн баримт, "Медипас" эмнэлгийн 2019.04.16-ны өдрийн 89 дугаартай тодорхойлолт, сувилалд хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн нарийн мэргэжлийн кабинетаар үйлчлүүлэх зөвшөөрөл, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2018.06.25-ны өдрийн хамтын гэрээ. Эдгээр баримтууд нь дээрх шаардлагыг нотолсон, үндэслэл болсон баримтууд ба үүнийг шүүх үнэлээгүй, давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй юм. 2019 оны 5 сараас хойш үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтны эдлэх холбогдох хөнгөлөлт, тэтгэмжийг эдэлж байхыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т даалгах шаардлага нь дээр дурдсан хамтын гэрээний 8 дугаар бүлгээр зохицуулагдаж байгаа. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлд Хамтын гэрээгээр зохицуулах харилцааг тодорхойлсон байх ба мөн зүйлийн 8.1.1-д "... тэтгэмж, хөнгөлөлт, олговрын хэмжээг, ... бусад нөхөн олговрын хэмжээг тогтоох" гэж заасны дагуу Хамтын гэрээнд дараах байдлаар тусгажээ. Үүнд: Хамтын гэрээний 8.2-т "Компанийн Эрдэнэт сувиллын цогцолборт сувилуулах, эмчлүүлэх үед дараах хөнгөлөлтүүдийг жил тус бүр нэг удаа эдлүүлнэ", 8.2.4 " ҮО, XX, МШӨ-ний улмаас ХЧА-ын хувь тогтоолгосон ажилтнуудад 100 хувь, 2 дахь удаагаа сувилуулбал зардлын 75 хувь, 8.3, 8.8 болон хамтын гэрээний 9 дүгээр бүлгийн холбогдох заалтыг баримтлан үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтны эдлэх хөнгөлөлт, тэтгэмжийг олгох хууль зүйн үндэслэлтэй. Хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн зүгээс гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй алдааг залруулж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж шатны шүүхийн 141 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 00935 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.24-ний өдрийн 142/ШШ2019/00935 тоот шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.19-ний өдрийн 141 тоот магадлалаар Д.Энхтайваны нэхэмжлэлтэй Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох хэргийн шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас нэхэмжлэгч Д.Энхтайванд 10,440,000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн гол нөхцөл, нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа тул тус хэсгийг хүчингүй болгуулахаар хяналтын гомдол гаргаж байна.

Хэргийн гол нөхцөлийг буруу үнэлсэн тухайд: Нэхэмжлэгч Д.Энхтайван нь 1988.10.12-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа үйлдвэрлэлийн осолд орсон тухай Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.24-ний өдрийн 00123 тоот шийдвэрээр нөхөн тогтоосон байдаг. Гэхдээ энэхүү шийдвэрт 1988 онд болсон үйлдвэрлэлийн осолд Д.Энхтайван өртсөн болохыг тогтоосноос биш үүнээс шалтгаалж хөдөлмөрийн чадвараа алдсан тухай тогтоогоогүй юм. Д.Энхтайван нь хөдөлмөрийн чадвар алдсан тухайгаа 2011 онд анх тогтоолгосон ба энэ нь осол болсноос 23 жилийн дараа байгаа тул тухайн ослоос шалтгаалсан, шууд шалтгаант холбоотой гэж үзэх ямар ч боломжгүй юм. /23 жилийн хугацаанд тухайн хүнд юу ч тохиолдож, ямар ч бэртэл гэмтсэн байхыг үгүйсгэхгүй./ Мөн Д.Энхтайван нь 1988 оноос 1990 он хүртэл ажил хөдөлмөрөө эрхэлж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Иймд түүнийг тухайн ослоос шалтгаалж хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзэх боломжгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр хариуцагч нараас уг асуудлыг ярьж, тайлбарласан боловч шүүгч хэргийг шийдвэрлэхдээ уг асуудлыг хөндөлгүй, анхаарч үзэлгүй буруу шийдвэр гаргасан.

Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд: Хэрэгт авагдсан нотлох баримтаас Д.Энхтайваны хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоосон акт хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актад комиссын дарга, гишүүд гарын үсэг зурснаар акт хүчин төгөлдөр болох байтал нотлох баримтад авагдсан 0095829 тоот актад комиссын дарга, орлогч даргын гарын үсэг зураагүй байна. Аливаа ажлын хэсэг, комиссын дүгнэлт, шийдвэрийг тухайн ажлын хэсэг, комиссын дарга баталснаар хүчин төгөлдөр болох ёстой байдаг. Түүнчлэн тус актад хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгааныг ердийн өвчин гэж заасан байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, 0095829 тоот актыг хүчин төгөлдөр хэмээн үзсэн нь нотлох баримтад буруу дүгнэлт өгсөн ноцтой алдаа юм.

Хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн тухайд: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх зүйлд хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байхаар заажээ. Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэжээ. Д.Энхтайван нь үйлдвэрлэлийн осолд өртсөнөөс хойш 31 жил өнгөрсөн тул тус үйл явдалтай холбогдуулан үүсэх аливаа үүргийн хөөн хэлэлцэх хугацаа хэдийн дууссан болохыг харуулж байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.24-ний өдрийн 00123 тоот шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн гэж үзэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн асуудал юм. 2019.01.24-ний өдрийн 00123 тоот шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн асуудлаар ямар ч шийдвэр гараагүй бөгөөд аливаа нэг этгээдэд ямар нэг үүрэг болгосон зохицуулалт агуулаагүй тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн гэж үзэх боломжгүй юм. Ийнхүү хэргийн гол нөхцөл, нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч, хуулийг буруу хэрэглэж буруу шийдвэр гаргасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас нэхэмжлэгч Д.Энхтайванд 10,440,000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Энхтайван нь хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан 1988.10.12-ны өдөр тус үйлдвэрийн Геологи хайгуулын ангид гарсан ослыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх бүртгэлд бүртгэж, хамтын гэрээнд заасан нөхөн төлбөр, үйлдвэрийн сувиллаар сувилуулах, сувилал, эм эмчилгээний хөнгөлөлт, тэтгэмж тусламжийн хөнгөлөлт үйлчилгээнд хамруулах, дээрх ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан тул 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1988.10.12-ны өдөр ажлын байранд гарсан осолд өртсөнийг үйлдвэрлэлийн осолд тооцсон шүүхийн 2019 оны 00123 дугаартай шийдвэрийг үндэслэн үйлдвэрлэлийн осолд бүртгэж, 18 сартай тэнцэх хэмжээний нөхөн олговор 10,440,000 төгрөг олгох, 2019 оны 05 сараас хойш үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтны эдлэх холбогдох хөнгөлөлт, тэтгэмжийг эдэлж байхыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгах гэж шаардлагаа тодруулж өөрчилсөн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл заасан нөхөн төлбөрийг олгоход үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг үндэслэдэг, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, Д.Энхтайваны хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон актад дарга, орлогч дарга гарын үсэг зураагүй байгаа учир хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-аас 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 10,440,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Энхтайванд олгож, нэхэмжлэлээс шүүхийн шийдвэрийг үндэслэн үйлдвэрлэлийн осолд бүртгэж, 2019 оны 05 дугаар сараас хойш үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтны эдлэх холбогдох хөнгөлөлт, тэтгэмжийг эдэлж байхыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээжээ.

1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заажээ.

 Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Энхтайван нь Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 1988.02.17-ны өдрийн 47к тушаалаар Геологи хайгуулын ангид тоног төхөөрөмжийн III зэргийн завсарчнаар томилогдсон, түүний 1988.10.12-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орсныг ажил олгогч нь тухайн гарсан ослыг бүртгэн, акт гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдсөн байна.

Дээрх ослын улмаас Д.Энхтайван F07 тархины өвчин, гэмтэл үйл гажгийн шалтгаант бие хүний ба аягийн эмгэг оношоор 70-80 хувь, F07 тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант оношоор 79 хувь, F07 тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант Н54.2 оношоор 80 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан тухай 4508, 0083493, 0095829 дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актууд хэрэгт авагдсан байна. /хх-69-71/

Нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн осолд орсны улмаас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нөхөн төлбөр олгож өгөхийг хүсч үйлдвэрийн захиргаанд удаа дараа хандаж байсан ч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгч байсан, тэрээр осолд орсноос хойш хөдөлмөр эрхлээгүй, харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчтэй хүмүүсийн нэгэн адил баяжуулах фабрикийн зардал дээр жилд нэг удаа сувилалд үнэ төлбөргүй хэвтэж сувилуулах, амбулаторийн нарийн мэргэжлийн кабинетаар үйлчлүүлдэг байсныг хариуцагч үгүйсгээгүй байна.

Хэрэгт авагдсан Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00123 дугаартай шүүхийн шийдвэрээс үзэхэд Д.Энхтайваныг 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын ангид засварчнаар ажиллаж байхдаа /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэх явцад/ осолд орж, үйлдвэрлэлийн осол гарсан болохыг тогтоож шийдвэрлэжээ. /хх-10-12/

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу үйлдвэрлэлийн осолд орсон болохоо ажилтан шүүхэд хандаж тогтоолгосноор нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй болсон тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчөөгүй байна.

Иймд Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ нэхэмжлэгчид нөхөн төлбөр олгох хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад хэрэгжиж буй хамтын гэрээнд заасан хэмжээгээр тооцож, 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 10,440,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д нийцсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэлийг зөв гэж дүгнэсэн байна.

2. Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгч талаас ...үлдсэн шаардлагыг бүхэлд нь хангуулах, харин хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах гомдол гаргасан байна.

a) Д.Энхтайваны 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орсныг бүртгүүлэхийг хариуцагч байгууллагад даалгуулах шаардлагыг хангана.

Анхан болон давж заалдах шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 7.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-д Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулахыг хориглоно гэж зохицуулсан байх бөгөөд 1988.10.12-ны өдөр Д.Энхтайваныг үйлдвэрлэлийн осолд орсныг ажил олгогч нь тухайн гарсан ослыг бүртгэн, акт гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Түүнчлэн мөн хуульд ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэсэн зохицуулалттай.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00123 дугаартай шийдвэрээр Д.Энхтайваныг 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын ангид засварчнаар ажиллаж байхдаа /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэх явцад/ осолд орж, үйлдвэрлэлийн осол гарсан болохыг тогтоож шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймээс дээрх шийдвэрийн дагуу 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус үйлдвэрийн Геологи хайгуулын ангид гарсан ослыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцнэ.

б) ...2019 оны 05 дугаар сараас хойш үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтны эдлэх холбогдох хөнгөлөлт, тэтгэмжийг эдэлж байхыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгах шаардлагыг хангана.

Анхан болон давж заалдах шатны шүүх ...холбогдох хөнгөлөлт, тэтгэмж гэж ямар хөнгөлөлт, тэтгэмжийг хэлж байгааг нэхэмжлэлдээ тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой холбогдох нотлох баримтыг цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 42 дугаар зүйлийн 42.1-д нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-д аж ахуйн нэгж, байгууллагын орон сууц, хүүхдийн цэцэрлэг, ясли, нийгэм, соёлын зориулалттай барилга, байгууламж барих, ашиглах, олон хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эх буюу ганц бие эцэг, тахир дутуу хүүхэдтэй ажилтанд хөнгөлөлт үзүүлэх, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байсан ахмад настан, тахир дутуу хүн, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс эрүүл мэнд нь хохирсон ажилтны амьжиргааг сайжруулах асуудлыг хамтын гэрээгээр зохицуулахаар заажээ.

Хэргийн баримт, нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэлээс үзэхэд энэ шаардлагад хамаарах хөнгөлөлт, тусламжийг нэхэмжлэгч нэрлэн заах боломжгүй буюу ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд 2 жилийн давтамжтайгаар хийгддэг хамтын гэрээгээр зохицуулагдах нөхцөлд хамаарахаар байна.

Иймээс нэхэмжлэгчийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хэрэгжиж буй хамтын гэрээнд заасан үйлдвэрлэлийн осолд хамаарах хөнгөлөлт, тусламжид зохих журмаар хамруулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хангаж байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 141 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00935 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасныг баримтлан хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-аас 10,440,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Энхтайванд олгож, Д.Энхтайваныг 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус үйлдвэрийн Геологи хайгуулын ангид гарсан осолд орсныг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх бүртгэлд бүртгэхийг, Д.Энхтайваныг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хэрэгжиж буй хамтын гэрээнд заасан үйлдвэрлэлийн осолд хамаарах хөнгөлөлт, тусламжид зохих журмаар хамруулахыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т тус тус даалгасугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Энхтайваны хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70,200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 181,990.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР\

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН