Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2019/00147

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2019/00959 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

Хариуцагч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн ******* нь тус компанийн худалдан борлуудаг Кирби хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан болно. Уг гэрээний үнэ 6.200.000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 500.000 төгрөг төлж үүнээс хойш сар бүр 250.000 төгрөгөөр тооцоо хийж 22 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан болно. Гэвч хариуцагч нь урьдчилгаа болон хуваарьт төлөлтөөр 2.250.000 төгрөг төлсөн боловч 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Хариуцагчтай утсаар ярьж төлбөрөө төлөхийг хүсэхэд төлөх боломжгүй гэх хариу өгөх болсон. Хариуцагчтай харилцан ойлголцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл үнэ болон алдангийн төлбөрийг гаргуулан авахыг шаардаж байна. Гэрээний хугацаа 2017 оны 03 сарын 20-ны өдрөөр дуусгавар болсноос хойш 717 хоног өнгөрсөн бөгөөд гэрээний 7.3-ын дагуу алданги тооцвол 14.160.750 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувийг давсан байна. Иймд барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл 3.950.000 төгрөг, алданги 550.000 төгрөг буюу нийт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү? гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: Эгшиглэнт Солонго ХХК-иас надад хандаж тус шүүхээр дамжуулан Кирби хивс цэвэрлэх төхөөрөмжийг худалдан авсан үнийг төлөөгүй гэж барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл 3.950.000 төгрөг, алданги 550.000 нийт 4.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Тухайн байгуулага анх надтай тохирохдоо 4.800.000 төгрөг болж хямдарсан байгаа гэсэн бөгөөд би өөрийн эгч нартай тохирон худалдан авахаар болж урьдчилгаа 1.000.000 төгрөг төлсөн. Мөн дараа сараас нь эхлэн өөсдийнх нь хэлсэний дагуу сар бүр тооцоог хийж байсан юм. Тэр үеийн менежер нь надтай гэрээг хийнэ гэсэн боловч гэрээг хийгээгүй. Надаар гарын үсэг зуруулаагүй. Гэрээнд зурагдсан гарын үсэг нь миний өөрийн гарын үсэг байна. Энэ байгууллагаас тэр үед буюу 2015 оны 05 дугаар сараас хойш хэд хэдэн хүн манай гэрт ирж мөнгийг бэлнээр авч байсан боловч тухайн төхөөрөмж гэнэт эвдэрсэн бөгөөд засч өгнө гээд аваад явсан. Энэ цагаас хойш буюу 2015 оны 12 дугаар сараас эхлэн ямар ч хүн ирээгүй ба утсаа авахгүй төхөөрөмжөө аваад сураггүй алга болсон. Төхөөрөмжийг эвдэрч тэдэнд өгөхөөс өмнө тухайн байгууллагын ажилтан Солонго /хэрэгт хавсаргагдсан гэрээнээс үзэхэд Түмэнжаргалын Солонго гэж бичигдсэн байсан/ гэдэг хүний дансанд төлбөрийг мөн л хугацаанд нь шилжүүлж байсан. Төхөөрөмжийг би авахдаа 1.000.000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 06 дугаар сард 500.000 төгрөгийг төлж сар бүр 250.000 төгрөгийг төлсөөр 2016 оны 01, 02 дугаар сар гээд нийт 09 сарын хугацаанд 2.500.000 төгрөг нийт 3.500.000 төгрөгийг энэ байгууллагад төлсөн. Хэргийн материалыг судлан үзэхэд

1.Гэрээнд зурагдсан гарын үсэг нь минийх биш ба миний гарын үсгийг дуурайлган зурсан. Гэрээний хувь гэж надад өгөөгүй.

2.Хэрэгт хавсаргасан төлбөрийн баримтыг баллаж гараар шинээр тоо бичин миний өгсөн 1.000.000 төгрөгийг 500.000 төгрөг болгон өөрчилсөн.

З.Тухайн үед төлөлт хийж байсан төлбөрийн баримтыг бүрэн тусгаагүй байна. Надаас бэлнээр мөнгө авахдаа баримт өгч байгаагүй. Би өнгөрсөн хугацаанд төхөөрөмж ч байхгүй мөнгөө өгч алдаад өдийг хүрсэн. Иймд Эгшиглэнт Солонго ХХК-иас гаргасан надаас нэхэмжилж байгаа 4.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30ы өдрийн 142/ШШ2019/00959 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 заасныг баримтлан хариуцагч Ш.Эрдэнэцэцэгээс 3.950.000 /гурван сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эгшиглэнт Солонго ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 78 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эгшиглэнт Солонго ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 30-ний өдрийн 142/ШШ/2019/00959 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч ******* би дараах байдлаар давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: Тус шүүхээс ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй надаас төхөөрөмжийн үнэ 4.500.000 төгрөгийг нэхэжмилсэн иргэний хэргийг шийдвэрлэхдээ эл өдөр нэхэмжлэлийн шаардлагаас 550.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон надаас 3.950.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэргийн тухайд 2015 оны 05 сарын 20-ны өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэж байгаа боловч тухайн гэрээн дээрх гарын үсэг нь миний гарын үсэг биш бөгөөд миний гарын үсгийг дуурайлган зурсан байсан. Чухам шинжээч яагаад минийх мөн гэж дүгнэлтээ гаргасан нь миний хувьд одоо ч эргэлзээтэй байдаг. Мөн надтай байгуулсан гэх гэрээн дээр хар өнгийн зүйлээр тоо шинээр бичиж үнийн дүнг баллаж өөрчилөн 6.200.000 төгрөг болгосон нь тухайн дүгнэлтээр нотлогдсон. Эхний бичвэртэй тохирохгүй байна гэсэн байхад анх амаар тохирсон 4.800.000 төгрөгийг 6.200.000 төгрөг болгон, мөн миний анх төлсөн 1.000.000 төгрөгийг өөрчлөн 500.000 төгрөг болгосон байтал шүүх бодит дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барин хэргийг шийдвэрлэлээ. Үүнээс гадна тухайн төхөөрөмж эвдэрч ******* компанийн ажилчид аваад явсан. Үүнийг би урьд өмнө нь хэлсэн. Гэтэл миний хэлсэн үгийг нотлох баримтгүй гэж мөн л үл хэрэгслээ. Гэтэл би 3.500.000 төгрөгөө энэ байгууллагад төлсөн байгаа. Миний хувьд иргэн хүн болохоос аж ахуйн нэгж байгууллага биш бөгөөд мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримтууд, төхөөрөмжийг буцаан авсан тухайгаа энэ байгууллага баримт, акт үйлдэн өгөх болов уу л гэж бодсон.Мөн төхөөрөмжийг буцаан авчирч өгөх байх гэж бодсоор өдийг хүрсэн.

Анхан шатны шүүх хуралд би саяхан төрсөн нялх биетэй байсан учир оролцож чадаагүй, өөрийн хүсэлтээр эзгүйдээ шийдвэрлүүлсэн. Иймд Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 30-ний өдрийн 142/ШШ/2019/00959 дугаартай шийдвэртэй хэргийг тал бүрээс нь судлан үзэж шийдвэрийг өөрчлөн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? Шүүх хуралд өмгөөлөгч А.Төмөрчулууны хамт оролцуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр давж заалдах гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ/2019/00959 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гомдлыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үүнд: Хариуцагч нь гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд дуурайлган зурсан байна гэж маргадаг. Үүний дагуу хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 02025 дугаар захирамжаар шинжээч томилж Шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр тус гэрээнд зурагдсан гарын үсэг нь хариуцагчийн гарын үсэг мөн болох нь тогтоогдсон. Иймд хариуцагчийн гарын үсэг зураагүй гэх тайлбар нотлогдохгүй байгаа бөгөөд үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй тогтоосон. Гэрээн дээрх үнийн дүн өөрчлөгдсөн буюу засварлагдсан гэж тайлбарладаг. Ийнхүү засвар орсны улмаас урьдчилгаа 1.000.000 төгрөгийн төлбөр нь төлөгдсөнийг төлөөгүй гэдэг. Хариуцагч анх төхөөрөмжийг хүлээн авах үедээ урьдчилгаа 1.000.000 төгрөг төлнө гэж байсан боловч эдийн засгийн хувьд боломжгүй боллоо хэмээн урьдчилгаа төлбөрийг 500.000 төгрөг, сар бүрийн төлөлтийг 250.000 төгрөг болгон бууруулан өөртөө таатай нөхцөлийг гэрээнд оруулан өөрчилсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 05 сарын 22-ны өдрийн 500.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдоно. Мөн цаашид засвар оруулсан хэмжээ болох 250.000 төгрөгөөр төлбөр төлөгдөж байсан нь төлбөрийн баримтуудаар тогтоогдоно. Хэрэв засвар орсон нь хууль бус гэж үзэж байгаа бол 250.000 төгрөгөөр 7 удаагийн төлбөр төлөгдөхгүй байх байсан болов уу? Мөн уг төхөөрөмжийг компанийн ажилчид ирээд аваад явсан гэж тайлбарласан. Гэвч бодит байдал хэн, хэзээ, яаж авч явсан эсэх талаар хариуцагчаас тодорхой үндэслэл бүхий тайлбар гаргадаггүй. Зүгээр л аваад явсан гэж тайлбарладаг. Гэвч компанийн зүгээс төхөөрөмжийг авч явж засварласан тохиолдолд байхгүй. Энэ талаар хариуцагч нь тодорхой татгалзал, тайлбарыг нотлох баримтын хүрээнд гаргаж чадаагүй юм.

Дээр дурдсан тайлбарын хүрээнд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу эрх эдэлж, үүрэг хүлээж байгаагын хувьд нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, татгалзалаа нотлох үүрэгтэй байдаг. Гэвч энэ талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний дагуу харуицагч нь төлбөрөө төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь нэхэмжлэгч компанийн хувьд борлуулсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг одоо хүртэл гаргуулан авч чадахгүй хохирч байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 142/ШШ/2019/00959 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ээс Кирби сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 3.950.000 төгрөг, алданги 550.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-нд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргахдаа төхөөрөмжийг хямдруулж 4.800.000 төгрөгөөр худалдсан. Урьдчилгаанд 1.000.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөг төлсөн. Гэтэл төхөөрөмж нь эвдрээд засаж өгнө гээд авсан боловч буцаан өгөөгүй гэсэн тайлбар гаргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж гэрээгээр Кирби брендийн хивс цэвэрлэгч төхөөрөмжийг 6.200.000 төгрөгөөр үнэлэн урьдчилгаанд 500.000 төгрөг /нэг сая төгрөг/ төлж үлдэх төлбөрийг 22 сарын хугацаанд 250.000 /300.000/ төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцжээ.

Хариуцагч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Худалдах, худалдан авах гэрээ-нд гарын үсэг зураагүй гэж маргаж гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаснаар анхан шатны шүүх Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албыг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр *******ийн гарын үсгийн чөлөөт, харьцангүй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна гэсэн дүгнэлт гарчээ.

Шүүх 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохигчдын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж гэрээний үнийн дүнд засвар оруулаагүй тул хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулсан гэж үзэх үндэслэлгүй, гэрээнд алданги төлөхөөр тохироогүй гэсэн дүгнэлтүүдийг хийж алданги төлөх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасантай нийцжээ.

Харин хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон урьдчилгаанд 1.000.000 төгрөг төлсөн гэсэн тайлбарт үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна. Шинжээчийн дүгнэлтээр гэрээнд хар өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр 500.000, 22, 250.000 гэж бичсэн бичвэрүүд, гэрээний нөхөх хэсэгт хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр бичсэн бичвэртэй тохирохгүй гэсэн дүгнэлт гарчээ.

2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.3.2 дахь заалтад 1.000.000 төгрөг гэснийг дарж 500.000 төгрөг болгосон нь гэрээнд анх бичсэн будагч бодисны өнгөтэй тохирохгүй байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул *******ийг урьдчилгаанд 1.000.000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 500.000 төгрөгийг хасч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ/2019/00959 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтанд ... 3.950.000 төгрөг гэснийг, ...3.450.000 төгрөг гэж, ... 550.000 төгрөг гэснийг ... 1.050.000 төгрөг гэж, шийдвэрийн 2 дахь заалтанд .... *******ээс 78.150 төгрөг гэснийг ... 70.150 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ