Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2021/00285

 

Эгшиглэнт солонго ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2019/00959 дүгээр шийдвэртэй,

 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 147 дугаар магадлалтай,

 Эгшиглэнт солонго ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ш.Э холбогдох

 Худалдах-худалдан авах гэрээний төлбөр, алдангид 4.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагч Ш.Эрдэнэцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, танхимын тэргүүн Г.Алтанчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, хариуцагч Ш.Эрдэнэцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч Эгшиглэнт солонго ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Иргэн Ш.Эрдэнэцэцэг нь тус компанийн худалдан борлуулдаг Кирби сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний үнэ 6.200.000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 500.000 төгрөг төлж үүнээс хойш сар бүр 250.000 төгрөгөөр тооцоо хийж 22 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан. Гэвч хариуцагч нь урьдчилгаа болон хуваарьт төлөлтөөр 2.250.000 төгрөг төлсөн боловч 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Хариуцагчтай утсаар ярьж төлбөрөө төлөхийг хүсэхэд төлөх боломжгүй гэх хариу өгөх болсон. Хариуцагчтай харилцан ойлголцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл үнэ болон алдангийн төлбөрийг гаргуулан авахыг шаардаж байна. Гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болсноос хойш 717 хоног өнгөрсөн бөгөөд гэрээний 7.3-ын дагуу алданги тооцвол 14.160.750 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувийг давсан байна. Иймд барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл 3.950.000 төгрөг, алданги 550.000 төгрөг буюу нийт 4.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

  Хариуцагч Ш.Эрдэнэцэцэгийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн байгууллага анх надтай тохирохдоо 4.800.000 төгрөг болж хямдарсан байгаа гэсэн бөгөөд би өөрийн эгч нартай тохирон худалдан авахаар болж урьдчилгаа 1.000.000 төгрөг төлсөн. Мөн дараа сараас нь эхлэн өөрсдийнх нь хэлсний дагуу сар бүр тооцоог хийж байсан юм. Тэр үеийн менежер нь надтай гэрээг хийнэ гэсэн боловч гэрээг хийгээгүй. Надаар гарын үсэг зуруулаагүй. Гэрээнд зурагдсан гарын үсэг нь миний өөрийн гарын үсэг байна. Энэ байгууллагаас тэр үед буюу 2015 оны 05 дугаар сараас хойш хэд хэдэн хүн манай гэрт ирж мөнгийг бэлнээр авч байсан боловч тухайн төхөөрөмж гэнэт эвдэрсэн бөгөөд засч өгнө гээд аваад явсан. Энэ цагаас хойш буюу 2015 оны 12 дугаар сараас эхлэн ямар ч хүн ирээгүй ба утсаа авахгүй төхөөрөмжөө аваад сураггүй алга болсон. Төхөөрөмжийг эвдэрч тэдэнд өгөхөөс өмнө тухайн байгууллагын ажилтан Солонго /хэрэгт хавсаргагдсан гэрээнээс үзэхэд Түмэнжаргалын Солонго гэж бичигдсэн байсан/ гэдэг хүний дансанд төлбөрийг мөн л хугацаанд нь шилжүүлж байсан. Төхөөрөмжийг би авахдаа 1.000.000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 06 дугаар сард 500.000 төгрөгийг төлж сар бүр 250.000 төгрөгийг төлсөөр 2016 оны 01, 02 дугаар сар гээд нийт 09 сарын хугацаанд 2.500.000 төгрөг нийт 3.500.000 төгрөгийг энэ байгууллагад төлсөн. Хэргийн материалыг судлан үзэхэд гэрээнд зурагдсан гарын үсэг нь минийх биш ба миний гарын үсгийг дуурайлган зурсан. Гэрээний хувь гэж надад өгөөгүй. Хэрэгт хавсаргасан төлбөрийн баримтыг баллаж гараар шинээр тоо бичин миний өгсөн 1.000.000 төгрөгийг 500.000 төгрөг болгон өөрчилсөн. Тухайн үед төлөлт хийж байсан төлбөрийн баримтыг бүрэн тусгаагүй байна. Надаас бэлнээр мөнгө авахдаа баримт өгч байгаагүй. Би өнгөрсөн хугацаанд төхөөрөмж ч байхгүй мөнгөө өгч алдаад өдийг хүрсэн. Иймд Эгшиглэнт солонго ХХК-иас гаргасан надаас нэхэмжилж байгаа 4.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2019/00959 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Эрдэнэцэцэгээс 3.950.000 /гурван сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эгшиглэнт Солонго ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Эрдэнэцэцэгээс 78.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эгшиглэнт Солонго ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 147 дугаар  дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ/2019/00959 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтад ...3.950.000 төгрөг гэснийг, ...3.450.000 төгрөг гэж, ... 550.000 төгрөг гэснийг ... 1.050.000 төгрөг гэж, шийдвэрийн 2 дахь заалтад ....Ш.Эрдэнэцэцэгээс 78.150 төгрөг гэснийг ...70.150 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ш.Эрдэнэцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.                                                                                                     

Хариуцагч Ш.Эрдэнэцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Талууд анх 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Кирби хивс цэвэрлэх төхөөрөмжийг худалдах-худалдан авах гэрээг хийсэн боловч гэрээнд зурагдсан гарын үсэг нь минийх биш бөгөөд миний гарын үсгийг дуурайлган зурсан байсан. Шинжээч чухам яагаад минийх мөн гэж дүгнэлтээ гаргасанд би одоо ч эргэлзэж байгаа. Мөн дээрх гэрээн дээр шинээр хар өнгийн зүйлээр тоо бичиж үнийн дүнг баллан өөрчилсөн нь дүгнэлтээр тогтоогдсон. Анх Эгшиглэнт солонго ХХК надтай 4.800.000 төгрөгөөр тохирч би уг компанид 1.000.000 төгрөгийг төлсөн ба нийт 3.500.000 төгрөгийг өгсөн байдаг юм. Гэтэл уг төхөөрөмж удалгүй эвдэрсэн. Ингээд тухайн байгууллагад хандахад засч өгнө гэж хэлээд төхөөрөмжийг аваад явсан. Үүнээс хойш төхөөрөмжөө авъя гэж хэд хэд утастсан боловч авчирч ирээгүй сураггүй болсон юм. Шүүхээс асуудлыг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан буюу хариуцагч надад хохиролтой байдлаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага нь төхөөрөмжөө надаас аваад явсан асуудалд буруу дүгнэлт хийсэн ба энэ байгууллага аж ахуйн нэгжийн хувьд буцаан авсан талаар ямар нэгэн акт баримтыг хүлээлгэн өгөөгүй. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 Эгшиглэнт солонго ХХК, Ш.Эрдэнэцэцэгт холбогдуулан 4.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа ...2015.05.20-ны өдөр Кирби сентриа хивс цэвэрлэх төхөөрөмжийг худалдан авсан, урьдчилгаа 500.000 төгрөг төлсөн, үлдэх 5.700.000 төгрөгийг сар бүр 250.000 төгрөгөөр төлөхөөр гэрээ байгуулсан боловч 1.750.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр 3.950.000 төгрөгийг алданги 550.000 төгрөгийн хамт гаргуулна гэжээ.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...үнэ бууруулж 4.800.000 төгрөгөөр худалдсан, нийт 3.500.000 төгрөг төлсөн, төхөөрөмж эвдэрсэн тул засуулахаар буцааж өгсөн гэж маргасан байна.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн хангасан хэсгийг багасгаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 1. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр тухай шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Ш.Эрдэнэцэцэг нэхэмжлэгч Эгшиглэнт солонго ХХК-иас Кирби сентриа хивс цэвэрлэх төхөөрөмж худалдан авсан тухай зохигч маргаагүй байна.

 Гагцхүү хариуцагч гэрээг бичгээр байгуулаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ, гэрээний хавсралт, бараа хүлээлгэн өгсөн акт дах гарын үсэг минийх биш гэж маргасан боловч шинжээчийн дүгнэлтээр түүний тайлбар үгүйсгэгдсэн байна.

 Иймд зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр гэрээний үүргийг биелүүлэхийг гэрээний талууд харилцан шаардах эрхтэй, нэхэмжлэгч төхөөрөмжийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч үнийн зохих хэсгийг төлсөн болохыг хэн аль нь үгүйсгээгүй болно.

 Харин төхөөрөмжийн үнэ, төлөгдсөн төлбөрийн хэмжээ болон төхөөрөмж доголдолтойн улмаас засуулах зорилгоор хариуцагч нэхэмжлэгчид буцаан өгсөн эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болжээ.

 Төхөөрөмжийн үнийг 4.800.000 төгрөгөөр тохирсон гэх тайлбараа хариуцагч нотлоогүйгээс бичгийн гэрээнд зааснаар үнийг 6.200.000 төгрөг гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Анхан шатны шүүх, төхөөрөмжийн үнэд нийт 2.250.000 төгрөг төлсөн гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх 2.750.000 төгрөг төлөгдсөн гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 Хариуцагч төхөөрөмжийн үнэд нийт 3.500.000 төгрөг төлсөн, эд зүйл доголдолтой байсан, доголдлыг арилгуулахаар нэхэмжлэгчид буцаан өгсөн гэх тайлбараа нотлоогүй байна. Иймд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагчаас 3.950.000 төгрөгийг гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа, хариуцагч татгалзлаа тус тус нотлох хуулийн зохицуулалтад нийцжээ.

 2. Нэхэмжлэгч гэрээний 7.3 дах заалтыг үндэслэж хариуцагчаас алдангид 550.000 төгрөг шаарджээ.

 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан зохицуулалтаас үзвэл, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд энэ талаар талууд тохирч гэрээг бичгээр байгуулсан бол алданги шаардах эрх үүснэ.

 Гэрээний 7.3-т худалдан авагч нь энэхүү гэрээний 3.3.2-т заасан төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд худалдагчид төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хүү төлнө гэжээ.

 Шүүх гэрээний дээрх заалт нь хуульд заасан алдангийн агуулгагүй гэж үзэн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 3. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй талаархи шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасантай нийцсэн байна.

 Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөнийг мэдсэн үеэс үүснэ. Гэрээнд зааснаар хариуцагч эд зүйлийн үнийг сар бүр хэсэгчлэн төлөх үүргийг хүлээж, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл төлсөн, гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч шүүхэд 2019 оны 03 сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь тогтоогдсон байна. Иймд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хугацаа өнгөрөөгүй гэсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 4. Анхан шатны шүүх алданги гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хууль баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх засаагүй, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа мөнгөн дүнг бичгээр бичсэнийг өөрчлөөгүй байх тул эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 147 дугаар магадлалын 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2019/00959 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш.Эрдэнэцэцэгээс 3.450.000 /гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эгшиглэнт солонго ХХК-д олгож,  1.050.000  /нэг сая тавин мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дах заалтад 78.150 төгрөг гэснийг 70.150 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагч Ш.Эрдэнэцэцэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.СОНИНБАЯР

                                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

                                                                 ШҮҮГЧИД                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                                          Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                           Д.ЦОЛМОН