Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0486

 

Г.У-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, өмгөөлөгч Ц.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0455 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.У-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0455 дугаар шийдвэрээр: Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 20, 31 дүгээр зүйлийн 31.1.4, 32 дугаар зүйлийн 32.1.3-д заасныг тус тус баримтлан Г.У-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Маргаж буй 28 м.кв газрыг Г.Унадад өмчлүүлэхээс татгалзсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Г.У нь 2016 оноос эхлэн Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсэгт заасан бүхий л баримт бичиг бүрдүүлбэрийг ханган маргаж буй 28 м.кв газрыг өмчилж авах хүсэлт өргөдөл, гомдлоо Сонгинохайрхан дүүргийн газрын алба, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Засаг даргад өгсөн байдаг. Хамгийн сүүлд Нийслэлийн газрын албаны 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08/5273 тоотоор: Зөвхөн 134 м.кв газрыг л мэдээллийн санд бүртгэх боломжтой, харин 28 м.кв газрыг эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлэх боломжгүй гэсэн хариу авсан тул шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар 28 м.кв газрыг өмчилж авах хүсэлт гаргахдаа баримт бичгийн бүрдэл дутуу, эсхүл дүрэм журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх буруу үнэлж дүгнэсэнд гомдолтой байна. Хэрэгт Авто замын газрын 5/1236 тоот албан бичиг авагдсан бөгөөд агуулга нь маргаж байгаа 28 м.кв газрыг Г.У-ийн нэр дээр мэдээллийн санд оруулж, түүнд өмчлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн. Маргаан бүхий газарт шүүхийн үзлэг хийхэд иргэн К.Г өөрийн биеэр оролцсон, тухайн үед миний газар өмчлөх эрх зөрчигдөөгүй, миний охин Г.У-т 28 м.кв газрыг өмчлүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ хэлж байсан. Уг газрыг Г.Уөмнө нь өмчилж байсан, 134 м.кв газартай хил залгаа байршилтай, Г.У-ээс өөр хүн ашиглах боломжгүй, мөн 28 м.кв газрын нөхөн олговорт авсан мөнгийг нь буцааж төлөх болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Г.У нь “Маргаж буй 28 м.кв газрыг өмчлүүлэхээс татгалзсан нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж байсан 372 м.кв газраас 238 м.кв газрыг нөхөн олговор авсны үндсэн дээр төрд буцаан өгсөн ч дээрх газраас 28 м.кв газар авто замын зурваст ороогүй тул буцаан авах хүсэлт гаргахад өмчлүүлэхээс татгалзсан нь хууль бус” гэж маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.У-ийн нөхөн олговорт авсан мөнгөө буцааж төлөөд 28 м.кв газрыг өмчлөлдөө авах тухай хүсэлтэд Нийслэлийн Газрын албаны 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08/5273 тоот албан бичгээр “...134 м.кв талбайг мэдээллийн санд бүртгэх боломжтой...” талаар хариу өгсөн байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 28 м.кв газрыг мэдээллийн санд бүртгэх боломжгүй талаар татгалзаж шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэртэй маргаж, тухайн газрыг өмчлүүлсэн захиргааны акт гаргахыг даалгах тухай шаардлага гаргасан гэж ойлгоно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчөөгүй байна. Тодруулбал,

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 422 дугаар захирамжаар Нийслэлийн авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 9, 28, 11, 8, Чингэлтэй дүүргийн 12, 7, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэл өргөтгөн шинэчлэх 4.7 км урт авто замд зориулан 23.5 га газрыг эзэмшүүлсэн байх ба үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн А/942 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.У-т авто замын трасст орсон 238 м.кв газрын хэмжээгээр нөхөн олговор олгосон үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримт болон газрыг тусгай хэрэгцээнд авсан талаар нэхэмжлэгч маргаагүй тул  шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд энэ тохиолдолд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-т зааснаар иргэний өмчийн газрын зарим хэсгийг нөхөн олговортойгоор эргүүлэн авсан гэж үзнэ.

Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 “хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр” гэж зааснаар нэхэмжлэгчийн 238 м.кв газар өмчлөх эрх нь дуусгавар болсон гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй, Нийслэлийн Газрын албаны 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08/5273 тоот албан бичгээр “...372 м.кв газраас авто замын трасст өртөж чөлөөлөгдсөн 238 м.кв газрыг хасч, үлдсэн 134 м.кв талбайг мэдээллийн санд бүртгэх боломжтой...” гэж хариу өгснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж зааснаас үзвэл хариуцагч нь тусгай хэрэгцээнд авсан газраас зохих хэсгийг буцаан олгох хуулиар хүлээсэн үүрэггүй, хэрэгт авагдсан Авто замын газрын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 5/1236 тоот албан бичиг нэхэмжлэгчид 28 м.кв газрын өмчлөх эрхийг зайлшгүй олгох эрх зүйн баримт бичиг болж чадахгүй.

Харин хариуцагч талаас нэхэмжлэгчийг өөрт үлдсэн 134 м.кв газраа кадастрын мэдээллийн санд оруулсаны дараа дахин 28 м.кв газрыг нэмж өмчлөх хүсэлтээ зохих этгээдийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр гаргах боломжтой гэж тайлбарлаж байгаа нь захиргааны байгууллагын өөрийн эрх хэмжээний асуудал бөгөөд ийнхүү шийдвэрлүүлэх боломж нэхэмжлэгчид байгаа талаар шүүхийн шийдвэрт дурдаж өгсөн нь зөв байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны  шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0455 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 20 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.4, 32 дугаар зүйлийн 32.1.3-д заасыг” гэснийг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                          

                            

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                               Э.ХАЛИУНБАЯР  

                        ШҮҮГЧ                                                               О.НОМУУЛИН