Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2019/00154

 

 

*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01067 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

*******, ******* нарын хооронд хийгдсэн хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл, уг хэлцлийг үндэслэн хийгдсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-5-14 тоот орон сууц нь *******ийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгааг тогтоож, орон сууц өмчлөх эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Э.Гэрэлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* би гэр бүлийнхээ гишүүдийн хамт 2006 оны 10 дугаар сарын 05-нд иргэн А.Лхагвацэнгэл, Д.Цэнд нараас 16 сая төгрөгөөр Баян-Өндөр сум Оюут баг 2-5-14 тоот 3 өрөө байрыг худалдаж аваад өмчлөх эрхийн 000207626 дугаартай гэрчилгээ аван өнөөдрийг хүртэл уг орон сууцандаа амьдарч байгаа билээ. 2015 оны 01 дүгээр сарын 29-нд өөрсдийн гэр бүлийн найз болох *******ийн гуйсны дагуу түүний хүсэлтээр банкны барьцаанд тавиулах гэж 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр хугацаагаар байрны өмчлөх эрхээ шилжүүлнэ гэж тохиролцсоны дагуу *******ийг орон сууцныхаа хамтран өмчлөгчөөр хүргэнээ өмчтэй болгох зорилгоор нэмэв гэсэн утгатайгаар мөн ногдох үнэ 20 сая төгрөг гэж нэрийг нь хамтран өмчлөгчөөр оруулан 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шинээр 000430408 гэсэн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан болно. Гэвч Батцэнгэл нь олон хамтран өмчлөгчтэй учраас хүссэн хэмжээгээр зээл банкнаас гаргахгүй байна гэснээр 2016 оны 04 дүгээр сарын 18-нд ******* нөхөр Ц.Отгонзаяа, хүү О.Хүрэлзэв, охин О.Номин-Эрдэнэ бид *******д итгэж өмчлөх эрхээсээ татгалзаж *******д өмчлөх эрхийн 000430373 гэсэн дугаартай гэрчилгээ авч ганцаараа 2-5-14 тоот 3 өрөө байрны хууль ёсны өмчлөгч болсон. ******* болон түүний дүү Батцоож нартай энэ бүх тохиролцоогоо 2015 оны 01 дүгээр сарын 27-нд бид бичгээр хийж гарын үсгээ зурцгаасан болно. Гэтэл ******* тохирсон ёсоороо банкнаас зээл авч барьцаанд тавилгүй өөрөө дур мэдэн биднээс ч зөвшөөрөл авалгүй манай байрны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэн 2016 оны 08 дугаар сарын 04-нд О.Ууганчимэг /ФД80050201/, 2016 оны 10 дугаар сарын 25-нд Н.Батчимэг /ФЖ78022707/ 2017 оны 03 дугаар сарын 20-нд Ц.Атарцэцэг /ФА70021101/ гэх хүмүүс манай байрны өмчлөгч болсон байдаг. Бид энэ бүх хугацаанд өөрийн байрандаа амьдарч байсан. Нэг ч хүн манай байрны өмчлөгч болсон гэж ирж надтай уулзаж байгаагүй учраас би огт мэдээгүй байж байгаад 2017 оны дундуур Ц.Атарцэцэгээс мэдсэн. Энэ бүх хэлцлийг *******ийн хүсэлтээр ******* өөрөө бүх холбоос учрыг хийсэн байдаг. ******* миний бие 2018 оны 04 дүгээр сарын 04-нд 2 хүүхдийн хамт бэлэвсэрч хоцорсон. Манай байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан н.Батчимэг гэгч нь н.Атарцэцэгээс 2-5-14 тоот 3 өрөө байрыг 65.000.000 төгрөгөнд худалдсан гэж түүнээс 65.000.000 төгрөг нэхэмжилж н.Атарцэцэг нь орон сууц худалдах худалдан авсан гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан байдаг юм. Энэ шүүх ажиллагаанд би гэрчийн хувиар орж бүх үнэн байдлаа хэлж байсан. н.Атарцэцэг, н.Батчимэг аль нь ч манай байранд амьдарч байгаагүй зөвхөн ******* болон түүний эхнэр н.Баярзол нарын мөнгөний өртэй, зээлийн харьцаатай хүмүүс байсан. ******* миний бие энэ хооронд 2018 оны 09 дүгээр сард Орхон аймаг дахь Анхан шатны шүүхэд *******ээс байрны өмчлөх эрхээ шаардаж хариуцагчаар татан нэхэмжлэл өгч байсан боловч хотод байсан учраас хотоос ирж амжилгүй шүүх хуралдаа очиж чадалгүй шүүх хурал цуцлагдаж 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04739 дугаартай захирамжаар миний нэхэмжлэлийг буцаан өгсөн болно. Миний байрны өмчлөх эрх н.Атарцэцэгт байсан учраас би н.Атарцэцэгээс өөрийн байрны өмчлөх эрхийг шаардаж 2018 оны 10 дугаар сарын 03-нд өмчлөх эрхээ н.Атарцэцэгээс шилжүүлж авсан болно. Үүний дараа өөрт мөнгөний хэрэгтэй болсон учраас байраа барьцаанд тавьж "БИД финанс" ББСБ-ээс 27 сая төгрөгний зээл авсан. Авсан зээлээ төлж чадалгүй зээлийн минь асуудал шүүхэд шилжих хэмжээнд хүрсэн учраас би 2019 оны 07 дугаар сарын 31-нд иргэн Б.Оюун-Эрдэнэд байраа зарахаар болж тохирон "БИД Финанс"-аас авсан зээл зээлийн хүү болох 31.598.464 мянган төгрөгийг Б.Оюун-Эрдэнээр төлүүлж Б.Оюун-Эрдэнэтэй байраа худалдах худалдан авах гэрээ хийж Орхон аймаг дахь улсын бүртгэлийн газар мэдүүлэгээ өгч бүртгүүлэх гэтэл бүртгэж өгөхгүй байгаа болно. Учир нь ШШГА-аас 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 00931 дугаартай шүүхийн шийдвэрээр н.Батчимэг нь гүйцэтгэх хуудас бичүүлж ШШГА нь Улсын бүртгэлиин хэлтэст бичиг хүргүүлсэн юм билээ. Өмчлөгчөөр ******* намайг гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Тийм учраас миний шаардлагын дагуу н.Атарцэцэг өмчлөх эрхийг надад шилжүүлсэн юм. ******* би хэдийгээр өөрийн өмч болох 2-5-14 тоот 3-н өрөө байрны өмчлөх эрхээ Атарцэцэгээс шилжүүлж авсан боловч одоогийн байдлаар хууль ёсоор өөрийн өмчөө захиран зарцуулж чадахгүй байгаа болно. Иймд Ө. Батцэнгэл бид хооронд хийгдсэн хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл, уг хэлцлийг үндэслэн хийгдсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож Баян-Өндөр сум, Оюут баг, 2-5-14 тоот 3 өрөө байр бодитой ******* миний эзэмшил ашиглалт, өмчлөлд байгааг тогтоож, миний орон сууц өмчлөх эрхийг хуулийн дагуу сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие ******* нь *******ээс байраа банкны зээлийн барьцаанд тавиулж надад туслахыг зөвшөөрч өгөхийг гуйж анх түүний байрны өмчлөх эрхийг хамтран өмчлөгчөөр орж дараа нь өөрөө дангаараа өмчлөгч болж /банкнаас зээл авах гэж/ байсан. Гэвч банкнаас зээлээ авч чадаагүй болно. Тухайн үед банкнаас зээл авахын тулд өмчлөгч нь мэт хэлцэл хийж байсан болохоос Оюут багийн 2-5-14 тоот байранд ******* нь нөхөр хүүхдийнхээ хамт амьдарч байсан. Бидний хооронд харилцан тохиролцсон хэлцэл нь би эргээд банкны зээлээ төлж дуусаад өмчлөх эрхийг *******д буцаан шилжүүлж өгөх байсан. Энэ хэлцэлээ бид 2017 оны 01 сарын 27 нд бичгээр хийж байгуулсан билээ. Гэвч тухайн үед банкнаас зээл бүтээгүй учраас *******д хэлэлгүй зээл авахын тулд н.Ууганчимэг, н.Батчимэг нарт өмчлөх эрхийг шилжүүлсэн юм. Мөн энэ хугацаанд *******ийн нөхөр нас барсан. Надаас байрныхаа өмчлөх эрхийг эргүүлж өгөхийг байнга шаардаж байсан. Одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох бидний дунд байгуулсан 2016 оны 03 сарын 07-ны өдрийн хэлцэл гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг гэрээнийн үндсэн дээр хийгдсэн өмчлөх эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчингүй болгуулах шаардлагуудыг би хүлээн зөвшөөрч байна. Бидний өмчлөгч гэдэг нь зөвхөн гадаад хэлбэр төдий л байсан юм. ******* нь н.Ууганчимэг, н.Батчимэг, н.Атарцэцэг гэдэг хүмүүст байрны өмчлөх эрх шилжүүлсэнийг хэлээгүй байсан. Иймд 2016 оны 03 сарын 07-ны өдрийн ******* бидний хооронд хийгдсэн хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү? Би энэ байранд хувь нэмэр нэг төгрөг ч оруулаагүй, *******ийн гэр бүлийн гишүүн ч биш юмаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01067 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******ийн *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01067 тоот шүүхийн шийдвэрийн тодорхой хэсгийг эс зөвшөөрч байна.

******* миний бие шүүхэд Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт буй 2-5-14 тоот 3 өрөө орон сууцаа ******* гэгчид түүний гуйснаар өмлөгчөөр оруулж өөрийн гэр бүлийн гишүүнийг өмчлөгчөөр хасуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг орон сууцыг ******* миний бие бодитой өөрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгааг тогтоолгохоор нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд шүүх улсын бүртгэлд ******* өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа гэдгээр хэлцэл хүчин төгөлдөр бус байх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шаардлагатай холбоотой хийсэн дүгнэлтэнд гомдол гаргаагүй. Харин уг орон сууц улсын бүртгэлд ******* миний нэрээр өмчлөгч бүртгэлтэй боловч уг орон сууцыг бодит байдал дээр ашиглаж эзэмшиж өмчилж байгааг тогтоолгох шаардлагыг хэргэсэхгүй болгосон үндэслэл нь тодорхойгүй байна. Яагаад гэвэл би өөрийн эзэмшиж, өмчилж буй хөрөнгөө худалдах эрхийг минь хязгаарлаад байгаа тул би бодитой өмчилж байгаагаа тогтоолгох шаардлагатай байна. Нэхэмжлэлдээ яагаад шүүхэд хандах болсноо тодорхой бичсэн. Н.Батчимэг гэгч нь миний орон сууцыг огт ашиглаж, эзэмшээгүй, очиж үзээгүй мөртлөө уг байрны өмчлөгч гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хандсан асуудлыг би нэхэмжлэлдээ тусгасан байгаа. ******* би 2006 оноос өнөөдрийг хүртэл 2-5-14 тоот байрандаа амьдарч байна. Иймээс эзэмшил өмчлөл бодитой байгааг тодорхойлох шаардлагатай байгаа тул би шүүхэд хандсан билээ.

Иймд шүүхийн шийдвэрт Оюут баг 2-5-14 тоот орон сууц нь *******ийн өмчлөл, эзэмшилд байгааг тогтоосон өөрчлөлтийг оруулж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь *******, ******* нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл болон уг хэлцлийг үндэслэн хийсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-5-14 тоот орон сууц нь *******ийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаа болохыг тогтоож, орон сууц өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-5-14 тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******, Ц.Отгонзаяа нар 2006 онд н.Лхагвацэнгэл, н.Цэнд нараас худалдан авч 2 хүүхдийн хамт өмчлөгч болсон, 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч *******ийн гуйлтаар түүнийг тухайн байрны хамтран өмчлөгчөөр нэмж оруулсан ба цаашид хэд хэдэн хүнийг өмчлөгчөөр бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ******* уг байрны өмчлөгчөөр бүртгэгдэж, эрхийн гэрчилгээ авсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу улсын бүртгэлийн лавлагаа, бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хүчин төгөлдөр бусд тооцуулах хэлцлүүд нь хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна.

Анхан шатны шүүх ******* нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-5-14 тоот үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөртөө шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, түүний эрх ямар байдлаар хэрхэн зөрчигдсөн талаар маргаагүй, шаардлагаа нотолсон нотлох баримт гаргаж шүүхэд ирүүлээгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч ******* нь Давж заалдах шатны шүүхэд тухайн байрыг өөрийнхөө эзэмшил, ашиглалтанд байгааг тогтоолгохор гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-5-14 тоот 3 өрөө орон сууц нь нэхэмжлэгч *******ийн өмч болох нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 000639648 дугаарын гэрчилгээгээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах эрхтэй.

Нэхэмжлэгч ******* тухайн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрх нь хуулинд зааснаар нээлттэй байгаа тул тухайн орон сууцыг одоо эзэмшиж ашиглаж байгаагаа тогтоолгохоор шаардах нь үндэслэлгүй байна.

Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгчийн өмчлөх, эзэмших, ашиглах эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Хуульд заасан эдгээр үндэслэлүүд нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд нийцээгүй, өмчлөгчийн эрх зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ/2019/01067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ