Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 157

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2019/00157

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн

шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар

нээлттэй хорих ангид холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/01176 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

Дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нармандах, Б.Эрдэнэболд, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь Орхон аймгийн Төрийн банкинд 120.000.000 төгрөгийн төлбөр төлөхөөр Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэгдсэн байдаг бөгөөд шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэнээр төлбөр төлөгч болдог. Төлбөр төлөгчийн 6 автомашины зогсоол, орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. ******* нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр н.Ганбатыг сонгон авч итгэмжлэл хийлгэн шийдвэр гүйцэтгэгч Э.Нармандахад хүргүүлсэн. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ганбат нь төлбөр төлөх саналыг 2018 оны 11 дүгээр сард шийдвэр гүйцэтгэгч Э.Нармандахад өгсөн. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 17 цаг 37 минутад итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ганбатад утсаар миний битүүмжлэгдсэн 6 авто зогсоолын хоёрдахь дуудлага худалдаа явагдаж нэг зогсоолыг зарсан гэж мэдэгджээ. Шийдвэр гүйцэтгэгч Э.Нармандах хоёр удаагийн дуудлага худалдаа явуулсан гэх боловч энэ тухай дуудлага худалдаа явуулах шийдвэрээ төлбөр төлөгч надад болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид огт танилцуулаагүй төлбөр төлөгч дуудлага худалдаанд оролцох хяналт тавих эрхийг хангаагүй гагцхүү төлбөр төлөгч гэсэн үүднээс хүний өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж хувийн ашиг сонирхлын байр сууринаас хандсан гэж үзэж байна. Иймд Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэгч Э.Нармандахын зохион байгуулсан төлбөр төлөгч ******* миний үл хөдлөх хөрөнгө 6 автомашины зогсоолын хууль бус дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү? гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих анги шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 284 дүгээр шийдвэрээр *******аас 122.671.365 төгрөг гаргуулж Төрийн банкны Орхон салбарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгч *******ын арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжилж эд хөрөнгийн талаар холбогдох байгууллагаас лавлагаа авахад Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24а тоот авто гражийн 17, 18, 21, 22, 23, 46 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө илэрсэн. Төлбөр төлөгч *******ын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24а тоот авто гражийн 17, 18, 21, 22, 23, 46 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хураах ажиллагаа явуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авч талуудын харилцан тохиролцсон үнэ болох нэг зогсоолыг 20.000.000 төгрөг, нийт 120.000.000 төгрөгийн 70% буюу 84.000.000 төгрөгөөр 2016 оны 12 дугаар сарын 23-нд анхны, 50% буюу 60.000.000 төгрөгөөр 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 164 дүгээр шийдвэрээр анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус газраас албадан дуудлага худалдааг дахин явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор Итгэлт Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэхэд нэг зогсоолыг 22.000.000 төгрөгөөр, 6 зогсоолыг нийт 132.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулсан болно. Төлбөр төлөгч шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний үүсгэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00957 дугаар шйидвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/06 дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24а тоот авто гражийн 17, 18, 21, 22, 23, 46 тоотод байрлах нэг бүр нь 18 м.кв, нийт 108 м.кв талбай бүхий 6 ширхэг авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнэлгээний 70% болох зогсоол нэг бүрийг 15.400.000 нийт 92.400.000 төгрөгөөр 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт зохион байгуулагдах дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Албадан дуудлага худалдааны тогтоолыг мэдэгдлийн хамт төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбатын Төв шуудангийн 1872 хайрцагаар хүргүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11.28 цагт шуудангийн ажилтанд хүлээлгэн өгсөн, төлбөр төлөгч *******тай дуудлага худалдааны тогтоол гардуулж өгөх хэрэгтэй байна гэж утсаар ярихад би хотод байдаг гээд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо 4-28 тоот хаягаар явуулж болно гэсний дагуу шуудангаар явуулсан боловч хаягтаа байдаггүй, утсаар нь холбогдоод ирж авна гэсэн боловч аваагүй хадгалалтын хугацаа дууссан гэсэн тайлбартайгаар шуудангаас буцаж ирсэн. Төлбөр төлөгч М.Мэндбаяр болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын утас руу удаа дараа залгахад утсаа авахгүй, холбогдохгүй байсан. Анхны албадан дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлээгүй, үнийн санал ирүүлээгүй болно. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 01/01 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнийн 50% буюу зогсоол нэг бүрийг 11.000.000 нийт 66.000.000 төгрөгөөр 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулагдах албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Албадан дуудлага худалдааны тогтоолыг мэдэгдлийн хамт төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаттай утсаар ярьсны дагуу гэрийн хаяг болох /өөрийнх нь хэлж өгснөөр/ Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо нарны зам үйлдвэрчин хотхон 61-259 тоот хаягаар шуудангаар хүргүүлсэн боловч өөрөө гэртээ байсан мөртлөө гарч ирж авахаас татгалзсан, хаалгаа онгойлгоогүй гэсэн тайлбартайгаар буцаж ирсэн. Шуудангаас ирэнгүүт Н.Ганбат өмгөөлөгчийн утасруу удаа дараа залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тус газраас зохион байгуулсан хоёр дахь дуудлага худалдаагаар 22 тоот зогсоол 12.000.000 төгрөгөөр худалдан борлуулагдаж бусад 5 зогсоолд үнийн санал ирүүлээгүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу талуудад шуудангаар албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг хүргүүлсэн болно. Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбат болон төлбөр төлөгчид баталгаат шуудангаар болон утсаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах талаар мэдэгдсэн бөгөөд өөрөө шуудангаар хүргүүлсэн тогтоол, мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад саад болохгүй болно. Иймд төлбөр төлөгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/01176 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 66.3-т заасныг баримтлан хариуцагч Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох төлбөр төлөгч *******ын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019544, Ү-210019540 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-р байрны ард байрлах А-17, 18, 21, 22, 23, 46 тоотод байрлах нэг бүр нь 18 м2, нийт 108 м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах 2018 оны 12 сарын 21, 2019 оны 01 сарын 22-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-24а тоот авто гражийн 17, 18, 21, 22, 23, 46 тоот үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хураан авах ажиллагаа явуулсан. Итгэлт эстимэйт ХХК шинжээчээр томилогдон үнэлгээ тогтоохдоо нэг зогсоолыг 22.000.000 төгрөгөөр нийт 6 зогсоолыг нийт 132.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/06 дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор 6 зогсоолыг нийт үнэлгээний 70% буюу нэг бүрийн үнийг 15.400.000 төгрөг, нийт 92.400.000 төгрөгөөр 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Энэ тухай мэдэгдлийг *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбат нарт хүргүүлэхээр явуулсан гэх боловч хүргэгдсэн баримт байхгүй. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлээгүй шалтгаанаар худалдаа явагдаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 01/01 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор шинжээчийн тогтоосон үнийн 50% буюу зогсоол нэг бүрийг 11.000.000 төгрөг, нийт 66.000.000 төгрөгөөр 2019 оны 01 дүгээр сарын 22-ны 10 цагт зохион байгуулагдах албадан дуудлага худалдаанд худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Энэ тухай мэдэгдлийг явуулсан гэх боловч хүргэгдээгүй байдаг. Ингээд дуудлага худалдааг зохион байгуулж 22 дугаар зогсоолыг 12.000.000 төгрөгөөр худалдсан. Энэ ажиллагаа хууль зөрчсөн үйл ажиллагаатайн дээр хувийн сонирхлоор зохион байгуулагч нар хандсан. Иймээс ******* хууль бус дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие энэ хэргийн талаар зайлшгүй хийгдэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бие муу, нүд эрээлжилж толгой өвдөн, хүзүү хөшиж, олон хоног үргэлжилсэн өвчин ажил хийх чадваргүй байсны улмаас өрхийн эмчдээ үзүүлэхэд дээд даралт 190 хүрсэн байсан тул тариа хийж хэвтүүлэн цаашид яаралтай эмнэлэгт хэвтэх бичиг хийж өгснийг баримт болгож, мөн ажлаас 7 хоногийн чөлөөлсөн акт олгосныг анхан шатны шүүхэд баримтаар хүргүүлж, шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсэхэд шүүх миний хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.-т заасныг зөрчсөн байна. Миний бие шүүх хуралдаанд оролцохгүй, эзгүйд минь шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт гаргаагүй. Энэ байдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ашиглаж, шүүх байгууллагад дарамт учруулан хэргийг шийдвэрлүүлсэн гэж үзэж байна. Хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангахгүй эзгүйд нь хурлыг явуулж ардчилсан зарчмыг алдагдуулсан оролцогчийн нэг талд үйлчилсэн, нэг талыг барьж шийдвэрлэсэн нь харагдаж байна. Шүүх хуралдаанд гэрч Х.Мягмарыг оролцуулж байгаа ч асуулт тавих боломж олгоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2.-т заасныг зөрчиж байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна. Мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасныг зөрчсөн байх тул анхан үатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан төлбөр төлөгч *******ын төлбөрт хураагдсан Орхон аймгийн, Баян-Өндөр сумын, Уртбулаг багийн 5-24 дугаар байрны ард байрлах тус бүр нь 18 м2 нийт 108 м2 талбай бүхий 6 тооны авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/06 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/01 дугаартай 2 дахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу явагдсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Төрийн банкны нэхэмжлэлээр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 284 дугаар тогтоолоор *******аас 122.286.673 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба энэ шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгджээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулахаар тогтоол гаргаж төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийн лавлагаа авах, хөрөнгийг хураах, битүүмжлэх зэрэг хуульд заасан ажиллагаануудыг хийсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан оролцож чадахгүй болсноо мэдэгдэж холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн байхад /эмнэлгийн магадлагаа, эмнэлэгт хэвтэх бичиг хх-104-106 дахь тал/ хэд хоногийн хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь тодорхой бус, 30 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацаа дууссан гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэрэг маргааны талаар тайлбар гаргах, мэтгэлцэх зэрэг хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй /хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлосон нотлох баримтаа ирүүлсэн байхад/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул хэргийн шийдвэрлэлтийн талаар дүгнэлт хийх боломжгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15ы өдрийн 142/ШШ/2019/01176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшингийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянаён шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

С.УРАНЧИМЭГ