Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 162

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2019/00162

 

Х.Чулуун-Эрдэний нэхэмжлэлтэй,

хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн

шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй

хорих ангид холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01191 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Чулуун-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Болормаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Энхбаяр, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний бие 2015 оны 06 дугаар сарын 20-нд Булган аймгийн Хангал сумын нутагт авто осол гаргаж Булган аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгэгдсэн юм. Энэ хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон бөгөөд бүх хохирлыг төлсөн тул надад тэнсэн харгалзах ял өгсөн. Харин тэжээгчээ алдсаны тэтгэмж талийгаачийн авч байсан цалингийн зөрүүг шүүх шийдвэрлэлгүй орхисон. Тэгээд дараа нь талийгаачийн эхнэр Б.Болормаа өөрийн оршин суудаг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд цалин, тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч надаас сар бүр 113.500 төгрөг гаргуулж талийгаачийн насанд хүрээгүй 3 хүүхдэд сар бүр олгуулж байхаар 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101\ШШ2016\0447 дугаар шийдвэр гарсан. Уг нь тооцоод үзэхэд 94.000 төгрөг байхаар байсан ч би ямар нэг гомдол гаргаагүй. Тэгтэл Б.Болормаа Нийслэлийн иргэний хэргийн шүүхэд хүүхэд бүрт 113.500 төгрөг олгуулахаар шийдэж өгөөч гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1700 дугаартай магадлалаар гомдлыг нь хэрэгсэхгүй болгосон. Энэ магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгч Б.Болормаа нь гомдол гаргаагүй тул одоо шийдвэр магадлал хүчин төгөлдөр болсон. Тэгээд Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ичинхорлоогийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181\Ш32016\07307 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 181\ГХ2016\00646 дугаартай гүйцэтгэх хуудсыг бичиж ирүүлсэн байсан. Би эрүүгийн хэрэг шийдэгдсэнээс хойшхи хугацааны цалин тэтгэмжийн зөрүү 783.200 төгрөгийг нөхөн төлөөд төлбөр авагч Б.Болормаа нь нэг хүүхдэд 113.500 төгрөг гэж тооцсон гээд маргаан үүсгэсэн тул шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь хэргийг шийдсэн шүүхээр шийдвэрийг тайлбарлуулна гэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт явуулсан. Хүсэлтийн хариуг хэргийг шийдсэн шүүгч биш тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар гэдэг хүн шүүхийн дээрхи шийдвэрийг тайлбарлахдаа нэг хүүхдэд 113.500 төгрөг гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуул гэсэн хариуг албан бичгээр ирүүлсэн гэдэг. Тэгэхдээ би энэ бичгийг өөрийн нүдээр эхээр нь үзээгүй. Энэ шүүгч Б.Болормаагийн нэхэмжлэлтэй надад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхэд оролцоогүй тул шийдвэрийг тайлбарлах эрхгүй юм билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд шүүхийн шийдвэрийг уг асуудлыг шийдвэрлэсэн шүүгч нар л нэг удаа амаар тайлбарлаж болох тухай заалтыг зөрчиж шүүхийн шийдвэрийг зориуд буруу тайлбарлаж ирүүлснээс болж би өнөөдрийг хүртэл сар бүр 340.500 төгрөг төлж ирлээ. Энэ нэхэмжлэл шүүхээр хянан хэлэлцэгдээд явж байх үед шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар гэдэг хүн миний цалингаас 340.500 төгрөг суутгаж байснаа зогсоож 113.500 төгрөг суутгаж эхэлсэн. Өмнө нь илүү суутгасан мөнгөө 2019 оны 8 сар хүртэлх тэтгэвэрт тооцохоор тохиролцсон юм. Гэтэл одоо н.Сэржмядаг гэдэг шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 12 дугаар сараас эхлээд гэнэт 340.500 төгрөг цалингаас суутгах мэдэгдлийг миний хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг Эрдэнэт үйлдвэр ХХК -д хүргүүлсэн байсан. Энэ тухай надад огт мэдэгдээгүй эхэлсэн тул би ахлах шийдвэр гүйцэтгэгчид нь 2018 оны 12 дугаар сарын 11-нд гомдол гаргасан юм. Миний энэ гомдлыг шийдвэр гүйцэтгэгч н.Сэржмядагт ахлах шийдвэр гүйцэтгэгч шилжүүлэн өгсөн гэдэг боловч тэрээр аваагүй гээд бөөн маргаан болж байж би уг өргөдлөө 2019 оны 01 дүгээр сарын 23-нд дахин өгсөн. Энэ гомдлын хариуг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр өгсөн бөгөөд түүнд миний цалингаас суутгал хийх тухай 17140012\07 дугаартай тогтоолыг хууль зөрчсөн байх тул хүчингүй болгосон гэсэн байсан. Ингээд энэ асуудал дуусчээ гээд бодоод явж байтал 2 дугаар сарын цалингаас дахиад л 340.500 төгрөг суутгасан тул би дахиад л ахлах гүйцэтгэгч Б.Эрдэнэболд гэдэг хүнд гомдол гаргасан боловч ямар ч хариу өгөөгүй. Тэгээд арга буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх Ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч н.Намсамдан гэдэг хүнд хандаж миний өмгөөлөгч Д.Оюунчимэг гомдол гаргасан. Энэ ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хариу ирүүлэхдээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Баатар нь нэг хүүхдэд 113.500 гэж тооцож төлбөр гаргуул гэж шүүхийн шийдвэрийг тайлбарлаж ирүүлсэн тул шийдвэр гүйцэтгэгч н.Сэржмядаг хууль зөрчөөгүй байна гэсэн хариуг 2019 оны 03 дугаар сарын 25 нд ирүүлсэн байсан. Ингээд би Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч Б.Баатар гэдэг хүнд хандаж албан захидал явуулсан. Та хэрэг маргааныг шийдэхэд оролцоогүй мөртлөө шүүхийн шийдвэрийг 1 хүүхдэд 113.500 төгрөг гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуул гэснээс болоод танай шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх бичиг баримтанд надаар төлүүлэхээр заасан 113.500 төгрөгийг 3 дахин өсгөж төлүүлж намайг хохироож байна.Та хууль зөрчсөн энэ асуудлаа залруулсан албан бичгийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд явуулж өгнө үү гэсэн утга агуулгатай захидлыг \бүр гарт нь гээд\ шүүхийн хаягаар нь явуулсан. Одоо хүртэл ямар нэг хариу ирүүлээгүй байна. Би өөрийн биеэр уулзах гэж очсон боловч хүлээж аваагүй. Уг нь би энэ Б.Баатар гэдэг хүн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн талаар өмнөх албан бичгээ залруулсан бичиг явуулчихвал шүүхийн шийдвэр хуулийн дагуу биелэгдэх юм гэж бодсон юм. Гэвч энэ хүн алдаагаа залруулахгүй байгаа тул би шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан. Одоо би шүүхэд хандаж энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна. Миний гомдол гаргаж байгаа үндэслэл бол Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.1.4, 14 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 20.1.5, 44 дүгээр зүйлийн 44.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.Сэржмядаг зөрчсөн тул миний цалингаас 340.500 төгрөг суутгаж байгаа шийдвэр гүйцэтгэх арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичигт заасны дагуу 2016 оны 08 сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарыг дуустал 36 сарын турш нийтдээ 4.086.000 төгрөг төлөх ёстой байтал \113.500 х 36 сар = 4.086.000 төгрөг\ 6.973.090 төгрөг хууль бусаар суутгаж авсан байдаг. Өөрөөр хэлбэл 2.887.090 төгрөг хууль зөрчиж цалингаас суутгаж авсан байна. Үүн дээр би бэлнээр 5 сарын мөнгө гэж 567.500 төгрөг төлсөн тул миний нийт төлсөн мөнгө 7.540.590 төгрөг болж байна. Илүү төлсөн мөнгө нь 3.454.590 төгрөг байна. Тийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичигт зааснаас илүү суутгаж авсан 3.454.590 төгрөгийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж ******* надад олгож өгнө үү гэж нэхэмжлэлийн өмнөх шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих анги шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.Чулуун-Эрдэний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/0447 дугаар шийдвэрээр *******эс тэтгэвэр тэтгэмжийн зөрүү болох 783.200 төгрөг нөхөж гаргуулж, Б.Долгор, Б.Ганбаатар, Б.Дэлгэр нарт цалин тэтгэмжийн зөрүү 113.500 төгрөгийг сар бүр гаргуулж Б.Болормаад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхлэхээс өмнө шийдвэрийг яаж хэрэгжүүлэх талаар тухайн шийдвэр гаргасан шүүхээр тайлбарлуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 505 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичгээр 113.000 төгрөгийг хүүхэд тус бүр гэж ойлгоно гэж тайлбарласан байдаг. Төлбөр төлөгч ******* нь 2017 оны 06 дугаар сарын 13-нд энэ нэхэмжлэлийн талаар сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 15 өдрийн 142/шш2017/00915 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны 171 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Төлбөр төлөгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2018 оны 02 дугаар сарын 20-ны 142/шш2018/00182 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, *******эс 340.500 төгрөг гаргуулж Б.Болормаад олгохыг даалгаж шийдвэрлэсэн. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 001/хт2018/01430 дугаар тогтоолоор Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20 ны өдрийн 142/442018/00182 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ******* нь шүүхээр хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад санаатайгаар дахин дахин нэхэмжлэл гаргаж байгаа тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01191 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шйидвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зйүлийн 11.1, 143 дугаар зүйлийн 143.3-т заасныг баримтлан Х.Чулуун-Эрдэний нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох цалингаас 340 500 төгрөг суутгаж байгаа шийдвэр гүйцэтгэх арга хэмжээг хүчингүй болгуулах гомдол, цалин хөлснөөс илүү суутгасан 3.454.590 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142\ШШ2019\01191 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Х.Чулуун-Эрдэний нэхэмжлэлтэй Орхон аймгийншүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн. Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийг баримталж шийдвэрлэсэн нь буруу. Нэхэмжлэгч ******* нь Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч М.Сэржмядагийн үйл ажиллагаанд гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэгч М.Сэржмядаг нь 2018 оны 12 сараас эхлэн Х.Чулуун-Эрдэний цалингаас шууд 340.500 төгрөг суутгаж эхэлсэн тул түүний энэ үйл ажиллагаанд гомдол гаргасан тул 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан хуулийг баримтлах ёстой. Тийм учраас хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч төлбөр авагч нар шүүхийн шийдвэр магадлалыг өөр өөрөөр тайлбарлаж маргаан үүсгэсэн гэжээ. Төлбөр төлөгч төлбөр авагч нар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өөдрийн 101\ШШ2016\0447 шийдвэрт заасан мөнгөний талаар огт маргаан үүсгээгүй. Ийм баримт шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байхгүй. Харин ч шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь хуульч хүнийхээ хувьд шүүхийн шйидвэрийг уншиж үзэхэд тогтоох хэсэгтэйгээ зөрчилдөж байсан болохоор нь шүүхээр тайлбарлуулсан юм гэдэг тайлбарыг шүүхэд өгдөг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах үндэслэл нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичиг бөгөөд уг бичиг баримтад заасан мөнгийг л төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид өгөх ёстой. Дээр дурьдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101\ШШ2016\0447 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт ******* 113.500 төгрөг гаргуулах тухай мөн дүүргийн шүүгч Б.Ичинхорлоогийн гаргасан 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 181\Ш32016\07307 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 181\ГХ2016\00646 дугаартай гүйцэтгэх хуудсанд төлбөрийн хэмжээг 113.500 төгрөг гэж бичсэн байдаг.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэг тогтоох хэсэг хоёр хоорондоо огт зөрүүгүй. Шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь заалт нь талийгаачид өөрт нь болон гэр бүлийн хөдөлмөрийн чадвартай гишүүнд оногдох хэсгийг хасаад үлдэх хэсгээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасаж тооцно гэсэн заалтыг баримталсан байгаагаас харахад л тогтоох хэсэгт 113.500 гэж заасан нь ойлгомжтой байдаг. Нийслэлийн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор авч хэлэлцээд шийдвэрийг хэвээр үлдээсэн байгааг шүүх анхаарсангүй. Анх шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмарын явуулж байсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаж шүүхэээр хэлэлцэх явцад төлбөр төлөгч Х.Чулуун-Эрдэний хүсэлтээр 340.000 төгрөг суутгаж байсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон байдаг. Өмнө нь илүү суутгасан мөнгийг 2019 оны 8 дугаар сар хүртэл төлбөр төлөгдсөн гэж үзсэн байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Сэржмядаг нь гэнэт 2018 оны 12 сараас 340.500 төгрөгийг\ үндэслэлгүйгээр суутгаж эхэлсэн байдаг. Төлбөр авагч Болормаа ч үүнийг ойлгож гомдол гаргаагүй явсан байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д шүүхийн ерөнхий шүүгч бусад шүүгчийн шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийг тайлбарлаж болох тухай заалт байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн шүүгч Б.Дэлгэрцэцэг энэ талаар дүгнэлт хийгээгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатарын албан бичгийг зөв гэж үзсэн нь буруу юм. Иймд хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан заалт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан өр төлбөрт тооцож цалингаас 340.500 төгрөг суутгаж байгаа шийдвэр гүйцэтгэх арга хэмжээг хүчингүй болгуулах, цалин хөлснөөс илүү суутгасан 3.454.590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/шш2016/0447 дугаар шийдвэрээр *******эс тэтгэвэр тэтгэмжийн зөрүү болох 783.200 төгрөг нөхөж гаргуулж, Б.Долгор, Б.Ганбаатар, Б.Дэлгэр нарт цалин тэтгэмжийн зөрүү 113.500 төгрөгийг сар бүр гаргуулж Б.Болормаад олгохоор шийдвэрлэсэн гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Шүүх нэхэмжлэгч Х.Чулуун-Эрдэний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч ******* төлбөр авагч Б.Болормаад тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 113.500 төгрөгийг сар бүр төлөхөөр шийдвэрлэсэн нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101\ШШ2016\00447 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт ... цалин тэтгэмжийн зөрүү болох 113.500 төгрөгийг сар бүр гаргуулж 18 нас хүртэл олгохыг хангаж... , тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181\Ш32016\07307 дугаартай захирамжаар төлбөрийн хэмжээг сар бүр 113.500 төгрөгөөр тооцож албадан гүйцэтгүүлэх тухай 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181\ГХ2016\00646 дугаартай гүйцэтгэх хуудас, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № 1700 дугаар магадлалын Хяналтын хэсэгт ... Анхан шатны шүүх талийгаач Г.Балжиннямын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн гурван сарын дундаж 570.520 төгрөгөөр сарын цалин хөлс тооцож, тэмжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 113.500 төгрөг гэж тооцож насанд хүрээгүй 3 хүүхдэд 18 нас хүртэл олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, хүүхэд тус бүрт ногдох тэтгэмжийн хэмжээ адил, гэр бүлийн гишүүн насанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай болсон тохиолдолд үлдэх гишүүдэд ногдох хэсэг тэнцүү хэмжээгээр нэмэгдэх тул хүн тус бүрээр заан тэтгэмжийг тодорхойлоогүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй болно гэж тодорхой зааж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.Болормаагийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгчээс сар бүр 113.500 төгрөг суутгаж төлбөр авагчид шилжүүлж байхаар байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж заасны дагуу нэхэмжлэгч *******эс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрийг 3 хүүхдэд сар бүр 113.500 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, шүүхийн шийдвэр, магадлал ямар нэг хэмжээгээр ойлгомжгүй, тодорхой бус бичигдээгүй байхад шийдвэр гүйцэтгэгч шийдвэрийг дахин тайлбарлуулж улмаар Цалин, хөлс бусад орлогоос суутгал хийх тухай 2018 оны шийдвэр гүйцэтгэлийн 12 дугаар сарын 03-ны өдрийн 17140012/7, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17140012/08 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Х.Чуруун-Эрдэний цалин хөлснөөс сар бүр 340.500 төгрөг суутгаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан нь буруу байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* цалин хөлснөөс сар бүр 340.500 төгрөг суутгаж байгаа талаар удаа дараа гомдол гаргаж байсан ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 001/хт2018/01430 дугаар тогтоолоор ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэр гүйцэтгэгчийн Цалин, хөлс бусад орлогоос суутгал хийх тухай 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17140012/7, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17140012/08 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн цалин хөлснөөс илүү суутгасан хугацааг 2018 оны 11 дүгээр сараас эхлэн тооцжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан Анхан шатны шүүх Х.Чулуун-Эрдэний нэхэмжлэлтэй Орхон аймгийншүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн. 2018 оны 12 сараас эхлэн Х.Чулуун-Эрдэний цалингаас шууд 340.500 төгрөг суутгаж эхэлснийг зөвшөөрөхгүй тухай давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагч тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас илүү суутгасан 2.270.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.184.590 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17ы өдрийн 142/ШШ/2019/01191 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ... Шүүхийн шйидвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 143 дугаар зүйлийн 143.3-т заасныг баримтлан Х.Чулуун-Эрдэний нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох цалингаас 340.500 төгрөг суутгаж байгаа шийдвэр гүйцэтгэх арга хэмжээг хүчингүй болгуулах гомдол, цалин хөлснөөс илүү суутгасан 3.454.590 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ... гэснийг ...Шүүхийн шйидвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 143 дугаар зүйлийн 143.3-т заасныг баримтлан Х.Чулуун-Эрдэний нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох цалингаас 340.500 төгрөг суутгаж байгаа шийдвэр гүйцэтгэх арга хэмжээг Цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17140012/007, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17140012/08 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, цалин хөлснөөс илүү суутгасан 2.270.000 төгрөгийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.184.590 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ