Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/00632

 

Х.Чий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01191 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 162 дугаар магадлалтай,

Х.Чий нэхэмжлэлтэй

Орхон аймаг дахь ШШГГ-437-р НХангид холбогдох

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Чэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Чэ миний бие 2015 оны 06 дугаар сарын 20-нд Булган аймгийн Хангал сумын нутагт авто осол гаргаж Булган аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгэгдсэн юм. Энэ хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон бөгөөд бүх хохирлыг төлсөн тул надад тэнсэн харгалзах ял өгсөн. Харин тэжээгчээ алдсаны тэтгэмж талийгаачийн авч байсан цалингийн зөрүүг шүүх шийдвэрлэлгүй орхисон. Тэгээд дараа нь талийгаачийн эхнэр Б.Б өөрийн оршин суудаг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд цалин, тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч надаас сар бүр 113.500 төгрөг гаргуулж талийгаачийн насанд хүрээгүй 3 хүүхдэд сар бүр олгуулж байхаар 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101\ШШ2016\0447 дугаар шийдвэр гарсан. Уг нь тооцоод үзэхэд 94.000 төгрөг байхаар байсан ч би ямар нэг гомдол гаргаагүй. Тэгтэл Б.Б Нийслэлийн иргэний хэргийн шүүхэд хүүхэд бүрт 113.500 төгрөг олгуулахаар шийдэж өгөөч гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1700 дугаартай магадлалаар гомдлыг нь хэрэгсэхгүй болгосон. Энэ магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгч Б.Б нь гомдол гаргаагүй тул одоо шийдвэр магадлал хүчин төгөлдөр болсон. Тэгээд Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ичинхорлоогийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181\Ш32016\07307 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 181\ГХ2016\00646 дугаартай гүйцэтгэх хуудсыг бичиж ирүүлсэн байсан. Би эрүүгийн хэрэг шийдэгдсэнээс хойшхи хугацааны цалин тэтгэмжийн зөрүү 783.200 төгрөгийг нөхөн төлөөд төлбөр авагч Б.Б нь нэг хүүхдэд 113.500 төгрөг гэж тооцсон гээд маргаан үүсгэсэн тул шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь хэргийг шийдсэн шүүхээр шийдвэрийг тайлбарлуулна гэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт явуулсан. Хүсэлтийн хариуг хэргийг шийдсэн шүүгч биш тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар гэдэг хүн шүүхийн дээрхи шийдвэрийг тайлбарлахдаа нэг хүүхдэд 113.500 төгрөг гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуул гэсэн хариуг албан бичгээр ирүүлсэн гэдэг. Тэгэхдээ би энэ бичгийг өөрийн нүдээр эхээр нь үзээгүй. Энэ шүүгч Б.Бгийн нэхэмжлэлтэй надад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхэд оролцоогүй тул шийдвэрийг тайлбарлах эрхгүй юм билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд шүүхийн шийдвэрийг уг асуудлыг шийдвэрлэсэн шүүгч нар л нэг удаа амаар тайлбарлаж болох тухай заалтыг зөрчиж шүүхийн шийдвэрийг зориуд буруу тайлбарлаж ирүүлснээс болж би өнөөдрийг хүртэл сар бүр 340.500 төгрөг төлж ирлээ. Энэ нэхэмжлэл шүүхээр хянан хэлэлцэгдээд явж байх үед шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар гэдэг хүн миний цалингаас 340.500 төгрөг суутгаж байснаа зогсоож 113.500 төгрөг суутгаж эхэлсэн. Өмнө нь илүү суутгасан мөнгөө 2019 оны 8 сар хүртэлх тэтгэвэрт тооцохоор тохиролцсон юм. Гэтэл одоо н.Сэржмядаг гэдэг шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 12 дугаар сараас эхлээд гэнэт 340.500 төгрөг цалингаас суутгах мэдэгдлийг миний хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг Эрдэнэт үйлдвэр ХХК -д хүргүүлсэн байсан. Энэ тухай надад огт мэдэгдээгүй эхэлсэн тул би ахлах шийдвэр гүйцэтгэгчид нь 2018 оны 12 дугаар сарын 11-нд гомдол гаргасан юм. Миний энэ гомдлыг шийдвэр гүйцэтгэгч н.Сэржмядагт ахлах шийдвэр гүйцэтгэгч шилжүүлэн өгсөн гэдэг боловч тэрээр аваагүй гээд бөөн маргаан болж байж би уг өргөдлөө 2019 оны 01 дүгээр сарын 23-нд дахин өгсөн. Энэ гомдлын хариуг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр өгсөн бөгөөд түүнд миний цалингаас суутгал хийх тухай 17140012\07 дугаартай тогтоолыг хууль зөрчсөн байх тул хүчингүй болгосон гэсэн байсан. Ингээд энэ асуудал дуусчээ гээд бодоод явж байтал 2 дугаар сарын цалингаас дахиад л 340.500 төгрөг суутгасан тул би дахиад л ахлах гүйцэтгэгч Б.Эрдэнэболд гэдэг хүнд гомдол гаргасан боловч ямар ч хариу өгөөгүй. Тэгээд арга буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх Ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч н.Намсамдан гэдэг хүнд хандаж миний өмгөөлөгч Д.Оюунчимэг гомдол гаргасан. Энэ ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хариу ирүүлэхдээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Баатар нь нэг хүүхдэд 113.500 гэж тооцож төлбөр гаргуул гэж шүүхийн шийдвэрийг тайлбарлаж ирүүлсэн тул шийдвэр гүйцэтгэгч н.Сэржмядаг хууль зөрчөөгүй байна гэсэн хариуг 2019 оны 03 дугаар сарын 25 нд ирүүлсэн байсан. Ингээд би Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч Б.Баатар гэдэг хүнд хандаж албан захидал явуулсан. Та хэрэг маргааныг шийдэхэд оролцоогүй мөртлөө шүүхийн шийдвэрийг 1 хүүхдэд 113.500 төгрөг гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуул гэснээс болоод танай шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх бичиг баримтанд надаар төлүүлэхээр заасан 113.500 төгрөгийг 3 дахин өсгөж төлүүлж намайг хохироож байна.Та хууль зөрчсөн энэ асуудлаа залруулсан албан бичгийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд явуулж өгнө үү гэсэн утга агуулгатай захидлыг \бүр гарт нь гээд\ шүүхийн хаягаар нь явуулсан. Одоо хүртэл ямар нэг хариу ирүүлээгүй байна. Би өөрийн биеэр уулзах гэж очсон боловч хүлээж аваагүй. Уг нь би энэ Б.Баатар гэдэг хүн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн талаар өмнөх албан бичгээ залруулсан бичиг явуулчихвал шүүхийн шийдвэр хуулийн дагуу биелэгдэх юм гэж бодсон юм. Гэвч энэ хүн алдаагаа залруулахгүй байгаа тул би шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан. Одоо би шүүхэд хандаж энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна. Миний гомдол гаргаж байгаа үндэслэл бол Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.1.4, 14 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 20.1.5, 44 дүгээр зүйлийн 44.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.Сэржмядаг зөрчсөн тул миний цалингаас 340.500 төгрөг суутгаж байгаа шийдвэр гүйцэтгэх арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Чэ нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичигт заасны дагуу 2016 оны 08 сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарыг дуустал 36 сарын турш нийтдээ 4.086.000 төгрөг төлөх ёстой байтал \113.500 х 36 сар = 4.086.000 төгрөг\ 6.973.090 төгрөг хууль бусаар суутгаж авсан байдаг. Өөрөөр хэлбэл 2.887.090 төгрөг хууль зөрчиж цалингаас суутгаж авсан байна. Үүн дээр би бэлнээр 5 сарын мөнгө гэж 567.500 төгрөг төлсөн тул миний нийт төлсөн мөнгө 7.540.590 төгрөг болж байна. Илүү төлсөн мөнгө нь 3.454.590 төгрөг байна. Тийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичигт зааснаас илүү суутгаж авсан 3.454.590 төгрөгийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж Х.Чэ надад олгож өгнө үү гэж нэхэмжлэлийн өмнөх шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь ШШГГ-437-р НХанги шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Чий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/0447 дугаар шийдвэрээр Х.Чээс тэтгэвэр тэтгэмжийн зөрүү болох 783.200 төгрөг нөхөж гаргуулж, Б.Долгор, Б.Ганбаатар, Б.Дэлгэр нарт цалин тэтгэмжийн зөрүү 113.500 төгрөгийг сар бүр гаргуулж Б.Бд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхлэхээс өмнө шийдвэрийг яаж хэрэгжүүлэх талаар тухайн шийдвэр гаргасан шүүхээр тайлбарлуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 505 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичгээр 113.000 төгрөгийг хүүхэд тус бүр гэж ойлгоно гэж тайлбарласан байдаг. Төлбөр төлөгч Х.Чэ нь 2017 оны 06 дугаар сарын 13-нд энэ нэхэмжлэлийн талаар сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 15 өдрийн 142/шш2017/00915 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны 171 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Төлбөр төлөгч Х.Чэ нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2018 оны 02 дугаар сарын 20-ны 142/шш2018/00182 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Х.Чээс 340.500 төгрөг гаргуулж Б.Бд олгохыг даалгаж шийдвэрлэсэн. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 001/хт2018/01430 дугаар тогтоолоор Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20 ны өдрийн 142/442018/00182 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Х.Чэ нь шүүхээр хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад санаатайгаар дахин дахин нэхэмжлэл гаргаж байгаа тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01191 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 143 дугаар зүйлийн 143.3-т заасныг баримтлан Х.Чий нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь ШШГГт холбогдох цалингаас 340 500 төгрөг суутгаж байгаа шийдвэр гүйцэтгэх арга хэмжээг хүчингүй болгуулах гомдол, цалин хөлснөөс илүү суутгасан 3.454.590 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 162 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ/2019/01191 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 143 дугаар зүйлийн 143.3-т заасныг баримтлан Х.Чий нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь ШШГГт холбогдох цалингаас 340.500 төгрөг суутгаж байгаа шийдвэр гүйцэтгэх арга хэмжээг хүчингүй болгуулах гомдол, цалин хөлснөөс илүү суутгасан 3.454.590 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ... гэснийг ...Шүүхийн шйидвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 143 дугаар зүйлийн 143.3-т заасныг баримтлан Х.Чий нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь ШШГГт холбогдох цалингаас 340.500 төгрөг суутгаж байгаа шийдвэр гүйцэтгэх арга хэмжээг Цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17140012/007, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17140012/08 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, цалин хөлснөөс илүү суутгасан 2.270.000 төгрөгийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж нэхэмжлэгч Х.Чэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.184.590 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд хяналтын гомдолдоо: Магадлалыг зөвшөөрөхгүй тухай: ИХШХШТХ-ийн 172.2.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна Үүнд: Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Нэхэмжлэгч Х.Чэ шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2017-оны 44,3-д заасан. Талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ түүний шийдвэрийг зөвшөөрөхгүй бол тухай арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гарган. 301.1-д Энэ хуулийн 44, 55, 63 дугаар зүйлд зааснаас бусад шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны албан тушаалтанд гаргана 301.2-д дээд шатны албан тушаалтан гомдлыг хууль тогтоомжид заасан хугацааны дотор шалган шийдвэрлэнэ гэсэн журмыг зөрчсөн болохыг шүүх анхаараагүй хэрэглэвэл зохих уг хэм хэмжээг хэрэглээгүй. ШШГТХ-ийн 2017-оны 89.11-д цалин хөлс бусад орлогоос төлбөр гаргуулан суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй гэсэн заалтыг шүүх хэрэглээгүй хууль зөрчсөн гэж үзэж байна. ИХШХШТХ-ийн 157.3-д гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан бол уг шаардлагыг хангасан нөхцөлд шүүх түүнийг хүлээн авч хэлэлцэнэ гэж заасныг давж заалдах шатны шүүх давхар зөрчлөө. Нэхэмжлэгч нь Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болсон тухай гомдлыг Дээд шатны албан тушаалтанд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргаж хариуг 2019 оны 01 дугаар сарын 29-ний өдөр 50/02 тоотоор авсан 2019 оны 03 дугаар сарын 25-нд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж хариуг 2019 оны 03 дугаар сарын 25-нд 4/525 тоот албан бичгээр авсан шүүхэд нэхэмжлэлээ 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нь дээрхи хуулинд заасан хугацааг зөрчсөн байгааг шүүх анзаарсангүй. Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Энхбаяр хяналтын гомдолдоо: Магадлалыг зөвшөөрөхгүй тухай: ИХШХШТХ-ийн 172.2.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж

байна. Үүнд: Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Нэхэмжлэгч Х.Чэ шүүхэд нэхэмжлэл гаргахдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 он/ 44.3 д Талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуупсаи арга хэмжээ түүний шийдвэрийг зөвшөөрөхгүй бол тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс 7 хоногийн дотоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана, 44.4-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргана, Тогтоолыг зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана. 301.1-д Энэ хуулийн 44,55,63 дугаар зүйлд зазснэас бусад шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны элбэн тушаалтанд гаргана. 301.2-д дээд шатны албан тушаалтан гомдлыг хууль тогтоомжид заасан хугацааны дотор шалган шийдвэрлэнэ гэсэн журмыг зөрчсөн болохыг шүүх анхаараагүй, хэрэглэвэл зохих уг хэм хэмжээг хэрэглээгүй. ШШГТХ-ийн (2017 он) 89.11-д цалин хөлс бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй гэсэн заалтыг шүүх хэрэглээгүй хууль зөрчсөн гэж үзэж байна. ИХШХШТХ-ийн 157.3-д гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан бол уг шаардлагыг хангасан нөхцөлд шүүх үүнийг хүлээн авч хэлэлцэнэ гэж заасныг давж заалдах шатны шүүх давхар зөрчлөө. Нэхэмжлэгч нь Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болсон тухай гомдлыг Дээд шатны албан тушаалтанд 2018-12-11 өдөр гаргаж, хариуг 2019-01-9 ний өдөр 50/02 тоотоор авсан, 2019-03-07-нд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдлыг гаргаж, хариуг 2019-03-25 нд 4/525 тоот албан бичгээр авсан, шүүхэд нэхэмжлэлээ 2019-07-09 ний өдөр гаргасан нь дээрхи хуулинд заасан хугацааг зөрчсөн байгааг шүүх анзаарсангүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Нэхэмжлэгч Х.Чэ хариуцагч Орхон аймаг дахь ШШГГт холбогдуулан шүүхийн шийдвэрийн дагуу 113 500 төгрөгийг суутгах ёстой байтал 340 500 төгрөг суутгаж байгаа ажиллагааг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулах, илүү суутгасан 3 454 590 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Х.Чэ нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...шүүхийн шийдвэрийн дагуу гэм хор учруулсны төлбөрт 113 500 төгрөгийг сар бүр Б.Бгийн насанд хүрээгүй 3 хүүхдэд төлөх ёстой байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг өөрөөр тайлбарлаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн  505 тоот албан бичгийг үндэслэн хүүхэд тус бүрт 113 500 төгрөгийг төлөх ёстой ...гэж үзэн сар бүр 340 500 төгрөгийг суутган авч байгаа” ажиллагааг хүчингүй болгуулах, илүү суутгасан төлбөрийн буцаан гаргуулна гэжээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг тайлбарласан албан бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан, хууль зөрчөөгүй гэж маргасан байна.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх цалингаас 340 500 төгрөг суутгах тухай 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17140012/007, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17140012/08 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, цалин хөлснөөс илүү суутгасан 2 270 000 төгрөгийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж нэхэмжлэгч Х.Чэд олгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаарх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Харин хяналтын шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/00447 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт  Х.Чээс 783 200 төгрөгийг гаргуулж Б.Бд олгосноос гадна тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 113 500 төгрөгийг сар бүр гаргуулж насанд хүрээгүй 3 хүүхдэд 18 нас хүртэл нь олгохыг заасан, уг шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № 1700 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байна. Тэрээр сар бүр 113 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ГХ2016/00646 дугаартай гүйцэтгэх хуудаст бичигдсэн байхад шийдвэр гүйцэтгэгч 3 хүүхдэд тус бүрт нь 113 500 төгрөг, нийт 340 500 төгрөгийг гаргуулж төлбөр авагчид шилжүүлж, үүний дараа сар бүр 113 500 төгрөгийг гаргуулж 3 хүүхдэд олгох ёстой гэж үзэн төлбөр авагчид олгож, 2 өөр байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.

5. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт насанд хүрээгүй 3 хүүхдэд сар бүр 113 500 төгрөгийг төлөхийг тодорхой заасан, хүүхэд тус бүрт олгох агуулга байхгүй байхад шийдвэр гүйцэтгэгч шийдвэрийг тайлбарлуулах хүсэлт гаргасан, шүүх шийдвэрээ тайлбарлахдаа тогтоох хэсэгт зааснаас өөрөөр тайлбарласан нь тус тус буруу болжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна.” гэж, 20 дугаар зүйлийн 20.1.3-т “тухайн гүйцэтгэх баримт бичгийг олгосон үндэслэлийг тусгана” гэж тус тус заасан тул шийдвэрийн тогтоох хэсэгт заасан байдлаар шийдвэрийг биелүүлэх ёстой юм.

Иймд 340 500 төгрөгөөр суутгал хийхийг шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, илүү суутгасан мөнгийг буцаан гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна.

Магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Б.Бгийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

6. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар гэм хор учруулсан этгээдээс төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоож, төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч тэтгэмжийн зөрүүг тодорхойлох учиртай тул нас барагчийн сарын цалин 570 720 төгрөгийг гэр бүлийн гишүүн 5 хүнд хуваахад нэг хүнд ногдох хэсэг тодорхойлогдож, үүнээс нас барагч болон хөдөлмөрийн чадвартай эхнэрийн ногдох хэсгийг хасч, үлдэх хэсгээс нь тогтоогдсон тэтгэмж 230 000 төгрөгийг хасахад тэтгэмжийн зөрүү мөнгө гарах ба анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтын дагуу шийдвэрийн тогтоох хэсэгт төлбөл зохих төлбөрийн хэмжээг зааж, нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээ тусгасан байна.

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17140012/7, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17140012/08 дугаар тогтоолыг хүчингүй болгож байгаа боловч шийдвэр гүйцэтгэгч нь сар бүр 113 500 төгрөгийн суутгал хийх тухай тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн хийх үүрэгтэй бөгөөд хүүхдүүдээс хэн нэг нь насанд хүрснээр түүнд ногдох хэмжээгээр тэтгэмжийн хэмжээ хасагдана.

7.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлд маргаантай харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн зүйл, заалтыг бус Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан зарчмын шинжтэй ерөнхий зохицуулалтыг  хэрэглэсэн нь буруу тул залруулах боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 162 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7..гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар гуравдагч этгээд хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ                                                          П.ЗОЛЗАЯА