Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 214/МА2017/00006

 

Б.Ү******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Хэргийн индекс 132/2017/00160/И

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 192 дугаартай шийдвэртэй,

Б.Ү******* нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 826644 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Булган аймгийн Бугат сумын засаг дарга Х.У*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Х.У*******

Нарийн бичгийн дарга Н.Б******* нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Үүрийнцолмон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Би Булган аймгийн Бугат сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Сумын Засаг даргын дээрх захирамжийг үл зөвшөөрч Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу тус сумын Засаг дарга Х.У******* нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу тус сумын Засаг дарга Х.У******* нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авч, ажлыг хүлээлцсэн. Иймд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилдаа эргэж орох хүртэлх ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 826644 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн би 2017 оны 03 дугаар сарын 09-нөөс 18-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтсэн. Сүүлийн 3 сарын шимтгэл төлөөгүй тул листний мөнгө 123800 төгрөгийг авч чадаагүй, иймд 123800 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 950487 төгрөгийг Бугат сумын Засаг даргаас нэхэмжилж байна. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр намайг эгүүлэн ажилд авсан захирамжийг албан ёсоор танилцуулаагүй, надад гардуулж өгөөгүй, Төрийн захиргааны мэргэжилтэн Ариунжаргал утсаар ярихдаа "Засаг дарга таны захирамжийн төслийг гарга, таньд өөрт чинь мэдэгдээгүй гэсэн. Манайхан цасны баярт явах гэж байгаа, тэгэхээр та 1 дэх өдөр ирэхгүй юу" гэж хэлсэн. Би "давж заалдах гомдол гаргахгүй юм уу " гэхэд мэдэхгүй гэсэн. Захирамж албан ёсоороо гарсан юм уу гэхэд "үгүй" гэсэн. Тэгэхээр нь би албан ёсоор гарахаар нь хэлээрэй гэсэн. Дахиж надад яриагүй. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буюу давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацаа дуусч, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул 2 дугаар сарын 24-ний өдөр би Засаг даргад хүсэлтээ өгсөн. Гэтэл надад 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр захирамж гарсан гэж хэлээд орой 18 цаг өнгөрч байхад үйлчлэгч авчирч өгсөн. 2 дугаар сарын 24, 25 хагас, бүтэн сайн өдөр таарч үргэлжлүүлээд 2 дугаар сарын 27-ны өдрөөс 03 сарын 02-ны өдрийг хүртэл Цагаан сарын амралтын өдрүүд таарсан тул би 03 дугаар сарын 03-ны өдөр ирж ажлаа хүлээж авсан. Надад удаа дараа мэдэгдээгүй. Мэдсэн байсан бол би хүсэлтээ гаргахгүй л байсан" гэв.

Хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "Булган аймгийн Бугат сумын Засаг даргын орлогч Б.Ү******* шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Засаг даргын орлогчоор эгүүлэн томилсон захирамж гаргасан ба тухайн өдөр ажлаа хүлээж авна уу хэмээн Төрийн захиргааны мэргэжилтэн 99212621 утаснаас мэдэгдсэн. Гэтэл тэрээр давж заалдах шатны хугацаа дуустал би очиж ажил хүлээж авах ёсгүй юм байна, тэгэхээр хугацаагаа дуусгаж байж очно" гэж хэлсэн. Хариуцагч талаас давж заалдахгүй гэж үзээд тухайн шийдвэрийг гаргаж өөрийг чинь ажилд томилж байна гэж тайлбар хэлсэн боловч шалтгаангүйгээр ажлаа хүлээж аваагүй. Б.Үүрийнцолмон нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаа 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болсон тул шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг сумын Засаг даргад гаргасан байсан ба тус хүсэлтийн дагуу хариу албан бичиг хүргүүлсэн боловч тэрээр 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ирж ажлаа хүлээж авсан. Захирамж гаргасаар байтал ажлаа хүлээж аваагүй нь тухайн хүний өөрийнх нь буруутай үйл ажиллагаа гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыгхүлээн зөвшөөрөхгүй. Харин 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд авах захирамж гарсан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх цалинг олгоход татгалзах зүйлгүй" гэв.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 192 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,128 дугаар зүйлийн 128.1.5-т заасныг баримтлан Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас 689860 /зургаан зуун наян есөн мянга найман зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 136784 /нэг зуун гучин зургаан мянга долоон зуун наян дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулйин 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24380 /хорин дөрвөн мянга гурван зуун ная/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 21106 /хорин нэгэн мянга нэг зуун зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг дарга Х.У******* давж заалдах гомдолдоо: "... Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна. /гэж заасан/ мөн хуулийн 43.2 Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна /гэж заасан/ байдаг бөгөөд тус хуулийн заалтын дагуу бид захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг утсаар мэдэгдэж ажилласан. Мөн тус шийдвэрийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б.Үүрийнцолмонд утсаар мэдэгдсэнийг тэмдэглэл дээр тэмдэглэж үлдээсэн Төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ариунжаргалын өдөр тутмын ажлын тэмдэглэлийн дэвтэр гэрчилж байгаа юм. Мөн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр утсаар мэдэгдсэн мессеж бичсэн баримтыг цагдаагийн газрын зөвшөөрөлтэйгөөр Мобиком ХХК-аас шүүлгэн авч хавсаргах болно.

Хариуцагч талаас Б.Ү******* ажилд томилох тухай шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 31-нээс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буюу Б.Ү******* ажилд авах захирамж гарсан өдөр хүртэлх ажлын 12 өдрийн цалинг олгохоор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна" гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Үүрийнцолмон ажилгүй байсан хугацааны цалин хөлс- 826.644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй 2017 оны 01 сарын 31 -ний өдрөөс 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны цалин гаргуулахад татгалзах зүйлгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн № 05 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Ү******* тус аймгийн Бугат сумын Засаг даргын

орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.363.048 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу хүчинтэй болсон ба хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг 2016 оны 2 дугаар сарын 16 ны өдрийн захирамжаар Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

Шүүх хариуцагчид нотлох чиг үүргийг хүлээлгэж 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ажилд эгүүлэн тогтоосон тухай захирамж гаргасан талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Тухайлбал нэхэмжлэгч Б.Ү******* гаргасан тайлбараас үзэхэд
шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Засаг даргын орлогчийн ажилдаа
орох хүсэлтэй байсан ба тэрээр ажилд эгүүлэн тогтоосон тухай ажил олгогчийн
гаргасан захирамж болон ажилд буцааж томилсонг мэдэгдсэн хариуцагчийн
тайлбарыг няцааж чадаагүйгээс гадна шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа буцааж
ороход нэхэмжлэгч заавал хүсэлт гаргасан байхыг шаардахгүй юм.

Нэхэмжлэгч Б.Ү*******ийг ажилгүй байсан хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалин хөлс 448.409 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Үүрийнцолмон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэтгэмж 123.800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзэхгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Иймд хариуцагчийн гаргасан "...шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд томилсон өдөр хүртэлх 12 хоногийн цалин гаргуулах" тухай давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 192 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтанд "...689.860 төгрөг..." гэснийг "...448.409 төгрөг..." гэж, "...136.784 төгрөг..." гэснийг "...378.235 төгрөг..." гэж, 2 дахь заалтанд хариуцагчаас 21.106 төгрөг гэснийг 14.102 төгрөг гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН