Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00192

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, Б.Үүрийнцолмонгийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 826644 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00160/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд;

 нэхэмжлэгч: 1981 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, Боржгон овогт Бадарчын Үүрийнцолмон /РД:ГЮ81042146/,

хариуцагч байгууллагын төлөөлөгч: 1981 онд төрсөн, 36 настай, дээд боловсролтой, Булган аймгийнБугат сумын Засаг дарга, Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, Шагдар овогт Хүрэлбаатарын Ууганбаяр /РД:ГЮ81010576/, нарийн бичгийн дарга . нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Үүрийнцолмон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Булган аймгийн Бугат сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Сумын Засаг даргын дээрх захирамжийг үл зөвшөөрч Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрхи шийдвэрийн дагуу тус сумын Засаг дарга Х.Ууганбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авч, ажлыг хүлээлцсэн. Иймд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилдаа эргэж орох хүртэлх ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олгвор 826644 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн би 2017 оны 3 дугаар сарын 9-ноос 18-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтсэн. Сүүлийн 3 сарын шимтгэл төлөөлгүй тул листний мөнгө 123800 төгрөгийг авч чадаагүй, иймд 123800 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 950487 төгрөгийг Буаг сумын Засаг даргаас нэхэмжилж байна. 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр намайг эгүүлэн ажилд авсан захирамжийг албан ёсоор танилцуулаагүй, надад гардуулж өгөөгүй, Төрийн захиргааны мэргэжилтэн Ариунжаргал утсаар ярихдаа Засаг дарга таны захирмжийн төслийг гарга, танд өөрт чинь мэдэгдээгээрй гэсэн. Манайхан цасны баярт явах гэж байгаа, тэгэхээр та 1 дэх өдөр ирэхгүй юу гэж хэлсэн. Би давж заалдах гомдол гаргахгүй юм уу гэхэд мэдэхгүй гэсэн. Захирамж албан ёсоор гарсан уу гэхэд үгүй гэсэн. Тэгэхээр нь би албан ёсоор гарахаар нь хэлээрэй гэсэн. Дахиж надтай яриагүй. Ингээд 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр буюу давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацаа дуусч, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул 2 сарын 24-ний өдөр би Засаг даргад хүсэлтээ өгсөн. Тэтэл надад 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр захирамж гарсан гэж хэлээд орой 18 цаг өнгөрч байхад үйлчлэгч авчирч өгсөн. 2 дугаар сарын 24, 25 хагас, бүтэн сайн өдөр таарч үргэлжлүүлээд 2 сарын 27-ны өдрөөс 03 сарын 2-ны өдрийг хүртэл цагаан сарын амралтын өдрүүд таарсан тул би 3 дугаар сарын 3-ны өдөр ирж ажлаа хүлээж авсан. Надад удаа дараа мэдэгдээгүй. Мэдсэн байсан бол би хүсэлтээ гаргахгүй л байсан гэв.

Хариуцагч, Булган аймгийн Бугат сумын Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Бугат сумын Засаг даргын орлогч Б.Үүрийнцолмонг шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Засаг даргын орлогчоор эгүүлэн томилсон захирамж гаргасан ба тухайн өдөр ажлаа хүлээж авна уу хэмээн Төрийн захиргааны мэргэжилтэн 99212621 утаснаас мэдэгдсэн. Гэтэл тэрээр давж заалдах шатны хугацаа дуустал би очиж ажил хүлээж авах ёсгүй юм байна, тэгэхээр хугацаагаа дуусгаж байж очино гэж хэлсэн. Хариуцагч талаас давж заалдахгүй гэж үзээд тухайн шийдвэрийг гаргаж өөрийг чинь ажилд нь томилж байна гэж тайлбар хэлсэн боловч шалтгаангүйгээр ажлаа хүлээж аваагүй. Б.Үүрийнцолмон нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаа 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болсон тул шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг сумын Засаг даргад байсан ба тус хүсэлтийн дагуу хариу албан бичиг хүргүүлж боловч тэрээр 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ирж ажлаа хүлээж авсан. Захирамж гаргасааар байтал ажлаа хүлээж аваагүй нь тухайн хүний өөрийнх нь буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Харин 2017 оны 2 дугаар сарынг 1-ний өдрөөс ажилд авах захирамж гарсан 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх цалинг олгоход татгалзах зүйлгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.Үүрийнцолмон нь Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин тэнцэх хэмжээний нөхөн олговор 826644 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс өмнөх цалинг олгоход татгалзах зүйлгүй, харин 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх цалинг олгох боломжгүй гэж маргажээ.[1]

Нэхэмжлэгч Б.Үүрийнцолмон нь Булган аймгийн Бугат сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа халагдаж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2017 оны 1 дүгээр с арын 30-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Р.Үүрийнцолмон Булган аймгийн Бугат сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэжмээний нөхөн олговор 1363048 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.[2] Энэ шүүхийн шийдвэрийг 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ажил хүлээлцсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болно. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн маргаантай холбоотой боловч өөр үндэслэлтэй өөр шаардлагыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд шүүхийн урьд гарсан шийдвэр саад болох учиргүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Р.Үүрийнцолмонгийн жллаас үндэслэлгүй халагдсан үйл баримтын талаар тухайн хэргийн оролцогчид дахин маргах эрхгүйгээс гадна түүнийг ажилд эгүүлэн тогтоох, ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох зэрэг асуудлаар шүүх дахин шийдвэр гаргахгүй боловч шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговрын асуудлаар ажилтан шүүхэд хандах эрхтэй ба шүүх тухайн маргааныг хянан шийдэрлэх үүрэгтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хууийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй байна.

Ийнхүү ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүй тохиолдолд ажилтан ажигүй байсааар байх ба хөдөлмөрийн эрх зүйн харрилцаан дахь түүний эрх зөрчигдсөн хэвээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, абан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

Ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарнаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарах хүртэх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ажилд эгүүлэн томилсон захирамж гарган өөрт нь мэдэгдсээр байхад өөрөө ажилдаа ирж ороогүй тул нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж байгаа боловч нэхэмжлэгч энэ тайлбарыг үгүйсгэн Төрийн захиргааны мэргэжилтэн утасдаж захирамжийн төсөл гарах гэж байгаа талаар хэлсэн, албан ёсоор гараагүй гэсэн учраас би шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт гарган уг өдөр надад 2 дугаар сарын 16-ны өдөр ажилд эгүүлэн томилсон захирамжийг үйлчлэгч албан ёсоор авчирч өгсөн. Амралтын өдрүүд таарч 3 дугаар сарын 3-ны өдөр ажлаа хүлээж авсан гэх түүний тайлбар нь 2017 оны 2 дугаар сарын 24-нний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Бугат сумын Засаг даргад гаргасан хүсэлт[3] , 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ажил хүлээлцсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.[4] Хариуцагч нь 2 дугаар сарын 16-ны өдөр ажилд эгүүлэн томилсон захирамж гарган нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонд утсаар болон мессежээр мэдэгдсэн гэж байгаа боловч түүнд албан ёсоор гардуулж өгөөгүй, утас, мессежээр мэдэгдсэн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Р.Үүрийнцолмонгийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийг хүртэх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 689860 төгрөгийг /731262+731262+731262=2193786/3с=731262/21,2=34493*20х=689860/ Бугат сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 136784 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонгийн №0419851 дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тооцсон болно.

Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд листний мөнгө 123800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас 689860 /зургаан зуун наян щсөн мянга найман зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 136784 /нэг зуун гучин зургаан мянга долоон зуун наян дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24380 /хорин дөрвөн мянга гурван зуун ная/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуагчаас 21106 /хорин нэгэн мянга нэг зуун зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН

 


[1] хх 1, 16 тал

[2] хх 5-7 тал

[3] хх 28 тал

[4] хх 29 тал