Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2019/00167

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01186 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний төлбөр 174.615.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч Д.Энхбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч Оргил дэлгэр ХХК-ийн төлөөлөгч Д.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компаний 2014 онд нийлүүлсэн улаан буудайн үнийг Эрдэнэт Фүүдс ХХК нь 2016 оны 08 дугаар сарыг хүртэл сунжруулж төлснөөс Гацуурт ХХК-д төлөх техникийн төлбөр болон бусдад төлөх төлбөртөө хүү, алданги, долларын өсөлт зэргээс их хэмжээний хохирол хүлээсэн. Иймд 2016 онд Улаан буудай худалдах худалдан авах гэрээнд төлбөр гүйцэтгэх талаар хатуу тохирч, гэрээний 4.1.11, болон 4.1.12-р заалтыг онцгойлон оруулж улаан буудайгаа нийлүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 07-ны хооронд 889.22 тонн улаан буудайг тонн тутмыг нь 450.000 төгрөгийн үнэтэйгээр нийлүүлж, нийт 400.149.000 төгрөгийг ******* ХХК нь Оргил дэлгэр ХХК-д төлөх ёстой. Гэрээгээр 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор 300.000.000 /75 хувийг бодоход/ төгрөг төлөхөөс 140.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 140.000.000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн алданги 50.000.000 төгрөг болсон. Гэрээний үүргийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 10-ны дотор нийт төлбөрийг төлж барагдуулахаас 190.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 210.000.000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 21-нд сүүлчийн төлбөрийг хийсэн. Дээрх төлбөрийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги 124.615.000 төгрөг, нийт 174.615.000 төгрөг болсон. Алдангийн 174.615.000 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж Оргил дэлгэр ХХК-д олгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч .******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Оргил дэлгэр" ХХК-н нэхэмжлэлтэй танилцсан болно. Тус нэхэмжлэлд 2016 оны улаан буудай худалдан авсан гэрээ болон түүнтэй холбоотой төлбөрийн хугацаа хэтэрснээс Оргил дэлгэр ХХК нь гуравдагч этгээдийн өмнө алдагдал хүлээсэн хэмээн бичсэн байна. Бид гуравдагч этгээдэд алдагдал төлөх үндэслэл байхгүй байна. Үүнд:

1.******* ХХК болон Оргил дэлгэр ХХК нь хүнсний улаан буудай худалдах, худалдан авах 13/16 тоот гэрээний дагуу төлбөр тооцоог хийж барагдуулсан. Тус гэрээнд гуравдагч этгээдийн өмнө *******" ХХК нь хариуцлага хүлээх тухай огт заагаагүй бөгөөд зөвхөн Оргил дэлгэр ХХК-аас улаан буудай худалдан авч төлбөр барагдуулах гэрээ билээ. /Мөн манай компанид 2017, 2018 онуудад хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээний дагуу дахин улаан буудай нийлүүлсэн бөгөөд тус гэрээнд ч гурав дахь этгээдийн өмнө ******* ХХК нь хариуцлага үүрэх тухай заагаагүй, зөвхөн улаан буудай худалдан авах тухай гэрээ байгаа.

2. 2016 оны гэрээний дагуу улаан буудайн төлбөрийг хуваарьт хугацаанд барагдуулсан боловч компанийн дотоод санхүүгийн нөхцөл байдлаас болж 1-2 сарын хугацаа хэтэрсэн тохиолдол байгаа. Гэвч хугацаа хэтэрсэн тухайн үед Оргил дэлгэр ХХК-ийн удирдлага болох Д.Энхбаяртай биеэр уулзаж, утсаар ярьж алданги төлөхгүйгээр хэд хоногоор төлбөрийг хойшлуулан тохиролцож байсан болно.

3. Компани хоорондын төлбөр тооцоо, санхүүгийн баталгаа болгож ******* ХХК болон Оргил дэлгэр ХХК нь хоорондын тооцооны үлдэгдлийг 2017, 2018 онуудад баталгаажуулж тооцоо нийлсэн актыг үйлдэж байсан. Тус актанд Д.Энхбаяр нь өмнөх гэрээний төлбөр тооцоог хийж дууссан хэмээн хүлээн зөвшөөрч тамга гарын үсэг зурсан болно. Иймээс манай компанийн хувьд тус компанийн гаргасан алданги нэхэмжилж буй төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01186 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 466 дугаар зүйлийн 466.1-д заасныг баримтлан хариуцагч "******* ХХК-аас 174.615.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Оргил дэлгэр ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.031.025 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Оргил дэлгэр ХХК-ийн төлөөлөгч Д.Энхбаяр давж заалдсан гомдолдоо:

"Оргил дэлгэр" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "*******" ХХК-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 174.650.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий маргааныг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01186 тоот шийдвэрийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үндэслэл болсон, талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 06-нд байгуулсан Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-нд хамааралгүй нотлох баримтыг үнэлж, Иргэний хуулийн шаардах эрхийн болон үүргийн эрхийн зохицуулалт, тооцоо нийлэх гэрээний зохицуулалтыг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Үндэслэл нь:

Шүүх хариуцагчийн гаргасан компаниуд хоорондын төлбөр тооцоо, санхүүгийн баталгаа болгож 2017, 2018 онд хоорондын тооцооны үлдэгдлийг баталгаажуулж тооцоо нийлсэн акт үйлдэж байсан гэсэн агуулгатай бичгийн тайлбар, төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хоёр сараар хоцорч хийсэн, бидний хооронд тооцоо нийлсэн актуудыг үйлдэж байсан бөгөөд энэ үед болон үүний дараа ч гэсэн алдангийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй гэж маргасныг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. Нэхэмжлэгч нь Хүнсний улаан буудай нийлүүлэх гэрээ, уг удаан буудай 889.12 тонныг ******* ХХК-д 2016.10.07-оос 2016.11.28-ны хооронд 31 удаагийн ачилтаар буулгаж хүлээлгэн өгсөн тоо хэмжээ, чанар байдлыг худалдан авагч зөвшөөрсөн буудай хүлээн авалтын акт, Улаан буудай тээвэрлэх гэрээ, буудайны үнийг ******* ХХК-иас Оргил дэлгэр ХХК-д төлсөн дансны хуулга зэргээр нэхэмжлэлээ нотолжээ. Шүүх талуудын мэтгэлцээн, нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд хүчин төгелдер гэрээ байгуулагдсан, алданги тохиролцсон, хариуцагч хэлэлцэн тохиролцсон үнийг 2 сараар хоцроож төлсөн. 2017 оны 04 дүгээр сарын 21-нд сүүлчийн төлбөр хийгдсэн болохыг шийдвэртээ зөв дүгнэжээ.

Гэтэл шүүх талууд хоорондоо тооцоо нийлсэн акт үйлдэн үлдэгдэл төлбөрөө тооцож байсан бөгөөд алдангийн төлбөрийн талаар энэхүү актад огт дурдаагүй, энэ талаар шаардлага гаргаж байсан эсэх нь тодорхойгүй, алдангийн талаар тохиролцоогүй болох нь хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны тооцооны үлдэгдлийн баталгаагаар нотлогдож байна гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Шүүхийн дүгнэлт хийсэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны тооцооны үлдэгдлийн баталгаа нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05 хүртэл өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн бичилтээр тооцоо хийж үзээд тухайн тооцоо хийсэн өдөр хүртэл Эрдэнэт фүүдс ХХК нийлүүлсэн улаан буудайны үнэд 289.602.037 төгрөг төлөх үлдэгдлэлтэй байгааг баталж байсан байна. Шүүхийн дүгнэлт хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны 5.894.620 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгаа нь 2016 оны 10 дугаар сарын 06-нд талуудын хооронд байгуулсан Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-нд огт хамааралгүй, 2017 онд тусдаа гэрээгээр Эрдэнэт оргил ХХК, ******* ХХК-д 50 тонн улаанбуудай худалдсаны тооцоо бөгөөд үүнийг батлах гэрээ, буудай хүлээлцсэн акт, түүний үнийг төлсен баримт нэхэмжлэгч, хариуцагч талд аль алинд нь байгаа ба үүнийг шүүх хуралдаанаар тодруулах боломжтой байжээ.

Шүүх Иргэний хуулийн 466 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй энэ маргаанд хэрэглэх ёсгүй хуулийн энэ заалтыг хэрэглэсэн байна. Талуудын хооронд Хүнсний улаан буудай худалдах худалдан авах маш тодорхой гэрээ байгуулагдаж бүтээгдэхүүн нийлүүлэх тоо хэмжээ, хугацаа, үнэ, үнийг төлөх хугацаа, талууд үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүуулээгүй бол үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах талаар тохиролцож хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. Энэ гэрээний үүргийн талаар шаардах эрхээ тусгай журмаар хэрэгжүүлэх, эсхүл түүнийг хязгаарласан ямар нэгэн нөхцлийг гэрээнд тохиролцоогүй байна. Энэ хэрэгт худалдагч тал үүргээ зөрчсөн тухай маргаан байхгүй, байх ч боломжгүй. Харин худалдан авагч тохирсон хугацаанаас хоёр сар хожимдуулж төлбөрөө төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, шүүх зөв дүгнэлт хийсэн. Төлбөрийн хугацаа хоцорсон хоног, төлбөрийн хэмжээг нэхэмжлэгч гэрээний 4.1.11 дэх заалт, ******* ХХК-иас "Оргил дэлгэр" ХХК-ийн ХААН банкинд орсон төлбөрийн хуулгыг үндэслэн тооцож гаргасан дээр хариуцагч маргаагүй. Нэхэмжлэгч "Оргил дэлгэр" ХХК гэрээний 4.1,12-т заасан, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 232.7-д нийцсэн гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр анз шаардах эрхээ алдсан гэх үндэслэл байхгүй. Шаардлага нь гэрээний үүрэг, Иргэний хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааны дотор хэдийд ч шаардлага гаргах эрхтэй.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны 01186 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч: ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнд заасан алданги 174.615.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч улаан буудайн төлбөрийг хуваарьт хугацаанд барагдуулсан боловч компанийн дотоод санхүүгийн нөхцөл байдлаас болж 1-2 сарын хугацаа хэтэрсэн тохиолдол байгаа. Гэвч хугацаа хэтэрсэн тухайн үед Оргил дэлгэр ХХК-ийн удирдлага болох Д.Энхбаяртай биеэр уулзаж, утсаар ярьж алданги төлөхгүйгээр хэд хоногоор төлбөрийг хойшлуулан тохиролцож байсан гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх Гэрээний нийтлэг үндэслэл хэсэгт тооцоо нийлэх актаар талууд бүтээгдэхүүн нийлүүлэх хэмжээг тохиролцсон байх бөгөөд актаар үлдэгдэл төлбөрөө тооцохдоо алдангийн талаар огт тохиролцоогүй, энэхүү төлбөрийг тооцоогүй болох нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар тус тус нотлогдсон гэх дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хүнсний улаан буудай худалдах худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан ба тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.12.т .... төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно, 5 дугаар зүйлийн 5.2.-т ... нийлүүлэгч буудайг гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид шилжүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алдангийн худалдан авагчид төлнө гэж харилцан тохиролцсон, хариуцагч тал гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тухайлбал төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 10-нд дуусах атал 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлж барагдуулсан байна.

Хариуцагч тал гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг 70 хоногоор хэтрүүлсэн байхад нэхэмжлэгч алдангийн хэмжээг тооцох хугацааг давхардуулан бүгд 198 хоногоор тооцсон нь буруу байх тул алдангийн хэмжээг тухайн үед төлж байсан төлбөрийг хасч хоногт гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар тооцоход нийт 39.050.000 төгрөгийн алданги төлөхөөр байна.

Гэвч нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг тухай бүр хариуцагчтай дүгнэж алдангийн талаарх тооцоо хийж байгаагүй, санхүүгийн тайланд алдангийн талаар хэрхэн тооцож тусгасан эсэх нь тодорхойгүй байх тул гэрээний дагуу төлөх ёстой алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж хариуцагчаас алданги 19.525.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 155.090.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан төлбөрийн хугацаа хоцорсон хоног, төлбөрийн хэмжээг нэхэмжлэгч гэрээний 4.1.11 дэх заалт, ******* ХХК-иас *******" ХХК-ийн ХААН банкинд орсон төлбөрийн хуулгыг үндэслэн тооцож гаргасан дээр хариуцагч маргаагүй. Нэхэмжлэгч "Оргил дэлгэр" ХХК гэрээний 4.1,12-т заасан, гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр анз шаардах эрхээ алдсан гэх үндэслэл байхгүй. Иргэний хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааны дотор хэдийд ч шаардлага гаргах эрхтэй гэх давж заалдах гомдол үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17ы өдрийн 142/ШШ/2019/01186 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6., 466 дугаар зүйлийн 466.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 174.615.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Оргил дэлгэр ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг ... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6., 232.8.-д заасныг баримтлан ******* ХХК-иас 19.525.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 155.090.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг ... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.031.025 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй ... гэснийг ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.031.025 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, ******* ХХК-иас 253.200 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгосугай ... гэж тус тус өөрчилж, өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.032.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ