Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 214/МА2018/00006

 

Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Булган аймгийн

газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн

тухай

 Хэргийн индекс 132/2017/00503

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 642 дугаартай шийдвэртэй,

 Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Булган аймгийн газрын нэхэмжлэлтэй, Б******* ХХК-нд холбогдох 26448861.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 25ы өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О*******, Л.Г*******

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******

Хариуцагчийн өмгөөлөгч М.Г*******

Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

 Нэхэмжлэгч Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ний Булган аймгийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь холбооны үндсэн суурь сүлжээг эзэмшин тэдгээрийн байнгын тасралтгүй ажиллагаа, ашиглалт үйлчилгээг эрхлэн явуулдаг төрийн өмчит хуулийн этгээд юм. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ний Булган аймгийн газар нь Б******* ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр LLC-14-11/10 тоот интернетийн бөөний суваг түрээслэх, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр БУ/LLС/15-01/1 тоот хот дотор шилэн кабелийн шөрмөс түрээслэх, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр БУ/ESR/ 5-11/7 тоот байр, цамхагийн түрээсийн гэрээнүүдийг тус тус байгуулсан бөгөөд 2017 оны 08 дугаар сарыи 31-ний өдрийг хүртэл хамтран ажилласан. Гэрээний хугацаанд Б******* ХХК нь түрээсийн гэрээний төлбөрүүдийг хавсралтад заасны дагуу төлж байсан боловч интернетийн бөөний суваг түрээслэх гэрээний төлбөрийг 2015 оны 10 дугаар сараас төлөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл 9803483.80 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд үүнийн алданги нь 2736877.38 төгрөг, нийт 12540361.20 төгрөг, хот дотор шилэн кабелийн шөрмөс түрээслэх гэрээний төлбөрийг 2015 оны 10 дугаар сараас төлөөгүй 10489057.26 төгрөгийн үлдэгдэл, 862806.76 төгрөгийн алданги, нийт 11351864.02 төгрөг, байр, цамхагийн түрээсийн төлбөрийг 2015 оны 09 дүгээр сараас төлөөгүй бөгөөд 2355683.14 төгрөг, үүний алданги 200953.01 төгрөг нийт 2556636.15 төгрөг бөгөөд нийт гурван гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангид 26448861.35 төгрөгийн үлдэгдэлийг төлөөгүй байна. Иймд Б******* ХХК-иас интернетийн бөөний суваг түрээслэх, хот дотор шилэн кабелийн шөрмөс түрээслэх, байр цамхагийн түрээсийн гэрээнүүдийн үлдэгдэл 26448861.35 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б******* ХХК-ний зүгээс гэрээний үлдэгдэл төлбөр дээр маргаантай байгаа бөгөөд алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талтай үнийн дүн болон төлбөр төлсөн хугацаан дээр тохиролцсон тохиолдолд эвлэрэх бүрэн боломжтой болно гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 642 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б******* ХХК-иас 26448861.35 /хорин зургаан сая дөрвөн зуун дөчин найман мянга найман зуун жаран нэгэн төгрөг, гучин таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Булган аймгийн газарт олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 290195 /хоёр зуун ерэн нэгэн мянга ерэн тав / төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХХК-иас 290195 /хоёр зуун ерэн нэгэн мянга ерэн тав төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* давж заалдах гомдолдоо:

...Миний бие тус компанийн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байсан ба миний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг минь зөрчиж 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцсэн байсан. Өөрөөр хэлбэл надад шүүх хуралдааны товыг мэдэгдэхгүйгээр хуралдааныг хийсэн бөгөөд миний бие тухайн БНСУ-д албан ажлаар хамтран ажиллагч байгууллагуудын туршлага судлах, аялах зорилгоор зорчих үед манай эхнэрт мэдэгдсэн гэдгийг шүүх хуралдаан болохоос 1 цагаас олж мэдсэн. Ийнхүү эхнэрээс шүүх хуралдаан болох тухай олж мэдээд шүүгч О.Одончимэгийн туслахын 99891164 гэх утсаар холбогдож, шүүх хуралдааны товыг лавлахад "одоо шүүх хуралдаан болох гэж байна" гэж хэлсэн. Надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байж хурал хийхгүй биздээ гэхэд хүсэлт явуулчих гэсэн. Ийнхүү шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тухайгаа хүсэлтийг эхнэртээ өгч хүргүүлсэн боловч манай компанийн эрхийг зөрчиж байлцуулахгүйгээр шүүх хуралдаан хийсэн болохыг сүүлд нь мэдсэн.

Манай компанийг буруутай эсэхийг шийдвэрлэх гэж байгаа хуралд манайхыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь манай эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Нөгөө талаас манай эхнэр шүүх ажилтан биш, хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээд ч биш байтал шүүх үүнийг мэдсээр байж биднийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Иймээс Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 642 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Булган аймгийн газар нь хариуцагч Б******* ХХК-нд холбогдуулан 26.448.861.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүх нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шийдвэрлэхдээ хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, /түүний эхнэр гэх Х.Баярцэцэгт 2017 оны 12 дугаар сарын 8, 21-нд мэдэгдсэн, хэргийн оролцогч биш этгээдэд хурлын тов хүргэсэн гэсэн/ хариуцагч шүүх хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 20-н хүртэл хойшлуулах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байхад уг хүсэлт нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг шийдвэрлээгүй нь буруу байна. /х.х-ийн 46,47,62 дугаар тал/

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлээгүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул хариуцагчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1671.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* давж заалдсан гомдлыг хангаж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарыг 21-ний өдрийн 642 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хэриуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 290.195.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН

 ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 М.ХҮРЭЛБААТАР