| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 140/2017/00379/И |
| Дугаар | 33 |
| Огноо | 2017-12-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 33
С.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүх
хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр
Шүүгчид: Т.Жаргалсайхан, Ж.Баттогтох
Бусад оролцогчид:
Нэхэмжлэгч: С.*******
Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Ч.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.*******
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: Б.*******
Нарийн бичгийн дарга: Б.******* нар оролцов.
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзулын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 521 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь 2010 онд Этүгэн дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2010 оны 10 сард Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр томилогдон 6 жил ажилласан. Тус сумын Засаг дарга Ч.******* нь 2017.06.16-ны өдрийн 96 тоот тушаалаар намайг төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтаны сонгон шалгаруулах журмын 8.4-д сонгон шалгаруулалтанд ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Миний бие үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа учир тус сумын Засаг даргын 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 96 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл, мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар танай шүүхэд хандаж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
2017 оны 06 сарын 16-ны өдөр өөрийн 96 дугаар захирамжаараа С.*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Чөлөөлөх болсон үндэслэл нь С.******* нэхэмжлэлдээ төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 38 дугаар тогтоол юм. Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ажлын байр бөгөөд төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журмын 8.4-т зааснаар ажлаас чөлөөлсөн болно. Мөн нэхэмжлэгч С.******* нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 96 дугаар захирамжийг 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 10 цаг 35 минутад гардан авсан бөгөөд нэхэмжлэлээ 2017 оны 07 сарын 16-ны өдрийн 17 цаг 03 минтутад гаргасан байгаа нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэжээ.
Нэхэмжлэгч С.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2017 оны 05 сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон. Удирдах ажилтаны сонгон шалгаруулалтад ороогүй гэдэг үндэслэлээр 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 96 тоот захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн. 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 96 тоот захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас тухайн захирамжийг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байгаа. 2017 оны 06 сарын 20-ны өдрөөс 2017 оны 11 сарын 09 өдөр хүртэл ажлын 97 хоног байгаа учраас 2.985.854 төгрөгийг нэхэмжилж байна. Би яагаад сонгон шалгаруулалтад ороогүй вэ? гэхээр би тухайн ажилд 2010 онд орсон. Тухайн үед намайг ажилд ороход Төрийн үйлчилгээний албан хаагчийг сонгон шалгаруулалтад оруулдаггүй байсан учраас энэ ажилд орсон. Тухайн үед энэ ажлын байранд томилогдохдоо сонгон шалгаруулалтад ордог байсан бол сонгон шалгаруулалтдаа ороод ажилд орох байсан байх. Яагаад тухайн сонгон шалгаруулалтад ороогүй юм бэ? гэхээр Засгийн газрын 2013 оны 60 дугаар тогтоолд зааснаар сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллага өөрөө захиалга өгөх ёстой. Ингэж захиалга өгөхдөө сул орон тоон дээр захиалга өгөх ёстой. Гэтэл би тухайн үед тэр орон тоон дээр би ажиллаж байсан учраас сул орон тоо гэж үзэхгүй. 2017 оны 06 сарын 16-ны өдөр захирамж чинь гаргаж байгаа гэж хэлсэн боловч тэр өдрөө надад захирамж гаргаж өгөөгүй. Тэгээд 2017 оны 06 сарын 19-ний өглөө надад захирамжийг танилцуулсан. Тэгээд тухайн өдрөө ажил хүлээлцэх ёстой байсан боловч тэр өдөр Элэг бүтэн Монгол хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас ажлаа хүлээлгэж өгөх боломжгүй байна үдээс хойш ажлаа хүлээлцэх гэсэн боловч тэр өдрөө ажил хүлээлцэж амьжаагүй учраас 2017 оны 06 сарын 20-ны өдөр ажил хүлээлцсэн юм. Засаг дарга надад захирамжаа гардуулж өгөөгүй. Захирамж гарсан гэдгээ надад хэлж байсан гэхдээ захирамжаа надад өгөөгүй. Ажлын хэсгийнхэн миний ажлыг хүлээлцэх гэж орж ирэхдээ миний өрөөний буйдан дээр үлдээгээд явсан байсан. Та бүхэл бүтэн сум удирдаж байгаа хүн байж яагаад худлаа хэлээд байгаа юм бэ, Би 2017 оны 06 сарын 16-ны орой танай өрөөнд 2 хүүхэдтэйгээ сууж байхад захирамж гарсан гэдгийг л хэлсэн шүү дээ. Энэ захирамжийн хавсралт дээрх гарын үсэг миний гарын үсэг биш гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас чөлөөлсөн 96 тоот захирамжийг эс зөвшөөрч ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2985800 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай юм. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй. ******* нь 2017 оны 04 сарын 26-ны өдрийн шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон. Гэтэл *******ийн Засгийн газрын 60 дугаар тогтоолд зааснаар сонгон шалгаруулалтад орох ёстой, сул орон тоо гэж үзэж *******ийн ажлын байрыг сул орон тоо гэж үзсэн. *******ийг ажлаас чөлөөлсөн захирамж нь хууль хэрэглээний алдаа гарсан. ******* нь тухай үед хэрэгжиж байсан хуулийн дагуу энэ ажил албан тушаалд томилогдон ажилласан. 2010 онд энэ ажилд томилогдон ажиллаж байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Засгийн газрын 2013 оны 60 тоот тогтоолд заасан тэр заалт нь орон тоо гарсан байгаа албан тушаалд ажилтанг томилохдоо сул орон тоо байгаа тохиолдолд сонгон шалгаруулалтад орсон иргэнийг томилох талаар заасан заалт болохоос биш тухайн орон тоон дээр ажилтан ажиллаж байхад сонгон шалгаруулалт зарлах тухай ойлголт биш юм. *******ийг ажлаас чөлөөлөхдөө хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байгаа нь энэ хүний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу *******ийг өмнө нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн хуулийн 46 дугаар зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны олговор гаргаж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь Төрийн үйлчилгээний удирдах албан хаагч нь тухайн ажиллаж байгаа ажлын байран дээр томилогдохдоо сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогддог. Хэрвээ сонгон шалгаруулалтад орж томилогдоогүй бол тухайн орон тоо сул байгаа гэж үздэг учраас Төрийн албаны салбар зөвлөлөөс 24 сумаас захиалга авсны дагуу сонгон шалгаруулалт зарласан. ******* тухайн ажлын байран дээр томилогдон ажиллаж байсан. Эрүүл мэндийн газраас сонгон шалгаруулалтын талаар сургалт болон мэдээллийг өгч байсан. Миний зүгээс *******ийг тухайн сонгон шалгаруулалтад орох талаар хэлж байсан. Гэтэл ******* тухайн сонгон шалгаруулалтад ороогүй. Сонгон шалгаруулалтад орж тэнцсэн Л.******* гэж хүнийг тухайн албан тушаалд томилуулах саналыг Төрийн албаны салбар зөвлөлөөс манайд ирүүлсний дагуу *******т 2017 оны 06 сарын 13-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн. 2017 оны 06 сарын 16-ны өглөө захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулж *******ийн ажлыг хүлээлцүүлэхээр болж ажлын хэсгийн ахлагч Нарангэрэлд захирамжийг өгсөн. Ажлын хэсгийн ахлагч тухайн өдөр ******* дээр очиж ажил хүлээлцэх гэсэн боловч тухайн үед хөтөлбөрийн ажил ихтэй, өөрийнхөө ажлыг цэгцлээгүй байгаа учраас өнөөдөр ажил хүлээлцэх боломжгүй байна гэж хэлж явуулсан талаар надад 11-12 цагийн хооронд ирж хэлсэн. Тэгээд *******ийн ажлыг 2017 оны 06 сарын 20-ны өдөр хүлээлцсэн. Төрийн албаны зөвлөлийн 2013 онд баталсан тогтоолд сонгон шалгаруулалтад ороогүй бол удирдах албан тушаалд ажиллуулахгүй гэсэн заалт байдаг. Үүний дагуу ажлаас нь чөлөөлсөн талаараа захирамжиндаа заасан байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******ийг Засгийн газрын 2016 оны 60 тоот тогтоолыг үндэслэж ажлаас нь чөлөөлсөн. Тухайн тогтоолд үйлчилгээний удирдах албан тушаалд ажиллаж байгаа хүн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх ёстой талаар заасан байгаа. Энэ тогтоолын дагуу захиалгаа өгсөн. Гэтэл энэ сонгон шалгаруулалтад ******* ороогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа яригдаж байгаа. Энэ зүйлд зааснаар ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлээ шүүхэд сарын дотор гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч энэ хугацаагаа хэтрүүлсэн гэж манай талаас үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 10 цаг 35 минутад захирамжийг хүлээж аваад 2017 оны 07 сарын 16-ны өдрийн 17 цаг 03 минутад шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн байгаа. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Нэхэмжлэгч нь 2017 оны 06 сарын 20-ны өдөр захирамжийг хүлээж авсан гэж тайлбар хэлж байгаа боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэх ямар ч боломжгүй гэжээ.
Анхан шатны шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ийг Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ЗДТГ-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор болох 2.985.854 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 62724 төгрөг гаргаж улсын орлого болгож, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 521 дугаартай шийдвэртэй танилцаад дараах гомдлыг гаргаж байна.
Үүнд: *******ийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сонгон шалгаруулалттай хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ороогүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолоор сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг авах тухай санал ирсэн бөгөөд уг саналыг хүлээн авахгүй байх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг үнэлээгүй, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 521 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөр оролцож байна. Давж заалдах гомдол нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан томилогдох ажилтанг сонгон шалгаруулалтыг журмыг үндэслэн захирамж гаргасан. Энэхүү захирамж дээр нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтанд ороогүй учраас Төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн албаны удирдах ажилтаны албан тушаалд томилохыг хориглоно гэсэн хуулийн заалттай бөгөөд энэхүү заалтыг баримтласан байна.
Уг захирамж ерөнхий шаардлага хангаагүй ч гэсэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх бүхий байгууллага шаардсан гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4 дэх хэсэгт заасан Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтад орж тэнцсэн иргэнийг авч ажиллуулах тухай санал ирүүлсэн бөгөөд энэ санал нь Төрийн албаны тухай хуульд заасан саналыг хүлээн авахгүй байх үндэслэлгүй юм гэж үзэж байна.
Тийм учраас засаг дарга бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргах үүрэгтэй учраас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж ойлгож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх нь зөрчигдсөнөөс хойш 1 сарын дотор гомдол гаргах эрхтэй боловч энэхүү хугацаа нь 1 сар хэтэрсэн байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр оролцож байна. Тухайн сонгон шалгаруулалт явуулах болсон шалтгаан нь аймгийн Эрүүл мэндийн газраас харъяа Эрүүл мэндийн газруудад аймгийн хэмжээгээр бүх Эрүүл мэндийн удирдах албан тушаалтан нарт төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явуулах тул ажлын байрны тодорхойлолт, ерөнхий шаардлагыг тусгасан матиариалуудыг ирүүлнэ үү? гэсэн албан шаардлагыг ирүүлсэний дагуу Эрүүл мэндийн газарт тухайн ажлын удирдах албан тушаалд тохирох материалуудыг явуулж, Эрүүл мэндийн газраас аймгийн Төрийн албаны салбар зөвлөл рүү нийт сумдын Эрүүл төвийн эрхлэгч эмч нарын сонгон шалгаруулалтыг зарласан байсан.
Энэ сонгон шалгаруулалт нь 5 дугаар сард явагдсан 6 дугаар сард Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол ирсэн Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн тул Л.*******ыг тухайн оны 6 дугаарын 20-ны дотор томилж, хариуг ирүүлнэ үү гэсэн шаардлага ирүүлсэний дагуу Засаг дарга миний бие өөрийн эрх хэмжээний хүрээнд Төрийн албаны удирдах албан тушаалтны тогтоолыг үндэслэн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт ороогүй С.*******ийг чөлөөлсөн, түүнийг тухайн сонгон шалгаруулалт орох боломж байсан гэж үзэж байна. Яагаад гэвэл Төрийн албаны салбар зөвлөл сонгон шалгаруулалтын талаар Төрийн албаны сайт дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулах тухай зар тавьсан байсан.
Миний хувьд 2017 оны 6 дугаар сарын 16-нд С.*******т ажлаас чөлөөлсөн тухай захирамжийг гардуулж өгсөн, эрх бүхий байгууллагаас шаардсан учраас захирамжийн үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Санжжавын ******* миний бие нь хариуцагч талын гомдол тайлбартай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Би 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр томилогдон ажиллаад 6 жил тасралтгүй ажиллаж байна. 2013 оны 4 сарын 11-ний өдрийн засгийн газрын 60 дугаар тогтоол дээр тухайн албан тушаалын сул орон тоо дээр удирдах албан тушаалтны ажлын байр зарлана гэсэн байдаг учраас ажлаа хийж байсан хүний ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулсан буруу гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 521 дугаартай шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. С.******* гэдэг хүнийг 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 96 дугаартай захирамжаар ажлаас нь чөлөөлсөн, Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслэн ажлаас чөлөөлсөн, тухайн үед ажиллаж байхдаа С.******* төрийн захиргааны албан хаагч биш төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллаж байсан. Тийм учраас төрийн үйлчилгээний албан тушаалтны хөдөлмөрийн эрх зүйн маргаан үүсч байна гэж үзэж байна.
Хөдөлмөрийн эрх зүйн маргаанаар зохицуулагдаж байгаа асуудлыг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмын дагуу мөн төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэн ажлаас халсан нь үндэслэлгүй. Учир нь 2010 онд С.*******ийг ажилд томилохдоо төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй бол ажлаас халах тухай асуудал яригдаж байгаагүй. Энэ хугацаанаас хойш С.*******ийг урьд нь ажлаас халж байсан ч шүүхийн шийдвэрээр буцаан ажилд нь томилогдсон. Цагаанхайрхан сумын Засаг дарга хууль хэрэглээний алдаа гарган ажлаас чөлөөлсөн байсан. Анх ажилд ороход нь Эрүүл мэндийн тухай хуульд заагдсаны дагуу сонгон шалгаруулалтад орох тухай асуудал байхгүй байсан. 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаартай тогтоол гарсан. Энэ үед С.******* нь тухайн ажлын байранд дээр ажиллаж байсан учраас уг журмын дагуу ажлаас чөлөөлөх эрх зүйн үндэс байхгүй. 2013 онд гарсан 60 дугаар тогтоол нь өөрөө шинээр ажил албан тушаалд томилогдох хүмүүст сонгон шалгаруулалт орох асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Энэ тогтоолын үйлчлэх хэмжээ нь 2013 оноос хойш үйлчилж эхэлсэн байхад, 2010 онд ажилд томилогдсон хүнд 2013 оны журмыг буцаан хэрэглэх тухай асуудлыг яриад байна.
Нэгэнт хөдөлмөрийн эрх зүйн маргаан үүсэн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу зөрчил үүссэн бол хөдөлмөрийн хуульд заагдсан заалтуудыг баримтлах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар С.******* ажилдаа тэнцэж байсан уу? үгүй юу гэдгийг хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гаргаж байж асуудлыг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны тухай асуудал яригдаж байна. Хөөн хэлэлцэх тухай хугацааны асуудал анхан шатны шүүхэд яригдсан гэтэл нотлох баримт шинжлэн судлах, шинээр нотлох баримт гаргаж өгсөн тухай хэлэлцэж байхад Цагаанхайрхан сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 96 дугаар захирамжийн хавсралт гарч ирсэн тогтоолын хавсралтад С.*******т мэдэгдсэн тухай хавсралт гарч ирж байсан урьд захирамж нь хавсралттай байсан тухай дурдагдаж байгаагүй. Хэрвээ захирамж нь хавсралттай байсан бол 96 дугаар захирамжийн тэд дугаартай хавсралт гэж захирамжид тусгаж өгөх шаардлагатай байсан. Ямар тушаалын хавсралт гэдэг нь тодорхой бус, 2016 онд гардуулж өгсөн байсан ч Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх тухай хэтрээгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан шийдвэр гэж үзээд дэмжиж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.
Ажил олгогч Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газартай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч С.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн агуулга болон журмыг зөрчжээ.
Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ хариуцагч тал С.******* нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолын Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу сонгон шалгаруулалтад ороогүй учир уг шалгаруулалтад орж хамгийн өндөр оноо авсан хүнийг уг албан тушаалд томилсон гэж тайлбарлаж, холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгч С.*******ийн эрхэлж буй албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал байх бөгөөд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсч, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна.
Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээнээс үүссэн маргаантай харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг.
Гэвч Хөдөлмөрийн тухай хуульд төрийн үйлчилгээний албан тушаалтан тухайн ажлын байранд ажиллаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулах талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй .
Харин Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд сонгон шалгаруулах талаар зохицуулалт байдаг боловч энэ нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд хэрэгждэг учир төрийн үйлчилгээний албан тушаалд хамааралгүй байна.
Мөн ажил олгогчийн удирдлага болгосон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолын Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын зохицуулах зүйл, агуулгаас харахад сул орон тоо гарсан тохиолдолд шинээр ажилтан авахдаа сонгон шалгаруулах журам гэж ойлгогдохоор байна.
Гэтэл нэхэмжлэгч С.******* нь тухайн ажлын байранд 6 жил ажиллаж байгаа нь тогтоогдож байх ба түүний ажлын байрыг сул орон тоо гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд ажил олгогчийн эрх бүхий байгууллага шаардсан гэсэн үндэслэлээр С.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр нь шударга бус байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, ажилтны ажилгүй байсан хугацааны цалинг буруу тооцсон гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалыг ажилтанд хэзээ гардуулж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой бус өөрөөр хэлбэл, ажил олгогч ажлаас халсан шийдвэрээ гардуулж өгөх үүргээ хэрхэн биелүүлсэнээ нотлож чадаагүй байна. Иймд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор нийт 2.985.854 төгрөгийг тооцож, олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Монгол улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д нийцсэн, хууль журам зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 521 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туахй хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 62724 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Ж.БАТТОГТОХ