Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 22

 

Ш.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Ш.*******

Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлтийн даргалж шийдвэрлэсэн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 603 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч ш.*******гийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* овогтой ******* би Дөрвөлжин суманд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэж буй ******* эксплорэйшн ХХК-нд автомашин түрээслэгч Цогт багийн бүх гишүүдийн ******* уулын хишиг нөхөрлөлд жолоочоор 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр томилогдон 4 дэх жилдээ ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс - компаниас намайг уурхайн кемпэд оруулахгүй гэсэн нэрээр манай нөхөрлөл явуулахаа больсон. Энэ хугацаанаас хойш надад ажлаас чөлөөлсөн тушаал өгөөгүй боловч 2017 оны 09, 10, 11 саруудад хагас цалин олгосон. 2017 оны 12 сар, 2018 оны 01,02,03,04 саруудад цалин олгоогүй, намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би тушаалаа хүлээн авсан. Ажилласан дээрх 4 жилийн хугацаанд ганц удаа амралтын мөнгө авч байгаагүй болно. Мөн ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тогтмол биелүүлж, ганц удаа ч ажил таслаж байгаагүй. Нөхөрлөлийн үндсэн ажилтнаар ажиллаж байсан юм. Мөн хариуцсан машин тэргээ ариг гамтай хэрэглэж байсан. Дээрх хугацаанд ******* эксплорейшн ХХК-ийн зарим хүмүүсийн дээрэнгүй байдал, туслан гүйцэтгэгч Монруд ХХК-ийн үйлчилгээний талаар иргэн хүнийхээ эрүүл аюулгүй хоол хүнс хэрэглэх, ажлын байрны дарамтгүй орчинд ажиллах талаар гомдол гаргаж, өөрийн үзэл бодлоо илэрхийлж байснаас, өөрийн ажиллаж буй *******-Уулын хишиг нөхөрлөлийн удирдлагуудтай ёс зүйгүй харьцаж аливаа буруу зөрүү үйлдэл гаргаж байгаагүй болно.

Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 1970000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж хууль тогтоомжийн дагуу амралтын мөнгийг тооцуулж олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай ******* авогт *******гийн *******гийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцан дараах хариу тайлбарыг хүргүүлжбайна.

******* уулын нөхөрлөл нь Эксплорэйшн ХХК-тай хамтын ажиллагааны гэрээнд үндэслэн авто машины үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг билээ. Бид багийнхаа ажилгүй иргэдийг ажлын байраар хангах зорилгоор боломжит байдлаар сонгон шалгаруулж авдаг. Ш.******* нь тус нөхөрлөлийн гишүүн бөгөөд 2013 оны 10 сараас эхлэн жолоочоор ажилласан нь үнэн болно. Ажиллах хугацаандаа Ш.******* нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр уурхайн дотоод дүрэм, журам зөрчсөн талаарх мэдэгдэл ирж гурван талаасаа хэлэлцэн дахин ийм зөрчил гаргахгүй байх тухайгаа мэдүүлж байсан. /2016 оны 07 дугаар сарын 27-ны 03/255 тоот/

Мөн 2017 оны 08 дугаар сарын 21-нд ХХК-ны удирдлагуудаас жолооч нар аюулгүйн дүрэм зөрчөөд байна хэмээн ирж уулзахыг хүссэн хүсэлтийн дагуу нөхөрлөлийн удирдах зөвлөлийн гишүүн С., Г. хоёрын хамт миний бие очиж уулзах ярилцаад Ш.*******г уурхайн дотоод дүрэм, аюулгүй ажиллагааны дүрэм зэрэгтэй танилцаад өөрийн алдааг ойлгосон үед дахин ажиллуулж болно гэсэн шийдвэрт хүрсэн. Үүнийгээ Ш.*******д танилцуулахад тэр дотоод дүрмийг судлаад байх шаардлага байхгүй хэмээн 08 дугаар сарын 22-нд өргөдөл бичиж нөхөрлөл, сумын засаг дарга, ХХК-нд тус тус хүргүүлсэн байсан. Бид өргөдлийг хүлээн авч ХХК-руу тоот хүргүүлсэн. /2017 оны 06 дугаар сарын 22-ны №04 тоот, мөн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний №05 тоот, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны №06 тоот/, ХХК-ны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05/299 тоот хариу нь Ш.******* олон удаагийн дүрэм журам гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул дахин уурхайд ажиллуулахгүй, нэвтрүүлэхгүй хэмээн шийдвэрлэснийг мэдэгдсэн байсан. Үүнийг Ш.*******д танилцуулахад миний алдаа байхгүй хэмээн нөхөрлөлийн бүх гишүүдээр хэлэлцүүлж өгөхийг хүссэний дагуу 2017 оны 10 дугаар сарын 15-нд багийн төв дээр гишүүдэд танилцуулан ХХК-ыг төлөөлөн орон нутаг хариуцсан ажилтан Г., нар ирж тайлбар хийсэн. Нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдаанаас гарсан шийдвэрийн хариуд ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 19-ний 03/309 тоот хариу ирүүлсэн. Ирсэн тоотыг Ш.*******д танилцуулсан, хавсралтаар ирсэн 6 хүний тайлбар мэдүүлэгтэй танилцан үнэн эсэх талаар тайлбар бичин гарын үсгээ зурахыг хүсэхэд Ш.******* нь наадахтай чинь танилцах шаардлага байхгүй гэсэн учраас бид ХХК-руу дахин тоот явуулах шаардлагагүй хэмээн үзлээ. Ингээд ажилгүйдлийнхээ тэтгэмжээ ав хэмээн 2017 оны 12 дугаар сарын 01-нээс ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхөд Ш.******* нь надад тэтгэмжийн мөнгө хэрэггүй, би ийм тушаал авахгүй гэсэн болно. Ш.******* нь ажилдаа орох хүсэлтэй байсан учраас ажилд нь эгүүлэн оруулахаар 2018 оны 02 дугаар сарын 07-ны №03 тоотоор хүсэлт хүргүүлсэн боловч ХХК нь Ш.*******г тус нөхөрлөлд ажилтнаар байлгах шаардлагагүй болсон билээ.

Тус нөхөрлөл нь төслийн талбайд ажил үүргээ гүйцэтгэдэг тул манай ажилчид нь уурхайн дүрэм, журам, аюулгүй ажиллагааг дагаж мөрдөх шаардлагатай байдаг гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан *******гийн *******г *******-Уулын хишиг нөхөрлөлийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1970000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгө гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгож, шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болж, шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн даваж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад зарим хэсэгт гомдол гаргаж байна.

Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч Ш.*******гийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулахад би 2017 оны 12 сар, 2018 оны 01, 02, 03, 04 дүгээр сарын цалингаа нэхэмжилнэ. 2018 оны 05 дугаар сарын 02-ноос хойшхи цалингаа нөхөрлөлөө бодоод нэхэмжлээгүй, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа дэмжиж байна гэсэн бөгөөд дээрх шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах ёстой байсан. Өөрөөр хэлбэл Ш.******* нь цалин хөлс болон амралтын мөнгө олгоогүй эрхээ зөрчигдсөн өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй байсан. Нэхэмжлэгч энэхүү хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 12 сар, 2018 оны 01-04 сар хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 197000 төгрөг, ажилд орсон цагаасаа хойшхи амралтын мөнгөө гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байа гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ш.******* би 2017 оны 12 сар, 2018 оны 01-02 дугаар сарын цалингаа авах талаар тус нөхөрлөлийн нягтлан бодогч С.д 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр уулзахад намайг халагдсан гэж бодож байгаа учраас чамд цалин амралтын мөнгө олгохгүй гэсэн. Манай байгууллага болон сумд Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага байдаггүй болохоор байгууллагын нягтлан бодогчид хандсан. Цалин болон тушаалаар авахаар байнга л шаардаж байсан тухай шүүх хурал дээр хэлж, хариуцагч тал ч үгүйсгээгүй байхад хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж хариуцагч тал энэ талаар тайлбар ч өгөөгүй байхад ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хурал болохоос өмнө ч хариуцагч тал нэхэмжилсэн цалинг 1 сая болгож бууруулж олгоё гэж байсан бөгөөд цалинг өгөх талаар талууд харилцан ярилцаж байсан.

******* ХХК-ийн хууль бус шахалтаар намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлж хохироож байхад, мөн тушаалыг гаргаж өгөхгүй миний шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг алдагдуулж, хариуцагч талаас тушаал болон цалин хөлс гаргаж өгөхгүй гацааж байхад хүндэтгэн үзэх шалтгаангүй хөөн хэлэлцэх хугацааг алдсан гэж хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг барьсан шийдвэр байна. Мөн 2018 оын 02 дугаар сарын 07-ны өдөр Ш.******* намайг ажилд нь гаргуулах 03 тоот хүсэлтийг манай нөхөрлөлөөс хүргүүлсэн байтал ******* ХХК нь Ш.*******г Нөхөрлөлд байлгах шаардлагагүй гэж *******-Уулын хишиг нөхөрлөлийн бүрэн эрхэд хууль бусаар халдаж, миний хөдөлмөрлөх эрхэд ноцтой хохирол учруулж байхыг анхаарч буруутай этгээдээс цалин хөлсийг олгуулах талаар арга хэмжээ авч өгөөгүйд гомдолтой байна. Намайг ажлаас халах болсон үндэслэл шалтгаан, ажилд гаргуулах байх тухай ******* ХХК-ийн хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрч миний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг хангаагүй хариуцагчийн талд асуудлыг шийдвэрлэсэнийг дахин хянан үзэж Иргэний хэргийн анхан шатны шүүхийн цалин хөлстэй холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Мөн 2013-2017 онуудын амралт бодогдоогүй тул амралтын мөнгө болох холбогдох хуулийн заалтын дагуу 1.5%- аар бодоход 1 сарын 350000х1.5%=525000 төгрөг 1 жилд, 4 жилийг 525000 төгрөгөөр бодоход 2100000 төгрөгний амралтын мөнгө, 2018 оны 05 дугаар сарын 02-ноос хойшхи 4 сарын хугацааны 350000 төгрөгөөр бодоход 1400000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2013 оны 11 дүгээр сарын 01-нд ажилд орсон. 2017 оны 11 дүгээр сарыг хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаанд Нийгмийн даатгалын дэвтрийг манай байгууллагаас төлсөн байдаг ч амралтын мөнгийг маань тооцож олгоогүй байдаг. Надтай хамт ажиллаж байсан жолооч нарыг 2018 оны 01 дүгээр сарын 01-нд буцааж олгох шийдвэр гарсан байдаг. Түүний сургаар нягтлан бодогчтой уулзаж байсан. Цалингаа бодуулж авах, амралтын мөнгөө бодуулж авах гэсэн шаардлагатай уулзаж байсан. Ажилгүй байсан хугацааны 5 сарын цалин, амралтыг мөнгийг тооцож олгож байгаагүйд гомдолтой байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарчээ.

 

Нэхэмжлэгч Ш.*******г Завхан аймгийн Дөрвөлжин сумын ******* Уулын хишиг нөхөрлөлийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн Б/04 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн түүнийг тус нөхөрлөлийн жолоочийн ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч Ш.******* нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 1970000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, амралтын мөнгө олгуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Дөрвөлжин сумын ******* Уулын хишиг нөхөрлөл нь Ш.*******г тус нөхөрлөлийн жолоочийн ажилд авч тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа ******* ХХК-ийн төслийн талбайд тээврийн хэрэгслээр жолоочийн ажил үүрэг гүйцэтгүүлж, түүний хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгохоор тохирч оператерийн гэрээ гэсэн нэртэй гэрээ байгуулжээ.

 

Хэрэгт авагдсан гэрээний гол нөхцөл болон агуулга зохигчдын тайлбар, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээс харахад талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Ажил олгогч нь Ш.*******г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримталж, ажлаас чөлөөлөхөд ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, эсхүл сахилгын зөрчлийг давтан гаргасан байхыг шаарддаг.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд ямар зөрчлүүдийг авч үзэхийг нэрлэн заагаагүй байх ба Ш.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, эсхүл сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Ш.*******г ажилд нь эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй байна.

 

Харин ажил олгогч нь Ш.*******г ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтаныг 2017 оны 9 сараас эхлэн ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгоогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул ажил олгогчийн энэ үйлдлийг ажлаас халагдсантай адилтгаж үзэхээр байна.

Тодруулбал, ажил олгогч нь Ш.*******г ажлаас чөлөөлсөн тушаалыг 2018 оны 05 дугаар сард бичгээр гаргасан хэдий ч Ш.******* нь 2017 оны 8 сараас хойш ажил үүрэг гүйцэтгээгүй, цалин хөлс аваагүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул түүнийг 2017 оны 09 сард ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож буй энэ үйл баримтыг буруу үнэлж, дүгнэж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг зохигчдын хооронд үүссэн цалин хөлсний маргаан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

Иймд Ш.*******д Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд нь нөхөх олговор олгох нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 2018 оны 12 сарын 05 дугаар сарын 01-н хүртэл хугацааны нөхөх олговор нэхэмжилсэн байх тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар тухайн ажилтаны нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцож, нийт 107 хоногийн цалин 1.341.566 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 603 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт заасныг баримтлан Ш.*******гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.341.566 төгрөгийг хариуцагч *******-Уулын хишиг нөхөрлөлөөс гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 628.434 төгрөг болон амралтын мөнгө гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтаар Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 1.341.566 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг *******-Уулын хишиг нөхөрлөлд үүрэг болгосугай гэж тус тус нэмж

Шийдвэрийн 2 дахь заалтын дугаарыг 3 гэж дугаарлан уг заалтыг Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 36.415 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай гэж өөрчилж,

Шийдвэрийн 3, 4 дэх заалтуудын дугаарыг 5, 6 гэж дугаарласугай.

3. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ж.БАТТОГТОХ

 ШҮҮГЧИД                             Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР