Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 23

 

Г.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид:Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Б.*******

Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч шүүгч Ж.Отгонхишигийн даргалж шийдвэрлэсэн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэлийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...миний бие Отгонтэнгэр их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр 2010-2014 онд суралцаж төгссөн. Улаанбаатар хотод Мултифак ХХК-д ажиллаж байгаад Завхан аймгийн Баянхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны манаачаар 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс ажилд орж ажиллаж байсан. Ажилд томилогдон орсноос хойш үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүртэл ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүйгээр, үр бүтээлтэйгээр, байгууллагаас зохион байгуулдаг спорт, урлагийн арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэн. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр манай ээж надад чамайг сургуулийн захирал ажлаас халсан байна гэсэн. Би ажлаас чөлөөлсөн тушаалаа аваагүй байгаа. Завхан аймгийн Баянхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/6 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдснийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдсэн. Уг тушаалд намайг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлөөд ямар шалтгаанаар ажлаас чөлөөлснийг бичээгүй байна. Иймд чөлөөлөгдсөн тушаалаа хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэхээр танай шүүхэд хандаж байна... гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

*******ын ******* нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны галч, манаачаар гэрээт ажилтнаар ажил орсон. Ажилд орох үед нь *******ийн аав болох ******* нь тус ажлын байранд ажиллаж байгаад таалал төгссөн тул ар гэрийн шалтгаанаар *******ийг ажиллуулж эхэлсэн.

******* нь ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 05 дугаар сард гэмт хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн. 2017 оны 10 сард гэрээт ажилчдыг ажилд нь оруулж сургуулийн дулаан өгөх үед ******* шүүх, цагдаагийн асуудалтай ажиллаж байсан. Ихэнх үед *******ийн ээж ******* ажиллаж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрээт ажилчидтай гэрээ хийх үед ******* өөрийн биеэр ажиллаж гэрээгээ 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэрээ хийгдсэн. Гэрээ хийгдсэн өдрөөс хойш Г.******* нь Тосонцэнгэл суманд цагдаагийн хяналтанд байж ээж ******* нь ажлыг хийж гүйцэтгэж байсан юм. 2018.01.30-ны өдөр Г.*******тэй холбогдох анхан шатны шүүх хурал болж цагдан хорих шийдвэр гарсан тогтоолыг олж үзсэн. Ингээд тус ажилтан өөрийн биеэр ажиллах боломжгүй болж гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дууссан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Г.*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг түүний оронд ажиллаж байсан ээж *******д гардуулж өгсөн. Г.******* өөрийн ажлын байрандаа ажиллаагүй цагдан хорих газарт хоригдож байсан учраас ажлаас нь чөлөөлсөн тушаалыг өгөөгүй.

Г.******* нь ажиллаж байх хугацаандаа удаа дараагаар сахилгын шийтгэл авч байсан. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ******* өөрийн биеэр байхгүй тус сургуульд ажиллах боломжгүй учир ажиллаагүй хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлж, өмнө нь эрхэлж байсан гэрээт ажилтны ажлын байранд эгүүлэн томилох боломжгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Завхан аймгийн Баянхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Г.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Баянхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/6 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Алтангэрэл миний бие иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаартай шийдвэрийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 48 минутад хүлээн авч танилцаад уг шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: Завхан аймгийн Баянхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/6 тоот тушаалаар Г.*******ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэл болгосон боловч хавтаст хэрэгт хөдөлмөрийн гэрээ, нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй байхад ажил олгогчийн талд шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогчийн зүгээс анхны хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад Г.*******ийг гэмт хэрэг үйлдсэн тухай шүүхийн шийдвэр гарсан учраас ажлаас нь чөлөөлсөн гэж мэтгэлцсэн. Гэтэл хавтаст хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд гэмт хэрэг үйлдсэн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон эсэх талаар нотлох баримт байхгүй ба давж заалдах шатны шүүхийн магадлал нь 2018 оны 03 дугаар сарын 29-нд гарсан байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...хэрэгт авагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 дүгээр магадлал зэрэг нотлох баримтууд хуулбар хувь, нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч ...Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимаас цахим санд байршуулсан хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эрүүгийн хэргийн шүүх хуралдааны зарыг шүүхэд ирүүлсэн зэргээс дүгнэхэд ...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс цагдан хоригдож байсан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

1.Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох, цуцлах үндэслэлд цагдан хоригдсон гэх үндэслэл байхгүй

2. хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлд 37.1.7 ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэх үндэслэл байх боловч 2018 оны 03 дугаар сарын 01-нд шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гарсан нь хүчин төгөлдөр болоогүй байсан нь шүүхийн цахим зар, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай давж заалдах шатны шүүхий магадлалаар тогтоогдоно.

3. Ажлаас чөлөөлөх тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хэзээ дуусах нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй.

4. Ажил олгогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Г.*******ийн оронд хүн авч ажиллуулсанаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.******* нь 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн Завхан аймгийн Баянхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуульд аавынхаа оронд ажиллаж эхэлсэн. 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэмт хэрэгт холбогдсон Засгийн газрын 230 дугаартай тогтоолоор 2017 оны 10 дугаар сарын 01-нээс гэрээт ажилтануудыг ажилд томилоод гэрээний хугацааг 1 сар ба түүнээс дээш хугацаагаар гэрээг байгуулаад байгууллагын дотоод зохион байгуулалтанд зааснаар хугацааг зааж гэрээг хийсэн. Гэрээнд заасан хугацааг биелүүлээгүй тохиолдолд ажлаас нь халах үндэслэл болдог. 2017 оны 10 дугаар сарын 01-нд гэрээт ажилчдыг ажилд нь дуудаж оруулахад Г.******* өөрийн биеэр ирж гэрээ хийсэн боловч ажилд ирж ажиллаагүй ээж нь оронд нь ажиллаад яваад байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад хууль дүрмүүдийг үндэслэн эмэгтэй хүн уурын ууханд галчийн ажил хийнэ гэдэг үнэхээр хүндрэлтэй байсан 160 хүүхдийн дотуур байрыг халаана, ээлжинд хонодог ийм байдалтайгаар явсаар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ сунгагдаж гэрээг 3 сараар хийх хугацаанд Г.******* ирээгүй өөрөө ирж гэрээгээ хийгээгүй. Түүний ээжийг үргэлжүүлэн ажиллуулж байсан. Монгол хүний жудгаар амьдрал ахуй хэцүү, ээжтэйгээ амьдардаг гэсэн учраас ажилуулж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гараад Г.*******ийг тухайн өдрөөс цагдан хорих 5 жилийн ял оноож шийдвэрлэсэн гэсэн шийтгэх тогтоолыг олж харсан учраас ажлаас чөлөөлөх нь зөв гэж үзсэн. Өөрөө ажлын байран дээрээ ажиллахгүй, сум орон нутагтаа байхгүй учраас ажлаас нь чөлөөлсөн ер нь тухайн үедээ 1.700.000 төгрөгний цалингийн зээлтэй төлөгдөж явсаар 1.000.000 төгрөгний цалингийн зээлтэй болсон байсан. 3 сар ажил хийгээгүй учраас цалингийн зээл нэхэгдсэн тул би өөрийн цалингаас 300.000 төгрөгийг өгсөн нэг нутагт амьдарч байгаа учраас тухайн мөнгийг өгсөн. Одоо нэхэмжлэж байгаа 45 хоногийн цалинг төлөх боломжгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчээс ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргасан боловч тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Яагаад гэвэл тухайн хүн ажлын байран дээрээ байгаагүй, сум орон нутагтаа ч амьдраагүй, цагдан хорих байранд байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. 

Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Завхан аймгийн Баян-хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хариуцагч байгууллага нь Г.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, мөн Г.******* нь ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн шийдвэр гарсан учраас, ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж, тушаалдаа Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгожээ.

 Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Г.******* нь Завхан аймгийн Баян-Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуультай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, галч, манаачаар ажиллаж байсан байх бөгөөд гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дууссан байна.

 Нөгөө талаар тэрээр ажиллаж байсан хугацаандаа гэмт хэрэгт холбогдож 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээр 5-н жилийн хорих ялаар шийтгүүлсэн байх бөгөөд энэ хугацаанаас хойш түүний ажил үүргийг ээж нь гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 Ажил олгогч нь 2018 оны 01 дүгээр сарын 30-наас хойш ажлын байрандаа өөрөө байгаагүй ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон Г.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг түүний ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноос хойш 1 сарын дараа гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэл зааж ажлаас чөлөөлсөнийг буруутгах боломжгүй байна.

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлж, дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг буруутгах боломжгүй байна.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдсан гомдолдоо... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад Г.*******ийг ажлаас чөлөөлсөн... нь үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтууд хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Г.*******ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                                    Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР