Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 141/ШШ2018/00230

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 141/ШШ2018/00230

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багт оршин суух И овогт Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Зд холбогдох Тус сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхриймаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Ганболд овогтой Б миний бие Отгонтэнгэр их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр 2010-2014 онд суралцаж төгссөн. Улаанбаатар хотод Мултифак ХХК-д ажиллаж байгаад З дотуур байрны манаачаар 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс ажилд орж ажиллаж байсан. Ажилд томилогдон орсноос хойш үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүртэл ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүйгээр, үр бүтээлтэйгээр, байгууллагаас зохион байгуулдаг спорт, урлагийн арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэн. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр манай ээж надад чамайг сургуулийн захирал ажлаас халсан байна гэсэн. Би ажлаас чөлөөлсөн тушаалаа аваагүй байгаа. З захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/6 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдснийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдсэн. Уг тушаалд намайг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлөөд ямар шалтгаанаар ажлаас чөлөөлснийг бичээгүй байна. Иймд чөлөөлөгдсөн тушаалаа хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэхээр танай шүүхэд хандаж байна... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.Бтэй холбоотой Завхан аймгийн Баянхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулиас дараах 3 эрх зүйн акт гаргасан байдаг. Үүнд: 1. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/11 тоот ажилд түр томилох тушаал, 2. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А/49 тоот арга хэмжээ авах тухай тушаал, 3. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 тушаалаар тус сургуульд галч манаачаар ажиллаж байсан Г.Бийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох гэж эхэлсэн тушаал.

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 тушаалд Г.Бийг ажлаас чөлөөлж байгаа үндэслэл байхгүй байсан. Хуулийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 137-р зүйлийн 137.1.1 зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон байна. Г.Бийг ажлаас халсан тушаалыг өөрт нь гардуулж өгөөгүй гэдгийг нэхэмжлэгч 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хариу тайлбар дээрээ бичсэн байсан. Дээрх ажлаас чөлөөлөх тушаалыг ээж болох Д.Цд нь өгсөн гэсэн учраас нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаж Г.Бийн ээж болох Д.Цыг гэрчээр асуулгасан. Гэрчийн мэдүүлэг дээр Д.Ц би хүүхдийнхээ ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж аваагүй, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр сургуулийн захиралтай уулзахад танай хүүхдийг ажлаас нь чөлөөлнө гэж ярьсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Тийм учраас хуульд заасан хугацаандаа нэхэмжлэгчийн зүгээс гомдлоо шүүхэд гаргасан гэж үзэж байна. Ажлаас чөлөөлөх тушаал дээрээ Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж гарсан байсан хэдий Г.Бийг ямар шалтгаанаар, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсон талаар бичээгүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж цаашид сунгагдахгүй болсон гээд байгаа үндэслэл нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхыг шаардаж байгаа. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Г.Б нь ажлаас чөлөөлөх хүртэл цалингаа аваад ажлаа хийгээд явж байсан учраас хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэл зайлшгүй байх ёстой. Хөдөлмөрийн гэрээ байсан бол ямар шалгуур үзүүлэлт байх ёстой вэ гэвэл хөдөлмөрийн гэрээн дээр ямар хугацаагаар ажиллуулах талаар хугацаа заасан байх мөн хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулна гэж засан байгаа. Байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулна гэсэн. Байнгын ажлын байрны чиг үүргийг тодорхой заасан байгаа. Үүнд ажил ологчийн заасан ажлын байрны дээр ажил олгогчийн олгосон багаж хэрэгслээр цалин хөлс авч байгаа ажлын байрыг байнгын ажлын байр гэнэ. Ажил хийхдээ ээлжийн давтамжтай хийж байсан учраас ээлжийн ажил хийж байсан гэдэг нь харагдаж байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийг байнгын ажлын байртай байсан гэж ойлгож байна. Зайлшгүй тохиолдолд хугацаатай гэрээ байгуулах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт хугацаатай байгуулах гэрээг 3 үндэслэлээр зааж өгсөн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийг улирлын чанартай ажиллуулна гэснийг ойлгохгүй байна. Тухайн ажил үргэлжлэх хугацаагаар гэсэн. Энэ нь тухайн галлагааг ямар хугацаанд хийж уг ажил нь дуусах ёстой гэдэг шалгуур үзүүлэлт нь байхгүй байна. Хариуцагч манай халаалт 3 сараас зогссон гэж байгаа мөртлөө халаалт нь зогссон талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч шинээр ажилд орсон эсвэл туршилтын хугацаагаар ажиллаж байгаа хүн биш юм. Нэхэмжлэгчийг анх ажилд томилсон тушаал 2015 оны 04 дүгээр сарын 13-нд гарсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч 3 жил ажлаа хийсэн. Дээрх хугацаанд ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй учраас дээрх ажилд орсон тушаалыг хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Хариуцагч хөдөлмөрийн гэрээг хугацаатай гээд байгаа боловч тухайн хугацаатай хөдөлмөрийн гэрээг яаж сунгаад байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдахгүй байна. Хэрвээ хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа бол үндэслэл шаардлага тодорхой байх ёстой. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нь Г.Бийг ТҮ-2-оор цалинжиж байсан гэдэг нь цалингийн сүлжээгээр тогтмол цалингаа авч мөн ажлаа ээлжийн давтамжтай гүйцэтгэж байсан гэдэг харагдаж байгаа учраас байнгын ажлын байр гэж үзэж байна. Хугацаатай гэрээ байгуулахад хориглох заалт нь хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байгаа. Гэмт хэрэг үйлдээд ял шийтгүүлсэн ажлаа хийх боломжгүй болсон тохиолдолд ажлаас чөлөөлнө гэсэн байна. Гэтэл энэ үндэслэл тушаал дээр байхгүй байна. Дээрх шүүхийн шийтгэх тогтоол, магадлал зэрэг тухайн тушаал гархад хүчин төгөлдөр болоогүй байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс ойлгож байгаа. Би анхан шатны шүүхээс 06 тоот шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхээс 09 тоот магадлал гарсан талаар мэднэ, энэ талаар маргах зүйл байхгүй, би дээрх 2 шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын шатны шүүх хуралдаанд гомдол гаргасан юм. Хяналтын шатны шүүх хуралдаанаас ямар шийдвэр гарсныг мэдэхгүй байна. Иймд нэхэмжлэлийнхээ шаардлагыг бүрэн дэмжиж байна... гэв.

Хариуцагч З захирал Б.Н нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г овогтой Б нь 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс З дотуур байрны галч манаачаар гэрээт ажилтнаар ажилд орсон. Ажилд орох үед нь Г.Бийн аав болох Г нь тус ажлын байранд ажиллаж байгаад таалал төгссөн тул ар гэрийн шалтгаанаар Г.Бийг ажиллуулж эхэлсэн. Г.Б нь ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 05 дугаар сард гэмт хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн. 2017 оны 10 сард гэрээт ажилчдыг ажилд оруулж сургуулийн халаалт дулаан өгөх үед Г.Б шүүх цагдаагийн асуудалтай дуудагдаад хагас дутуу ажиллаж, ихэнх үед Г.Бийн ээж Д.Ц ажиллаж байсан. Д.Ц нь настай эмэгтэй хүн учраас нүүрс зөөх, хүнд зүйл өргөх, ээлжээр хонох зэргээр ажиллахад хүндрэлтэй болж, Хөдөлмөрийн хууль зөрчигдөх болон ажиллуулж байгаа удирдлагуудад ч төвөгтэй байдал бий болсон. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрээт ажилчидтай гэрээ хийх үед Г.Б өөрийн биеэр ажиллаж гэрээгээ 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгуулсан. Гэвч гэрээ хийгдсэн өдрөөс хойш Г.Б нь Тосонцэнгэл суманд цагдаагийн байгууллагын хяналтанд байж ээж Д.Ц нь ажлыг нь хийж гүйцэтгэж байсан юм. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр анхан шатны шүүх хурал болж Г.Бийг цагдан хорих шийдвэр гарч цагдан хоригдсон талаар Г.Бтэй хамт цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан хүнээс асууж мэдсэн. Ингээд тус ажилтан өөрийн биеэр ажиллах боломжгүй болж гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр дууссан учраас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Г.Буянннэмэхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг Г.Бийн ажлын байранд ажиллаж байсан ээж Д.Цд гардуулж өгсөн. Г.Б өөрийн ажлын байрандаа ажиллаагүй цагдан хорих газарт хоригдож байсан учраас ажлаас чөлөөлсөн тушаалыг өгөөгүй, өгөх ч боломжгүй байсан. Г.Б нь ажиллах хугацаандаа удаа дараагаар сахилгын шийтгэл авч байсан. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Г.Б өөрийн биеэр байхгүй тус сургуульд ажиллах боломжгүй байсан учир ажлаас нь чөлөөлсөн. ... Г.Бийг хэвийн ажлаа хийгээд явж байсан бол тухайн ажлын байранд ажиллуулахад татгалзах зүйлгүй, ажил олгогчийн зүгээс түүнд боломжтой бүх нөхцөлөөр хангасан. Аавыг нь нас барсны дараа түүнийг аавынх нь оронд ажилд томилж, удаа дараа цагдаагийн байгууллагад дуудагдаад эзгүй байх хугацаанд байнга ээжийг нь ажиллуулж цалинг нь олгодог байсан, мөн түүнийг ажлаас чөлөөлснөөс хойш цалингийн зээл нь төлөгдөхгүй байгаа талаар ээж нь хэлэхээр нь би хувиасаа 300.000 мянган төгрөг өгсөн. Цаашид үргэлжлүүлэн ажиллуулж хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй байсан учраас ажлаас нь чөлөөлсөн. Иймд Г.Бийг өмнө нь эрхэлж байсан гэрээт ажилтны ажлын байранд эгүүлэн томилж, ажиллаагүй хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үндэслэлгүй гэж үзэж байна... гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь Зд холбогдуулан тус сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэлээр Б.Аийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцохоор итгэмжлэл ирүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан, өөрөөр хэлбэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.А нь Г.Бийг төлөөлөх эрхтэй байна гэж дүгнэлээ.

З галчийн ажлын байр нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах бөгөөд хөдөлмөрийн эрхийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул уг маргааныг тус шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... Г.Б өөрийг нь ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/6 тоот тушаалыг өөрөө гардан аваагүй, ажлаас чөлөөлөгдсөнөө 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн учраас нэхэмжлэлээ 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд гаргасан... гэж мэтгэлцэж байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг би өөрөө гардан аваагүй, ажлаас халагдсан талаар 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр миний ээж надад хэлсэн..., гэсэн тайлбар

гэрч Д.Цын ... Г.Бийг ажлаас чөлөөлснийг мэдээд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Г.Бэд энэ талаар хэлсэн, харин тушаалыг нь бичээч Ж.Алтанцэцэгээс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр авсан... гэсэн мэдүүлэг болон хариуцагч Б.Наваандэмбэрэл нь энэ талаар

маргахгүй байгаа, тухайн тушаалыг хэзээ, хэрхэн гардуулан өгсөн болон мэдэгдсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргээс дүгнэхэд Г.Б нь ажлаасаа чөлөөлөгдсөн болохоо 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэдэж, холбогдох тушаалыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ээж Д.Ц нь гардан авч 04 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзлээ.

Завхан аймгийн Баянхайрхан сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/11 дугаар тушаалаар Г.Бийг тус сургуулийн дотуур байрны галч, манаачийн ажилд гэрээт ажилтнаар түр томилж, З захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/6 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь дээрх тушаалуудын хуулбараар тогтоогдож байна.

З захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/6 дугаартай тушаалаар Г.Бийг ажлаас чөлөөлөхдөө Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсгүүдийг үндэслэл болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт ... Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болохоор хуульчилжээ.

Гэрч Д.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд эргэлтээр уулзахдаа миний хүүг ажлаас нь хална гэж байгаа талаар түүнд хэлж байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ... Г.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тухайн өдрөөс эхлэн цагдан хорьж... шийдвэрлэсэн шийтгэх тогтоол,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 06 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн зэргээс дүгнэхэд Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон, мөн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй, хэвээр үлдээсэн тул Г.Б цагдан хоригдож байсан, мөн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ээж Д.Цыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цагдан хорих байранд эргэлтээр очиж уулзахад цагдан хоригдож байсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн З галчаар ажиллаагүй, ажиллах боломжгүй байсан болох гэрч Д.Цын мэдүүлэг, анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол магадлалаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаар магадлал зэрэг нотлох баримтууд нь хуулбар хувь, нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аийн ... Би анхан шатны шүүхээс 06 тоот шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхээс 09 тоот магадлал гарсан талаар мэднэ, энэ талаар маргах зүйл байхгүй, би дээрх 2 шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын шатны шүүх хуралдаанд гомдол гаргасан юм. Хяналтын шатны шүүх хуралдаанаас ямар шийдвэр гарсныг мэдэхгүй байна... гэж тайлбарлан Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимаас цахим санд байрлуулсан хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эрүүгийн хэргийн шүүх хуралдааны зарыг шүүхэд ирүүлсэн зэргээс дүгнэхэд дээрх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш цагдан хоригдож байсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Зохигчид нэгэнт маргахгүй байгаа үйл баримтын талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэн анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол магадлалд агуулсан мэдээллийг үнэн зөв, иргэний хэрэгт ач холбогдолтой гэж үзэж нотлох баримтад үнэлж шийдвэрлэсэн болно.

Иймд ажил олгогч Завхан аймгийн Баянхайрхан сумын бүрэн дунд сургуулийн захирал Б.Наваандэмбэрэл нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш томилогдсон ажлын байрандаа өөрөө ажиллаагүй, мөн цаашид ажиллах боломжгүй байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн сунгах боломжгүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ... Г.Бийг хэвийн ажлаа хийгээд явж байсан бол тухайн ажлын байранд ажиллуулахад татгалзах зүйлгүй, ажил олгогчийн зүгээс түүнд боломжтой бүх нөхцөлөөр хангасан. Аавыг нь нас барсны дараа түүнийг аавынх нь оронд ажилд томилж, удаа дараа цагдаагийн байгууллагад дуудагдаад эзгүй байх хугацаанд байнга ээжийг нь ажиллуулж цалинг нь олгодог байсан, мөн түүнийг ажлаас чөлөөлснөөс хойш цалингийн зээл нь төлөгдөхгүй байгаа талаар ээж нь хэлэхээр нь би хувиасаа 300.000 мянган төгрөг өгсөн. Цаашид үргэлжлүүлэн ажиллуулж хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй байсан учраас ажлаас нь чөлөөлсөн... гэж тайлбарлан мэтгэлцэж байгааг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд З захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/6 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Г.Бийн тус сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Иовогт Г.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Зд холбогдох тус сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ