Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 27

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.*******

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын

итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Долгор

Нарийн бичгийн дарга: Б.Алтансолонго нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжиннямын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 676 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгорын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн иргэн Алаг адуу овгийн Доохүүгийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.******* намайг удаа дараа ямар ч шалтгаангүйгээр ажлаас чөлөөлж нэр төр, сэтгэл санааны хохирол учруулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Иймд 2017 оны 09 сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хоорондох 162 хоногийн ажилгүй байсан хугацааны олговор 8,465,148 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэн Д.*******гийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний хоорондох 162 хоногийн ажилгүй байсан үеийн цалин 8.465.148 төгрөгийг Аймгийн Засаг дарга Д.Батсайханаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Д.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний хүртэлх хугацааны 162 хоног ажилгүй байсан гэх боловч нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 02 дугаар сар хүртэлх бичилт хийгдсэн байна.

Иймд Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2016 оны 11-р сарын 15-ны өдөр ажлаасаа халагдаад, шүүхдээд, 2017 оны 05-р сарын 04-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж орсон. Тэгтэл дахиад 2017 оны 05-р сарын 08-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Батсайхан дарга намайг ажлаас чөлөөлсөн. Тэгээд би дахин шүүхдээд явж байгаа. Дахин шүүхдэх хугацаандаа би аймгийнхаа Политехник коллежид ажилладаг байсан нь үнэн. Энэ нь иргэн хүнд үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу хөдөлмөр эрхэлж байсан явдал юм. Миний маргаан үүсгэж байгаа гол шалтгаан нь намайг удаа дараа төрийн албанаас хууль зүйн үндэслэлгүй чөлөөлсөнд байгаа юм. Түүнд нь би маш их гомддог. Ганцхан намайг дээрэлхээд байгаа юм. Нөгөө талаас би Аймгийн Биеийн тамир спортын газрын даргын албан тушаал дээр л маргаан үүсгэж байгаа болохоос Политехник коллежид ажиллаж байсан хугацааны талаар шүүхэд маргаан үүсгээгүй.

Ажилгүй байсан хугацааны цалин 8,465,148 төгрөгийг би өөрийгөө авах ёстой гэж үзэж байгаа. Ер нь цаашдаа би шүүхийн шийдвэр гарсны дараа маргаан үүсгэнэ. Миний ажилгүй байсан хугацааны цалинг Аймгийн Засаг дарга Д.Батсайханаас хувиас нь төлүүлэхээр шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргана. Харин аймгийн Политехник коллежийн асуудал бол тусдаа зүйл. Нэгэнт би аймгийн Засаг даргын захирамжаар чөлөөлөгдсөн учраас орлого олж, амьдрахын тулд ажил хийх ёстой, ажилласны хэрээр би цалин хөлсөө авах эрхтэй. Миний нийгмийн даатгалын шимтгэлийг аймгийн Политехник коллеж төлж өгсөн. Ийм учиртай л маргаан үүссэн. Би 6 удаа шүүхээр явсан, Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Шүүх бүгдэд нь миний талд нэхэмжлэлийг шийдвэрлэж өгсөн. Би монгол төрийн шударга шүүхэд баярлаж байгаа. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан намайг ажлаас заналхийлж чөлөөлдөг. 2018 оны 04-р сарын 18-ны өдөр намайг ажлаа хүлээж аваад байж байтал Д.Батсайхан даргын өрөөнд ороход ...Би тантай дахиж ажиллахгүй... гэж Д.Батсайхан дарга надад хэлсэн. Үүнд нь би маш их гомддог. Би Улсын Дээд шүүх хүртэл явсан. Улсын дээд шүүхэд хэрэг очихоос өмнө аймгийн Засаг дарга Д.Батсайхан дарга надтай эвлэрэх боломж байсан. Гэтэл тэр хүртэл явуулсанд нь би их гомдож байгаа. Зөвхөн би ч биш, бүхэл бүтэн спортын байгууллагын ажилчид хохирч, үйл ажиллагаа нь доголдож байна. Үүнд нь би их гомдолтой байна гэв.

 

Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Бид холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. гаргуулсан. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэгт ...Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно... гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Д.******* нь аймгийн Политехникийн коллежид 2017 оны 06-р сарын 02-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар ажилд томилогдож, 2018 оны 04-р сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн ажилласан хугацаа болон эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нь тасалдаагүй учраас энэ хугацаанд нэхэмжлэгчийг ажилгүй байсан гэж үзэх боломжгүй юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 61-р зүйлд заасны дагуу зөрүүтэй нь тэнцэх олговрыг олгох ёстой гэж үзэж байна. Манайхаас нэхэмжлэгчид 158 хоногийн олговрын дундаж цалин хөлсөөр нь бодоод 2,733,242 төгрөгийн зөрүү олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжилсэн 8.465.148 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 6,906,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгож, эхэмжлэгчид олгох нөхөх олговор 6,906,880 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 125460 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор миний бие Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 676 дугаартай шүүхийн шийдвэрийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардан аваад шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан юм. Үүнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 118 дугаар зүйлийн 118.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана. гэж тус тус заасан байдаг. Гэтэл Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 676 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Д.*******гийн Политехникийн коллежид 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/35 дугаартай Политехникийн даргын тушаалаар томилогдож 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн талаарх нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй байна.

2. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 676 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт... Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно... гэж заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс *******г ажилд авсан буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,906,880 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэжээ. Д.******* нь тус аймгийн Политехник коллежийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл гэж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 д ...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Д.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн Политехник коллежийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн энэ хугацаанд нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс тасралтгүй төлсөн байна. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг нотлох талаар буюу дээрх хугацаанд ажилгүй байсан талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, харин ч бага цалинтай өөр ажил хийж байсан талаар нотлох баримт байхад шүүхээс нотлох баримтад үндэслэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн хуульд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

Тиймээс Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 676 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Давж заалдах гомдлын тайлбар нь гэвэл Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтад хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол түүнтэй тэнцэх хэмжээний олговорыг олгоно гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.******* нь тус аймгийн Политехник коллежийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаандаа политехник коллежид ажиллаж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан. Ажилгүй байсан хугацаанд эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нь тасраагүй. Харин бага цалинтай ажил хийж байсан учир түүний зөрүүтэй тэнцэх хэмжээний төлбөрийг олгох байтал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүхийн шийдвэрт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж шүүхийн шийдвэр гаргах ёстой байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрт политехник коллежийн даргын 2017 оны 35, 2018 оны 12 дугаар сард гарсан тушаалуудыг үнэлсэн талаарх тайлбараа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй байсан. Энэ нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгдүгээрт: Би одоо үндсэндээ 6 дахь шатны шүүхээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж явж байна. Энэ хэргийг шийдэгдсэн гэж үзэж байгаа. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүхээр шийдэгдээд бүх шатны шүүхийн шийдвэр миний талд гарч шийдэгдсэн байгаа. Монгол улсын нутаг дэвсгэр дээр Улсын Дээд Шүүхийн шийдвэр эцсийнх байдаг бөгөөд энэ байгууллагаас гарсан шийдвэрийг улсын хэмжээний бүх хуулийн этгээд, иргэд заавал биелүүлж, мөрдөж ажиллах ёстой. Гэтэл Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан энэ үүргээ биелүүлэхгүй байна. Үүргээ биелүүл гэж би хэлье. Шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Үүний дагуу Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх миний ажилласан хоног, миний авах ёстой 6.906.880 төгрөгийг тогтоож өгсөн. Энэ нь шүүхийн шийдвэрийг баталгаажуулж өгч байгаа гэж бодож байгаа. Тийм учраас энэ мөнгийг авах ёстой.

Хоёрдугаарт: Би ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ажил хөдөлмөр олж хийгээд цалин авах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу аймгийнхаа политехник коллежийн сургалтын албаны менежерээр ажилласан. Тэгж ажилласныхаа төлөө төрөөс цалин авч түүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байгаа. Энэ ажилласан 8-н сар энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байгаа. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан гэдэг хүн ажилд авсан болоод хоёр дахиа чөлөөлөөд, одоо дахиад гурав дахиа ажлаас чөлөөлсөн нь Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа. Энэ нь өмнөх шүүхийн шийдвэр хэрэгжээгүй байхад дахиад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр чөлөөлсөн. Тэгэхээр бид бол шүүхээ хүндэтгэе. Үндсэн хуулиа хүндэтгэе. Төрийн хуулийг хүндэтгэе. Хүнийг ажлаас чөлөөлж болно. Шүүхийн шийдвэрээр гарсан мөнгийг нь өгөх хэрэгтэй гэж бодож байна. Тийм учраас шүүхийн шийдвэрээр гарсан мөнгөө би авах эрхтэй. Шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Монгол төрийн шүүхийг хүндэтгэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Завхан аймгийн засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодоруулж тайлбарлахдаа-Миний бие нь Завхан аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд намайг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/135 дугаартай захирамжаар чөлөөлсөн. Намайг захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон боловч дахин 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/64 тоот захирамжаар ажлаас чөлөөлж, дахин Захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш намайг ажилд нь эгүүлэн аваагүй учраас шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11-ны хооронд нийт 162 хоногийн ажилгүй байсны нөхөх олговор нийт 8465148 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Завхан аймгийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/135 дугаартай захирамжаар тус газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогджээ. Гэтэл түүнийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дахин ажлаас чөлөөлсөн байх бөгөөд мөн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байна.

Түүнчлэн Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дугаартай шийдвэр нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн магадлалаар хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч байгууллага нь түүнийг ажилд нь эгүүлэн авалгүй, тодорхой хугацаа өнгөрсөн байна.

Иймд энэ хугацаанд буюу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Д.******* нь хариуцагч байгууллагаас нөхөн олговор авах эрхтэй байна.

Бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг нь ажилтаныг бага цалинтай ажилд буруу шилжүүлсэн ажил олгогчийн хууль бус шийдвэртэй холбоотой үр дагаврыг зохицуулсан тул ажлаас буруу халагдсаны улмаас өөр байгууллагад ажиллаж байсан нь хуулийн уг зохицуулалтанд хамаарахгүй юм.

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын ажлаас халагдсаны дараа тус аймгийн Политехник коллежийн сургалтын албаны менежерээр ажиллаж байсан ба ажлаас халах буруу шийдвэр гаргасан ажил олгогчийн ажилтанд нөхөх олговор олгох үүрэгт нөлөөлөхгүй ба нөхөх олговрын хэмжээг багасгах, олгохгүй байх үндэслэл болохгүй юм.

Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгохоор шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн Завхан аймгийн Биеийн тамир, спортын газарт ажиллаж байсан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлснөөс тооцох байтал Политехник коллежийн сургалтын албаны менежерээр ажиллаж байсан хугацааны 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож олгосон нь буруу байх боловч, ингэж тооцсон нь нөхөх олговорын нийт олгох хэмжээнд ноцтой зөрүү байхгүй байгаа учраас давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг дурьдах нь зүйтэй байна.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан атлаа, зарим хэсгийг нь хэрхэн шийдвэрлэсэн тодорхой бус орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгтэй нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүү бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 676 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 6,906,880 төгрөгийг гаргуулж, гэсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны олговор 1,558,268 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж оруулан, мөн П.******* гэснийг Д.******* гэж тус тус өөрчлөлт оруулж,

2 дахь заалтаар Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 6,906,880 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Засаг даргын тамгын газарт үүрэг болгосугай гэж тус тус нэмж

Шийдвэрийн 3, 4, 5 дахь заалтуудын дугаарыг 4, 5, 6 гэж дугаарласугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ж.БАТТОГТОХ

 ШҮҮГЧИД                                    Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР