Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0455

 

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0455

Улаанбаатар хот

 

Г.Г-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.Г-гийн давж заалдах гомдлоор, Г.Г-гийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г-гийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговор, хохирлыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмждэгч Г.Г давж заалдах гомдолдоо: “...Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/92 дугаар тушаалаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан гэж үзэж, ажлаас халах тушаал гаргасан байна.

Дээрх тушаалыг зөрчил илрүүлснээс хойш 57 хоногийн дараа гаргасан нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.” гэж заасныг зөрчсөн, хууль бус захиргааны акт гэж үзэж гомдол гаргаж, уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжпэл гаргасан. Ажлаас халах тушаал дээр ажил тасалсан хугацааг тодорхой зааж, уг хугацаа нь 1 сар өнгөрсөн байхад энэхүү хориглосон заалтыг барьж ажлаас халсныг хангалттай үгүйсгэх тайлбар байхгүй байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан байхад уг тушаал дээр эдгээр хуулийн аль заалтыг зөрчсөн талаар тодорхой заалт байхгүй байсан.

Төрийн албан хаагч миний бие дотоод журамд заасан эрхээ эдэлж, ажлаас цалингүй чөлөө авах хусэлтээ гаргасаар байтал, миний энэхүү чөлөөг хуулийн дагуу үндэслэлтэйгээр шийдвэрлэж өгөөгүйн улмаас миний эрх ашиг зөрчигдөж, ажлаас халагдаж хохирч байгаа асуудлыг шүүгч авч үзээгүй, зөвхөн намайг ажил тасалсан гэдэг өнцгөөс харж шийдвэрээ гаргасныг нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн шүүгч шүүхийн шийдвэртээ намайг ажлаас цалинтай чөлөө хүссэн гэсэн байна. Гэтэл би цалингүй чөлөө хүссэн бөгөөд цалингүй 1-ээс дээш хоногийн чөлөөг хэлтсийн даргаас авдаггүй болохыг дотоод журамд тусгасан байтал хэлтсийн даргаас чөлөө аваагүй гэсэн тайлбарыг өгсөн байна. Энэ мэт асуудлыг шүүгч дан нэг талаас харж, гол миний гаргасан гомдлын үндэслэлд хариу өгөөгүй гэж үзэж байна.

Иймд би уг шүүхийн шийдвэрт ажлаас халсан тушаалд үндэслэсэн дээрх заалтыг үндэслэлтэй эсэхийг тогтоогоогүй, үндэслэлтэй хангалттай тайлбарлаагүй, ажил тасалсан эсэх, ажлаас чөлөө авсан эсэхийг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлснийг зөвшөөрөхгүй байгаа тул Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй үйл баримтын талаарх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд буюу хэргийн оролцогчдын маргаж буй хүрээнд дүгнэлт хийх, тийнхүү дүгнэлт хийж гаргасан шийдвэр нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх учиртай.

Нэхэмжлэгч Г.Г Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Г.Г-г ажлаас халах тухай” Б/92 дугаар тушаалыг эс зөвшөөрч “... ээлжийн амралт дууссан өдрөөс хойш 1 сар 15 хоногийн цалингүй чөлөө авах хүсэлтийг Засаг даргын орлогч А.Т-д ... хүргүүлсэн ... байгууллагын дотоод журамд заасны дагуу 3 сар цалингүй чөлөө авах эрхтэй байдаг, журмын дагуу чөлөө олгосон гэж үзсэн ... миний чөлөө олгох хүсэлтийг Засаг даргын орлогч А.Т-д цохолт хийсэн байсан ... хүний нөөцийн мэргэжилтэн Х.О-той цахим сүлжээгээр холбогдож чөлөө олгогдсон эсэх талаар асуухад “чөлөө олгож байгаа юм байна” гэсэн ойлголтыг өгч байсан ...12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөө олгосон талаар фэйсбүүкээр мэдэгдээд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэртэй холбогдож тодруулаарай гэсэн. Түүнтэй холбогдож асуухад “чиний чөлөө олгох тушаал тойрч байна лээ” ...гэсэн мэдээлэл өгсөн ...чөлөө олгогдож байгаа эсэх талаар хүргэн ахыг мэдээд өг гэснээр 11 сарын эхээр очиход Тамгын газрын дарга удирдлагын академид сурахаар явсан, А.Т даргатай уулзахад “...чөлөө олгохоор гарын үсэг зурагдаад явж байгаа, дарга нараар тойрч байгаа” гэж хэлсэн байсан, надад чөлөө олгогдож байгаа юм байна гэдэг ойлголтыг өгсөн ...ажилдаа орохоор ирэхэд миний чөлөө хүссэн хүсэлтийн талаар шийдвэр гараагүй, надад чөлөө олгосон эсэх нь тодорхойгүй болсон ...хэрэв миний өргөдлийг шаардлага хангахгүй гэж үзсэн бол, мөн чөлөө олгоогүй бол төрийн албан хаагчийн анкетад бичигдсэн яаралтай тохиолдолд холбоо барих хүний утас буюу манай аавын утсаар мэдэгдэх боломжтой байсан ...” гэх тайлбар, үндэслэлээр маргажээ.

Тэрээр нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд “...миний гаргасан өргөдлийг захиргааны зүгээс хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу шийдвэрлээгүй, мөн захиргаа нь захиргааны актыг гаргахдаа болон шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй ...гэх агуулга бүхий нэмэлт тайлбарыг гаргасан байх бөгөөд Х.О, н.Н нартай цахим сүлжээгээр харилцсан тухай (...өчигдөр чиний чөлөө хүссэн хүсэлтийн дагуу тушаал тойрч байна лээ ...Тэгэхээр 12 сарын 1-ний дотор яаралтай ирэхгүй бол асуудал үүсэх байх ...А.Т дарга 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл чөлөө олгосон гэсэн ...) баримтыг хавсаргажээ.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Г.Г-гийн Дархан-Уул аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Т-д хандаж гаргасан “цалингүй чөлөө хүссэн” агуулга бүхий өргөдлийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан, “...өргөдлийг хүлээн авах боломжгүй учир өргөдөл гаргагчид буцаав” гэж шийдвэрлэсэн байдлыг тусгаж, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хаасан тухай тэмдэглэгдсэн №ө-306” дугаар бүхий “Бүртгэл хяналтын карт[1], Ч-ийн Э-г удирдлагын академид суралцуулахаар шийдвэрлэсэн талаар тэмдэглэгдсэн Удирдлагын академийн 2017-2018 оны элсэлтийн шалгалтын тэмдэглэл[2] зэрэг баримтууд авагдсан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж нотлох баримтыг цуглуулах, үнэлэх журам, зарчмыг тус тус хуульчилжээ.

Шүүх нэхэмжлэгч Г.Г-гийн Засаг даргын орлогч А.Т хандаж гаргасан цалингүй чөлөө хүсэх тухай өргөдлийг захиргааны байгууллага 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан атлаа ямар учраас 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр буцаав гэсэн тэмдэглэгээтэй хаасныг, мөн захиргааны зүгээс Засаг даргын Тамгын газрын даргад хандаж өргөдөл гаргах байсан гэж үзсэнтэй холбогдуулан Тамгын газрын дарга Ч.Э тухайн үед удирдлагын академид суралцахаар явсан байсан эсэх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “...өргөдлийг шийдвэрлэхээр тойрч байгаа талаар, 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөө олгогдож байгаа талаар хамт ажилладаг хүмүүс мэдээлсэн, А.Т дарга хүргэн ахад өргөдлийг шийдвэрлэж байгаа гэж хэлсэн байсан” гэх тайлбар, үндэслэлтэй холбогдуулан өргөдлийг шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэхийг Засаг даргын орлогч А.Т, Х.О, н.Н нараас тайлбар авах, шаардлагатай гэж үзсэн бусад ажиллагааг хийж, холбогдох нотлох баримтыг цуглуулах замаар нэхэмжлэгчийн чөлөө хүссэн өргөдөл шийдвэрлэгдэх ажиллагаа хийгдсэн эсэхийг бүрэн гүйцэд тодруулах зайлшгүй шаардлагатай байна.

Дээрх нөхцөл байдлыг тодруулаагүйн улмаас нэхэмжлэгч Г.Г-г “2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүй, албан ёсны чөлөө авалгүйгээр ажил тасалсан ...” гэж үзэж, төрийн албанд нэг жилийн хугацаанд орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, маргаан бүхий акт хуульд нийцсэн, үндэслэлтэй эсэх, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээр дурдсан нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                   

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 


[1] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудасны ар

[2] Хавтаст хэргийн 9-11 дүгээр тал