Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 205/МА2019/00019

 

В.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: В.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.*******

Хариуцагч: Х.*******маа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.*******

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжиннямын даргалж шийдвэрлэсэн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 372 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Идэр сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байтал 2018 оны 02 сарын 06-нд ажлаас халсныг үндэслэлгүй гэж шүүхээр шийдвэрлүүлж 2019 оны 04 сарын 03-ны өдөр Идэр сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилдаа орсон боловч 2019 оны 04 сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас халсан. Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн Б/03 тоот захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул танай шүүхэд хандаж байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.*******маа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Соёлын төвийн эрхлэгч В.*******г хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. В.******* нь өмнө хоёр ч удаа ажлаасаа халагдсан байсан. Ажлын хариуцлага муу, өөрийн ажилчдыг дарамталж архи мөнгө авдаг, архи уудаг, мөн шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн бөгөөд ял шийтгэлтэй хүнийг ажилд томилсон гэсэн өргөдлийг иргэн Д.******* ирүүлсэн. Мөн Соёлын төвийн дэргэдэх уран сайхны зөвлөлийн тэргүүлэгчдээс ирүүлсэн гомдол зэргийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэжээ.

Нэхэмжлэгч В.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Идэр сумын Цэцэрлэг багийн харьяат В.******* би сумын Засаг дарга, тамгын газарт холбогдох 2019 оны 04 сарын 09-ний өдрөөс эхлэн цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж цалин гаргуулахыг хүсч өргөдөл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.*******маа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Цэцэрлэг багийн иргэн В.*******гийн нэхэмжилсэн цалин хөлсийг олгохгүй бөгөөд В.******* нь ял шийтгэлтэй ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын гаргасан захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх талаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэг өдөр гудамжинд явж байхад согтуу хүнтэй таараад намайг цохих гэж дайрсан. Би тухайн үед биеэ хамгаалсан үйлдэл гаргасны улмаас шүүхээр шийтгүүлж торгуулын арга хэмжээ авч байсан. Энэ байдлаас болоод намайг ажлаас чөлөөлсөнд би гомдолтой байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.*******гийн хүсэлтийн дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр энэ хэргийн материалтай танилцсан. Хэргийн материалтай танилцах явцад В.*******тэй 2019 оны 04 сарын 08-ны өдрийн Б/03 тоот захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр В.******* өмнө нь ажлаас үндэслэлгүйгээр халагдаад мөн Засаг дарга Х.*******маатай хөдөлмөрийн маргаан үүсгээд Завхан аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байсан. Энэ хэргийн эцсийн шийдвэр болох Улсын дээд шүүхийн тогтоолоор В.*******г ажлаас халсан нь үндэслэлгүй байна гэж үзсэн учраас В.*******г ажилд нь буцаан томилсон. Уг шийдвэрээр В.*******г ажилд авчихаад 2019 оны 04 сарын 08-ны өдрийн Б/03 тоот захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тухайн үед хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 9.3 дахь заалтыг үндэслэн В.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тухайн үед Идэр сумын Засаг дарга ажлаас халах захирамж гаргахдаа хууль хэрэглээний алдаа гаргаж ажлаас чөлөөлсөн. Яагаад хууль хэрэглээний алдаа гаргаж В.*******г хууль бусаар ажлаас халсан гэж үзэж байгаа юм бэ гэхээр үндэслэл нь тодорхой харагдаж байгаа. Шүүх хуралдааны явцад манай талаас нотлох баримтуудыг гаргаж өгч байсан. В.*******г эрүүгийн хэрэгт холбогдож эрүүгийн ял шийтгэл ногдуулж байснаас болоод ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзээд удаа дараа гомдол гаргаж байсан. Уг гомдлыг тухайн үед хүлээж авч В.*******г ажилд нь эгүүлэн томилох нь үндэслэлтэй байна гэж үзсэн шүүхийн шийдвэр байгаа. Гэтэл Идэр сумын Засаг дарга 2019 оны 04 сарын 08-ны өдөр Б/03 тоот захирамж нь тухайн үед болсон үйл явдлуудыг буруу тогтоож В.*******г ажлаас чөлөөлсөн нь харагдаж байгаа. Юуг буруу тогтоосон юм бэ гэхээр

Нэгдүгээрт: Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн. В.******* эрүүгийн хэргээр шийтгүүлж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон нь үнэн. Гэхдээ В.******* нь төрийн жинхэнэ албан хаагч биш, төрийн үйлчилгээний албан хаагч юм. Төрийн жинхэнэ албан хаагч хүн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд төрд ажиллах, төрийн жинхэнэ албыг гүйцэтгэх боломжгүй, Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны хуулийг хооронд нь холилдуулаад энэ асуудлыг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Төрийн албаны тухайн хуульд хэрвээ шүүхийн шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн бол төрд ажиллах боломжгүй гэж заасан байдаг. Гэтэл В.*******гийн ажил үүрэг нь төрийн үйлчилгээний албан хаагч. Төрийн үйлчилгээний албан хаагч Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж ажлаас халагдах ёстой. В.*******г ажлаас халсан захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, мөн хөдөлмөрийн гэрээний 9.3-т заасныг баримталсан. Гэхдээ энэ үйл явдал хэргийн бодит нөхцөл үйл баримттай хоорондоо тохирохгүй байгаа. Яагаад гэвэл В.*******г 2019 оны 04 сарын 03-ны өдөр ажилд авч байсан. Гэтэл ажилд орох үед В.*******гийн гэм буруугийн асуудал шүүхээр шийтгүүлж тодорхой байсан. Идэр сумын Засаг дарга 2019 оны 04 сарын 03 өдөр В.*******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ үндэслэн В.*******г ажлаас халсан. Гэтэл В.******* хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш эрүүгийн хэрэгт шийтгүүлсэн асуудал яригдаагүй. Энэ асуудал урьд нь ажлаас үндэслэлгүй халагдаж байсан асуудал В.*******г урьд нь ажлаас үндэслэлгүй халагдаж байсан асуудал яригдах ёстой. В.*******г ажилд авах үед шүүхээр гэм буруугийн асуудал тогтоогдсон байсан. Хөдөлмөрийн гэрээг байгуулж уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхлэснээс хойш В.******* ямар нэгэн зөрчил, эрүүгийн хариуцлагад татагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 31.1.7 дахь хэсэгт хэрвээ ажилтан тухайн ажил албыг эрхлэх боломжгүй ял шийтгэлээр шийтгүүлсэн тохиолдолд ажилтанг ажлаас халах тухай асуудал яригдах ёстой. В.******* урьд өмнө эрүүгийн хэрэгт холбогдож 10.000.000 төгрөгөөр торгуулсан нь төрийн үйлчилгээний ажил албыг гүйцэтгэхэд хориглосон хуулийн заалт байхгүй. Тийм учраас В.*******г хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй. В.*******г ажлаас чөлөөлөхдөө тухайн албан тушаалтан хууль хэрэглээний ямар алдаа гаргасан бэ гэдэг нь харагдаж байна.

Хоёрдугаарт: Хөдөлмөрийн гэрээний 9.3.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Гэтэл 2019 оны 04 сарын 03-наас 04 сарын 08-ны хооронд В.******* ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж, эрүүгийн хэрэгт татагдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон асуудал баримт хэрэгт авагдаагүй байна. Тийм учраас В.*******г 5 хоногийн дотор ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Идэр сумын Засаг дарга В.******* хоёрын байгуулсан хөдөлмөрийн гэрээг уншаад үзэхэд хөдөлмөрийн гэрээний 15.2 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дуусгавар болох хугацаанд ноцтой зөрчил гаргах юм бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. В.*******г урьд нь эрүүгийн хэргээр шийтгүүлсэн байхад ажилд эгүүлэн томилсон учраас шүүхээс тогтоосон гэм буруугийн асуудлыг дахин тогтоох боломжгүй. Тийм учраас төрийн жинхэнэ алба, төрийн үйлчилгээний алба хоёрыг хооронд нь холилдуулаад В.*******г ажлаас чөлөөлсөн. Энэ нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан. Мөн уран сайхны зөвлөлийн тэргүүлэгчдээс гомдол ирсэн гэсэн. Гэхдээ уг гомдол нь төрийн үйлчилгээний албыг хашихад хориглосон үйлдэл болохгүй. Гомдол гаргасан үйлдлийг баримтлаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гомдол ирснээс уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Иргэнээс ирсэн гомдол нь ямар ч гомдол байж болно. Эдгээр хүмүүсийн гаргасан гомдол нь ял шийтгүүлсэн хүн ямар нэгэн ажил гүйцэтгэх боломжгүй, хуульд заасан хориглосон заалт байхгүй байхад үүнийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Өнөөдрийн үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагч хүн өөрийн биеэр тухайн ажлыг гүйцэтгэх боломжгүй ялаар шийтгүүлсэн тохиолдолд В.*******г ажлаас халах ёстой. Гэтэл иргэний хэргийн 3 шатны шүүх энэ хүний нөхцөл байдлыг удаа дараа дүгнэж тогтоогоод байхад ажил олгогч В.*******г ажлаас халах захирамжийг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.*******маа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонсоход хууль хэрэглээний алдаа гаргасан, хоёр хуулийг хольж сольж хэрэглэсэн юм шиг яриад байна. Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд ажиллаж байгаа хүн Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтанд орж байж төрийн үйлчилгээний албыг удирддаг. Тийм учраас миний хувьд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг хольж сольсон зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээнд ямар, ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэх юм бэ гэж гэрээндээ тусгаад хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан хэд хоногийн дотор ноцтой зөрчил үүсгээгүй байхад ажлаас халсан гэж яриад байх юм. В.*******г ажлаас чөлөөлсөн үндэслэл зүйл заалт нь хөдөлмөрийн гэрээнд байгаа учраас В.*******г ажлаас чөлөөлсөн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй захирамж гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хариуцагч нь тодорхой байх ёстой. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Нэхэмжлэлийн хариуцагч дээр Идэр сумын Засаг дарга гэсэн байна. Үүнээс хариуцагч тодорхойгүй байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Нэхэмжлэл дээр ч шүүх хуралдааны тайлбар дээр ч тэр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж чадахгүй байна. Нэхэмжлэгч В.******* 2019 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 08-ны хооронд гэмт хэрэг үйлдээгүй нь үнэн. Гэхдээ 2019 оны 04 сарын 03-ны өдөр Идэр сумын Засаг дарга В.*******г Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилоод 04 сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Энэ хугацаанд иргэдээс ирсэн гомдлоор Засаг дарга В.******* хоёрын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил болох нь тогтоогдсон. Яагаад В.*******г гэмт хэрэг үйлдсэн, ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн юм бэ, цаг хугацаа үйл явдал нь давхцахгүй байхад ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн юм бэ гээд байна. В.*******г ажилд авсан цаг хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж ажлаас чөлөөлөөгүй. Хөдөлмөрийн гэрээний 9.3.1 дэх хэсэгт зааснаар ноцтой зөрчилд ийм, ийм зүйлийг хамааруулна гэж заасан байгаа. Хөдөлмөрийн гэрээний 9.3.1 дээр ажилтан гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол өөрөөр хэлбэл ял шийтгэлтэй нь тогтоогдсон бол гэж зааж өгсөн байгаа. Ялтай хүн ажил хийж болохгүй, ялтай нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэдэг нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаараад хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох үндэслэл болж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.7 дахь хэсэгт зааснаар ажлаас халах байсан. Ажлаас халах захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтын буруу хэрэглэсэн гэж байна. Гэтэл Засаг дарга В.******* хоёрын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан ял шийтгүүлсэн бол ял шийтгүүлсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа бол энэ нь ноцтой зөрчил мөн юм гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж заасан. Ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь ял шийтгүүлсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ. Түүнээс биш гэмт хэрэг үйлдсэн агуулгаар нь биш. Гэмт хэрэг хэзээ үйлдсэн гэдэг нь хөдөлмөрийн гэрээнд ач холбогдол байхгүй. Ял шийтгүүлсэн хүн ажиллаж болохгүй гэж заасан байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүх:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар В.*******гийн Завхан аймгийн Идэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* би Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 372 дугаартай шийдвэрийг 2019 оны 09 дүгээр сарын 19-нд гардан авсан бөгөөд тус шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан.

Анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

Учир нь шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01713 дугаартай тогтоолд торгох ял ногдуулсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад ажлаас халсан нь хуульд нийцээгүй байна гэснээс ажлаас халах үндэслэл болохгүй шүү гэж дүгнээгүй байна гэсэн байдаг.

Улсын дээд шүүхийн тус тогтоолоор өмнөх хөдөлмөрийн маргаанаар *******г ажилд эгүүлэн тогтоосон. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцаа үүссэн байдлыг тодорхойлсон нотлох баримт болохоос хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож ажлаас халсан Засаг даргын захирамж, түүний үндэслэлд хамаарах баримт биш юм.

Гэтэл анхан шатны шүүх тусдаа маргааныг шийдсэн хяналтын шатны шүүхийн тогтоолыг энэ маргаанд хариуцагчийн татгалзалыг нотолж байгаа баримт мэтээр үзсэн, мөн ажлаас халах үндэслэл болохгүй шүү гэж дүгнээгүй байна гэсэн явцуу дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ: Түүнчлэн ажил олгогч, ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд уг гэрээнд ял шийтгүүлсэн бол ноцтой зөрчилд тооцохоор заасан учир ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж дүгнэж хуулийг буруу тайлбарласан.

Учир нь Идэр сумын Засаг даргын 2019.04.08-ны Б/03 тоот захирамжийн үндэслэл болсон Хөдөлмөрийн гэрээний 9/3/1 дэх ажилтан гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол гэсэн заалт нь Монгол улсын дараах хуулиудыг зөрчсөн байгаа тул 2 талын хэлцэл, түүний заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд ... гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан гэтэл хөдөлмөрийн гэрээний 9.3.1-д ажилтан гэмт хэрэгт холбогдсон ....гээд ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр заасан нь Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхийг зөрчсөн заалт байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлийг тогтоохдоо ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол гэж заасан.

Дээрх заалтуудаас харахад ажилтанд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага (торгох ял) нь түүний ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад болохгүй буюу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэл биш байна. Мөн В.******* гэм буруутай үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн байхад энэ байдлыг түүний хөдөлмөрлөх эрхэнд нь мөн халдааж ноцтой зөрчил-д тооцно гэж хөдөлмөрийн гэрээ буюу хэлцэлд заасан нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулж хууль зөрчсөн байна.

Мөн Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд томилоход тавих шаардлага дээр ял шийтгэлтэй байдлыг хязгаарлалт болгож заасан. Харин хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаа нь үүсээд ажиллаж байгаа ажилтныг ял шийтгэлтэй гэдгээр шалтаглан ноцтой зөрчил гаргасанд шууд тооцох хязгаарлалт хуулиар тогтоогоогүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйл 30.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний зарим заалт хүчин төгөлдөр бус байх нь гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй хэдий ч В.*******г ажлаас халсан шийдвэрийн үндэслэл болгосон хөдөлмөрийн гэрээний заалт 9.3.1 нь хүчин төгөлдөр бус байгаа тул Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй гарсан байна.

Иймээс Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 372 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 372 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасан заалтуудыг зөрчиж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээтэй нөхцөл байдлаар хуулийг хэт буруу тайлбарлаж, тухайн өгсөн нотлох баримтыг дутуу үнэлсэн. Аливаа ажлаас халах болсон үндэслэл, хуулийн зохицуулалт хоёр бол хоорондоо нийцэж байж хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл Идэр сумын засаг даргын В.*******г ажлаас халсан захирамж нь тухайн хуульд нийцээгүй захирамж байхад шүүх үүнийг хуульд нийцсэн байдлаар дотоод итгэлээрээ үнэлсэн нь үндэслэлгүй байна. В.*******г удаа дараа ажлаас халж шүүхээр явж хяналтын шатны шүүх хүртэл явж байсан. В.*******г урьд өмнө нь ажлаас үндэслэлгүйгээр халж байсныг нотлоод 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр энэ шийдвэрийг биелүүлж энэ хүнийг тушаал гаргаж ажилд авсныг нотлохын тулд нотлох баримтыг гаргаж өгч байсан. Гэтэл шүүх энэ хүнийг ямар нэгэн хэлбэрээр дутуу үнэлж ажлаас халахгүй байх үндэслэлийг заасан байна гэсэн дүгнэлт хийсэн нь буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн Төрийн албаны хууль нь 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр болсон. Гэтэл В.******* нь 2019 оны 01 сарын 01-нээс өмнө хууль бус үндэслэлээр ажлаас халагдаад түүнийгээ хэрэгжүүлж явсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 03-ний хойш ямар ч зөрчил гаргаагүй ажиллаж байхад зөрчил гаргасан мэтээр дүгнэж шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

В.*******г ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-ийг баримталсан. Гэтэл В.******* 2019 оны 04 дүгээр сарын 03-наас 08-ний хооронд гэмт хэрэг үйлдээд ямар нэгэн шүүхийн шийдвэр гаргуулаагүй. В.*******гийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагч хүн тухайн албан тушаалыг хэрэгжүүлэх боломжгүй ял шийтгэлээр шийтгүүлсэн бол В.*******г ажлаас халах үндэслэл болох байсан. В.******* нь торгуулийн ялаар шийтгүүлсэн боловч төрийн үйлчилгээний ажилтан учраас тухайн Соёлын төвийн эрхлэгчийн ажлыг гүйцэтгээд явах боломжтой байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гомдолд анхан шатны шүүх ажилтныг хариуцагч байгууллага үндэслэлгүй ажлаас халсан өмнөх 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад дахиад шийдвэр гаргасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг хангалттай үндэслэсэн гэж үзэж байна. Ял шийтгэлээ эдэлж байх хугацаанд хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гээд заасан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 9.3.1-д ажилтан гэмт хэрэгт холбогдсон шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэсэн заалт нь Монгол улсын үндсэн хуулийн 14, Эрүүгийн хуулийн 6.1, Иргэний хуулийн 56.1 гэсэн заалтуудыг зөрчсөн гээд байгаа. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 9.3-т ажилтан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэсэн заалт байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачлагаар эсвэл ажилтан нь ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан бол ажилаас чөлөөлөх үндэслэл болно гэсэн байгаа.

Хариуцагч байгууллага ажилтныг ажлаас нь чөлөөлөхөөс өмнө нэхэмжлэгчийн талаар ял шийтгэлтэй эсэхийг судлахад аймгийн Цагдаагийн газраас албан бичгээр эдэлж буй ял шийтгэлийг ирүүлсэн.

Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гаргасан байхад буруу төрийн үйлчилгээний албан хаагч гээд гэмт хэрэг үйлдээд яваад байж болох юм шиг зүйл ярьж байгаа нь буруу байна. хорих ял аваагүй л бол.

Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэр гарахад Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай магадлал нь 3 шатны шүүхээр яваад 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Улсын дээд шүүхийн 245 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон. Үүнээс хойш 3 жилийн хугацаанд торгуулийн шийтгэлийг биелүүлээд явж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Завхан аймгийн Идэр сумын засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай Завхан аймгийн Идэр сумын засаг даргад холбогдуулан гаргасан В.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч В.******* нь Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учируулах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хүчин төгөлдөр болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.3.1 дэх хэсэгт Ажилтан нь гэмт хэрэг үйлдэж ял /торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих, эрх хасах, ял тэнсэх/ шийтгүүлсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцохоор заажээ.

Иймд В.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, Хөдлөмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, талуудын хооронд үүссэн Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.дахь зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлийг тогтоохдоо ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүрэгээ гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан бол шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болохоор зохицуулсан байдаг. Торгох ял нь түүний ажил үүрэгээ гүйцэтгэхэд нь саад болохгүй буюу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл биш гэж үзэж байна. гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйл нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах гэсэн эрх зүйн үр дагварын хувьд хоёр өөр ойлголт бөгөөд ажил олгогч В.*******г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар чөлөөлсөн тул шүүх энэ зүйл хэсгийн хууль зүйн үндэслэлийг хянана.

Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь ажилтан гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял оногдуулсан нь ажил үүрэгээ гүйцэтгэхэд харшилахааргүй бол заавал хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохгүй гэсэн агууллагыг илэрхийлж байна.

Гэвч ажил олгогч өөрийн ажлын онцлог, ажил хэргийн нэр хүнд, эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц нөхцөл байдлыг харгалзан ажилтан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон бол ноцтой зөрчил-д тооцож, ажилтанг ажлаас халахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж, талууд тохиролцсон нь гэрээний чөлөөт байдлын зарчимыг хангасан, талуудын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд зөрчөөгүй бол талуудын энэ тохиролцоог буруутгах боломжгүй бөгөөд түүнийг үндэслэн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 372 дугаартай шийдвэрийг үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ж.БАТТОГТОХ 

ШҮҮГЧИД                         Б.НАМХАЙДОРЖ 

Б.АРИУНБАЯР