Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 372

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч В.Мя-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.*******, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, В.Мя-гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын *******д холбогдох Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Мя- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* сумын *******ийн *******ээр ажиллаж байтал 2018 оны 02 сарын 06-нд ажлаас халсныг үндэслэлгүй гэж шүүхээр шийдвэрлүүлж 2019 оны 04 сарын 03-ны өдөр ******* сумын *******ийн *******ийн ажилдаа орсон боловч 2019 оны 04 сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас халсан. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн Б/03 тоот захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул танай шүүхэд хандаж байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын *******ийн ******* В.Мя-г хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. В.Мя- нь өмнө хоёр ч удаа ажлаасаа халагдсан байсан. Ажлын хариуцлага муу, өөрийн ажилчдыг дарамталж архи мөнгө авдаг, архи уудаг, мөн шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн бөгөөд ял шийтгэлтэй хүнийг ажилд томилсон гэсэн өргөдлийг иргэн Д.******* ирүүлсэн. Мөн *******ийн дэргэдэх уран сайхны зөвлөлийн тэргүүлэгчдээс ирүүлсэн гомдол зэргийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэжээ.

Нэхэмжлэгч В.Мя- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ******* сумын багийн харьяат В.Мя- би сумын *******, тамгын газарт холбогдох 2019 оны 04 сарын 09-ний өдрөөс эхлэн цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж цалин гаргуулахыг хүсч өргөдөл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын багийн иргэн В.Мя-гийн нэхэмжилсэн цалин хөлсийг олгохгүй бөгөөд В.Мя- нь ял шийтгэлтэй ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч В.Мя- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн ******* сумын Засаг даргын гаргасан захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх талаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэг өдөр гудамжинд явж байхад согтуу хүнтэй таараад намайг цохих гэж дайрсан. Би тухайн үед биеэ хамгаалсан үйлдэл гаргасны улмаас шүүхээр шийтгүүлж торгуулын арга хэмжээ авч байсан. Энэ байдлаас болоод намайг ажлаас чөлөөлсөнд би гомдолтой байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Мя-гийн хүсэлтийн дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр энэ хэргийн материалтай танилцсан. Хэргийн материалтай танилцах явцад В.Мя-тэй 2019 оны 04 сарын 08-ны өдрийн Б/03 тоот захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр В.Мя- өмнө нь ажлаас үндэслэлгүйгээр халагдаад мөн ******* Х.*******тай хөдөлмөрийн маргаан үүсгээд Завхан аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байсан. Энэ хэргийн эцсийн шийдвэр болох Улсын дээд шүүхийн тогтоолоор В.Мя-г ажлаас халсан нь үндэслэлгүй байна гэж үзсэн учраас В.Мя-г ажилд нь буцаан томилсон. Уг шийдвэрээр В.Мя-г ажилд авчихаад 2019 оны 04 сарын 08-ны өдрийн Б/03 тоот захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тухайн үед хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 9.3 дахь заалтыг үндэслэн В.Мя-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тухайн үед ******* сумын ******* ажлаас халах захирамж гаргахдаа хууль хэрэглээний алдаа гаргаж ажлаас чөлөөлсөн. Яагаад хууль хэрэглээний алдаа гаргаж В.Мя-г хууль бусаар ажлаас халсан гэж үзэж байгаа юм бэ гэхээр үндэслэл нь тодорхой харагдаж байгаа. Шүүх хуралдааны явцад манай талаас нотлох баримтуудыг гаргаж өгч байсан. В.Мя-г эрүүгийн хэрэгт холбогдож эрүүгийн ял шийтгэл ногдуулж байснаас болоод ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзээд удаа дараа гомдол гаргаж байсан. Уг гомдлыг тухайн үед хүлээж авч В.Мя-г ажилд нь эгүүлэн томилох нь үндэслэлтэй байна гэж үзсэн шүүхийн шийдвэр байгаа. Гэтэл ******* сумын ******* 2019 оны 04 сарын 08-ны өдөр Б/03 тоот захирамж нь тухайн үед болсон үйл явдлуудыг буруу тогтоож В.Мя-г ажлаас чөлөөлсөн нь харагдаж байгаа. Юуг буруу тогтоосон юм бэ гэхээр Нэгдүгээрт:

Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн. В.Мя- эрүүгийн хэргээр шийтгүүлж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон нь үнэн. Гэхдээ В.Мя- нь төрийн жинхэнэ албан хаагч биш, төрийн үйлчилгээний албан хаагч юм. Төрийн жинхэнэ албан хаагч хүн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд төрд ажиллах, төрийн жинхэнэ албыг гүйцэтгэх боломжгүй, Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны хуулийг хооронд нь холилдуулаад энэ асуудлыг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Төрийн албаны тухайн хуульд хэрвээ шүүхийн шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн бол төрд ажиллах боломжгүй гэж заасан байдаг. Гэтэл В.Мя-гийн ажил үүрэг нь төрийн үйлчилгээний албан хаагч. Төрийн үйлчилгээний албан хаагч Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж ажлаас халагдах ёстой. В.Мя-г ажлаас халсан захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, мөн хөдөлмөрийн гэрээний 9.3-т заасныг баримталсан. Гэхдээ энэ үйл явдал хэргийн бодит нөхцөл үйл баримттай хоорондоо тохирохгүй байгаа. Яагаад гэвэл В.Мя-г 2019 оны 04 сарын 03-ны өдөр ажилд авч байсан. Гэтэл ажилд орох үед В.Мя-гийн гэм буруугийн асуудал шүүхээр шийтгүүлж тодорхой байсан. ******* сумын ******* 2019 оны 04 сарын 03 өдөр В.Мя-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ үндэслэн В.Мя-г ажлаас халсан. Гэтэл В.Мя- хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш эрүүгийн хэрэгт шийтгүүлсэн асуудал яригдаагүй. Энэ асуудал урьд нь ажлаас үндэслэлгүй халагдаж байсан асуудал В.Мя-г урьд нь ажлаас үндэслэлгүй халагдаж байсан асуудал яригдах ёстой. В.Мя-г ажилд авах үед шүүхээр гэм буруугийн асуудал тогтоогдсон байсан. Хөдөлмөрийн гэрээг байгуулж уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхлэснээс хойш В.Мя- ямар нэгэн зөрчил, эрүүгийн хариуцлагад татагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 31.1.7 дахь хэсэгт хэрвээ ажилтан тухайн ажил албыг эрхлэх боломжгүй ял шийтгэлээр шийтгүүлсэн тохиолдолд ажилтанг ажлаас халах тухай асуудал яригдах ёстой. В.Мя- урьд өмнө эрүүгийн хэрэгт холбогдож 10.000.000 төгрөгөөр торгуулсан нь төрийн үйлчилгээний ажил албыг гүйцэтгэхэд хориглосон хуулийн заалт байхгүй. Тийм учраас В.Мя-г хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй. В.Мя-г ажлаас чөлөөлөхдөө тухайн албан тушаалтан хууль хэрэглээний ямар алдаа гаргасан бэ гэдэг нь харагдаж байна.

Хоёрдугаарт: Хөдөлмөрийн гэрээний 9.3.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Гэтэл 2019 оны 04 сарын 03-наас 04 сарын 08-ны хооронд В.Мя- ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж, эрүүгийн хэрэгт татагдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон асуудал баримт хэрэгт авагдаагүй байна. Тийм учраас В.Мя-г 5 хоногийн дотор ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. ******* сумын ******* В.Мя- хоёрын байгуулсан хөдөлмөрийн гэрээг уншаад үзэхэд хөдөлмөрийн гэрээний 15.2 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дуусгавар болох хугацаанд ноцтой зөрчил гаргах юм бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. В.Мя-г урьд нь эрүүгийн хэргээр шийтгүүлсэн байхад ажилд эгүүлэн томилсон учраас шүүхээс тогтоосон гэм буруугийн асуудлыг дахин тогтоох боломжгүй. Тийм учраас төрийн жинхэнэ алба, төрийн үйлчилгээний алба хоёрыг хооронд нь холилдуулаад В.Мя-г ажлаас чөлөөлсөн. Энэ нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан. Мөн уран сайхны зөвлөлийн тэргүүлэгчдээс гомдол ирсэн гэсэн. Гэхдээ уг гомдол нь төрийн үйлчилгээний албыг хашихад хориглосон үйлдэл болохгүй. Гомдол гаргасан үйлдлийг баримтлаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гомдол ирснээс уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Иргэнээс ирсэн гомдол нь ямар ч гомдол байж болно. Эдгээр хүмүүсийн гаргасан гомдол нь ял шийтгүүлсэн хүн ямар нэгэн ажил гүйцэтгэх боломжгүй, хуульд заасан хориглосон заалт байхгүй байхад үүнийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Өнөөдрийн үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагч хүн өөрийн биеэр тухайн ажлыг гүйцэтгэх боломжгүй ялаар шийтгүүлсэн тохиолдолд В.Мя-г ажлаас халах ёстой. Гэтэл иргэний хэргийн 3 шатны шүүх энэ хүний нөхцөл байдлыг удаа дараа дүгнэж тогтоогоод байхад ажил олгогч В.Мя-г ажлаас халах захирамжийг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонсоход хууль хэрэглээний алдаа гаргасан, хоёр хуулийг хольж сольж хэрэглэсэн юм шиг яриад байна. Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд ажиллаж байгаа хүн Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтанд орж байж төрийн үйлчилгээний албыг удирддаг. Тийм учраас миний хувьд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг хольж сольсон зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээнд ямар, ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэх юм бэ гэж гэрээндээ тусгаад хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан хэд хоногийн дотор ноцтой зөрчил үүсгээгүй байхад ажлаас халсан гэж яриад байх юм. В.Мя-г ажлаас чөлөөлсөн үндэслэл зүйл заалт нь хөдөлмөрийн гэрээнд байгаа учраас В.Мя-г ажлаас чөлөөлсөн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй захирамж гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хариуцагч нь тодорхой байх ёстой. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Нэхэмжлэлийн хариуцагч дээр ******* сумын ******* гэсэн байна. Үүнээс хариуцагч тодорхойгүй байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Нэхэмжлэл дээр ч шүүх хуралдааны тайлбар дээр ч тэр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж чадахгүй байна. Нэхэмжлэгч В.Мя- 2019 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 08-ны хооронд гэмт хэрэг үйлдээгүй нь үнэн. Гэхдээ 2019 оны 04 сарын 03-ны өдөр ******* сумын ******* В.Мя-г *******ийн *******ийн ажилд эгүүлэн томилоод 04 сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Энэ хугацаанд иргэдээс ирсэн гомдлоор ******* В.Мя- хоёрын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил болох нь тогтоогдсон. Яагаад В.Мя-г гэмт хэрэг үйлдсэн, ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн юм бэ, цаг хугацаа үйл явдал нь давхцахгүй байхад ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн юм бэ гээд байна. В.Мя-г ажилд авсан цаг хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж ажлаас чөлөөлөөгүй. Хөдөлмөрийн гэрээний 9.3.1 дэх хэсэгт зааснаар ноцтой зөрчилд ийм, ийм зүйлийг хамааруулна гэж заасан байгаа. Хөдөлмөрийн гэрээний 9.3.1 дээр ажилтан гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол өөрөөр хэлбэл ял шийтгэлтэй нь тогтоогдсон бол гэж зааж өгсөн байгаа. Ялтай хүн ажил хийж болохгүй, ялтай нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэдэг нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаараад хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох үндэслэл болж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.7 дахь хэсэгт зааснаар ажлаас халах байсан. Ажлаас халах захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтын буруу хэрэглэсэн гэж байна. Гэтэл ******* В.Мя- хоёрын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан ял шийтгүүлсэн бол ял шийтгүүлсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа бол энэ нь ноцтой зөрчил мөн юм гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж заасан. Ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь ял шийтгүүлсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ. Түүнээс биш гэмт хэрэг үйлдсэн агуулгаар нь биш. Гэмт хэрэг хэзээ үйлдсэн гэдэг нь хөдөлмөрийн гэрээнд ач холбогдол байхгүй. Ял шийтгүүлсэн хүн ажиллаж болохгүй гэж заасан байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Мя- нь Завхан аймгийн ******* сумын *******д холбогдуулан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ...В.Мя-г ажилд авсан цаг хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж ажлаас чөлөөлөөгүй.. ...Хөдөлмөрийн гэрээний 9.3.1 дээр ажилтан гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол өөрөөр хэлбэл ял шийтгэлтэй нь тогтоогдсон бол гэж зааж өгсөн байгаа. Ялтай хүн ажил хийж болохгүй, ялтай нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэдэг нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаараад хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох үндэслэл болж байгаа юм.. ...В.Мя-г ажлаас чөлөөлсөн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй захирамж гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргаж байна.

Завхан аймгийн ******* сумын ******* Х.*******гийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар В.г Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд түүнийг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ял шийтгүүлсэн гэсэн үндэслэлийг заажээ.

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох хэсэг болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой заасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэж миний үйлчлүүлэгч В.Мя-г ажлаас халсан байгаа. Хөдөлмөрийн гэрээний 9.3.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Гэтэл 2019 оны 04 сарын 03-наас 04 сарын 08-ны хооронд В.Мя- ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж, эрүүгийн хэрэгт татагдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон асуудал баримт хэрэгт авагдаагүй байна. Тийм учраас В.Мя-г 5 хоногийн дотор ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй, ...хөдөлмөрийн гэрээний 15.2 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дуусгавар болох хугацаанд ноцтой зөрчил гаргах юм бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. В.Мя-г урьд нь эрүүгийн хэргээр шийтгүүлсэн байхад ажилд эгүүлэн томилсон учраас шүүхээс тогтоосон гэм буруугийн асуудлыг дахин тогтоох боломжгүй, мөн төрийн жинхэнэ алба, төрийн үйлчилгээний алба хоёрыг хооронд нь холилдуулаад В.Мя-г ажлаас чөлөөлсөн нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байна.

Гэвч талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний ес дэх заалт буюу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлүүд гэсэн хэсгийн 9.3.1-д Ажилтан нь гэмт хэрэг үйлдэж ял /торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих, эрх хасах, ял тэнсэх/ шийтгүүлсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж дуусгавар болно гэж заасан байгаа бөгөөд хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалжээ.

Нэхэмжлэгч В.Мя- нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 10,0 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 сарын 29-ний 11 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 сарын 25-ны өдрийн 245 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Иймд нэхэмжлэгч В.Мя-г ажлаас халагдах үедээ ял шийтгэлтэй байсан гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Мя-г урьд нь эрүүгийн хэргээр шийтгүүлсэн байхад ажлаас халсан нь үндэслэлгүй байна гэж ажилд эгүүлэн томилсон, мөн төрийн жинхэнэ алба, төрийн үйлчилгээний алба хоёрыг хооронд нь холилдуулаад В.Мя-г ажлаас чөлөөлсөн нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан гэж байгаа боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01713 дугаартай тогтоолд торгох ял ногдуулсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад ажлаас халсан нь хуульд нийцээгүй байна гэснээс ажлаас халах үндэслэл болохгүй шүү гэж дүгнээгүй байна.

Түүнчлэн ажил олгогч, ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд уг гэрээнд ял шийтгүүлсэн бол ноцтой зөрчилд тооцохоор заасан учир ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2019 оны 04 дүгээр сарын 03-наас 04 дүгээр сарын 08-ны хооронд В.Мя- ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж, эрүүгийн хэрэгт татагдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон асуудал баримт хэрэгт авагдаагүй гэж мэтгэлцэж байгаа боловч В.Мя- нь торгох ялаа эдэлж байгаа байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх дүгнэлт үндэслэлгүй байна.

Хэдийгээр В.Мя- ажилд орсныхоо дараа ял шийтгүүлээгүй боловч түүнийг торгох ялаар шийтгэсэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа торгох ялаа эдэлж байгаа учир түүнийг ял шийтгүүлсэн гэж үзнэ.

Хөдөлмөрийн гэрээнд ял шийтгүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар гэж тодорхой заасан ба энэ нь гэрээг байгуулснаас хойш ял шийтгүүлсэн байх шаардлага байхгүй тул хариуцагчийн В.Мя-г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд В.Мя-гийн гаргасан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар В.Мя-гийн Завхан аймгийн ******* сумын *******д холбогдуулан гаргасан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ