Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 205/МА2019/00021

 

Б.*******, Э.*******маа нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.*******

Э.*******маа

Нэхэмжлэгчдийн өмгөөлөгч. Э.*******

Хариуцагч: О.*******

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 224 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Б.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манайх Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хайрханы өвөр гэдэг газарт мал маллаж амьдардаг, уг газар нь Тосонцэнгэл сумын төвөөс 3 км орчим зайтай байдаг бөгөөд сумын төвд нэг гэр маань байдаг. 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн өглөө төвийн гэрээсээ 10 цагийн орчим хөдөөний гэртээ очоод малаа бэлчээрт нь гаргах гээд хашаатай хонь руугаа очтол нэг хар саарал өнгийн зүстэй нохой хашаан дотор хэд хэдэн хонийг бариад шархдуулсан, нэг хонийг хазаад байж байсан. О.*******ын нохой манай хониноос 33 толгой хонийг барьж шархдуулснаас 15 хонь үхсэн, дараа нь 2 хонь нэмж үхсэн. Үлдсэн 16 хониноос 4 төлөгний хүзүү нь мултарч мурийсан бөгөөд мал эмнэлгээс эм тариа авч хийсэн, мөн өвс тэжээл авч тэжээсэн. Тухайн хонинууд нь бэлчээрт гарах ямар ч боломжгүй байсан учраас тэр орой нь сумын төвд байдаг гэртээ очиж эхнэртээ хэлсэн. Тэгээд тэр нохойг хайгаад байсан чинь О.*******ын нохой болохыг нь дараа мэдсэн. Энэ талаар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр багийн засаг дарга Б.*******үүд хэлсэн, 3 дугаар сарын 03-ны өдөр цагдаад мэдэгдсэн юм. Тэгээд цагдаагийн байгууллагын ажилтан, багийн засаг дарга нар байж байгаад нохойг устгуулсан. Энэ байдлаа О.*******д хэлсэн боловч одоог хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байна. Иймд О.*******аас хохирол болох 3.625.500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Нэхэмжлэгч Э.*******маа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр 07 цагаас 07 цаг 30 минутын үед сумын төвд байдаг гэртээ ирж надад түлээ мод хагалж өгөөд буцаад очиход манай хонины хашаа нь эвдэрчихсэн 33 толгой малыг барьж шархадуулсан байсан. Шархдуулсан 33 толгой хонины 15 толгой нь эм хонь байсан. Шархадсан хонио тэжээхээр нэг боодол өвсийг 9000 төгрөгөөр тооцоод 80 ширхгийг 630,000 төгрөгөөр авсан. Малын эмийн сангаас эм тариа авч шархадсан малаа эмчилсэн. Малын эмийн сангаас авсан эм тарианы зарлагын баримт болон малын эмчийн тодорхойлолт зэргийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Би тэр өдөр тухайн үйл явдлыг мэдээгүй байж байтал манай нөхөр 20 цагийн орчимд гэртээ ирээд хонио бариулчихлаа гэхээр Чи яагаад энэ тухайгаа хэлсэнгүй гэхэд шувуу оволзоод тал хонь нь уул руу гарчихсан түүний араас яваад, шархадсан хонио янзлаад утасгүй болохоор хэл дуулгаж чадсангүй гэсэн. Хариуцагч О.*******ын нохой нэг төлөгний хүзүүг тас татаад байж байхад нь манай нөхөр орилоход тэр нохой хашаа даваад зугтахаар өвөлжөөний баруун тал руу нохойг хөөчхөөд араас нь дурандаад үзэхэд О.*******ын наад талын эзэнгүй хашаа руу орохыг харсан байсан. Тэр үед О.*******ын нохой гэдгийг мэдээгүй. Манай нөхөр орой сумын төвийн гэртээ ирээд одоогоор 10-иад хонь үхчихлээ. Үхээгүй хонийг багтах хэмжээгээр гэртээ орууллаа гэсэн. Тэгээд хүн гуйгаад эм тариа авч шархдсан малаа эмчилсэн. 2-3 хоногийн дараа цагдаад мэдэгдсэн болохоор өвсний хашаанд хийсэн байсан хониныхоо зургийг дарсан. Багийн засаг дарга болон цагдаагийн албан хаагч нар О.*******ын нохойг устгасан. Нохойны болон хонины толгойнд галзуу өвчний шинж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар явуулахад нохойноос галзуу өвчин илэрсэн харин манай хонины толгойноос галзуу өвчний шинж тэмдэг илрээгүй. Гэвч мал эмнэлгийн эмч малд галзуу өвчний нууц үетэй байдаг хүнсэнд хэрэглэх боломжгүй гэсэн. Хэрэв мал эмнэлэг устга гэвэл устгана гэж бодож байгаа. Нэхэмжлэлээ гаргахдаа хууль зүйн мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авахад шүүх тодорхой бус асуудлыг шийдвэрлэдэггүй нийлүүлээд бич гэхээр нь амьд байгаа 12 хониныхоо үнийг нийлүүлээд бичсэн. Амьд байгаа 12 хонины үнийг нэхэмжилж байгаа шалтгаан нь хариуцагчаас малыг малаар нь сольж өгөх болов уу гэж бодсон.

Тиймээс хариуцагч *******аас 1 ширхэг төлгийг 70.000х19=1,330,000 төгрөг, 1 эм хонийг 100,000х14=1,400,000 төгрөг, 1 боодол өвсийг 9,000х80=720.000 төгрөг, эм тарианд 175,500 төгрөг зарцуулсан тул хариуцагч О.*******аас нийт 3.625.500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч О.******* нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул багийн засаг дарга Б.*******үү, Дархан-Уул багийн иргэн Б.******* нар манай гэрт ирж танай нохой Б.*******ын хонийг барьсан учраас устгаж шинжилгээнд явуулна гэсэн. Би 10 гаруй жил тэжээсэн нохойгоо устгуулахгүй, манай нохой хөдөө малаа манаад байж байдаг, манай нохой танай хонийг барих ёсгүй, та нар юугаар нотлох юм бэ?, манай нохой түүхий мах иддэггүй, болгож чанасан мах иддэг гэж хэлсэн боловч тоогоогүй. Тэгээд манай нохойг хашааны гадна алаад толгойг нь цавчаад аваад явсан. Нэхэмжлэгч Б.Батулга нь гэдэг хүнтэй ээлжилж малаа хардаг. Өөрсдөө сумын төвд орж ирж хонодог, 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр мал дээрээ байдаг гэртээ хоноогүй өглөө нь 10 цагт очиход л ийм үйлд явдал болсон байсан. Малаа хараа хяналтгүй орхисноос ийм зүйл болсон. Би нохойгоо 2006 оноос хойш тэжээж эхэлсэн, 12 жил малаа харуулж тэжээж байсан. Нохойны бичиг баримт, татвар төлж байсан талаарх баримт хэрэгт байгаа. Миний нохой хонь барьж идэхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Үнэхээр манай нохой тэдний хонийг барьсан гэдгийг юугаар нотолж байгааг ойлгохгүй байна. Шалгаж нотлоогүй байж манай нохойг буудаж алдсанд гомдолтой байгаа. Б.*******ын хонь руу 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нохой орсон гэх боловч 3 дугаар сарын 01-ний өдөр багийн засаг даргадаа хэлсэн, 3 дугаар сарын 03-ны өдөр цагдаад мэдэгдсэн байдаг. Тухайн үед нь тэр дор нь цагдаад мэдэгдэж шалгуулаагүй. Б.******* хонь барьсан нохойг харсан гэсэн атлаа зүсийг нь хар саарал, саарал, шар саарал гэх мэтээр өөр өөр хэлдэг. Манай нохой 2013 онд гэрчилгээ авахдаа 7 настай, 2018 онд 12 настай хөгшин нохой байсан, хонь барих ямар ч чадвар байхгүй. Манай хүүхдүүдийг хичээлдээ явахаар сургууль руу дагаад яваад байдаг учраас өглөө голдуу уяатай байдаг. Манай нохойг алуулснаас хойш өөр айлын хоттой хонь руу нохой дайраад байна гээд сумын захиргаанаас ажил зохион байгуулж байсан. Тэгээд ч би Б.*******ын хонийг манай нохой барьсан гэж бодохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

  Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хар хошуу овогт *******ын *******, Таван тайж овогт *******ын *******маа нарын хариуцагч Зуун цагаан гэрүүд овогт *******ийн *******аас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 3,625,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******, Э.*******маа нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар шинжээчийн ажлын хөлс 20.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******, Э.*******маа нараас гаргуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх Э.*******маа бидний нэхэмжлэлтэй иргэний хэргийг хараат бус, үнэн зөв шийдвэрлэж чадаагүй гэж үзэж гомдол гаргаж байна. 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би хашаатай малаа бэлчээрт гаргахаар очиход хашаан дотор саарал зүстэй нохой төлөг зуусан байсан. Тухайн үед хашаанд байсан манай 33 толгой хонь хазуулсан, 17 толгой хонь нь үхсэн. Малыг маань барьж байхад очиж хөөсөн учраас би тэр нохойг зүсээр таньж байсан. Мөн надаас гадна мал бариад байсан саарал нохойг малчид хайж тэжээлийн фонд руу харсан арагшаа буюу хойшоо харсан хашаанд байхыг зүсээр таньж олсон байсан. Ингээд эрх бүхий хүмүүст мэдэгдэж мал барьсан нохойг устгахад надаас гадна 2 малчин хамт байсан.

Хариуцагч О.******* өөрийн нохойгоо хонь хариулдаг мах иддэггүй гэсэн байсан ч хашаатай хонь руу орж 33 толгой мал хазаж, 17 толгой хонь нь үхсэн. Үхсэн байдлыг харахад эрүүл бус амьтаны үйлдэл гэдэг нь илэрхий юм.

Саарал нохойг надаас гадна 2 малчин зүсээр таньж заасан учир тус амьтаныг эрх бүхий албан хаагчид устгаж шинжилгээнд явуулсан. Шинжилгээний хариугаар *******ын саарал нохой галзуу өвчтэй байсан нь тогтоогдсон. Энэ үйл явдалд холбогдох гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжилгээний хариу зэрэг бичгийн баримтуудаар бид нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон.

Харин манайхаас 2 км зайд байдаг *******ын нохой нь онц аюултай галзуу өвчин тусчихаад олон толгой малыг барьсан байхад анхан шатны шүүх мал хазсан нохой хэний өмчлөл, эзэмшлийн нохой болох нь тогтоогдоогүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

О.*******ын нохой манай малын хашаан дотор орж хашаандаа байсан 33 толгой малыг барьсан.

Түүнийг нотолж хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт гаргасан. Гэвч анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж дүгнэхдээ нэг талыг баримталж шийдвэр гаргасан байна.

Иймээс Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 224 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 224 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тайлбарлаж, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа нотолж гэрч ийн мэдүүлэг хавтаст хэргийн 46 дугаар хуудас, ын мэдүүлэг хавтаст хэргийн 44, 77 дугаар хуудас, ын мэдүүлэг хавтаст хэргийн 105 дугаар хуудас, гэрч *******үүгийн мэдүүлэг зэргийг гаргаж өгсөн. Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг болон 105 дугаар хуудсанд авагдсан гэрч ын мэдүүлэгт ...тэр үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвийн баруун хойд талын Хайрханы өвөр гэдэг газар өвөлжсөн хүмүүс бүгд хайж байсан... гэж мэдүүлсэн. Хавтаст хэргийн 77 дугаар хуудсанд гэрч ын мэдүүлэгт *******,, Домы 3 хоорондоо ярихдаа энэ хавиар хар, саарал зүстэй 2 нохой айлын мал бариад яваад байна. Тэр нохой тэжээлийн фондод байдаг яг хэний нохой болох талаар яриагүй. Хэд хоногийн дараа Хуягаа, *******ын гэрлүү утсаар яриад би нөгөө нохойг олчихлоо гэсэн. , Домы бид 3 тэжээлийн фондын урд талын хашаан дотор саарал нохойг заагаад энэ нөгөө хонь бариад байгаа нохой мөн байна гэж хэлсэн. Эдгээр мэдүүлгээс харахад *******ас өөр малаа бариулсан хүмүүс байсан нохойн өнгө зүсийг мэдэж байсан учраас хайж байсан байна. Тэр малчид малаа бариулсан нохойг хайж байгаад олоод *******д мэдэгдсэн байдаг. 2018 оны 03 дугаар сарын 02-нд хариуцагч *******ын нохойг устгаж лабораторийн шинжилгээнд явуулахад БО52 буюу галзуу өвчнөөр өвчилсөн нохой болох нь тогтоогдож байдаг.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хүлээж авах боломжтой юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Талуудын хооронд Иргэний хуульд заасан зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа үүсчээ.

 Нэхэмжлэгч Б.******* нь нь нохойны эзэмшигч болох О.*******аас хохирол 3.625.500 төгрөг нэхэмжилжээ.

 Хэрэгт авагдсан баримтуудаар 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.*******ын малын хашаанд байсан мал руу амьтан орж, хотонд байсан хонийг хазаж, шархдуулж гэмтэл учруулсанаас Б.*******ын эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна.

 Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-д амьтаны үйлдлээс хүний амь нас эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтаныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж заажээ.

 Гэтэл нэхэмжлэгч нь амь нас эрүүл мэндийн хохирол биш эд хөрөнгийн хохирол шаардсан тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2 дахь хэсэг байна.

 Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээхэд гэрийн тэжээвэр, эсхүл мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан, тухайн амьтаны өмчлөгч буюу эзэмшигч гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох ёстой.

 Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ДарханУул багийн нутаг дэвсгэр Хайрханы өвөр хэсгээр мал руу дайрч, нэхэмжлэгч Б.*******ын өмчлөлийн хонийг хазаж, хохирол учруулсан гэх амьтан нь хариуцагч О.*******ын нохой болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдоогүй байна.

 Өөрөөр хэлбэл, хэрэгт О.*******ын эзэмшлийн нохойг мөн гэж үзэж тодорхой ажиллагаа хийсэн боловч Б.*******ын өмчлөлийн хонийг хазсан гэх амьтан нь О.*******ын нохой гэж үзэх хангалттай баримт хэрэгт авагдаагүй байна.

 Иймд Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2 дахь хэсэгт заасан хариуцлагыг хариуцагч О.******* хүлээх хууль зүйн үндэслэлгүй байна.

 Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, , шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэхдээ эд хөрөнгөнд гэм хор учируулсан буюу Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг үндэслэл болгосныг энэ маргааныг шийдвэрлэхэд илүү нарийвчилсан зохицуулалт болох Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2 болгон өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 224 дугаартай шийдвэрийг Тогтоох хэсгийн  1 дэх заалтын Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг гэснийг Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2 дахь хэсэг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД     Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР