Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 205/МА2020/00035

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

 

Бусад оролцогчид:

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******оо,

Ц.Дайриймаа

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов. 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 657 дугаартай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.*******ын давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Би ******* банкнаас зээл авсан, авсан зээлээ төлөөгүй байгаа нь үнэн. Миний зээлийн үлдэгдэл нь 9.020.200 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2017 оноос хойш би зээлээ бага багаар төлж байсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Дайриймаа чи мөнгөө төлдгөөрөө төл, би байрыг чинь битүүмжилдгээрээ битүүмжилнэ гэдэг. Би хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэхдээ шинжээч *******ийг сонгоё, би *******ээр үнэлгээ хийлгүүлнэ гэж хэлээгүй. Шийдвэр гүйцэтгэгч Ц.Дайриймаа, ******* банкны эдийн засагч бид хэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын өрөөнд уулзацгаасан. Тэр үед би үнэлгээ тогтоодог 5 хүн байдаг гэсэн хэн хэн байдаг юм бэ гэж асуухад надад нэрийг нь хэлж өгсөн, тэгэхээр би Мэргэжилийн хяналтын газрын ******* эгч мөн үү гэж асуусан чинь Ц.Дайриймаа мөн гэж хэлсэн, тэгэхээр нь би ******* эгч хөрөнгийн үнэлгээ гаргадаг юм уу гэсэн чинь тийм гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* эгчийг барилгын ажилтай ойр байсан арай дээр байх гэж хэлсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Ц.Дайриймаа аль хэдийн биччихсэн намайг гарын үсгээ зур гэж хэлсэн. Би гарын үсэг зурахгүй гээд даргынх нь дэргэд хэлсэн. Тэгээд би Ц.Дайриймаад чи яахаараа амнаас үг гарангуут биччихээд гарын үсэг зур гээд байгаа юм бэ, ингэж ёс зүйгүй хандаж болохгүй гэж удаа дараа хэлж байгаа. Мөн Ц.Дайриймаа намайг дуудсан хугацаанд ирдэггүй гэсэн. Би дуудлага өгөх болгонд нь ирдэг. Хэдэн өдрийн өмнө дуудсан бичгийг хүнээр явуулаад чамайг энэ бичиг баримт дээр гарын үсэг зур гэж байна гээд албан шаардлагаар авчирч өгдөг. Тэгэхээр нь би хугацаа нь дууссан байна гэж хэлээд хүлээж авсан өдрийн он сараа бичээд гарын үсэг зурдаг. Би ******* үнэлгээчнээр үнэлгээ хийлгэнэ гэж хэлээгүй байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч нь над руу нэг өдөр залгаад ******* үнэлгээчин үнэлгээ хийхгүй гэж татгалзсан. Манайх өөрөө үнэлгээчнээ сонгоно гэж надад шууд тулгасан. Манай байрны үнэлгээг гаргахдаа адил төстэй байрны үнэлгээнээс хамаагүй доогуур гаргасан. Манай байрыг мэргэжлийн хүмүүс стандартын дагуу барьсан байр. Дулаан төвлөрсөн шугам сүлжээ дээр байрлаж байгаа байр. Байрандаа олон жил амьдраагүй учраас засвар үйлчилгээ шаардлагатай байгаа болохоос биш барилгын хийц, чанар стандартын хувьд сайн баригдсан. Шийдвэр гүйцэтгэгч Ц.Дайриймаа ******* банкны Завхан салбарын ажилтан ******* хоёрыг би ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр Ц.Дайриймаа надтай утсаар ярихгүйгээр шөнийн цагаар Тосонцэнгэл сумд ирчхээд за чамд өгөх юу байна, энэ ууталсан модоо өг гэж тулгадаг. Би айлын хашаа хараад, хүний ажил хийж байгаа болохоор дур мэдэн мод өгөх боломжгүй байхад чи мод өгөхгүй бол танай 2 байшинг битүүмжилнэ чамайг аваад явна гэж хэлэхээр нь би явъя гэхэд би 80.000 төгрөгт бензин хий, одоо миний данс руу 80.000 төгрөг шилжүүл чамаас авах зүйлээ авч байна. Тэгээд энд ирчхээд би надад тэр 1.000 шуудай модоо өгчихгүй яасан юм бэ, надад хүн захиад байсан юм гээд байшин битүүмжлэх бичгээ бичиж байж л удаа дараа надаас мод нэхээд байхаар нь би Ц.Дайриймааг чи урдах ажлаа хий, хийхгүй бол боль гэж хэлж байсан. Манай байшинд хийсэн хөрөнгийн үнэлгээг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь зах зээлийн үнэлгээнээс хамаагүй доогуур үнэлсэн гэж үзэж байгаа.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлж өгнө үү гэв. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дайриймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төлбөр төлөгч Д.*******тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Тосонцэнгэл сум дахь шийдвэр гүйцэтгэх хэсэгт ажиллагаа хийгдээд 2019 оны 9 дүгээр сард аймгийн шийдвэр газарт үл хөдлөх хөрөнгө дээр нь ажиллагаа хийгдэхээр тойргийн журмаар над дээр хуваарилагдан ирсэн. Би 2019 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллагаа хийсэн. Би Д.*******тай уулзах гээд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч Д.******* нь ирж уулздаггүй, утсаар яриад хөрөнгийг нь битүүмжилье гэхээр хүлээн зөвшөөрдөггүй байсан. 2020 оны 01 сард шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх гээд Тосонцэнгэл сумд очиж байсан. Дараа нь 2020 оны 02 дугаар сард хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдэж байхад хөл хорио тогтоогдсон учраас 2020 оны 07 сараас эхлэн хөрөнгийн үнэлгээ хийгээд хөрөнгө хураах ажиллагаа хийгээд, 2020 оны 07 сарын 20-ны өдөр хөрөнгө хураах ажиллагаа хийгдэж төлбөр авагч, төлбөр төлөгч нарыг байлцуулж байж хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Хөрөнгийн үнэлгээний тохиролцуулах ажиллагаа хийхэд хөрөнгийг үнэлгээ дээр тохиролцоогүй учраас хөрөнгийн үнэлгээ дээр шинжээч томилсон. Шинжээч томилоход төлбөр төлөгч Д.******* нь Тосонцэнгэл сумаас ирэх боломжгүй гэсэн учраас манай тал хөрөнгө хураах ажиллагаа хийж дараа нь Д.*******д хөрөнгийн үнэлгээг танилцуулсан. Хөрөнгийн үнэлгээ хийлгэх шинжээч томилохдоо манай аймагт 5 шинжээч байгаа энэ 5 шинжээчээс татгалзах зүйл байна уу гэхэд Д.******* ******* барилгын талаар арай илүү мэдэх учраас *******ийг хөрөнгийн үнэлгээ хийлгүүлье гэхээр нь санал авахад *******, Алтанцэцэг нар үнэлгээ хийх боломжгүй гэдэг саналаа өгсөн, мөн шинжээч Заяа одоогийн байдлаар хөрөнгийн үнэлгээнд шинжээч хийх ажлаа хийхгүй байгаа гэдэг хүсэлт өгсөн учраас манай тал шинжээч Х.*******үүг томилсон. Тэгээд Х.*******үү Д.*******ын хөрөнгөнд үнэлгээ хийгээд хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Д.******* бичиг баримт нь хоцорч ирсэн гэж байна. Би хөрөнгийн үнэлгээний хариу гарангуут би утсаар Д.*******д хөрөнгийн үнэлгээний талаар утсаар мэдэгдээд маргааш нь албан тоотоо шууданд хийсэн. Шууданд хийсэн бичгээ Тосонцэнгэл сумын шийдвэр гүйцэтгэх газар луу давхар цахим хаягаар явуулсан. Тосонцэнгэл сумын шийдвэр гүйцэтгэгч нь албан бичгээ аваад Д.*******д танилцуулах гэтэл Д.******* авч гарын үсэг зураагүй талаар тэмдэглэл хөтлөөд буцаагаад над руу явуулсан байсан. Түүнээс манай талаас болж хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. ******* банкны эдийн засагч ******* нь Д.*******тай холбоотой энэ хэрэг дээр төлөөлөх эрхийн дагуу оролцож ажиллаж байсан. Одоо ******* банкийг төлөөлж ******* гэдэг хүн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа. Манай талын хувьд ******* банк болон *******тэй ашиг сонирхлын холбоотой асуудал байхгүй. Д.*******ыг модны ажил хийж байсан болохоор мод өгөөд төлбөрөөсөө барагдуулаасай гэдэг үүднээс мод авъя гэж хэлж байсан болохоос биш бид нар заавал байшингийн нь хураах гэсэн зүйл байхгүй гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******оо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Анхан шатны шүүх:  

1.  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар ******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.*******үүгийн гаргасан 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

  2.  Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2418 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж,

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж, 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус, тус дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* ХХК-ийн шинжээч Х.*******үү нь Завхан аймаг Улиастай сумын Өлзийт баг Эрчмийн цагаан орон сууцанд байрлах 2 өрөө 64м2 талбайтай улсын бүртгэлийн V-0918001590 дугаартай хувийн сууцыг 6329.000 төгрөгөөр, Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг Засварын баазын 10 айлын 1-1 тоотод байрлах 2 давхар 128 м2 талбайтай, улсын бүртгэлийн v-0918000667 дугаартай хувийн сууцыг 14.738700 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн 2 байшингийн ойр орчмын ижилхэн байшингуудын үнээс хэд дахин бага үнэлсэн, зах зээлийн үнээс харьцангуй доогуур үнэлсэн. ******* банк зээлийн барьцаанд 2 байшинг авч байхдаа 25 сая, 18 сая төгрөгөөр үнэлж байсан. Гэтэл үнэлж авсан үнээс шийдвэр гүйцэтгэгч Ц.Дайриймаа нь Завхан аймагт 5 хүн үнэлгээ хийдэг тэд нараас сонгож үнэлгээгээ хийлгэж болно гэсэн гэтэл миний ярианаас З.******* эгчийг барилга байшинтай арай ойр нь юм байна гэж хэлснийг далимдуулан *******ийг сонго гэсэн шууд өөрсдөө сонгосон. Би *******ээр үнэлгээ хийлгэнэ гэж хэлээгүй байхад З.******* үнэлгээ хийхгүй гэнэ гэж ярьсан, би уурласан. Гэнэт Х.*******үү гэж хүн залгаад л танай 2 байшинд үнэлгээ хийх гэсэн юм гэхээр нь би чамаар хийлгэхгүй гэхэд *******үү нь надаар хийлгэхгүй байж болно. Та байшингийнхаа байр байдлыг хэлээд өгөөч би судлаад үзье гээд хуурч үнэлгээ хийсэн. Х.*******үү З.******* үнэлгээ хийдэг хүн биш, эрх байхгүй гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эрхтэй үнэлгээ хийдэг гээд хоорондоо зөрөөд байгаа. Энэ нь өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж шууд худлаа ярьж луйврын шинж чанар гаргаж хууран мэхэлсэн. Х.*******үүгийн үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул цуцалж үнэн зөв шийдэж өгнө үү.

2. ******* банкны зээлийг өөрийн боломжийн байдлаар төлж байсан. Ор тас төлөөгүй биш төлсөн. Заавал барьцаалсан 2 байшинг хурааж авна, авах ёстой гэдэг. Нэгийг нь үлдээгээд нэгийг нь авчих гээд удаа дараа гуйсан боловч заавал хоёуланг нь авна гэж шийдвэр гүйцэтгэгч*******аа, төрийн банкны ******* нарт ашиг сонирхлын зөрчил их байгаа гэж үзэж байна. 3 хүн гудамжинд орох оронгүй болох гээд байна гээд удаа дараа гуйсан боловч заавал 2 байшинг авна гэдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад ******* банкны ******* удаа, дараа миний эгчийн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дарамт шахалт үзүүлж амь насанд нь хүрсэн. Дарамт шахалт үзүүлж байхад нь*******аад Энэ хүн янз янзын байдлаар амь нас нь эрсдэлд орвол хэн хариуцах вэ гэж хэлсэн.*******аа нотолно. Ц.Дайриймаа, ******* хоёрыг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг үнэн зөвөөр шалгаж шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******оо давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэвийн, шуурхай явагдах ёстой байдаг тул бидний зүгээс ажлаа хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дайриймаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.*******тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оноос үүссэн байдаг. 2019 оноос Д.*******тай холбоотой шийдвэр гүйцэтгэл нь над дээр шилжиж ирсэн байгаа. Хөрөнгийн үнэлгээ дээр бол уг барилгат хүн амьдардаггүй байсан. Тэгээд Д.*******ын хамт очиж хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн байгаа. ******* банкны ажилтан ******* бид хоёрын хооронд ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, манай байгууллага дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов. 

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Д.*******аас 12.041.135 төгрөг гаргуулж ******* банкинд олгох, төлбөрийг сайн дураар эс төлбөл шийдвэрт заасан хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангах тухай 83 дугаартай шүүгчийн захирамжийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан ба уг шийдвэр биелэгдээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.  

Төлбөр төлөгч хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагч нь албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж, шийдвэрлүүлсний үндсэн дээр хариуцагч албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, төлбөр төлөгчөөс үнийн санал авч үнэлгээ хийлгэхээр шинжээч томилж хуульд заасан ажиллагаа хийсэн бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн гомдолд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах хууль зүйн боломжгүй юм.  

Эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Эд хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур тогтоосон гэж үндэслэл байхгүй байна.  

Талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. 

Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ. 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлийг баримтаар няцааж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т нийцсэн байна. 

Харин шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг үнэлэх талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсон байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 657 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дэх заалтын ...55.1.. гэснийг ...55.7.. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

 Б.АРИУНБАЯР