Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 226/МА2020/00017

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 20 өдөр          Дугаар 226/МА2020/00017                              Хэрлэн сум

 

Х банкны нэхэмжлэлтэй,

Э-ад холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00017/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-,

Хариуцагч Э-, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 654 дугаар шийдвэртэй, Х банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Э-ад холбогдох “үндсэн зээлийн үлдэгдэл 65259774, зээлийн хүү 77192533, нэмэгдүүлсэн хүү 11023095, нийт 153475403 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэгийн давж заалдах гомдлоор 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Э- нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 90000000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Ханс-вилл хотхон Их Монгол улсын гудамж, 101 дугаар байр, 2-804 тоот хаягт байрлах 91.75 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206030248 дугаартай, 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь үндсэн зээлд 24740226 төгрөг, зээлийн хүү 34954792 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 42919 төгрөг, нийт 59737937 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, 2085 хоногоор хугацаа хэтрүүлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээнд дурдсан хаягтаа байхгүй байсан учир түүнийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 65 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж хаягийг тогтоолгосон бөгөөд зээл төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн.

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 40, 196 дугаар зүйлүүдэд заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ бөгөөд зээлийн гэрээний 2.4.3, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр зээлийн 20 хувиас хэтрэхгүйгээр гэрээнд зааж болно гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 65259774, зээлийн хүү 77192533, нэмэгдүүлсэн хүү 11023095, нийт 153475403 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 995527 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.

            Зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15-р хороо, Ханс-вилл хотхон Их Монгол улсын гудамж, 101 дугаар байрны 2-804 тоот хаягт байрлах 91.75 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206030248 дугаартай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.     

            Хариуцагч Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өвчний улмаас хэвтэрт байгаа тул Х банкны нэхэмжилсэн 153475403 төгрөгийн зээлийг төлж чадахгүй. Х банкнаас надад шаардлага хангаагүй зээл олгосонд гомдолтой байна. Тэтгэврийн насны  хүн их хэмжээний зээлийг төлж чадахгүй гэдгийг мэдсээр зээлийн гэрээний дүрэм, журмаа зөрчиж зээл гаргасан. Мөн зээл зогсоож өгөх тухай хүсэлт гаргасан боловч зогсоогоогүй.

            Б миний өмнөөс материал бүрдүүлж Х банкнаас 90000000 төгрөгийн зээлийг авсан. Бат-Эрдэнэ “хөрөнгө оруулалтыг чинь дэмжинэ, зээлийг 100 хувь барагдуулж, санхүүжилт хийж өгнө” гэж тохирсон. Б зээлийг авахдаа надтай хамт ажиллаж байсан М-тэй тохиролцож, М-н хүргэн Л-н байрыг барьцаанд тавьж зээл авсан. Энэхүү асуудлаас болж Л болон миний бие хохирч байна. Б нь 90000000 төгрөгийн зээл авснаас 900000 төгрөгийн шимтгэл авсан. Би 89000000 төгрөг дээр 1000000 төгрөг нэмж 90000000 төгрөг болгон бэлэн 60000000 төгрөг, дансаар 30000000 төгрөгийг Б-д өгсөн. Энэ зээлээс би нэг ч төгрөг аваагүй. Иймд Б, М нарыг гуравдагч этгээдээр тус тус татаж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Ханс-вилл хотхон Их Монгол улсын гудамжны 101 дүгээр байрны 2-804 тоот хаягт оршин суух Л-г шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлттэй байна. Мөн Х банкны 2014 оны хөрөнгө оруулалтын зээл олгох журам болон тухайн үед ямар журмаар хууль бусаар зээл олгосон талаар баримтыг гаргуулах хүсэлттэй байна. Би 90000000 төгрөгийн зээлээс нэг ч төгрөг хэрэглээгүй Б нь миний нэр дээр зээл гаргуулж авсан тул зээлийг төлөх ёстой” гэжээ.

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э-аас үндсэн зээлийн үлдэгдэл 65259774 төгрөг, зээлийн хүү 77192533 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11023095 төгрөг, нийт 153475403 /нэг зуун тавин гурван сая дөрвөн зуун далан таван мянга дөрвөн зуун гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банканд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206030248 дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Ханс-вилл хотхон Их Монгол улсын гудамж, 101 дүгээр байр, 2-804 тоот хаягт байршилтай 9175 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 995527 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э-аас улсын тэмдэгтийн хураамж 995527 /есөн зуун ерэн таван мянга таван зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банканд олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.    

            Хариуцагч Э- давж заалдах гомдолдоо: “Миний хувьд 153475403 төгрөгийн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, анх зээл гарсан нөхцөл байдлыг дурдан буруутай этгээдүүд, шүүхэд дуудагдах ёстой хүмүүсийг нэрлэн зааж тайлбарласан. Гэтэл Х банк ганц өөрийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Х банк зээлийг хэрхэн яаж гаргасан тухай баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгөөгүй, мөн миний тэтгэврийг шууд татаж өрөнд суутгадаг. Шүүх хуралдаанд буруутай хүмүүс болон гэрчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс оролцуулаагүй. Б 90000000 төгрөгийг авсан бөгөөд би нэг ч төгрөг аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, буруутай этгээдүүдээр өр төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Миний бие Бат-Эрдэнэд залилуулсан учир цагдаагийн байгууллагад хандана” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Х банк нь хариуцагч Э-ад холбогдуулан “үндсэн зээлийн үлдэгдэл 65259774, зээлийн хүү 77192533, нэмэгдүүлсэн хүү 11023095, нийт 153475403 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э- нь “Б миний өмнөөс материал бүрдүүлж 90000000 төгрөгийн зээлийг авсан, банк зээл олгохдоо дүрэм журмаа зөрчиж өөр хүний нэр дээрх хөрөнгийг барьцаалж зээл олгосон тул төлөхгүй” гэж маргажээ.

            Хариуцагч нь шүүх хуралдаанаас өмнө шүүхэд “өмгөөлөгч авах, гуравдагч этгээд татуулах, гэрч оролцуулах”  зэрэг хүсэлтүүдийг гаргаагүй боловч шүүх хуралдаан дээр дээрх хүсэлтүүдийг гаргасан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн. 25.1.3, 25.1.8-т заасныг зөрчөөгүй байна.

            Анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 654 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “шүүх хуралдаанд гэрчээр Л-г оролцуулах, Б, М нарыг гуравдагч этгээдээр тус тус татаж, Х банкны 2014 оны хөрөнгө оруулалтын зээл олгох журам болон тухайн үед ямар журмаар хууль бусаар зээл олгосон талаар баримтыг гаргуулах, Х банканд Б “уг зээлийг би төлнө” гэж бичсэн өргөдөл болон холбогдох материалуудыг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хариуцагч Г.Э- гаргасан тул хүсэлтийг хэлэлцээгүй болно” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т  “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчдын саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэсэнтэй нийцэхгүй байна.

Хэргийн оролцогчдод хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангах үүрэг  нь хуулиар шүүхэд олгогдсон тул хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх тул хариуцагч Г.Э-ын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч Э-ын давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамж болох 995527 төгрөгийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2180 дугаартай шүүгчийн захирамжаар хойшлуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 654 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2180 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Э-ын улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдсугай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

 

 

.