Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2016/1041

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч О.Оюунгэрэл, шүүгч Л.Өлзийсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Бизнесийн оргил” Хадгаламж зээлийн хоршоо /РД: 2378132/, 

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороо 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Бизнесийн оргил” хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Ж.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, Б.Халиун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхэмбаяр, Б.Төрсайхан, С.Батсүх, иргэдийн төлөөлөгч Г.Шийлэгданзан, нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нарыг оролцуулан хийв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Бизнесийн оргил” ХЗХ-ны гүйцэтгэх захирал Ж.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Бизнесийн оргил" Хадгаламж зээлийн хоршоо нь Санхүүгийн зохицуулах хорооны 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 67 дугаар тогтоолоор 4/43 дугаартай хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллага юм. Санхүүгийн зохицуулах хорооноос хоршооны үйл ажиллагаанд газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг тус хорооны даргын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан удирдамжийн дагуу 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хийсэн.

Шалгалтаар тус хоршоог хэд хэдэн зөрчил гаргасан гэж үзэж Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 400 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Үүнийг бид эс зөвшөөрч 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан боловч Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх хяналтын зөвлөлөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 01 дүгээр тогтоол гарган манай байгууллагад шуудангаар хүргүүлжээ. Энэ үед миний бие нь Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт ходоодны архаг үрэвслийн улмаас 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн болно.

Ийнхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1832 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн шийдвэрлэсэн.

Тус хадгаламж, зээлийн хоршоонд Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг хийсэн. Тус шалгалтын тайлан нь мөн оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гарсан. Шалгалтын тайлангаар хадгаламж, зээлийн хоршоог 3 төрлийн зөрчил гаргасан гэж үзсэн.

1. Иргэн Б.Оюунболороор зуучлуулсан гэх Д.Урт-Амар болон бусад зээлдэгчид тус хадгаламж зээлийн хоршооны гишүүн биш гэжээ.

Д.Урт-Амар нь анх 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элссэн бөгөөд 10.000.000 төгрөгийн зээл олгосон. Д.Урт-Амар нь зээлийн гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул түүнийг хоршооны гишүүнээс хасч, зээл болон хүүг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 08 дугаар сард хийсэн шалгалтаараа Д.Урт-Амартай холбоотой асуудлыг шалгасан бөгөөд зөрчилтэй байсан тул захиргааны хариуцлага ногдуулж 576.000 төгрөгийг Санхүүгийн зохицуулах хорооны дансанд шилжүүлж байсан.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 400 дугаар тогтоолоор "Бизнесийн оргил" Хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэгэнт шалгаж тогтоож, хариуцлага хүлээлгэсэн асуудалд дахин хариуцлага тооцсон нь хууль бус байна.

2. Д.Урт-Амарын зээлийн барьцаа болох 2 ширхэг машиныг Хадгаламж, зээлийн хоршооны нэр дээр бус гүйцэтгэх захирал Ж.Болормаагийн нэр дээр шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэжээ.

Д.Урт-Амар нь зээлийн барьцаанд 2 автомашин барьцаалсан. Тухайн үед Ж.Болормаа миний нэр дээр шилжүүлсэн боловч зээлдэгч нь зээл авахад авто машинаа өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлагатай байна гэсэн тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад буюу зээлийг төлж дуусгаагүй байхад автомашиныг буцаан шилжүүлсэн.

Ийнхүү Санхүүгийн зохицуулах хорооноос нэгэнт шалгаж хууль зүйн хариуцлага тооцож шийдвэрлэгдсэн асуудлаар хяналт шалгалтыг дахин хийж, хууль журамд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж буй Хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож буй нь хуульд нийцэхгүй бөгөөд нэг асуудалд давхар хариуцлага тооцож бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд халдсан үйл ажиллагаа болоод байна.

... Ийнхүү тус хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгож, журмаар өөр хариуцлага ногдуулахаар заасан заалтыг баримтлан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 400 дугаар тогтоолыг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Анх улсын 2 байцаагч Хорооны хуралд түдгэлзүүлэх үндэслэлээр санал оруулсан. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын журмын үндэслэл 3 сараар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийтгэл ногдуулах байсан. Иймээс бараг жил гаруй хугацаанд манай Хадгаламж зээлийн хоршоо тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаагүй учир хангалттай хариуцлагаа хүлээсэн гэж үзэж байна. Түдгэлзүүлэх арга хэмжээ авах ёстой байснаа хүчингүй болгосон нь дэндүү хатуудсан Хадгаламж зээлийн хоршооны эрх ашгийг уландаа гишгэсэн шийдвэр болсон. Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох талаар нэг ч удаа мэдэгдээгүй. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гомдлын хариугаа авах гээд утсаар асуухад Б.Төрсайхан “хүчингүй болгосон тогтоол гарсан ирж ав” гэж хариу өгсөн. Уг нь Санхүүгийн зохицуулах хорооны хуралд суулгана гэж байсан боловч надад мэдэгдээгүй. Санхүүгийн зохицуулах хорооны протоколд миний нэр байгаагаар мэдэгдэх үүрэгтэй байсан гэдэг нь батлагдаж байна. 

Хурлын протоколыг харахад дарга асан З.Нарантуяа түдгэлзүүлэх үндэслэлтэй материалыг гэнэт Хорооны хуралдаан дээр хүчингүй болгож шийдсэн. Протокол нь  ойлгомжгүй бөгөөд хэдхэн өгүүлбэр байсан ба гарын үсэг зураагүй байсан. Иймээс Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тул Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 400 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, Б.Халиун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хадгаламж зээлийн хоршооны 34 дэх зүйлийг үндэслэн тэргүүлэгчдийн зөвлөлийг шинээр томилох, 35 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх, 36 дугаар зүйлд заасныг баримтлан хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, 37 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах, 38.2 дахь заалтад заасны дагуу зээлийн хороо, тэргүүлэгчдийн зөвлөл 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүн дээр байгуулах, зээлийн хороо үйл ажиллагаагаа тэргүүлэгчдийн зөвлөлд тайлагнана гээд эдгээрийг заагаад тус хорооны шалгалтын дараа хяналтын зөвлөлийг шинээр томилох, зээлийн хорооны гишүүд, тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, гишүүдийг шинээр томилж ирүүлээд түүнд дүгнэлт хийсэн байгаа. 

2012 оны 71 хувийн биелэлттэй гэж яриад байгаа дээр биелэлтийг нь яаж тооцсон бэ гэхээр тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүд зээлийн хорооны гишүүдийг томилж шийдвэрлэсний үндсэн дээр 71 хувьтай гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл 576,000 төгрөгөөр торгоод байгаа нь Д.Урт-Амартай холбоогүй. 2014 оны шалгалтаар 2012 онд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг 2014 оны шалгалтаар тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хороо зэрэг нь бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан байна уу? гэдгийг 2014 оны шалгалтаар тэр нь биелэгдээгүй учраас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зөрчлийн үндсэн дээр торгосон. 

2012 оны зөрчил өөр байсан. 2 жилийн давтамжтайгаар шалгалт явагддаг. 2012 онд зөрчлөө залруулаагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох байсан. Тэгэхээр 2014 онд залруулаагүй бол хүчингүй болгох байсан учраас 10 дугаар сарын биелэлтийг хангалттай байсан юм байна гэж үзээд байгаа юм. Тодруулбал Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 онд 16 үүрэг өгсөн байдаг. Үүнийг 2014 оны дүгнэлтээр биелүүлсэн гэж үзэж байгаа. Хэрэв биелүүлээгүй байсан бол хариуцагч тал манай тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох боломжтой байсан. Иймд маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг удирдлага болгосон байдаг. Энэ нь санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, сэргээх, хяналт тавих тухай хорооны эрх хэмжээний ерөнхий зохицуулалт байдаг.

 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг баримталсан. Үүнд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа ноцтой зөрчсөн гэдэг үндэслэл юм. Үүнтэй холбоотойгоор нэг зүйл тодруулах шаардлагатай байгаа юм. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3.1.1, 4.1.5, 6.4, 10.1.3, 13.1, 14.1.4, 18.1.6 дахь заалтуудыг шинжилгээ хийх шаардлага үүснэ. Үүнийг үзэхэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хувьд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага юу байдаг вэ? гэхээр тусгайлсан, нарийвчилсан зохицуулалт байдаггүй. Өөрөөр хэлбэл энэ хуулийг бүхэлд нь аваад үзэхэд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад тусгай зөвшөөрөлд өөрт нь тусгана гэсэн зохицуулалт байдаг. Хэрэгт байгаа хоршооны тусгай зөвшөөрөл өөрт нь болон хавсралтад байгаа нөхцөл шаардлагыг тусгайлан зохицуулж өгөөгүй байдаг. 

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.4 дэх заалтыг баримтална. Тус заалтад тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, хүчингүй болгуулах, сэргээх гэх мэт хороонд эрх олгосон ийм заалт байдаг. Тэгэхээр түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох зэрэг тус хуулийн албадлагын арга хэмжээг зааж өгсөн бөгөөд 56.3 дахь заалтаар 56.2 дахь заалтад заасан албадлагын арга хэрэгслийг хэрэгжүүлэх журмыг хороо баталдаг. Өөрөөр хэлбэл хуулийн зохицуулалтууд журмаар нөхөн зохицуулагдаж байж хэрэгжихээр байгаа юм. 2012 оны Хадгаламж зээлийн хоршооны зохицуулалтын журам гэж батлагдсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хянан сүүлд шалгагдаад яамнаас улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй гэдэг лавлагаа ирсэн байдаг. 

Гэхдээ хариуцагч байгууллага тухайн тохиолдолд албадлагын ямар журам хэрэглэсэн байдаг вэ гэхээр энэхүү журмыг хэрэглэсэн байдлаас анзаарч болно. Жишээ нь маргаан бүхий захиргааны актад бичсэнээр бол тус журмын 9.1.2 гэдэг заалтыг баримталсан ба тус заалт нь түдгэлзүүлэх тухай юм. Өөрөөр хэлбэл хуульд байгаа 3 сонголтын аль нь зөрчилд хэрэглэгдэх вэ гэдгийг тогтоохдоо түдгэлзүүлэх журмыг барьж хэрэглэсэн байдаг. Захиргааны акт хэрэглэсэн хэм хэмжээний утга агуулгууд хоорондоо зөрсөн. Хэрэгт байгаа баримтаар хэргийн 59 дугаар талаас 62 дугаар талд хяналт шалгалтын тайлангийн огноо нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байдаг. Үүний санал тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналтай байдаг. Үүнээс хойш хорооны хуралдаанд бэлтгэхийн тулд асуудлууд танилцуулагдаад явахад огноо нь байдаг. “Бизнесийн Оргил” ХЗХ-ны үйл ажиллагааг буюу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай тогтоолын хэсгийн танилцуулга батлагдсан. Өөрөөр хэлбэл 2 сар 4 хоногийн дараа байдал яаж өөрчлөгдсөн бэ гэхээр шалгалтын  үр дүнгээр зөрчил гэж үзвэл түдгэлзүүлэх юм байна гэж үзсэн. 

Бидний сонссон CD дээр бичигдсэн баримт болон хэрэгт байгаа 2 хурлын тэмдэглэл, хяналт шалгалтын тайлан зэргийг үзэхэд 2015 оны 09 дүгээр сарын 18-нд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналтай байсан уу гэдэг нь эргэлзээтэй байна. Дараа нь 11 дүгээр сард түдгэлзүүлэх талаар бүх баримтаа бүрдүүлж, тэр байгууллагын удирдлагуудад танилцуулж дотоод процессыг бүгдийг давсан. Хүчингүй болгохтой холбоотой асуудал дээр хурал хэрхэн яаж явсныг бид сая сонслоо. Тэгэхээр тэнд байгаа нэрс, бүрэлдэхүүний тоо нь зөрөөд байдаг. 

Д.Урт-Амар гэдэг хүн гишүүн мөн эсэх дээр маргадаг. Тэгэхээр энэ нь хэргийн 173 дугаар талд байгаа. Бичил Санхүүгийн Оюунчимэг гээд хүний 3 албан бичиг байгаа. Үүний 1-рт Хадгаламж зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн  13/07 тогтоолоор Д.Урт-Амарыг гишүүнээр элсүүлсэн байна гэсэн. 2-рт Хадгаламж зээлийн хоршооны зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тогтоолоор Д.Урт-Амарыг гишүүнээс хассан байдаг. Д.Урт-Амар гэдэг хүний асуудал хэргийн гогцоо асуудал байгаа юм. Хэрэв энэ хүний нэрийг бариад зээл гаргасан байсан бол буруу юм. Гэтэл бодит үйл баримт дээр Д.Урт-Амар нь хүнээр төлөөлүүлээд зээл аваад өөрөө түүнийгээ ашигласан байдаг. Тэгээд зээлийн төлөлт дээр маргаан үүссэнийг өөртөө давуу байдал болгохын тулд өргөдөл гаргасан. 

Санхүүгийн зохицуулах хорооны бичил санхүүгийн газрын дарга нь албан бичгээр элсүүлсэн, хассаныг хэлээд өгсөн байна ... Удаа дараа зөрчил гаргасан гэдгийг үндэслэл болгосон байдаг. Үүний гол нотолгоо нь засаглал юмаа бүрдүүлээгүй гэдэг. Гэтэл ийм үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийг үзэхэд 18 дугаар зүйлийн 18.3 дахь заалтад тусгай зөвшөөрлийг 2 тохиолдолд түдгэлзүүлэх, хүчингүй болгох гэж байдаг. Нэг нь 18.1 буюу тусгай зөвшөөрөл аваагүй, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосноос хойш зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэдэг.  нөгөөх нь 18.2 дахь заалт буюу гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж хадгалах гэдэг үндэслэл байдаг. Мөн Д.Урт-Амар гэдэг хүн гишүүн мөн эсэх нь хэрэгт авагдсан, шийдэгдсэн асуудал юм. Бусад яриад байгаа зөрчлийг зөрчил мөн гэж үзвэл хангалттай баримт байхгүй байгаа. Ямар ч байсан хүчингүй болгох үндэслэл байхгүй юм. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны 400 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна“ гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхэмбаяр, Б.Төрсайхан, С.Батсүх нар шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “..."Бизнесийн оргил" Хадгаламж зээлийн хоршоо нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус Хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 400 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасанд хариу тайлбарыг хүргүүлж байна.

Иргэн Д.Урт-Амар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцацрал, иргэн Ц.Энхбаатар нараас 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр "Бизнесийн оргил" Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаатай холбоотой Хороонд гаргасан гомдлын дагуу Хорооны даргын баталсан 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 8 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацаанд "Бизнесийн оргил" ХЗХ-ны үйл ажиллагаанд газар дээрх хэсэгчилсэн шалгалт хийх удирдамжийн дагуу Хяналт шалгалтын газрын Бичил санхүүгийн хяналтын хэлтсийн хянан шалгагч Улсын байцаагч Б.Төрсайхан, хянан шалгагч С.Батсүх нар хийж гүйцэтгэсэн ба шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн болно. Үүнд:

1.  Иргэн Б.Оюунболороор зуучлуулсан гэх Д.Урт-Амар болон бусад зээлдэгчид тус Хадгаламж зээлийн хоршооны гишүүн биш гэдэг нь дараах зүйлсээр нотлогдож байна.

-   Бүх гишүүдийн зар хүргүүлдэггүй, хурлын протоколд хуралд оролцсон гэх нэр, гарын үсэг байдаггүй, зээлдэгчийг гишүүнээр элссэн гэх хугацаанаас хойших Хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн жагсаалтад бүртгэлгүй.

-   Гишүүдэд ногдол ашиг хуваарилж байгаагүй.

Энэ нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Хадгаламж зээлийн үйл ажиллагаанд дор дурдсан зүйлийг хориглоно: 18.1.2 гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах" гэж заасныг зөрчсөн,

2.  Д.Урт-Амарын зээлийн барьцаа болох 2 ширхэг автомашиныг Хадгаламж зээлийн хоршооны нэр дээр бус гүйцэтгэх захирал Ж.Болормаа нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь зээлийн барьцааны гэрээнд тусгагдаагүй бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай  хуулийн  29  дүгээр  зүйлийн  29.7-д  "зээлийн барьцаалсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, бусдын өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг хууль,  гэрээнд заасны дагуу зохицуулна"  гэсэн заалтыг зөрчсөн  болох  нь тогтоогдсон.

3.   Дээрх үйлдлүүд нь Хадгаламж зээлийн хоршооны нэрийн дор гишүүн бус этгээдэд өндөр хувийн хүүтэйгээр, мөн зээлийн эргэн төлөх чадварыг судлалгүйгээр, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байгааг нь ашиглан зээл олгож байсан нь ноцтой зөрчил гэж үзэх хангалттай үндэслэл болж байна.

Иймд иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, хохирол учруулсан, мөн Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 18.1, 18.2-т заасныг зөрчсөн үйлдэл нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэл болно" гэсэн заалтыг тус тус үндэслэн "Бизнесийн оргил" Хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Хорооны хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлэх арга хэмжээ авна гэсэн дүгнэлт гарсан. Тус шалгалтын тайлантай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр "Бизнесийн оргил" Хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Ж.Болормаа, хяналтын зөвлөлийн гишүүн н.Дэлгэрсайхан нар танилцаж гарын үсэг зурсан болно.

Дээрх зөрчлүүд нь Б.Мөнхцацралаас ирүүлсэн өргөдлийн дагуу хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлүүд байсан ба өмнөх шалгалтын ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй зэргийг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулсан. Уг танилцуулгад:

1. Газар дээрх шалгалт хийгдэж байсан талаар:

2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Бичил санхүүгийн газар /тухайн үеийн бүтцээр/-ын хянан шалгагч Д.Ариунаа, хянан шалгагч С.Доржпагма нар газар дээрх хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтын ажлын хэсгээс Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг "Хангалттай" буюу эрсдэлд өртөж болзошгүй гэж үнэлээд зөрчил, дутагдлыг бүрэн арилгаж чадвал цаашид хэвийн ажиллах боломжтой гэж дүгнэсэн.

2014  оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Бичил  санхүүгийн  газар /тухайн  үеийн  бүтцээр/-ын ахлах хянан шалгагч  Д.Ариунаа, мэргэжилтэн Ц.Энхтуул нар газар дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус Хадгаламж зээлийн хоршоо нь шалгалт эхлэх өдрийн байдлаар 2012 онд хийсэн шалгалтын тайлангаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, тухайн шалгалтын ажлын хэсэгт нэр төдий биелэлт хүргүүлснээс, зөвлөгөөг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаагүй, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 25.1.5, 25.1.7 дахь заалт болон шалгалтын дүгнэлтийг тус тус үндэслэн захиргааны шийтгэл ногдуулж 576,000 /таван зуун далан зургаан мянган/ төгрөгөөр торгосон байна. Уг торгуулийг 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хорооны холбогдох дансанд төвлөрүүлсэн.

2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдөр хүртэлх хугацаанд иргэдээс ирсэн өргөдлийн дагуу тус Хадгаламж зээлийн хоршоонд Хяналт шалгалтын газрын БСХХ-ийн хянан шалгагч, Улсын байцаагч Б.Төрсайхан, С.Батсүх нар газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг хийж гүйцэтгэсэн ба уг шалгалтаар гишүүн бус этгээдэд зээл олгосон, уг зээлийг зээлийн хороогоор хэлэлцэн шийдвэрлээгүй, зээлийн барьцаа болох 2 ширхэг автомашиныг Хадгаламж зээлийн хоршооны нэр дээр бус гүйцэтгэх захирал Ж.Болормаа нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан зэрэг зөрчлүүд илэрсэн.

Уг шалгалтаар 2014 онд хийсэн шалгалтын тайлангаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байсан.

2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл: Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 34 дүгээр зүйлийг баримтлан Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдийг шинээр томилох, тэргүүлэгчдийн зөвлөл нь мөн хуулийн 35 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах, мөн хуулийн 36 дугаар зүйлийг баримтлан Хяналтын зөвлөлийг шинээр томилох, 37 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах, 38.2 дахь хэсэгт "Зээлийн хороог тэргүүлэгчдийн зөвлөл 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах ба зээлийн хороо нь үйл ажиллагаагаа тэргүүлэгчдийн зөвлөлд тайлагнана" гэж заасныг хэрэгжүүлж хуулийн 38 дугаар зүйлийг баримтлан Зээлийн хорооны гишүүдийг шинээр томилох зэрэг хуулийн заалтуудыг тус Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаандаа удирдлага болгон хэрэгжүүлж ажиллаагүй нь 2012, 2014, 2015 онуудад хийгдсэн шалгалтуудын дүгнэлтээр тогтоогдсон. Үүнд:

2012 онд хийсэн газар дээрх хяналт шалгалтаар энэ талаар үүрэг даалгавар өгч биелэлт 71,4 хувь байсан байна. 2014 онд хийсэн газар дээрх хяналт шалгалтаар өмнөх шалгалтын өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй бөгөөд Хяналтын зөвлөл, Тэргүүлэгчдийн зөвлөл, Зээлийн хорооны гишүүдийг шинээр томилсон боловч Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанд хэрэгжүүлж ажиллаагүй гэж дүгнэн захиргааны шийтгэл ногдуулсан боловч 2015 онд хийгдсэн газар дээрх хэсэгчилсэн шалгалтаар уг зөрчил арилаагүй байна. Тус Хадгаламж зээлийн хоршооны Хяналтын зөвлөлийн дарга Ж.Өлзийсайхантай уулзсан уулзалтын үеэр өгсөн тайлбарт Хадгаламж зээлийн хоршооны ажлыг би сайн мэддэггүй, хөдөө ажлаар байнга явдаг, гүйцэтгэх захирал Ж.Болормаа хоршооны бүх үйл ажиллагааг гардан явуулдаг гэсэн тайлбар өгсөн.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, дэх хэсэгт "Хадгаламж зээлийн үйл ажиллагаанд дор дурдсан зүйлсийг хориглоно: 18.1.2 гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах" гэж заасныг зөрчсөн байна. Үүнд:

2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдөр хүртэлх хугацаанд иргэдээс ирсэн өргөдлийн дагуу тус Хадгаламж зээлийн хоршоонд хийсэн шалгалтаар бүх гишүүдийн хурлын зар хүргүүлдэггүй, хурлын протоколд хуралд оролцсон гэх нэр, гарын үсэг байдаггүй, зээлдэгчийг гишүүнээр элссэн гэх хугацаанаас хойших Хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн жагсаалтад бүртгэлгүй, гишүүдэд ногдол ашиг хуваарилж байгаагүй зэрэг нь нотлогдсон.

Өргөдөл ирүүлсэн иргэн Д.Урт-Амарыг гишүүнээр элсүүлэхдээ түүнийг зуучилсан гэх Б.Оюунболор нь албан ёсны итгэмжлэлгүйгээр гишүүнээр элсүүлэх өргөдөл бичиж, гишүүний анкетад гарын үсэг зурсан баримтыг үндэслэж зээл олгосон. Энэ үед тус Хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал байсан Д.Баярцогт ээлжийн амралттай байсан тул уг зээлийг Ж.Болормаа нь зээлийн хорооны шийдвэргүйгээр олгосон.

Д.Урт-Амарын зээлийн барьцаа болох 2 ширхэг автомашиныг Хадгаламж зээлийн хоршооны нэр дээр бус гүйцэтгэх захирал Ж.Болормаа нь өөрийн нэр шилжүүлэн авсан нь зээлийн барьцааны гэрээнд тусгагдаагүй бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д "зээлийн барьцаалсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, бусдын өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг хууль, зээлийн гэрээнд заасны дагуу зохицуулна" гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон.

Зээлийн хүүгийн тооцоолол хууль, журмын дагуу үнэн зөв явагдаж байсан эсэх талаар шалгаж үзэхэд тус хоршоонд мөрдөж буй Зээлийн үйл ажиллагааны журам нь холбогдох хууль, журмын нөхцөл шаардлагад нийцэж байгаа хэдий ч зээл олгохдоо зээлийн дүнгээс хүүгийн хэмжээгээр урьдчилан мөнгө суутгаж авдаг нь тус Хадгаламж зээлийн хоршооны зээлийн журамд тусгагдаагүй нь зээлдэгчдийг хохироох үндэслэл болсон.

Дээрх зөрчлүүд удаа дараа гарсан, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд заасан болон ХЗХ-ны сайн дурын гишүүнчлэлтэй, гишүүдийн ардчилсан удирдлага хамтын хяналт, ил тод, нээлттэй байх, гишүүдийн эдийн засгийн тэгш оролцоог хангаж, шударга хуваарилалт хийх зэрэг үндсэн зарчмууд алдагдаж дан ганц гишүүний /гүйцэтгэх захирал Ж.Болормаа/ Хадгаламж зээлийн хоршооны нэрийн дор мөнгө хүүлэх байгууллага болсон зэргээс үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1.8-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомжийг ноцтой буюу удаа дараа зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар Хороонд санал оруулах" гэж заасны дагуу Хорооны хуралдаанд оруулж тус хуралдаанаас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.4 дэх заалт, Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан "Хадгаламж, зээлийн хоршооны зохицуулалтын журам"-ын 9.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 400 дугаар тогтоолоор "Бизнесийн оргил" Хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон болно.

Иймд нэхэмжлэл, үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Бизнесийн оргил” ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Бизнесийн оргил” хадгаламж зээлийн хоршоо нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд “Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 400 дугаар тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 400 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэж өөрчилжээ.  

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаар тогтоолоор “Бизнесийн оргил” Хадгаламж зээлийн хоршоонд “хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг олгож мөн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 400 дугаар тогтоолоор  тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр “хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс,

- Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 онд хийсэн шалгалтаараа иргэн Д.Урт-Амартай холбоотой асуудлыг шалгаж захиргааны шийтгэл ногдуулсан атлаа уг зөрчлийг үндэслэж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, 

- 2014 оны шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээ авч биелэлтийг тайлагнасан бөгөөд биелэлт хангалттай эсэх талаар хариу мэдэгдээгүй, хяналт шалгалтын ажлын тайланд “өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй эсэх” талаарх дурьдаагүй атлаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, 

- 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ээлжит бус шалгалтыг хийсэн ба шалгалт дууссан өдрөөс хойш 2 хоногийн хугацаанд тайланг шалгах ёстой байсан боловч энэ хугацаанд танилцуулаагүй, “Шалгалтын хугацаа сунгасан” гэж тайлбарласан боловч холбогдох албан бичгийг бидэнд танилцуулаагүй. Миний тайлбарыг 2 сарын хугацаанд нэг ч удаа аваагүй нь шалгалтын удирдамжийн 3.2-т заасны дагуу “ажлын хэсэг шалгалтаар илэрсэн хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд зохих хариуцлагыг ногдуулж, түүнийг арилгуулах арга хэмжээ авч шийдвэрлүүлнэ” гэж заасныг зөрчсөн, 

- шалгалт хийсэн улсын байцаагч нар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг хорооны хуралд оруулсан бөгөөд “Зохицуулалтын журам”-д заасны дагуу 3 сараар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авах ёстой байхад шууд хүчингүй болгосон нь дэндүү хатуудсан, 

- хоршооны бүх гишүүдийн хурлыг манай хоршоо 1-р сарын эхний долоо хоногт хийдэг ба Д.Урт-Амарын хувьд 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Тэргүүлэгчдийн хурлаар Д.Урт-Амар нь гишүүнээр элсэж 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүх хяналтын байгууллагад шилжүүлснээр гишүүнээс хассан. Гэтэл бүх гишүүдийн хуралд оролцох эрхгүй болсон этгээдээр гарын үсэг зуруулаагүй, гишүүн бус этгээдэд зээл олгосон гэж үзэж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль бус гэж маргажээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас маргаан бүхий 400 дугаар тогтоолын үндэслэлээ “2014 оны хяналт шалгалтаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн гэж үзэх, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг зөрчсөн нь ноцтой зөрчил мөн” хэмээн тайлбарлан Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 400 дугаар тогтоол  нь хууль зүйн үндэслэлтэй хэмээн маргаж байх боловч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч “Бизнесийн оргил” ХЗХ нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийсэн улсын байцаагч нараас ““Бизнесийн оргил” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал” -ыг хорооны хуралд оруулж хэлэлцүүлсэн байхад маргаан бүхий 400 дугаар тогтоолоор “тусгай зөвшөөрөл”-ийг шууд хүчингүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.4-т “тусгай зөвшөөрлийг ..., хүчингүй болгох...” гэж  гэж заасантай хангалттай нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэх” эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. Тодруулбал, 

Улсын Дээд шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолын 6-д “Мөн зүйлийн 14.1.4-т заасан “удаа дараа” гэж 2 буюу түүнээс дээш зөрчсөнийг хэлэх, “ноцтой зөрчсөн” гэдэгт тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг илтэд зөрчсөний улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учруулсан буюу учруулж болох байсан зэрэг нөхцөл байдлыг ойлговол зохино” гэж тайлбарласан байна. 

 

“Бизнесийн оргил” ХЗХ-ны үйл ажиллагаанд 2014 оны 08 дугаар сарын 25-аас 09 дүгээр сарын 06-ны хооронд шалгалт хийж “2012 оны 11 дүгээр сард хийсэн хяналт шалгалтын тайлангаар өгсөн үүрэг даалгаврыг огт биелүүлээгүй” гэж үзэж 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шийтгэврээр 576,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.  

Улмаар уг шалгалтын үр дүнд 16 заалт бүхий үүргийг тус ХЗХ-нд өгч, нэхэмжлэгч байгууллагаас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14/05 тоот албан бичгээр “шалгалтын үүргийн биелэлт”-ийг  тайлагнаж хүргүүлжээ.

Гэтэл хариуцагчаас “шалгалтаас өгсөн үүрэг”-ийг ямар хугацаанд хэрхэн биелүүлэх талаар хугацаа тогтоогоогүй, дээрх албан бичгээр хүргүүлсэн биелэлт нь хангалттай эсэх талаар хариу мэдэгдээгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “2014 онд хийгдсэн шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврыг бид биелүүлж ажилласан” гэх тайлбарыг буруутгах боломжгүй байна. 

 

Түүнчлэн “Бизнесийн оргил” ХЗХ-ны 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 15/08  тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн,

-  “Бизнесийн оргил” ХЗХ-ны бүх гишүүдийн 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тогтоол , протоколын хамт, зээлийн хорооны 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тогтоол, протоколын хамт , 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн бүх гишүүдийн хуралдааны тогтоол/гарчиг 2015 он гэж бичигдсэн/-ыг тэмдэглэл  

- тус хоршооноос Ц.Цэцэгмаатай байгуулсан “Зээлийн гэрээ”-нд “Зээлийн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн хорооны хурлын шийдвэр, гишүүний 02 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлтийг үндэслэн” гэж тэмдэглэсэн,

- тус хоршооноос П.Норолхоосүрэнтэй байгуулсан “Зээлийн гэрээ”-нд “Зээлийн хорооны 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн хорооны хурлын шийдвэр, гишүүний 02 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлтийг үндэслэн” гэж тэмдэглэсэн,

- тус хоршооноос П.Аззаяатай байгуулсан “Зээлийн гэрээ”-нд “Зээлийн хорооны 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн хорооны хурлын шийдвэр, гишүүний 03 дугаар сарын 10-ны өдрийн хүсэлтийг үндэслэн” гэж тэмдэглэсэн,

- тус хоршооноос Ц.Цэцэгмаатай байгуулсан “Зээлийн гэрээ”-нд “Зээлийн хорооны 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн хорооны хурлын шийдвэр, гишүүний 03 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлтийг үндэслэн” гэж тэмдэглэсэн,

- хяналт шалгалтын ажлын тайланд “Хяналтын зөвлөлийн гишүүдийг ... өөрчлөн байгуулсан бөгөөд дарга Г.Нарангаравтай холбогдохыг оролдсон боловч утас нь холбогдоогүй, ХЗХ-ны дарга Д.Өлзийсайхан хамт ирээгүй” гэж тэмдэглэсэн зэргээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хяналтын зөвлөл, Тэргүүлэгчдийн зөвлөл, Зээлийн хорооны гишүүдийг шинээр томилсон боловч ХЗХ-ны үйл ажиллагаанд хэрэгжүүлж ажиллаагүй гэж дүгнэн захиргааны шийтгэл ногдуулсан боловч 2015 онд хийсэн хэсэгчилсэн шалгалтаар уг зөрчил арилаагүй” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь  “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн” гэж үзэхээргүй байна.

Мөн тус хадгаламж зээлийн хоршооны 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13/07 тогтоолоор Д.Урт-Амарыг тус хоршооны гишүүнээр элсүүлж , мөн оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор гишүүнээс хассан  байх бөгөөд 2014 оны шалгалтын тайлангаар өгсөн үүргийн 1 дүгээрт “...бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж байх...” гэснээс үзвэл 2014 оны 08 дугаар сард шалгагдсан асуудлаар дахин 2015 онд шалгалт хийж хариуцлага тооцсон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан “хяналт шалгалтыг давхардуулахгүй байх” зарчмыг баримтлаагүй нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, “Бизнесийн оргил” ХЗХ нь иргэн Д.Урт-Амарыг тус хоршооны гишүүнээр элсүүлсэн байсан гэх хугацаанд түүнд бүх гишүүдийн хурлын зарыг хүргээгүй, хуралд оролцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй зөрчил нь 2014 оны шалгалтаар илэрсэн, үүний дагуу үүрэг өгч биелэлтийг нь хангуулсан, энэ тухайгаа иргэн Д.Урт-Амарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцацралд 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр “...таны гомдлыг хянан үзэх шаардлагагүй болохыг мэдэгдэж байна”  гэж хариу хүргүүлсэн атлаа дахин 2015 оны шалгалтаар дахин шалгаж хариуцлага тооцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй гэж дүгнэлээ.

Зүй нь Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч нь 2015 оны шалгалтын хүрээнд дээрх /бүх гишүүдийн хурлын зарыг хүргээгүй, хуралд оролцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй/ зөрчлийг шалгахдаа өмнөх шалгалтын хамарсан хугацаанаас хойших хугацаанд зөрчил дахин давтагдсан эсэхийг шалгах ёстой байжээ.

 

Иргэн Д.Урт-Амар нь иргэн Д.Урт-Амарт 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 13/13 тоот  гэрээгээр зээлийг хүлээн авсан тухайд маргаагүй байх бөгөөд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1089 тоот магадлалаар иргэн Д.Урт-Амараас 6,125,600 төгрөгийг гаргуулж “Бизнесийн оргил” ХЗХ-нд олгуулахаар шийдвэрлэсэн, автомашиныг 2014 оны 02 дугаар сарын 25-нд иргэн Д.Урт-Амарт буцаан шилжүүлсэн  байна. 

 

Дээрхээс дүгнэн үзвэл, “тусгай зөвшөөрөл”-ийг түдгэлзүүлэх эсхүл хүчингүй болгох эсэх нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарах хэдий ч хууль тогтоогчоос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх эсхүл хүчингүй болгох нөхцөлийг ялгаж зохицуулаагүй, Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Хадгаламж зээлийн хоршооны зохицуулалтын журам” -ын 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.7.3-т “Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхэлсэн” тохиолдолд тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, эсхүл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох сонголттойгоор журамласнаас үзвэл, зөрчлийн шинж байдлаас хамааран эсхүл түдгэлзүүлэх эсхүл хүчингүй болгох арга хэмжээг хэрэглэхээр байх бөгөөд хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо нь маргаан бүхий 400 дугаар тогтоолыг гаргахдаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учруулсан буюу учруулж болох байсан нөхцөл байдал үүссэн эсэхийг харгалзан үзээгүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасныг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 400 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.МӨНХЗУЛ

          ШҮҮГЧ                   О.ОЮУНГЭРЭЛ

                      ШҮҮГЧ                       Л.ӨЛЗИЙСАЙХАН