Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 226/МА2019/00006

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 4 сарын 18 өдөр          Дугаар 226/МА2019/00006                              Хэрлэн сум          

  Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн нэхэмжлэлтэй,

хариуцагч  Э-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

 

226/2019/00006/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгоржав,  

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С, С-н  өмгөөлөгч Ж.Батбаатар,

Хариуцагч Э, өмгөөлөгч Б.Болортунгалаг нарыг  оролцуулан,

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 157/ШШ2019/00023 дугаар шийдвэртэй, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э-д холбогдох “30002816 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн давж заалдах гомдлоор 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 232 дугаар анги шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой Э нь тус ангид мал маллаж байх хугацаандаа нийт 658 толгой мал дутааж 30002816 /гучин сая хоёр мянга найман зуун арван зургаа/ төгрөгийн өр төлбөр үүсгэсэн тул Э-с 30002816 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зэвсэгт хүчний 232 дугаар анги Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэн Э-г малчнаар ажиллуулахаар болж 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан.

            Тус ангиас Э-д 400 толгой эм хонь, 150 толгой эм ямааг хүлээлгэж өгсөн. Төл малаас 340 хурга, 120 ишиг авах ёстой байснаас 2 ишиг, 24 хурга хүлээж авсан. Э нь 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл мал маллах хугацаандаа 182 толгой эм хонь, 42 толгой эм ямаа, 316 толгой хурга, 118 толгой ишиг нийт 658 толгой мал хорогдуулсан. Иймд ангийн захирагчийн 9 дүгээр хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Э-с 30002816 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

            Зэвсэгт хүчний 232 дугаар ангиас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 182 эм хонь дутааснаас 6 хонийг хасаж, нэг эм хонийг 80000 төгрөгөөр үнэлээд 14080000 төгрөг, 42 эм ямаа дутааснаас 6 эм ямааг хасаж, нэг ямааг 65000 төгрөгөөр үнэлээд 2340000 төгрөг, 118 ишигнээс хасаад 50 толгой ишигний үнэ 1000000 төгрөг, 316 хурганаас хасаад 200 толгой хурганы үнэ 5000000 төгрөг, нийт 462 толгой малын үнэ 22420000 төгрөгийг Э-с гаргуулж өгнө үү.

            Мөн Э-ийн цалинг 2018 оны 5 дугаар сараас олгоогүй бөгөөд цалин болох 1187184 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах зүйтэй гэжээ.

            Хариуцагч Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зэвсэгт хүчний 232 дугаар ангиас намайг 658 толгой мал дутагдуулсан гэж 30002816 төгрөгийг нэхэмжилж байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 онд өвөлжиж байсан Мөрөн сумын “Баагийн хоолой” гэдэг газар их хэмжээний цас унаж улмаар мал их хорогдсон ба 400 эм хонь, 150 ямааг өвөлжүүл гэж 100 боодол өвс 10 шуудай хивэг өгсөн. Тус тэжээлийг 2018 оны 4 дүгээр сард өгсөн нь төллөх малд хүрэлцэхгүй хонь, ямаа тарга хүчээ алдаж, хурга ишиг ямар ч амьдрах чадваргүй гарсан ба зарим хонь ямаа зээл хаяж төл их алдсаны улмаас 24 хурга 2 ишиг л амьд үлдсэн. Малын тэжээл хэрэгтэй болж хонь ямаа бэлчээд идэх өвсгүй байна гэж анги руу таван удаа утсаар ярьж хэлэхэд өвс тэжээл өгнө гэж хэлээд алга болдог байсан. Би өөрөө өөрийн болон албаны малд хувиараа 150 боодол өвс 6 шуудай хивэг авч өгч байсан ч ямар ч нэмэр болоогүй мал хорогдолтой хэвээр байсан.

            Мөн тухайн үед манай эхнэрийн төрсөн дүүгийн хүү М хүнд хэлбэрийн хордлогод орж Мөрөн сумын төвд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан бөгөөд дүүгээ аймгийн эмнэлэгт хэвтүүлэхээр явах хойгуур Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн удирдлагууд ирээд явсан ба сүүлд намайг мал хаяж явсан гэж байсан. Би 10 орчим цаг 1 удаа л хашиж явснаас өөр орхиж явсан удаа байхгүй. Надаас 658 толгой мал дутагдуулсан гэж нэхэмжилсэн. Яг үнэндээ хонь 180, ямаа 30 л хорогдсон. Мал хүлээлгэж өгөхөд хурга 24 толгой, ишиг 2-ыг хасвал 422 толгой мал нь гарах /төллөх/ ёстой хурга ишиг юм. Ямааг 2018 оны 3 дугаар сарын 31-ний орчим самнасан. Цэргийн ангиас малын эмч О нэг ахлагчтай ирж үхсэн малын зураг аваад явсан. Зөвхөн цэргийн ангийн хонь ямаа хорогдоогүй миний хувийн малаас 2018 оны 4 дүгээр сараас өмнө хорогдсон юм. Би сард 297000 төгрөгийн цалин цэргийн ангиас авдаг байсан ба малаа 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өгсөн. Үүнээс өмнө 4, 5, 6 дугаар сарын цалин аваагүй юм. Зөвхөн 2018 оны хавар мал төллөхөд манайх хувьдаа 22 хурга 1 ишиг төллүүлж авсан. Бидэнтэй ойр орчим байсан хүмүүс малаа маш их үхүүлж байсан бөгөөд миний буруугаас биш цаг агаарын хүнд нөхцөлөөс болж мал хорогдсон. Иймд 30002816 төгрөгийг төлөх боломжгүй юм” гэжээ.

             Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э-с 15232816 /арван таван сая хоёр зуун гучин хоёр мянга найман зуун арван зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 232 дугаар ангид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 232 дугаар анги нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234114 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгож тус тус шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэргийн 38-40 дүгээр талд авагдсан Хэнтий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн албан бичиг, цаг агаарын мэдээнд Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн багийн өвөлжилт, цаг агаарын нөхцөл байдлын талаар цасны дундаж 7-9 см, өвс цухуйхгүй, агаарын нөхцөл байдал хүнд байсныг онцолж албан ёсны мэдээг шүүхэд ирүүлсэн атал Зэвсэгт хүчний 232-р ангийн малчин гэрч Б, А нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Э-н мал үхсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

            Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан байгууллагын хүлээх үүргийн 2.6-д “өвөл, хаврын улиралд ядарч доройтсон малыг суурьт нь тэжээх болон мал төлөлтийн үед өвс, хүчит тэжээл, хужир шүүгээр хангах, мөн малчны хариуцлагын гэрээнд байгууллага болон малчин аль аль нь малын зүй бус хорогдлыг аль болохоор гаргахгүй байх боломж нөхцөл бүрдүүлэн малын тогтвортой өсөлтийг хангах” гэж заасан байдаг. Хариуцагч  Э нь “Тухайн жил маш их цастай, өвөлжилт хүнд жил болсон. Зэвсэгт хүчний 232-р ангиас өвс тэжээлийг 2018 оны 3 дугаар сарын сүүлээр 100 боодол өвс, 10 шуудай хивэг өгсөн нь өвөл ядарч туйлдсан малд ямарч нэмэр болоогүй, хээлтсэн хонинууд нь хээл хаяад, гарсан хурганууд нь үхэж байсан. Би удаа дараа цэргийн ангийн холбогдох хүмүүст дуудлага өгч байсан” гэж мэдүүлдэг. Малчин Э-н хувьд малын хорогдол гаргахгүй байх үүрэг хүлээсэн хэдий ч цэргийн ангийн зүгээс гэрээнд заагдсан өвс тэжээлээр хангах, малын зүй бус хорогдол гаргахгүй байх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй байхад зөвхөн малчин Э-г үүргээ биелүүлээгүй гэж хариуцлагыг бүрэн хүлээлгэсэн байна.

Хавтаст хэрэгт 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Зэвсэгт хүчний 232-р ангийн малын эмч О, тоо бүртгэгч Ж нар малчин Э-д очиж үхсэн малыг тоолж, бүртгэж, зургаар баталгаажуулсан тухай баримт байдаг. Уг тэмдэглэлд “Э-д хүлээлгэн өгсөн байгууллагын малаас 90-ээд тооны хонь, ямаа үхсэн байна” гэж бичиж тэмдэглэсэн атлаа байгууллагын зүгээс цаашид малын хорогдлыг гаргуулахгүй байх талаас хангалттай арга хэмжээ аваагүй байдаг. Байгууллагын зүгээс өвлийн хүндрэлтэй цаг үед өвс тэжээлээр хангах, малын хорогдол гарч эхэлснийг мэдсэн даруйдаа хүн хүчээр туслах зэргээр хамтран малын зүй бус хорогдлыг гаргахгүй байж болох байсан байтал Зэвсэгт хүчний 232 дугаар ангиас “бидний байгуулсан гэрээнд хавар өвс тэжээл өгнө” гэж заасан тул хавар өвс өгсөн. Э хүн хүч хэрэгтэй гэж хэлээгүй зэргээр өөрсдийгөө хаацайлсан байдлыг шүүх хүлээн авч малчин Э-г 100 хувь буруутгасан нь буруу байна. Хэрвээ байгууллагын зүгээс 90-д хонь, ямааны хорогдол гарсан үед хамтран ажиллаж хангалттай арга хэмжээ авсан бол цаашид малын зүй бус хорогдол их хэмжээгээр гарахгүй байж болох боломжтой байсан гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхдаа ажил олгогчид хохирол учруулсан тохиолдолд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр заасныг удирдлага болгосон нь нэг талыг барьсан, бодит нөхцөл байдлыг үнэлэхгүйгээр шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

             Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 232 дугаар анги хариуцагч Э-д холбогдуулан дутагдуулсан 658 толгой малын үнэ 30002816 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.     

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С нь шүүх хуралдаанд эм хонь 176, эм ямаа 36, ишиг 50, хурга 200, нийт 462 толгой малын үнэ буюу 22420000 төгрөгөөс олгох байсан цалин 1187184 төгрөгийг хасч, 21232816 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжилсэн.

Ажил олгогч нь малчин Э-тэй 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ болон малчдын хариуцлагын гэрээг  /хх-ийн 4-7 хуудас/ тус тус байгуулж, Э-д эм хонь 400, эм ямаа 150, нийт 550 толгой малыг хүлээлгэн өгч, хурга 340, ишиг 120, нийт 460 толгой малыг орлогод өгөхөөр тохиролцсон байна.

Э малчнаар ажиллах хугацаандаа эх болон төл малын хорогдол 661 толгой мал буюу 30002816 төгрөгийн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрдөг боловч нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, цаг агаар хүндэрсэн үед малд тэжээл хангалттай өгөөгүй, өвөл цас их орсноос мал олноор хорогдсонд малчин буруугүй тул  дутагдуулсан малын үнийг төлөхгүй гэж маргажээ.

Зэвсэгт хүчний 232 дугаар анги нь малчин Э-с 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр эм хонь 218, эм ямаа 108, нийт 326 толгой мал, хурга 24, ишиг 2 бүгд 352 толгой малыг хүлээн авсан нь тогтоогдсон  байна /хх-ийн 8 хуудас/.

Хөдөлмөрийн гэрээ болон малчны хариуцлагын гэрээнд зааснаар ажил олгогч нь “өвөл хаврын улиралд ядарч доройтсон малыг суурьт нь тэжээх болон мал төлөлтийн үед өвс, тэжээл хужраар хангах, малын зүй бус хорогдлыг аль болох гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллах үүргийг, малчин хариуцсан малаа тарга хүч сайн авахуулж, арчилгаа маллагааг сайжруулж малын хэвийн хорогдлыг ангиас өгсөн төлөвлөгөөнд байлгасан бол хорогдуулаагүй малаа малчин авах эрхтэй бөгөөд хэвийн хорогдлыг төлөвлөгөөнөөс хэтрүүлсэн тохиолдолд хорогдсон малыг зах зээлийн үнээр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Мал их хэмжээгээр хорогдсонд цаг агаарын байдал нөлөөлсөн гэсэн малчны тайлбарт ажил олгогч нь тухайн жилд орсон цас, цаг агаарын байдал нь ганцхан малчин Э-н малын хорогдолд нөлөөлөөгүй, цаг агаарын хүнд үед малчдад 100 боодол өвс 10 шуудай хивэг өгсөн, малчны арчилгаа маллагаа муугаас мал их хорогдсон гэжээ.

 Хэнтий аймгийн Баянмөнх суманд цасны дундаж зузаан 7-9 см, агаарын дундаж температур 1 дүгээр сард уур амьсгалын дунджаас хүйтэн  2018 оны 01 дүгээр сарын 20-27 хүртэл 31 градус хүрч 7 хоног дараалан хүйтэрсэн боловч тухайн бүс нутагт байгаа мал хорогдоогүй талаар тус ангийн малчин Б, А нар мэдүүлдэг. Иймд Э-н малын хорогдолд цаг агаарын байдал бүрэн нөлөөлсөн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй юм.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 157/ШШ2019/00023 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Э-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270500 /хоёр зуун далан мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Я.АЛТАННАВЧ

                                     ШҮҮГЧ                                                Д.БАЙГАЛМАА

                                                                                                    Б.СҮХГОМБО