Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00177

 

 З Х 232 дугаар ангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 157/ШШ2019/00023 дугаар шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 226/МА2019/00006 дугаар магадлалтай,

З Х 232 дугаар ангийн нэхэмжлэлтэй,

Б.Э д холбогдох,

Хорогдуулсан 462 толгой малын үнэ 22 420 000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Мягмарцоож шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сугарцолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  З Х 232 дугаар анги нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэн Б.Э ыг малчнаар ажиллуулахаар болж 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан.

Тус ангиас Б.Э д 400 толгой эм хонь, 150 толгой эм ямааг хүлээлгэж өгсөн. Төл мал 340 хурга, 120 ишиг авах ёстой байснаас 2 ишиг, 24 хурга хүлээж авсан. Б.Э  нь 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл мал маллах хугацаандаа 182 толгой эм хонь, 42 толгой эм ямаа, 316 толгой хурга, 118 толгой ишиг, нийт 658 толгой мал хорогдуулсан. Иймд ангийн захирагчийн 9 дүгээр хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Б.Э аас 30 002 816 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 З Х 232 дугаар ангиас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 182 эм хонь дутааснаас 6 хонийг хасч, нэг эм хонийг 80 000 төгрөгөөр үнэлээд 14 080 000 төгрөг, 42 эм ямаа дутааснаас 6 эм ямааг хасч, нэг ямааг 65 000 төгрөгөөр үнэлээд 2 340 000 төгрөг, 118 ишигнээс хасаад 50 толгой ишигний үнэ 1 000 000 төгрөг, 316 хурганаас хасаад 200 толгой хурганы үнэ 5 000 000 төгрөг, нийт 462 толгой малын үнэ 22 420 000 төгрөгийг Б.Э аас гаргуулж өгнө үү.

Мөн Б.Э ы цалинг 2018 оны 5 дугаар сараас олгоогүй бөгөөд цалин болох 1 187 184 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах нь зүйтэй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  З Х 232 дугаар ангиас намайг 658 толгой мал дутагдуулсан гэж 30 002 816 төгрөгийг нэхэмжилж байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь 2017 онд өвөлжиж байсан Мөрөн сумын Баагийн хоолой гэдэг газар их хэмжээний цас унаж, улмаар мал их хорогдсон ба 400 эм хонь, 150 ямааг өвөлжүүл гэж 100 боодол өвс, 10 шуудай хивэг өгсөн. Тус тэжээлийг 2018 оны 4 дүгээр сард өгсөн нь төллөх малд хүрэлцэхгүй хонь, ямаа тарга хүчээ алдаж, хурга ишиг ямар ч амьдрах чадваргүй гарсан ба зарим хонь ямаа хээл хаяж төл их алдсаны улмаас 24 хурга, 2 ишиг л амьд үлдсэн. Малын тэжээл хэрэгтэй болж, хонь ямаа бэлчээд идэх өвсгүй байна гэж анги руу таван удаа утсаар ярьж хэлэхэд өвс тэжээл өгнө гэж хэлээд алга болдог байсан. Би өөрөө өөрийн болон албаны малд хувиараа 150 боодол өвс, 6 шуудай хивэг авч өгч байсан ч ямар ч нэмэр болоогүй, мал хорогдолтой хэвээр байсан.

Мөн тухайн үед манай эхнэрийн төрсөн дүүгийн хүү Мөнххуяг хүнд хэлбэрийн хордлогод орж, Мөрөн сумын төвд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан бөгөөд дүүгээ аймгийн эмнэлэгт хэвтүүлэхээр явах хойгуур  З Х 232 дугаар ангийн удирдлагууд ирээд явсан ба сүүлд намайг мал хаяж явсан гэж байсан. Би 10 орчим цаг 1 удаа л хашиж явснаас өөр орхиж явсан удаа байхгүй. Надаас 658 толгой мал дутагдуулсан гэж нэхэмжилсэн.

Яг үнэндээ хонь 180, ямаа 30 л хорогдсон. Мал хүлээлгэж өгөхөд хурга 24 толгой, ишиг 2-ыг хасвал 422 толгой мал нь төллөх ёстой хурга, ишиг юм. Ямааг 2018 оны 3 дугаар сарын 31-ний орчим самнасан. Цэргийн ангиас малын эмч Отгоо нэг ахлагчтай ирж үхсэн малын зураг аваад явсан. Зөвхөн цэргийн ангийн хонь ямаа хорогдоогүй миний хувийн малаас 2018 оны 4 дүгээр сараас өмнө хорогдсон юм.

Би сард 297 000 төгрөгийн цалин цэргийн ангиас авдаг байсан ба малаа 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өгсөн. Үүнээс өмнө 4, 5, 6 дугаар сарын цалин аваагүй юм.

 Зөвхөн 2018 оны хавар мал төллөхөд манайх хувьдаа 22 хурга, 1 ишиг төллүүлж авсан. Бидэнтэй ойр орчим байсан хүмүүс малаа маш их үхүүлж байсан бөгөөд миний буруугаас биш цаг агаарын хүнд нөхцөлөөс болж мал хорогдсон. Иймд 30 002 816 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 157/ШШ2019/00023 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э аас 15 232 816 /арван таван сая хоёр зуун гучин хоёр мянга найман зуун арван зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  З Х 232 дугаар ангид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  З Х 232 дугаар анги нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Э аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 114 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 226/МА2019/00006 дугаар магадлалаар: Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 157/ШШ2019/00023 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж,

Хариуцагч Б.Э ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 500 /хоёр зуун далан мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2019 оны 04 сарын 18-ны өдрийн Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 226/МА2019/00006 магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт: Мал их хэмжээгээр хорогдсонд цаг агаарын байдал нөлөөлсөн гэсэн малчны тайлбарт ажил олгогч нь тухайн жилд орсон цас, цаг агаарын байдал нь ганцхан малчин Б.Э ы малын хорогдолд нөлөөлөхгүй, цаг агаарын хүнд үед малчдад 100 боодол өвс, 10 буудай хивэг өгсөн, малчны арчилгаа маллагаа муугаас мал их хорогдсон гэжээ.

Хэнтий аймгийн Баянмөнх суманд цасны дундаж зузаан 7-9 см, агаарын дундаж температур 1 дүгээр сард уур амьсгалын дунджаас хүйтэн 2018 оны 01 сарын 20-иос 27-ныг хүртэл -31 градус хүрч 7 хоног дараалан хүйтэрсэн боловч тухайн бүс нутагт байгаа мал хорогдоогүй талаар тус ангийн малчин Б.Баярцолмон, Б.Алтангэрэл нар мэдүүлдэг. Иймд Б.Э ы малын хорогдолд цаг агаарын байдал бүрэн нөлөөлсөн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан бөгөөд хариуцагч Б.Э  анхан шатны шүүхэд Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээг хүргүүлсэн.

Уг нотлох баримтанд дурдснаар тухайн жил Хэрлэн багийн нутгаар цасны дундаж зузаан 8-9 см цаснаас дээш өвс цухуйгаагүй, малын бэлчээрлэлт муу гэсэн байдаг. Тухайн үед үнэхээр л өвс тэжээл дутмаг, өвөлжилт хүнд байснаас үүдэн мал ядарч доройтон хээлээ хаяж үхсэн талаар шүүхэд илэрхийлсэн боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч тал  З Х 232-р ангийн хүсэлтээр дуудан ирүүлж гэрчийн мэдүүлэг өгсөн тус ангийн малчин ажилтай Б.Баярцолмон, Б.Алтангэрэл нарын мэдүүлгийг үндэслэн цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1. “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” 40.2. “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Мөн давж заалдах шатны шүүхээс цаг агаарыг байдлыг гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэл болгож дүгнэсэн атлаа албан ёсны цаг уурын байгууллагын гаргасан тодорхойлолтыг хэрхэн, ямар үндэслэлээр үгүйсгэж байгаагаа заагаагүй байна.

 Хавтаст хэрэгт авагдсанаар 2018 оны 03 сарын 30-ны өдөр  З Х 232-р ангийн алба хаагчид малчин Б.Э ыд очиж үхэж үрэгдсэн малыг тоолж баталгаажуулсан байдаг бөгөөд тухайн үед 90 гаран тооны хонь, ямаа үрэгдсэн талаар суурин эргэлтийн дэвтэрт бичсэн байдаг. Үүнээс хойш нэхэмжлэгч  З Х 232-р анги гэрээнд заагдсан үүргийн дагуу малын зүй бус хорогдлыг гаргахгүй байх хангалттай арга хэмжээг аваагүй. Малчин Б.Э тай 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулснаас хойш нэг ч боодол өвс тэжээл хангаагүй байж байгаад 2018 оны 04 сард 100 боодол өвс, 10 шуудай хивэг өгсөн гэх нь малчны хариуцлагын гэрээ болон хөдөлмөрийн гэрээнд заагдсан байгууллагын зүгээс хүлээх үүргээ хангалттай биелүүлээгүй нь харагдах юм.

Иргэний хуулийн 514.1.-т гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал мал хорогдож байгааг мэдсээр байж хүн хүч болон хангалттай өвс тэжээлээр хангаагүй нь малын зүй бус хорогдол их хэмжээгээр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд би үйлчлүүлэгч Б.Э ы мал хорогдуулсан нөхцөл байдлыг байгалийн давагдашгүй хүчин зүйл болон нэхэмжлэгч байгууллагын үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүссэн гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн  хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч  З Х 232 дугаар анги Б.Э д холбогдуулан хорогдуулсан 462 толгой малын үнэ 22 420 000 гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлж, цаг агаар хүндэрч, цас их орсноос мал хорогдсонд өөрийгөө буруугүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Э  2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр  З Х 232 дугаар ангид малчнаар ажиллахаар Хөдөлмөрийн гэрээ, Малчдын хариуцлагын гэрээ байгуулж, 400 толгой эм хонь, 150 толгой эм ямааг хүлээн авч, 340 хурга, 120 ишиг, нийт 460 төл мал хүлээн авах үүрэг хүлээсэн байна.

2018 оны 07 дугаар сарын 07-ны байдлаар хариуцагч нь хурга 24 толгой, ишиг 2 толгой, нийт 26 толгой төл хүлээж авсан, эм хонь 182 толгой, эм ямаа 42 толгой, хурга 316 толгой, ишиг 118 толгой, нийт 661 толгой мал дутагдуулж, 352 толгой мал хүлээлгэж өгсөн нь Мал хүлээлцсэн тухай нотломжоор тогтоогджээ.

Хэнтий аймгийн Баянмөнх суманд цасны дундаж зузаан 7-9см, агаарын дундаж температур 1 дүгээр сард уур амьсгалын дунджаас хүйтэн, 2018 оны 01 дүгээр сарын 20-27-нд -31 градус хүрч, 7 хоног дараалан хүйтэрсэн боловч тухайн бүс нутагт байгаа мал хорогдоогүй болох нь Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан тодорхойлолт, малчин Б.Баярцэнгэл, Б.Алтангэрэл нарын мэдүүлгээр тогтоогдсон тул “...цас их орсноос өвөлжилт хүндэрч, мал хорогдсон, анги шаардлагатай өвс, тэжээл өгөөгүй, 2018 оны 04 дүгээр сард хивэг, тэжээл өгсөн нь төллөх малд хүрэлцэхгүй, мал тарга хүчээ алдсан байсан тул хурга, ишиг амьдрах чадваргүй гарсан, зарим нь зулбаж төл их алдсан...” гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй, малын хорогдол малчны хариуцлагагүй ажиллагаатай холбоотой гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.-д Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын болон захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ, 132.2.-т  хохирлын хэмжээг шууд учирсан хохирлоор тооцох  бөгөөд олох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй гэжээ.

Анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг үндэслэн хорогдсон эх малын тоогоор хохирлыг тооцож, нийт хорогдсон 182 толгой эм хонь, 42 толгой эм ямаанаас зүй ёсны хорогдолд тус тус 6 толгой малыг хасч, 176 эм хонь, 36 эм ямааг Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр үнэлж, /176х80 000 төгрөг, 36х65 000 төгрөг/ нийт 16 420 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас ажил олгогчоос Б.Э д олгох байсан цалингаас суутгасан 1 187 1847 төгрөгийг хасч, 15 232 816 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн шийдвэрт өөрийн эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Хариуцагч Б.Э  нь хариуцаж байсан малын хорогдол өөрийн буруугаас болоогүй гэдгийг үндэслэл бүхий баримтаар нотлоогүй, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах, малын зүй бус хорогдол гарахад хариуцагчийн хайхрамжгүй ажиллагаа нөлөөлсөн гэх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, анхан шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан асуудлын талаар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтад үндэслэн дүгнэлт хийсэн байх тул “...шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ажил олгогчийн буруутай үйлдэл, цаг агаарын давагдашгүй нөхцөл байдлыг үнэлээгүй...” гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн  2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 157/ШШ2019/00023 дугаар шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 226/МА2019/00006 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Э аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД