Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 199

 

Т.Б, Ц.О, Ч.Ч, У.Ж

нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Т.Б өмгөөлөгч А.Ариунаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 945 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101 дүгээр магадлалтай, Т.Б, Ц.О, Ч.Ч, У.ЖУ.Жавхлантөгөс нарт холбогдох 201526020982 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч У.Ж, Ч.Ч, шүүгдэгч Т.Б өмгөөлөгч А.А нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, одоо Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин 44 дүгээр байрны 57 тоотод оршин суух,

Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Мөн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 20 хоног баривчлах ял шийтгүүлсэн, Ц овогт Чын Ч,

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймаг, Цагаан Уул сум,  5 дугаар баг, Шарга гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 43 дугаар байрны 11 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Цны О,

3. Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, хэвлэгч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 34 дүгээр байрны 15 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 960 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Р овогт Т Б,

4. Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймагт төрсөн, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 42 дугаар байрны 10а тоотод оршин суух,

Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 178 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, У овогт Уын Ж.

Ч.Ч, Ц.О, Т.Б, У.Ж нар нь бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө согтуугаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Күйн баарны орчимд насанд хүрээгүй хохирогч Б.М, Т.Т нарын амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, эд зүйлсийг нь дээрэмдэж 385,000 төгрөгийн хохирол учруулсан,

У.Ж нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 64 дүгээр байрны 17 тоот орон байранд нэвтэрч Э.Оын эзэмшлийн эд зүйлийг хулгайлж 3,300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Ч.Ч нь ганцаараа 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Уурхайчны 4-8 тоотод байрлах И.Гын эзэмшлийн авто зогсоолд /гараш/ хууль бусаар нэвтэрч 1,175,000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Ч, Ц.О, Т.Б, У.Ж нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Чыг “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У.Жийг “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Ч, Ц.О нарыг тус тус 1 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Б, У.Ж нарыг тус тус 3 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Чыг 2 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Жийг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч У.Жд ялыг нэмж, нэгтгэн эд хөрөнгө хураахгүйгээр, 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чын урьд цагдан хоригдсон 313 хоног, шүүгдэгч Ц.О, Т.Б нарын урьд цагдан хоригдсон 97 хоног, шүүгдэгч У.Жавхлантөгөсийн урьд цагдан хоригдсон 120 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Жөөс 2,000,000 төгрөг гаргуулж хохирогч Э.От, шүүгдэгч Ч.Чаас 1,175,000 төгрөг гаргуулж хохирогч И.Гт тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Ч, Ц.О нарыг тус тус 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Б, У.Ж нарыг тус тус 3 жилийн хорих ялаар...” гэж,

5 дахь заалтад “....шүүгдэгч У.Жийн урьд цагдан хоригдсон 132 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б, Ч.Ч, У.Ж, шүүгдэгч Т.Бны өмгөөлөгч А.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч У.Ж гаргасан гомдолдоо “...Би 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр болсон хэрэгт санаатай оролцож, хүн зодож, дээрэм хийгээгүй. Үүнийг нотлох баримт, гэрч нарын мэдүүлгийг хэрэгсэлгүй яллаж буйд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хуулийн зүйл, ангийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.би бичиг, үсэг сайн мэдэхгүй. Үүнээсээ болж өмгөөлөгч И.Ганцэцэгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд “...гэмт хэрэг үйлдсэх явцдаа хохихрогч нарын эл зүйлийг дээрэмдсэн нь миний буруутай үйлдлээс болсон...” гэж бичсэнийг сайн ойлголгүй гарын үсэг зурсан. Ингэснээр намайг санаатай гэмт хэрэг, дээрэм хийсэн гэж хүлээн зөвшөөрсөн болгож эрх зүйн байдлыг минь улам дордуулсан. Тухайн үед өмгөөлөгч Н.Ганцэцэг гомдлыг яаруу, сандруу буншиж танилцуулж, түүнийг нь би сайн ойлгоогүй. Сүүлд нь гүйцэт ойлгосон. Өмгөөлөгч шүүх хуралд биеэр ороогүй.

Би 1990 онд төрсөн. Эхнэр, 2 настай хүү, ээжтэйгээ амьдардаг. Ээж хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, эхнэр хүүхдээ болон ээжийг асардаг тул ажил хийх боломжгүй, би барилгын өрлөгө хийж амьжиргаагаа залгуулдаг байсан. Одоо тэд маань маш хүнд нөхцөлд амьдарч байгаа. Би хоригдох хугацаандаа их зүйлийг ойлгосон. Цаашид хөдөлмөр эрхэлж, гэр бүлтэйгээ зөв, сайхан амьдрахыг л хүсэж байна.

Шүүх бүрэлдэхүүн дээрмийн гэмт хэрэгт миний оролцоо, болсон бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. Мөн гэр бүлийн минь байдлыг харгалзан үзнэ үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Ч.Ч гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон байдаг. Миний бие энэ гэмт хэргийг үйлдэхдээ 2015 оны 07 дугаар сарын 08-наас 2015 оны 10 дугаар сарын 8-ныг хүртэл хугацаанд 92 хоног цагдан хохригдсон байдаг. Гэтэл шүүхүүд энэ 92 хоногийг 3 жилийн хорих ялаас хасаж тооцоогүйд гомдолтой байна. Хамт хэрэг үйлдсэн Т.Б, У.Ж, Ц.О нараас 92 хоногийг хасаж тооцсон.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Бны өмгөөлөгч А.А гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-ыг зөрчсөн, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад үндэслэлгүйгээр хүнд ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

Шүүгдэгч Т.Б нь анх удаа ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэнд болон, эд зүйлд ямар нэгэн гэмтэл учраагүй, шүүгдэгч нь гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын 12 дугаар хуудсанд ...Т.Бны хохирогч нарыг зодсон үйлдлийг дүгнэсэн атлаа үүнийгээ үгүйсгэж тогтоолын 13 дугаар хуудсанд “ шүүгдэгч нар нь зодох явцдаа хохирогч нарт хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь гэмт хэрэг эхлэхдээ л эд зүйлийг нь өөрийн өмчлөлд авахаар довтолж хүч хэрэглэсэн байхыг шаарддаг байтал шүүх өөрийн дүгнэлтийг үгүйсгэн хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна Шүүхийн эхний дүгнэлт үндэслэлтэй болох нь ...хохирогч Б.Мөнх-Амгалан /1 хх-36/, ...Тэмүүлэн /1 хх-37/ нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч, хохирогч гэрчүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан таньж олуулах ажиллагаа хийгээгүй атлаа тус хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчин урьд нь бие биенээ огт танихгүй хүмүүс байтал зөвхөн хувцасны өнгөөр яллагдагч нарыг хэн ямар оролцоотой талаар хохирогч, гэрч нараас тулгаж, хөтөлж мэдүүлэг авсан байх ба шүүх уг хууль зөрчиж авсан мэдүүлгүүдийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байна.

Яллагдагч нар гэмт хэрэг үйлдэгдэх үед хэн ямар хувцастай байсан, ямар онцлох шинжээр нь тухайн яллагдагч мөн эсэхийг таньж байгаа талаар таньж олуулах ажиллагаа хийсний дараа тухайн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт болох билээ. Уг зөрчлийг арилгуулахаар хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт хүсэлт, шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт, шүүх хуралдаан дээр нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй билээ.

...хохирогч Б. /2хх-75/, ...Т.Т /2хх-76/ нарын ...мэдүүлгүүдээр шүүгдэгч Т.Билэгсайхан нь өөрийн найз болох Ц.Оыг бусдад зодуулсан байхад нь өмөөрч хохирогч Б.Мөнх-Амгаланг нэг удаа алгадсан, хохирогч Т.Тг нэг удаа нүүр рүү нь мөргөсөн, нуруу руу нь өшиглөсөн харин эд зүйлийг нь аваагүй талаар хүлээн мэдүүлсээр байхад дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэн 3 жил хорих ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шудрага ёсны буюу “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг алдагдуулсан байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч нарын биенд гэмтэл учраагүй, эд зүйлд хохирол учраагүй атал яагаад Т.Бд ийм ял шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна.

Шүүх шийтгэх тогтоолд дүгнэхдээ өөрийн найз Ц.Оыг зодсон хүмүүстэй хамт байсан хүмүүс гэж андууран хохирогч нарыг барьж авч зодсон байх

ба энэ гэмт хэрэг санаа зорилгын хувьд танхайрах гэмт хэргийн шинжгүй, хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулах гэмт хэргийн шинжтэй хэдий ч хохирогч нарт гэмтэл тогтоогдоогүй тул хүний амь, бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна” гэсэн шүү дээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан байдаг.

Шүүгдэгч Т.Б нь эхнэр С.Б 1,6-6 насны 2 хүүхдийн хамт нийтийн түрээсийн байранд амьдардаг, зөвхөн Т.Билэгсайхан барилгын ажил хийж ар гэрээ тэжээн тэтгэдэг бөгөөд энэ талаарх нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Одоо гэр бүл нь тэжээн тэтгэх хүнгүй маш хүнд нөхцөлд амьдарч байгааг харгалзан үзэж өгнө үү.

Иймд шүүгдэгч Т.Бд холбогдох хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүх шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, тусдаа үйлдсэн хулгайлах гэмт хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Б, У.Ж нар дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй гэсэн гомдол гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгээр үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэгт үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Харин шүүгдэгч Ч.Чын цагдан хоригдсон 92 хоногийг орхигдуулсан байх тул түүний гомдлыг хүлээн авах үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах буюу Ч.Чын эдлэх ялд 92 хоногийг оруулан тооцох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч У.Ж, Ч.Ч,  шүүгдэгч Т.Бны өмгөөлөгч А.А нарын гаргасан гомдлыг үндэслэн Т.Б, Ц.О, Ч.Ч, У.Ж нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ч.Ч, Ц.О, Т.Б, У.Ж нар нь бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө согтуугаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Күйн баарны орчимд насанд хүрээгүй хохирогч Б.М, Т.Т нарын амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, эд зүйлсийг нь дээрэмдэж 385,000 төгрөгийн хохирол учруулсан,

У.Ж нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 64 дүгээр байрны 17 тоот орон байранд нэвтэрч Э.О эзэмшлийн эд зүйлийг хулгайлж 3,300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Ч.Ч нь ганцаараа 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Уурхайчны 4-8 тоотод байрлах И.Гын эзэмшлийн авто зогсоолд /гараш/ хууль бусаар нэвтэрч 1,175,000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Б, Ц.О, Ч.Ч, У.Ж нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Ч.Ч, Ц.О, У.Ж, Т.Б нарын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн шүүгдэгч Ч.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, У.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн шүүх шүүгдэгч Ч.Ч, Ц.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.Б, У.Ж нарт ял оногдуулахдаа тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гүйцэтгэсэн чиг үүрэг болон мөн гэмт хэрэг хамтран үйлдсэн бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялаас ялгамжтай байдлаар зүй зохистой харьцаагаар тогтоож чадаагүй байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг байна.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Мөн шүүгдэгч Ч.Ч нь энэ хэрэгт холбогдон шалгагдаж 2015 оны 07 дугаар сарын 08-наас 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 406 цагдан хоригдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх тус хугацааг зөв тооцож чадаагүй байх тул энэ талаарх зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй болно.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч У.Жсийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн хулгайн гэмт хэрэгт хууль зүйн дүгнэлт хийхдээ, гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд харин 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамласан нь Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаа болон хуулийг буцаан хэрэглэх эрүүгийн эрх зүйн ойлголтуудыг буруу ойлгож тайлбарласан, хооронд нь хольсон шинжтэй дүгнэлт болжээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд ял хөнгөрүүлсэн, цагдан хоригдсон хоногийг зөвтгөсөн, мөн хууль буцаан хэрэглэхтэй холбоотой дээрх өөрчлөлтүүдийг оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Ж, шүүгдэгч Т.Бны өмгөөлөгч А.Ариунаа нарын “...ял хөнгөрүүлэх”, Ч.Чын “...цагдан хоригдсон хоногийг зөв тооцох” талаар гаргасан гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 945 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101 дүгээр магадлалд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, У.Ж нарт тус бүр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чын урьд цагдан хоригдсон 406 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тоолсугай”, 

 “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Ж, Ч.Ч, шүүгдэгч Т.Бны өмгөөлөгч А.Ариунаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН