Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2016/1056

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Л.Нацагнямын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: Лхагважавын Нацагням, 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: 

1. Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгох

2. Л.Нацагням миний биеийг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 10 дугаар тойрог нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах

3. Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 10 дугаар тойрогт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох 

4. Хан-Уул дүүргийн 10 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг дүүргийн Сонгуулийн хороонд даалгах

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага:

Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Сонгуулийн дүнгээр 10 дугаар тойргоос сонгогдсон 21, 22 дугаарт бичигдсэн Ц.Чинзориг, Ч.Базарзаяа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан, Э.Ганхөлөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, гуравдагч этгээд Ц.Чинзоригийн өмгөөлөгч Л.Ганчимэг, гэрч Б.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Нацагням шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие Л.Нацагням нь Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн бөгөөд Дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар 22 дугаар бүртгэгдсэн. 

Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 18-ны шөнө “бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн” гэсэн үндэслэлээр надад мэдэгдэлгүйгээр нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хууль бусаар хасч, сонгуулийн санал авах байруудаар дамжуулан сонгогчдод энэхүү мэдээллээ тараажээ. Мэдсэн даруй тус хороонд хандсан боловч шүүхээр шийдвэрлүүлэх талаар хариу ирүүлжээ. 

Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны шөнийн 17 дугаар тогтоол нь нэр дэвшигч Л.Нацагнямыг нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй буюу Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан “...төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, үүргээ гүйцэтгээгүй байвал зохионо” гэснийг зөрчсөн гэжээ. 

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан “...төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, үүргээ гүйцэтгээгүй байвал зохионо” гэснээр нэр дэвшигч Л.Нацагням миний бие 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө нотариатаар батлуулан ажил олгогчдод өгч, нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш Иргэний Нисэхийн Ерөнхий газрын харьяа Чингис Хаан Олон Улсын Нисэх буудлын үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын ажил үүргээ гүйцэтгээгүй байна. 

Би 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ажил олгогчид өгснөөс хойш тухайн ажлын байранд очиж ажиллаагүй байхад Сонгуулийн хороо миний цагийн бүртгэлийг анхаарч үзээгүй, мөн Иргэний Нисэхийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Бямбасүрэнгийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор ирүүлээгүй гэсэн бичгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан нь үндэслэлгүй хэт нэг талыг барьсан байна. 

Иймд, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Л.Нацагням миний биеийг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 10 дугаар тойрог нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 10 дугаар тойрогт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох, Хан-Уул дүүргийн 10 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг дүүргийн Сонгуулийн хороонд даалгах, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Сонгуулийн дүнгээр 10 дугаар тойргоос сонгогдсон 21, 22 дугаарт бичигдсэн Ц.Чинзориг, Ч.Базарзаяа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёр төрлийн асуудал яриад байгаа юм. 1-рт Сонгуулийн хороо нь захиргааны байгууллага бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтад хамаардаг. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн байх зарчимтай. Мөн тус хуулийн 4.2.5 дахь хэсэгт зааснаар үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байхаар заасан байдаг. Үүнтэй холбоотой гол нэхэмжлэлийн шаардлага нь Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 17 дугаар тогтоол хууль бус болох талаар маргаж байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24 зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг судлах ёстой байсан. Тус хуулийн 24.4 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах үндэслэл бүрийг нарийвчлан судлах үүрэгтэй. Мөн дээрээс нь ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүргийг захиргааны байгууллага гүйцэтгээгүй. Тийм учраас тухайн шийдвэр нь үндэслэлгүй байсан талаар маргаж байгаа юм. Үндэслэлтэй байх боломжтой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 25.1 дэх хэсэгт нотлох баримтыг цуглуулах аргуудыг эрх болгож өгсөн 7 төрлийн хэмжээг олгосон байдаг боловч түүнийг хэрэгжүүлээгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн 17 дугаар тогтоол болон тус тогтоолын дагуу гарсан бусад шийдвэрүүдийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байгаа юм. 

Сонгуулийн тухай хуульд зааснаар хэрвээ сонгуульд нэр дэвшиж байгаа этгээд нь Иргэдийн төлөөлөгчийн хуралд сонгогдсоны дараа нэр дэвшигчээс хасах үндэслэл илэрвэл дараагийн этгээд сонгогдох зохицуулалт байдаг. 17 дугаар тогтоолыг гаргахаас өмнө Л.Нацагнямыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасахгүйгээр сонгуулиа явуулаад тус нэр дэвшигчийн асуудлыг дахиад судлах боломж байсан. Гэтэл үндэслэлгүй шийдвэр гаргасан тул маргаж байгаа юм. 

1-рт Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх хэсэгт зааснаар өргөдлөө өгсөн гэдгээ батлах үүрэгтэй гэж байна. Сонгуулийн хороонд байгууллагадаа өгсөн өргөдлийн хуулбарыг өгсөн байх ёстой юм. 2-рт тус хуулийн 157.3.6 дахь хэсэгт заасан буюу ажлаас халагдсан байхыг хүртэл Сонгуулийн хороо шаардах эрхтэй гээд байх юм. Энэ хүмүүс эрх мэдэлтэй байж болно гэхдээ эрх мэдлээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр энэ заалт нь бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүст хамааралтай юм. Тэгэхээр Сонгуулийн хороо бие дааж нэр дэвшиж байгаа этгээдээс шаарддаг зүйлийг намаас нэр дэвшиж байгаа этгээдээс шаардах эрхтэй гэж ойлгоод энд концевцийн асуудал яриад байна. Би үүнийг ойлгохгүй байгаа. Эцэст нь дүгнэхэд 17 дугаар тогтоол гарахаас өмнө эргэлзээтэй байсан. Бямбасүрэн өгөөгүй гээд байдаг. Л.Нацагням өгсөн гээд байдаг. 

... Эцсийн эцэст төрийн байгууллага хуулийн дагуу үүргээ биелүүлэх ёстой. Тэр үүрэг нь хуульд заасан үндэслэлийг хангасан, нарийн асуудлыг бүх талаас нь шинжлэн судалсан байх ёстой байтал тэгээгүй. Тэгээд Л.Нацагнямын эрх ашигт хохирол учруулаад, энэ хүртэл сунжирсан юм болчихоод байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна“ гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний маргаад байгаа маргаан бүхий акт нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоол байгаа юм. Тус тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх заалтыг зөрчсөн байна гэж үзээд нэрсийн жагсаалтаас хассан байдаг. 

Бидний гаргасан бусад нэхэмжлэлийн шаардлага нь 17 дугаар тогтоолоос үүдэлтэй байгаагийн дээр Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх заалт дээр дүгнэлтээ хэлж үүнд гол анхаарлаа хандуулж ярих ёстой байх гэж бодож байна.  Хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр энэ нь нотлогдож байгаа бөгөөд энэ хүрээнд мэтгэлцээн маань явагддаг. Тэгэхээр 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өгсөн өргөдлийн нотариатын батлуулсан хуулбар байж байна. Мөн энэ ажил албан тушаалаа гүйцэтгээгүй байвал зохих гэдгийг гэрчүүдийн мэдүүлгээр ажлаа хийж байгаагүй гэдэг нь нотлогдож байгаа юм. Өнөөдөр мөн Б.Золбоо гэдэг гэрч өргөдлийг гар дээрээ аваад цааш нь шийдвэрлүүлээгүй явуулсан гэдгийг мэдүүлсэн. 

Тэгэхээр өгсөн байна уу гэдэг нь өнөөдөр нотлогдоод байна. Мөн ажил хийгээгүй гэдэг нь нотлогдоод байна. Энэ нотолгоог тухайн үед Сонгуулийн хороо ашиглаж болох байсан ба энэ үүргээ биелүүлээгүйгээс болоод Л.Нацагням гэдэг хүний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Иймээс шүүх шийдвэрээ гараад, дахин сонгууль зарлаад энэ хүнд сонгох сонгогдох боломж нь байгаа юм.

Түрүүн хариуцагчийн өмгөөлөгч нотариатын хуулбарын талаар яриад байсан. Тэгэхээр нотариат үнэн зөвийг болон хуулбар үнэнг баталдаг. Тэгэхээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхдөө тэр хүн өөрөө хүсч байвал Сонгуулийн хороонд 1%-ийг өгнө, ажиллаж байсан байгууллагадаа 1%-ийг өгнө, мөн надад байх шаардлагатай гэж үзэл 2, 3 хувь авах боломжтой.

Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү “ гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх заалтыг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байгаа. Хэдийгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлсэн ч гэсэн аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалтад байдаггүй гэдгийг нотлоод Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолыг гаргаж өгсөн юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тухайн салбар хүрээний яамтай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэж байдаг. Гэрчүүдийн мэдүүлэг дээр ч гарч байсан. Г.Нямдаваа дарга болон Б.Бадрал дарга нар хэлж байсан. Хэдий бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ авсан байгаа ч гэсэн Иргэний Нисэхийн Ерөнхий Газар нь төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар мөн юм. Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудал ч гэсэн мөн л аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар юм. Тэгтэл сайдын тушаалаар бүтцэд нь байгаа юм. Байгууллага дотор байгууллага оршиж байгаа юм. Ийм эргэлзээтэй байгаа үед сэжигтэн яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэдэг шиг Л.Нацагнямд ашигтайгаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа юм. Тус Сонгуулийн хорооны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг харахад нэр дэвшигчийн талаар юу ч судлаагүй нягтлаагүй ба зөвхөн Иргэний Нисэхийн Ерөнхий Газартай харьцаж байсан. Гэтэл энэ хүн Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудал гээд өөр газар ажиллаж байгаа юм. Тэр нь Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харьяа, алба газар юм. Бие даасан аж ахуйн үйлдвэрийн тооцоотой газар гэхэд учир дутагдалтай байгаа юм.

Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх заалт нь 4 шаардлага нэгэн зэрэг хангаж байж хэрэглэгдэх заалт юм. Өргөдлөө 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өгсөн эсэх, ажилладаг байгууллага нь төрийн өмчит хуулийн этгээд мөн эсэх, бүртгүүлсэн өдрөөс хойш ажил алба үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж байдаг. 09 дүгээр сарын 05-нд нэр дэвшигчээр бүртгүүллээ гэхэд ажил олгогч тэр хүнийг чөлөөлж ч болно, чөлөөлөхгүй байж ч болно. Заавал чөлөөлнө гэсэн юм байхгүй. Өөрөөр хэлбэл ажил олгогчид үүрэг болгоогүй юм. Тэр хүн нэр дэвшихдээ ажил үүргээ гүйцэтгээгүй байх ёстой ойлголт болохоос биш 05 болон 07 дугаар саруудад өргөдөл гомдлоо гаргаад явах бүх эрх нь нээлттэй байсан.

... Өөрөөр хэлбэл бүх нөхцөлийг 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг харахад судалсан зүйл байхгүй зөвхөн Иргэний Нисэхийн Ерөнхий Газартай харьцаад өрсөлдөгч нэр дэвшигчийн гаргасан гомдлын дагуу нэрийн жагсаалтаас хасна гэдэг бол Л.Нацагнямын үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирсэн бичгийг учир дутагдалтай гэж үзэж байгаа юм. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Бидний маргаад байгаа маргаан бүхий акт нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоол байгаа юм. Тус тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх заалтыг зөрчсөн байна гэж үзээд нэрсийн жагсаалтаас хассан байдаг. 

...  Хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр энэ нь нотлогдож байгаа бөгөөд энэ хүрээнд мэтгэлцээн маань явагддаг. Тэгэхээр 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өгсөн өргөдлийн нотариатын батлуулсан хуулбар байж байна. Мөн энэ ажил албан тушаалаа гүйцэтгээгүй байвал зохих гэдгийг гэрчүүдийн мэдүүлгээр ажлаа хийж байгаагүй гэдэг нь нотлогдож байгаа юм. Өнөөдөр мөн Б.Золбоо гэдэг гэрч өргөдлийг гар дээрээ аваад цааш нь шийдвэрлүүлээгүй явуулсан гэдгийг мэдүүлсэн. 

Тэгэхээр өгсөн байна уу гэдэг нь өнөөдөр нотлогдоод байна. Мөн ажил хийгээгүй гэдэг нь нотлогдоод байна. Энэ нотолгоог тухайн үед Сонгуулийн хороо ашиглаж болох байсан ба энэ үүргээ биелүүлээгүйгээс болоод Л.Нацагням гэдэг хүний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Иймээс шүүх шийдвэрээ гараад, дахин сонгууль зарлаад энэ хүнд сонгох сонгогдох боломж нь байгаа юм.

... Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү“ гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Л.Нацагнямаас Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Л.Нацагнямыг Хан-Уул дүүргийн сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах, Сонгуулийн 10 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг дүүргийн Сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 

Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид Монгол Ардын намаас нэр дэвшсэн Ч.Базарзаяагаас Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Нацагнямыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасуулах тухай өргөдлийг сонгуулийн хороонд ирүүлсэн. 

Нэр дэвшигч Л.Нацагнямд өөрт  нь холбогдолтой өргөдөл гомдол ирсэн талаар сонгуулийн хорооны гишүүн Сувдсүрэн удаа дараа мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тайлбар гаргасан байдаг. 

Сонгуулийн хорооноос Ардчилсан намаас Л.Нацагнямыг нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ирүүлсэн материалыг дахин шалгахад Иргэний Нисэхийн Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэнгийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/3442 дугаар албан бичгээр дугаар албан бичиг, Иргэний Нисэхийн Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэнгээс лавлахад нэр дэвшигч Л.Нацагнямыг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ тухайн байгууллагад ирүүлээгүй болох нь тогтоогдсон. 

Иймээс Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан шаардлага хангаагүй хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн байна гэж 17 дугаар тогтоолыг гаргасан.

Иймээс Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооноос гарсан шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнөөс сонгогдох эрх хөндөгдсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нотариат хөндлөнгийн үйл ажиллагааг гэрчилдэг. Гэтэл өөрийнхөө дэвтрийг хуулбар үнэн гээд ирүүлсэн байдаг. Тэгэхээр гэрч буюу 3дагч этгээд байх нотлох баримтын чадвараа алдсан нотлох баримт шүүхэд ирсэн байна. Тэгэхээр нотариатын танхимаас гаргаж өгөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна гэж үзэж байгаа юм.

 Гэрч мэдүүлэг өгөхдөө “би 2, 3 хүний ажлын хавсран гүйцэтгэж байсан учраас бүртгээгүй мартсан байна” гэдэг мэдүүлэг өгсөн. Тэгэхээр 03 дугаар сарын 30-ны өдөр өргөдөл өгсөн гэдэг тухайн цаг хугацаанд гэрч ажил албан тушаал хавсарч байсан буюу өөр албан тушаал өндөр ачаалалтай байсан гэдгийг нотолсон тэр баримт байхгүй байна. Тиймээс гэрчийн мэдүүлэг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх хууль зүйн боломж байхгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2 дахь заалтад тусгасан байдаг. Тэгэхээр тухайн хүний амаар, гэрчийн мэдүүлгээр энэ чиг үүргийг тодорхойлох боломжтой юу? Түрүүн гарын үсгийг шинжлэн судлуулахад энэ хэний гарын үсэг вэ? гэрчийн гарын үсгийг тулгая гэхэд бичиг хэрэг дээр байгаа гарын үсэг нь өөр хүний гарын үсэг байдаг. Төрийн алба хэрэг хөтлөлтийн зааврын 5.2.1 дэх заалтад тухайн ажилтан хүлээн авсан байна гэдэг бөгөөд тус зааврын 10 дугаар хавсралтад заасан шаардлага хангахгүй бүртгэлийн дэвтэр байна. Өөрөөр хэлбэл өргөдлийг хэн гэдэг ажилтан авсан талаар ямар нэгэн бүртгэл байхгүй байгаа бөгөөд өргөдлийг Б.Золбоо гэдэг хүн авах ёстой гэдгийг нотолсон зүйл байхгүй байна. 

03 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн хүн 05 дугаар сарын 12, 07 дугаар сарын 28, 07 дугаар сарын 20, 07 дугаар сарын 27, 08 дугаар сарын 19-нд ажил албан тушаалаа гүйцэтгэхийг шаардсан бичгүүд явуулсан байдаг. Эсхүл чөлөө авах тухай, эсхүл амралтын мөнгө авах тухай байдаг. Тэгэхээр энэ үйл баримтууд юуг  илэрхийлж байна вэ гэвэл Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх хэсэгт заасан өргөдлийг өгсөн гэдэг гэрч Б.Золбоог санаатай худлаа ярьсан гэж  үзэж байна. 03 дугаар сарын 30-ний өргөдлийг маш сайн санаж байгаа юм байна. Мөн чөлөө авах өргөдлийг санаж байгаа атлаа тодорхой шийдвэр гаргаагүй байдаг. 

Сонгуулийн тухай хууль Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэдгийг шүүхэд хэлсэн. Тэгэхээр Сонгуулийн  тухай хуулийн  157.2.7 дахь заалтаар намаас нэр дэвшиж байгаа бол чөлөөлөгдөх хүсэлтээ хавсаргасан байхыг шаардаж байгаа юм. Мөн тус хуулийн 157.3.6 дахь заалтаар иргэн хүн бие дааж нэр дэвшиж байгаа тохиолдолд ажлаас халагдсан тушаалыг хуулиар шаардаж байгаа юм. Бидний өнөөдөр маргалдаад байгаа Л.Нацагням гэж хэн бэ гэхээр нийтийн албан тушаалтан юм. Нийтийн албан тушаалтан иргэнээс давуу эрх эдлэх ёсгүй. Өөрөөр хэлбэл намын харьяалалтай байдаг гэдэг утгаараа юм. Тэгэхээр “Сонгуулийн тухай хуулийн 157.2.7 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж төрийн албан хаагчид Монгол Улсын иргэнээс давуу эрх олгосон байна” гэсэн маргаан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Одбаяр дээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.  Тэгэхээр шүүх өнөөдөр ямар нөхцөл байдалд орж байна вэ гэхээр Сонгуулийн тухай хуулийн 157.2.7 дахь заалт болон 157.2.3 дахь заалт нь илт намын харьяалалтай иргэн болон бие ердийн иргэнд 2 өөр туйлын шаардлага тавьсан буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Монгол Улсын иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Намын харьяаллаараа давуу байдлыг олж авсан гэдэгт Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учир дээрх нотлох баримтуудыг гаргуулах хүртэл, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү. Мөн Шүүхийн тухай хуульд шүүхийн хэрэглэж байгаа хууль нь Үндсэн хууль зөрчсөн тухай асуудал байвал шүүгч тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг татгалзаж Улсын дээд шүүхэд “энэ хуулийн энэ заалтууд маргаантай байгаа бөгөөд Үндсэн хууль зөрчиж байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргах эрхтэй юм “гэв. 

Гуравдагч этгээд Ч.Базарзаяа, Ц.Чинзоригт нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Ч.Базарзаяа миний бие Нийслэлийн Хан-Уул дүүргийн сонгуулийн 10-р тойрогт МАН-аас нэр дэвшиж Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн дагуу Хан-Уул дүүргийн МАН-ын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 7-р тогтоолоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10-р тойрогт 1 мандатын төлөө нэр дэвшигчээр тус дүүргийн сонгуулийн хороонд бүртгэгдсэн бөгөөд нэр дэвшигчийн түр үнэмлэхээ 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гардсан авсан болно. 

2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд Сонгуулийн хуулийн дагуу сурталчилгааг хууль ёсны дагуу явуулж дуусгасан. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орон нутгийн сонгууль 07-22 цагийн хооронд явагдаж Сонгуулийн дүнгээр Ч.Базарзаяа миний бие 1455, Ц.Чинзориг миний бие 1823 сонгогчийн санал авч МАН-аас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар тойрогт Хан-Уул дүүргийн 10-р тойрогт хорооны иргэдийн төлөөлөл болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажиллахаар болж түр үнэмлэхээ гардан авсан. 

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар миний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болсон.

Иймд орон нутгийн сонгуулийг дахин явуулах үндэслэл үүсээгүй, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо өөрт олгогдсон эрх хэмжээний дагуу нэр дэвшигч нарыг бүртгэж, Сонгуулийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж, сонгогч олон түмэн сонголтоо хийсэн гэж үзэж байгаа болно” гэжээ. 

Гуравдагч этгээд Ц.Чинзоригтын өмгөөлөгч Л.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэр дэвшигч нь намаас нэр дэвшиж байгаа тохиолдолд сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тухайн ажиллаж байгаа байгууллагадаа өргөдлөө өгсөн байх тухай яригдаад байгаа юм. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажиллах нь өөрийн эрх мэдлийн асуудал мэтээр ярьж байгаа юм. Гэтэл энэ нь нөгөө талаасаа хөдөлмөрийн харилцааны асуудал юм. Тиймээс энэ асуудлыг Сонгуулийн тухай хуулийн зохицуулалттай хутгаж ойлгож болохгүй юм. Хэрэв өргөдлөө өгсөн байсан бол тушаал нь 1 сарын дотор гарах ёстой бөгөөд өөрөөр хэлбэл 04 дүгээр сарын 30-ны дотор тушаал гарсан байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтад энэ хүнийг ажлаа таслаад ирээгүй тухай байдаг. Тэгэхээр энэ хүний өргөдөл очсон эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн хуулийн этгээдтэй холбоотой асуудал нь төрийн өмчийн хөрөнгө оруулалттай, санхүүгийн тайлангийн асуудал нь хэн нэгэн хувийн компанид ордоггүй зарчмын агуулгатай юм. Түүнээс төрийн байгууллага салбар мэтээр яриад байгааг нь үндэслэлгүй гэж бодож байна“ гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.Нацагням нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд тус шүүхэд “Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Л.Нацагням миний биеийг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 10 дугаар тойрог нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 10 дугаар тойрогт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох, Хан-Уул дүүргийн 10 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг дүүргийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Сонгуулийн дүнгээр 10 дугаар тойргоос сонгогдсон 21, 22 дугаарт бичигдсэн Ц.Чинзориг, Ч.Базарзаяа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  гэж нэмэгдүүлсэн байх тул шүүх нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно. 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “Сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, сонгуулийн сурталчилгаа хийж байх үед сонгууль болохоос хэдхэн цагийн өмнө маргаан бүхий актын гаргасан нь нэхэмжлэгч Л.Нацагнямын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон “сонгогдох эрх”-ийг зөрчсөн бөгөөд, 

- “Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудал” нь төриин өмчит хуулийн этгээд биш бөгөөд, Л.Нацагням нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх шаардлагагүй байсан,

- Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д зүйлд заасан зарчмыг баримтлаагүй, нөхцөл байдлыг шалган тогтоох талаар мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 -т хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан арга хэрэгслүүдийг ашиглаагүй маргаан бүхий актыг гаргасан нь хууль бус гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “Л.Нацагням нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэнээс хойш албан үүргээ гүйцэтгэсэн эсэх”-д маргахгүй байх ба харин, 

- Л.Нацагням нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан хэрэг хөтлөлтийн зааврын дагуу байгууллагынхаа бичиг хэрэг бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, 

- Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тайлбар гаргуулан авсан, энэ зүйлд заасан 7 төрлөөр нотлох үүрэг нь шаардлагатайг нь хэрэгжүүлэх болохоос биш бүгдийг нь хэрэгжүүлэх үүрэгтэй гэсэн үг биш,

- Л.Нацагнямыг өргөдлөө өгөөгүй тухайд Иргэний нисэхийн ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 12-ны 01/3442 тоот өргөдөл бүртгэгдээгүй тухай эрх бүхий байгууллагаас албан бичгээр мэдэгдсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулах явуулж дахин нотлох шаардлага байхгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх ажиллагааг хийж, тул маргаан бүхий акт нь хуульд нийцсэн гэж тус тус маргажээ. 

9013001009 тоот  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ  болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 06-ны 1/742 тоот албан бичгийн  дагуу  “Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудал”  нь төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байх бөгөөд нэхэмжлэгч Л.Нацагням нь энэ байгууллагын үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлын албан тушаал эрхэлж байсан байх тул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол “ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, албан үүргээ гүйцэтгээгүй” байхыг шаардлагатай байна.

Хуулийн дээрх шаардлагын дагуу Л.Нацагням нь “ажлаас чөлөөлөгдөх хүсэлт”-ээ нотариатаар батлуулж дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлжээ. 

Л.Нацагнямыг Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолоор  тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэсэн байна. 

Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолоор нэр дэвшигч Л.Нацагнямыг “бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн гэж үзэж нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасч” шийдвэрлэсэн байна. 

Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоол нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “хууль дээдлэх”, 5.1.5-д “маргааныг ... үндэслэлтэй шийдвэрлэх”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “хууль дээдлэх”, 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчмуудад нийцээгүй бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч Л.Нацагнямд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Монгол улсын иргэний “үндсэн эрх” болох “сонгогдох”  эрх нь зөрчигджээ.

Тодруулбал, “хууль дээдлэх” зарчим нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулах байдлаар, харин “хуульд үндэслэх” зарчим нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргахдаа хуулийг ямар нэг байдлаар зөрчихгүй байх явдлаар хэрэгжих атал хариуцагч Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо нь “нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах” эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ бодит нөхцөл байдлыг хангалттай тогтоогоогүй байх тул маргаан бүхий акт нь хуульд үндэслээгүй гэж үзэхээр байна. Үүнд: 

1. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “... төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан нь “ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх”, “нэр дэвшигчээр бүртгэгдсэнээс хойш албан үүргээ гүйцэтгээгүй байх” үүргийг нэхэмжлэгчид ногдуулсан агуулгатай.

Гэтэл хариуцагч байгууллагаас хуулийн дээрх “... хүсэлтээ өгсөн байх” гэсэн шаардлагыг нэхэмжлэгч Л.Нацагнямд тавихдаа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхдөө “тухайн байгууллагын бичиг хэргийн бүртгэлд заавал бүртгүүлсэн байх” шаардлагатай гэж өргөдөл, гомдол гаргагчид ногдуулаагүй үүргийг биелүүлээгүй гэж үзэж маргаан бүхий 17 дугаар тогтоолыг гаргасан нь буруу болжээ. Учир нь: 

а/ “Ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх” тухайд бодит үйлдэл хийгдсэн, хүсэл зоригоо илэрхийлсэн байх шаардлагатай тухайд хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй хэдий ч Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана...” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь “ажлаас чөлөөлөгдөх хүсэлт”-ээ амаар мөн бичгээр гаргах боломжтой байх бөгөөд нэхэмжлэгч Л.Нацагням нь ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо эрх бүхий албан тушаалтанд илэрхийлсэн тохиолдолд “...ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт”-ээ өгсөн гэж үзнэ. 

Өөрөөр хэлбэл, “Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудал”-ын үйлдвэрлэл хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Л.Нацагням нь ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ 2016 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс өмнө Иргэний нисэхийн ерөнхий газар/цаашид ИНЕГ гэх/-ын дарга Г.Нямдаваад илэрхийлсэн болох нь гэрч Г.Нямдаваагийн “...30-ны өдөр байсан эсэхийг санахгүй байна. Улсын Их Хурлын сонгуульд ажиллана. Дараа нь орон нутгийн сонгуульд нэр дэвшинэ гээд ажлаас чөлөөлөгдөх тухай надтай уулзаж ярилцаж байсан...өгч байсан санагдаж байна”   гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн гэрч Б.Золбоогийн “...Бичгээр өгсөн. Харин бүртгэлд бүртгэсэн үгүйг сайн санахгүй байна. Яагаад гэвэл хавар болсон үйл явц ...Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бүртгэж аваад Г.Нямдаваа даргад цохолт хийлгээд цааш нь холбогдох этгээд рүү нь шилжүүлдэг ... Л.Нацагням дарга руу орж уулзчихаад, гарч ирээд өргөдлөө өгсөн

...Ажлын ачааллаас шалтгаалаад өргөдлийг цаг тухайд нь шийдэж чадахгүй асуудал байдаг. Энэ нь ажлын хариуцлагатай холбоотой асуудал байх”  гэж мэдүүлснээс үзвэл Л.Нацагнямыг “ажлаас чөлөөлөгдөх хүсэлт”-ээ гаргаагүй гэж үзэх боломжгүй. 

б/ Л.Нацагнямын гаргасан хүсэлт нь ИНЕГ-ын өргөдөл, гомдлын дэвтэрт бүртгэгдээгүй байгаа нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамаарахаар байна. Тодруулбал, 

- Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ” гэж,

- Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/724 дүгээр тушаалаар батлагдсан “Иргэний нисэхийн ерөнхий газарт хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх журам” -ын “Хоёр” зүйлийн 2.1-д “... өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн иргэдээс ИНЕГ, болон албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авахтай холбоотой дараах үүргийг хүлээнэ:”, 2.1.2-т “Бичгээр гаргасан өргөдөл, гомдлыг албан хэрэг хөтлөх үндсэн зааврын дагуу нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан байна.

Иймд Л.Нацагнямын хүсэлтийг өргөдлийн бүртгэлийн дэвтэрт бүртгэх үүрэг нь тус газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/959 дугаар тушаалаар томилогдсон “ИНЕГ-ын даргын туслах бөгөөд, өргөдөл, гомдол хариуцсан ” ажилтанд байх тул нэхэмжлэгч Л.Нацагнямыг “хуулиар хүлээлгээгүй үүрэг”-ийг хэрэгжүүлээгүйд буруутгах үндэслэлгүй юм.

2. Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо нь захиргааны байгууллага болохынхоо хувьд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох”, 24.2-т заасан “...шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах...” үүргээ биелүүлээгүйгээс маргааныг үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүй байна. Тодруулбал,

- Гуравдагч этгээд Ч.Базарзаяагаас ирүүлсэн “...Л.Нацагням нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй ... нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах” тухай өргөдөл  гаргаж ИНЕГ-ын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/3442 тоот албан бичгийг хавсаргаж хүргүүлсэн,

- Л.Нацагнямаас 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн сонгуулийн хороонд  хандаж “2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, тус өдрөөс хойш ажилдаа очоогүй” гэсэн тайлбар  гаргасан, 

- ИНЕГ-ын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/3442 тоот албан бичиг нь “Хан-Уул дүүргийн Монгол ардын намын хорооны даргад” хаяглагдсан зэргээс үзвэл хариуцагч нь Ч.Базарзаяагийн гаргасан өргөдлийг шалгахтай холбоотойгоор зөвхөн Л.Нацагнямаас бичгээр тайлбар авснаас өөр ажиллагаа хийгээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157 дэх заалтад нотариатаар батлуулсан хүсэлтийн хуулбар өгөх ёстой байсан. Хавтаст хэрэгт авагдсанаар тухайн үед нотариатаар батлуулсан хуулбараа өгсөн. Бид үзэхдээ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авсан байгууллагын бүртгэж авсан тухай баримттай хамт өгөх үүрэг байхгүй гэж үзэж байгаа юм. 03 дугаар сарын 30-нд өргөдлөө нотариатаар батлуулсан хуулбарыг өгсөн. Өөрөөр хэлбэл Бямбасүрэн гуайн тодорхойлолтоор өгөөгүй гэдэг. Гэтэл нөгөө талаас нэхэмжлэгч өргөдлөө өгсөн байдаг. Тэгэхээр энэ 2 хоорондоо зөрөөд байгаа юм. Энэхүү эргэлзээтэй байдлыг тухайн үед шалган тогтоох үүрэг захиргааны байгууллагад байсан” гэсэн тайлбарыг үгүйсгэх боломжгүй.  

Дээрхээс үзвэл, хариуцагч нь маргаан бүхий 17 дугаар тогтоолыг гаргахдаа агуулгын хувьд зөрүүтэй баримтуудыг үндэслэж “нэр дэвшигч Л.Нацагням нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй” гэсэн үйл баримт нь хангалттай нотлогдохгүй байхад маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлтэй шийдвэр болж чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ. 

Мөн Л.Нацагнямаас маргаан бүхий 17 дугаар тогтоолыг мэдмэгц тус сонгуулийн хороонд хандаж “...17 дугаар тогтоолыг хүчингүй болгох” өргөдөл  гаргасан байх бөгөөд хариуцагчаас уг өргөдлийг шийдвэрлэж хариу өгөөгүй байна. 

Иймд Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Л.Нацагням миний биеийг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 10 дугаар тойрог нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Сонгуулийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Сонгогчдын саналыг ... 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд авах”, 161 дүгээр зүйлийн 161.1-д “Хамгийн олон санал авсан тухайн тойрогт ногдох мандатын тооны нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох”-оор заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж сонгуулийн дүнг хэлэлцжээ .  

Улмаар Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтын  21-т “Ц.Чинзоригт саналын тоо-1823”, 22-т “Ч.Базарзаяа саналын тоо 1455” гэж сонгуулийн дүнг гаргажээ.

Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө нэхэмжлэгчийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан байх тул сонгуулийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигчээр Л.Нацагнямын нэр санал авах хуудсанд бичигдсэн, зохих тооны сонгогч саналаа өгсөн байх хэдий ч Л.Нацагнямыг санал хураалтад оролцсон гэж үзэхгүй.

Мөн Л.Нацагнямыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 10 дугаар тойргийн санал хураалтын дүнг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна. 

Иймд Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно”, 163 дугаар зүйлийн 163.1-д “Дараах тохиолдолд дахин сонгууль явагдана:”, 163.1.1-д “сонгуулийн дүн гарсан шийдвэр хүчингүй болсон” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Нацагнямын “Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 10 дугаар тойрогт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох, Хан-Уул дүүргийн 10 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг дүүргийн Сонгуулийн хороонд даалгах, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Сонгуулийн дүнгээр 10 дугаар тойргоос сонгогдсон 21, 22 дугаарт бичигдсэн Ц.Чинзориг, Ч.Базарзаяа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс “Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.3.6-д нэр дэвшигчдийг намаас эсхүл бие даан нэр дэвшиж байгаа гэсэн шалтгаанаар ялгаварлаж ялгаатай зохицуулалт оруулсан байгаа шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын Дээд шүүхэд санал гаргах нөхцөлийг бүрдүүлж байна” гэж тайлбарлаж байх боловч Сонгуулийн хуулийн холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй. 

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус үндэслэх ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 87 дугаар зүйлийн 87.1, 154 дүгээр зүйлийн 154.4, 161 дүгээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1, 163.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 24 дүгээр зүйлийн 54.1, 24.2, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Нацагнямын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоол, мөн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 тоот тогтоолын хавсралтын 21, 22 дугаарт бичигдсэн Ц.Чинзориг, Ч.Базарзаяа нарт холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 10 дугаар тойргийн санал хураалтын дүнг тус тус хүчингүй болгож, Л.Нацагнямыг Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж тус тойрогт дахин сонгууль явуулахыг дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Ц.МӨНХЗУЛ