Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0051

 

   Л.Нацагнямын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан, Э.Ганхөлөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, гуравдагч этгээд Ц.Чинзориг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1056 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд Ц.Чинзоригт, Ч.Базарзаяа нарын гаргасан давж заалдах гомдлоор, Л.Нацагнямын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1056 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 87 дугаар зүйлийн 87.1, 154 дүгээр зүйлийн 154.4, 161 дүгээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1, 163.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 24 дүгээр зүйлийн 54.1, 24.2, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Нацагнямын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоол, мөн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 тоот тогтоолын хавсралтын 21, 22 дугаарт бичигдсэн Ц.Чинзориг, Ч.Базарзаяа нарт холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 10 дугаар тойргийн санал хураалтын дүнг тус тус хүчингүй болгож, Л.Нацагнямыг Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж тус тойрогт дахин сонгууль явуулахыг дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Шүүх иргэн Л.Нацагнямын нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг анхаарч үзээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтыг үнэлсэн байна. Гэрч Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан н.Нямдаваа нь өдрийг сайн санахгүй байна, Улсын Их хурлын сонгуульд ажиллах тухай надад ярьж байсан “сонгуульд оролцох тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй” гэж мэдүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч тал н.Туяа гэх хүнд өргөдлөө өгсөн тул Туяаг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Шүүхээс гэтэл н.Золбоо гэх хүнийг гэрчээр асуух шийдвэр гаргасан. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “....хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан бөгөөд энэ нь ерөнхий шаардлага болно. Харин мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7-д “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар” гэсэн тусгай шаардлага тавьсан. Сонгуулийн хороо нь нэхэмжлэгч Л.Нацагнямыг дуудан өгсөн болохоо нотлохыг хүссэн бөгөөд нэхэмжлэгч өөрийн тайлбарыг гаргаж өгсөн. Энэ үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан 25 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулсан өөрөөр хэлбэл өөртэй нь уулзаж тайлбар авч буй үйлдэл нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” үйл ажиллагаа бөгөөд энэ зүйлд заасан бүх үйл ажиллагааг явуулах боломж байхгүй юм. Сонгууль тодорхой хугацаанд явагдах учир ирсэн өргөдөл гомдлыг гурав хоногт шийдвэрлэх ёстой билээ. Мөн Сонгуулийн тухай хуулиар хүсэлтийн хуулбарыг ирүүлэхийг шаардсан байхад нэхэмжлэгчээс ирүүлсэн гэх 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн өргөдөлд “гарын үсгийн гэрчилсэн” баримт байгаа юм. Энэ нотариатын тэмдгээс үзвэл мөн ийм өргөдөл өгөөгүй гэх үндэслэл үүсэх бөгөөд хариуцагч талаас нотариатын баримтыг Нотариатын танхимаас гаргуулах шаардлагатай байна. Энэ өргөдөл гэх баримтыг гэрчилсэн этгээд өөрийн бүртгэлийн дэвтрийг хуулбар үнэн гэж ирүүлсэн байгаа нь өөр өөрийгөө гэрчлэх гэдэг нь хөндлөнгийн этгээд тухайн зүйлийг нотлох батлах тухай ойлголт бөгөөд өөрийгөө гэрчлэх гэсэн хууль зүйн ойлголт байхгүй болохыг шүүх анхаарсангүй. Мөн нэг нэр дэвшигчийн нэхэмжлэлээр 2 хүний нэр дэвшин сонгогдсон шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм. Нэг хүний эрхийг хангахын тулд хоёр сонгогдсон иргэдийг хурлын гишүүний сонгуулийн дүнг хүчингүй болгож энгийн сэтгэлгээний алдаа гарган шийдвэрлэх шүүх байж болохгүй юм. Мөн тухайн хэрэг маргааныг шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад зурагтаар Хан-Уул дүүргийн Ардчилсан намын нэр дэвшүүлэх хурлын бүтэн бичлэг гарсан юм байна. Гэтэл энэ Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хурлаас нэхэмжлэгч Л.Нацагням нь нэр дэвшээгүй болох нь тодорхой болсон бөгөөд намаасаа нэр дэвшиж чадаагүй хүн сонгуульд оролцож чадахгүй болох нь ойлгомжтой юм. Гэвч энэ баримтыг шүүх цуглуулах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Шүүхээр сонгуулийн дүнг өөрчлөх ёсгүй бөгөөд төрийн албан хэрэг хөтлөлтийн дагуу ямар ч баримтад “өргөдлөө өгсөн-болох нь нотлогдохгүй байгаа тул Сонгуулийн тойргийн хороо хасах шийдвэр гаргаж буйг буруутгах боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Базарзаяа шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” гэсэн заалтын дагуу нотлох баримтыг бүрдүүлэх ёстой атал нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, мөн нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтыг үнэлсэн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Чинзоригт шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул нь хэргийг шийдвэрлэхдээ гэрчийн мэдүүлгийн дагуу шийдвэрлэсэн. Гэтэл Л.Нацагням нь 2016 оны 7 дугаар сарын 19, 28-ны өдөр чөлөө олгохыг хүссэн өргөдөл, амралтын мөнгө олгож өгөхийг хүссэн өргөдлийг Иргэний нисэхийн ерөнхий газрын болон Чингис хаан олон улсын нисэх буудлын захиргаанд өгч байсан байдаг. Энэ нь уг хүний ажлаасаа гараагүйг бүрэн илтгэсэн өөрийх нь гарын үсэгтэй өргөдөл хавтаст хэрэгт авагдсан байдаг. Үүнээс улбаалан 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа халагдсан гэх өргөдлийг тухайн өдөр баталж өгсөн нотариатын журнал бичиг баримтанд үзлэг хийлгэж үнэн мөнийг тогтоох нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг зүй бус шийдвэр гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Нацагням нь “Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Л.Нацагнямыг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 10 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 10 дугаар тойрогт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох, Хан-Уул дүүргийн 10 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг дүүргийн Сонгуулийн хороонд даалгах, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтын 21, 22 дугаарт бичигдсэн Ц.Чинзоригт, Ч.Базарзаяа нарт холбгдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өгсөн, нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй байхад нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан, Захиргааны ерөнхий хуульд зааснаар нөхцөл байдлыг шалган тогтоох үүргээ биелүүлээгүй нь хууль бус” гэж тайлбарласан.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасны дагуу сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө эрх бүхий албан тушаалтанд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй болохыг тухайн байгууллагаас албан бичгээр мэдэгдсэн тул Захиргааны ерөнхий хуульд заасан нотлох ажиллагааг дахин хийх шаардлагагүй, өөрт нь тайлбар гаргаж нотлох боломжийг олгосон тул сонгуулийн хорооноос гаргасан шийдвэр хуульд нийцсэн” гэж маргасан.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “.Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино.”, 157 дугаар зүйлийн 157.2-т “Нэр дэвшүүлсэн нам… дараах баримт бичгийг… тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ”, 157.2.7-д “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар” гэж тус тус заажээ.

Дээрх хуульд заасан шаардлагыг хангаж нэхэмжлэгч Л.Нацагнямын ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбарыг хүргүүлсэнээр Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 02 дугаар тогтоолоор Л.Нацагнямыг нэр дэвшигчээр бүртгэсэн байна.

Гэтэл Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо нь тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч Ч.Базарзаяагийн гаргасан гомдол болон Хан-Уул дүүргийн Монгол ардын намын хорооны дарга Ж.Алдаржавхланд хүргүүлсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэнгийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/3442 дугаар албан бичгийг үндэслэн сонгуулийн санал авах өдрийн урд өдөр болох 2016 оны 10 дугаар сарын 18-ны оройн 19 цаг 25 минутад хуралдаж Л.Нацагнямыг ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ байгууллагадаа гаргаагүй гэх үндэслэлээр нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “хууль дээдлэх”, 5.1.5-д заасан “маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх” зарчмуудыг зөрчсөн байх ба энэ талаар шүүх зөв дүгнэлт хийжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэрч Г.Нямдаваа “сонгуульд нэр дэвшинэ гээд ажлаас чөлөөлөгдөх тухай надтай уулзаж ярилцаж байсан, бичгээр өргөдлөө өгч байсан санагдаж байна, сайн санахгүй байна”, гэрч Б.Золбоо “өгснийг нь санаж байна, бичгээр өгсөн, харин бүртгэлд бүртгэсэн үгүйг сайн санахгүй байна, миний төрсөн өдөр 4 дүгээр сарын 01-нд байдаг тэрнээс өмнө өгч байсныг санаж байна” гэж тус тус мэдүүлснээр Л.Нацагням ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ байгууллагадаа өгсөн үйл баримт нотлогдсон байх ба тухайн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотойгоор өргөдөл гомдлын дэвтэрт бүртгэгдээгүй нь нэхэмжлэгчийг буруутгах, Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасан “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэж үзэх үндэслэл болж чадахгүй, хариуцагч нь хуулийн зүйл заалтыг буруу хэрэгжүүлж Л.Нацагнямыг сонгуульд оролцуулаагүй нь түүний Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг зөрчсөн гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Сонгуулийн тухай хуулийн 157.2.7-д заасан “...ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар” гэснийг нэр дэвшигч тухайн байгууллагадаа хүсэлтээ өгснийг нотолж байгууллагын дардас, тэмдэг дарагдсан баримтын хуулбар гэж өмгөөлөгчийн тайлбарласнаар ойлгохгүй, харин тухайн этгээд өөрөө хүсэлтээ гаргасныг гэрчилж нотариатаар батлуулсан хуулбарыг шаардсан зохицуулалт гэж ойлгох бөгөөд хэрэгт Л.Нацагнямын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн нотариатчийн баталгаа дарагдсан хүсэлт авагдсан байх тул хариуцагчаас гаргасан “хүсэлтийн хуулбар шаардсан байхад 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн өргөдөлд гарын үсгийг гэрчилсэн, энэ нотариатын тэмдгээс үзвэл ийм өргөдөл өгөөгүй гэх үндэслэл үүсэх бөгөөд нотариатын баримтыг Нотариатын танхимаас гаргуулах шаардлагатай, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэх гомдлыг хангах боломжгүй.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “…нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэсэн нь Л.Нацагням нэр дэвшигчээр бүртгэсэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй байх зохицуулалт бөгөөд хэрэгт авагдсан Л.Нацагнямын 2016 оны 7 дугаар сард чөлөө олгохыг хүссэн, амралтын мөнгө олгохыг хүссэн өргөдлүүд нь дээрх бүртгүүлсэн хугацаанаас хойш ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх баримт болж чадахгүй тул энэ талаар гаргасан гуравдагч этгээд Ц.Чинзоригтын гомдол үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Л.Нацагням нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс ажил үүргээ гүйцэтгээгүй нь нотлогджээ.

Захиргааны хэргийн шүүх захиргааны буруутай үйл ажиллагаанаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй бөгөөд Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоол Л.Нацагнямын сонгуульд оролцох, сонгогдох эрхийг зөрчсөн хууль бус учир “Л.Нацагнямыг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 10 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 10 дугаар тойрогт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцож тус тойрогт дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгах, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтын 21, 22 дугаарт бичигдсэн Ц.Чинзориг, Ч.Базарзаяа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1.1-д заасантай нийцсэн байна.

Харин сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг Сонгуулийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан тул Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журмын тухай хуулийг тайлбарлаж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ амаар гаргах боломжтой, ийнхүү хүсэл зоригоо илэрхийлснээр хүсэлтээ өгсөн гэж үзнэ гэж дүгнэсэн нь буруу бөгөөд нарийвчилсан зохицуулалттай харилцаанд Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх шаардлагагүй ч уг хууль нь захиргааны байгууллагаас захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалт болдог тул уг хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчим зөрчигдсөн, 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ захиргаа хэрэгжүүлээгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг орхигдуулсан, хуулийн зүйл заалтыг сольж бичсэн, гуравдагч этгээдийн болон хариуцагчийн нэрийг буруу бичсэн зэрэг алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч болон гуравдагч этгээд Ц.Чинзориг, Ч.Базарзаяа нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолын үндэслэл болоогүй тул “Ардчилсан намын хурлаас Л.Нацагням нь нэр дэвшээгүй болох нь тодорхой болсон бөгөөд намаасаа нэр дэвшиж чадаагүй хүн сонгуульд оролцож чадахгүй” гэх гомдлын үндэслэлд тайлбар хийх шаардлагагүйг  дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1056 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 87 дугаар зүйлийн 87.1, 154 дүгээр зүйлийн 154.4, 161 дугээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1, 163.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 24 дүгээр зүйлийн 54.1, 24.2, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 3” гэснийг “Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 154 дүгээр зүйлийн 154.4, 159 дүгээр зүйлийн 159.1, 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2” гэж, Ц.Чинзориг гэснийг Ц.Чинзоригт гэж, “дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай” гэснийг “Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээд Ц.Чинзоригт, Ч.Базарзаяа нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул түүний төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгож, гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                            

                                     ШҮҮГЧ                                                   Г.БИЛГҮҮН  

                                     ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН   

                                     ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН