Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 226/МА2019/00014

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 6 сарын 27 өдөр          Дугаар 226/МА2019/00014                             Хэрлэн сум

 

  Т- ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч  Х-т холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

        226/2019/00014

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алттаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгоржав,  

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  У  

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, Б, Э нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 156/ШШ2019/00178 дугаар шийдвэртэй, Т ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х-т холбогдох “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний санхүүжилтийн төлбөр 1670167536 төгрөг, байгууллагад учирсан хохиролд 262651000 төгрөг, нийт 1932818540 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, Б, М нарын давж заалдах гомдлоор 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т ТӨҮГ нь нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2015/4-07 тоот “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан.

            Энэ гэрээнд хариуцагч Хэнтий аймгийн төвд баригдаж байгаа “Тэмүүжин” орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээг барьж ашиглалтад оруулахад нэхэмжлэгч Т- ТӨҮГ нь тус гэрээний 3.1-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээр хийж гүйцэтгүүлэх орон сууцны гадна инженерийн шугам сүлжээний ажлыг 1670167536 төгрөгөөр гүйцэтгүүлэх бөгөөд төлбөрийг баталсан хуваарийн дагуу гүйцэтгэлээр санхүүжүүлнэ” гэж зааснаар батлагдсан хуваарийн дагуу 1670167536 /нэг тэр бум зургаан зуун далан сая нэг зуун жаран долоон мянга таван зуун гучин зургаа/ төгрөгийн санхүүжилтийг бүрэн хийсэн.

            Дээрх санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалан бүрдүүлсэн хөрөнгө буюу Х-гээр дамжуулан жилийн 7 хувийн хүүтэй авсан зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээр шийдвэрлэсэн бөгөөд өөрөөр хэлбэл улсын төсвийн зардалд тусгагддаг, эргэн төлөгдөх нөхцөлтэй төсвийн хөрөнгө юм.

            Тухайн 2015/4-07 тоот “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 3.2-т “үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн санхүүжүүлсэн дүнг 2016 оны улсын төсөвт суулгах, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна”, 4.3-т “үүрэг гүйцэтгэгч нь санхүүжүүлсэн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах замаар эргэн төвлөрүүлэх байдлаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор буцаан төвлөрүүлнэ” гэж заасны дагуу гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг 2 жил гаруй хугацаанд удаа дараа шаардсан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл тус санхүүжилтийн эргэн төлөлтийг төлж барагдуулаагүй байна. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн ...нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасны дагуу Х нь гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас үүссэн төлбөр болох талуудын байгуулсан 2015/4-07 тоот “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний санхүүжилтийн төлбөр 1670167536 төгрөг, байгууллагад учирсан хохирол болох Хөгжлийн банкны зээлийн хүүгийн төлбөр 262651000 төгрөг, нийт 1932818540 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х-с “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний санхүүжилтийн төлбөр 1670167536 төгрөг, байгууллагад учирсан хохирол 262651004 төгрөг, нийт 1932818540 төгрөгийг гаргуулан Т- ТӨҮГ-т олгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч талаас байгууллагад учирсан хохирол болох 262651004 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Энэ талаар 2015/4-07 тоот “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 3.2-т энэ талаар заасан байдаг.

            Үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн санхүүжилтийн дүнг 2016 оны улсын төсөвт суулгах, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэтэл хоёр жил гарны хугацаанд санхүүжилтийн дүнг улсын төсөвт суулгуулахаар хоёр талаасаа албан бичиг явуулаад үр дүнд хүрээгүй. Мөн одоогийн байдлаар манай байгууллагаас Х-с авсан зээлийн хүү 262651004 төгрөгийг төлсөн. Энэ төлбөрийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т заасныг үндэслэн Х-с гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

            Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин” хорооллын амины орон сууцны гадна дулаан, бохир усны инженерийн дэд бүтэц, шугам сүлжээнд шаардлагатай 1670.2 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг Т- ТӨҮГ-аас түр санхүүжүүлж, тус хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт оруулахаар 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2015/407 дугаартай “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан.

            Гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан үүргийн дагуу санхүүжилт хийсэн эх үүсвэрийг улсын төсөвт оруулахаар Засаг дарга О 2015 оны 7 дугаар сарын 29-ний 9/1105 дугаартай албан бичгээр, аймгийн Засаг дарга Г 2016 оны 8 дугаар сарын 02-ны 9/908, 2017 оны 7 дугаар сарын 28-ны 9/1454 дугаартай албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд удаа дараа хүсэлтийг хүргүүлсэн.

            Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б-д 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 9/355 дугаартай албан бичгээр танилцуулж дэмжлэг үзүүлэх талаар хүсэлтийг хүргүүлсэн. Гэвч дээрх ажлын санхүүжилтийг улсын төсөвт сууж батлагдаагүйн улмаас Т- ТӨҮГ-т олгох санхүүжилтийн төлөлт удаашралтай нөхцөл байдалд хүрээд байна. Цаашид дээрх санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тусган батлуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга О-д болон холбогдох яамдын сайдуудад хүргүүлж ажиллах болно.

            1670.2 сая төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломж орон нутгийн төсөвт байхгүй, мөн гэрээний 4.5, 5.3-т заасны дагуу шугам, сүлжээг санхүүжүүлсэн эх үүсвэрийн төлбөрийг төлсний дараа шугам сүлжээг ашиглах эрх үүсэхээр зохицуулсан, гэрээнд хүү, алданги тооцох талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн хүүгийн төлбөр 262651004 сая төгрөгийг төлөх үндэслэл байхгүй байна. Цаашид гэрээний 6.2-т заасны дагуу гэрээ байгуулсан хоёр байгууллага хамтарсан уулзалт зохион байгуулж, зөвшилцөн улсын төсөвт тусгуулах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах шаардлагатай байна гэжээ.  

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 156/ШШ2019/00178 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагч Х-с 1.932.818.540 төгрөгийг гаргуулж Т- ТӨҮГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Х-с 4.911.02135 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж тус тус заан шийдвэрлэжээ.

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, М, Б нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            “Мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин” хорооллын амины орон сууцны гадна дулаан, бохир усны инженерийн дэд бүтэц, шугам сүлжээнд шаардлагатай 1670.2 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг Т- ТӨҮГ-аас түр санхүүжүүлж, тус хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт оруулахаар 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2015/407 дугаартай “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан.

            Гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан үүргийн дагуу санхүүжилт хийсэн эх үүсвэрийг улсын төсөвт оруулахаар Засаг дарга О 2015 оны 7 дугаар сарын 29-ний 9/1105 дугаартай албан бичгээр, аймгийн Засаг дарга Г  2016 оны 8 дугаар сарын 02-ны 9/908, 2017 оны 7 дугаар сарын 28-ны 9/1454 дугаартай албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд удаа дараа хүсэлтийг хүргүүлсэн.

            Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б-д 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 9/355 дугаартай албан бичгээр танилцуулж дэмжлэг үзүүлэх талаар хүсэлтийг хүргүүлсэн. Гэвч дээрх ажлын санхүүжилтийг улсын төсөвт сууж батлагдаагүйн улмаас Т- ТӨҮГ-т олгох санхүүжилтийн төлөлт удаашралтай нөхцөл байдалд хүрээд байна. Цаашид дээрх санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тусган батлуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга О болон холбогдох яамдын сайдуудад хүргүүлж ажиллах болно.

            1670.2 сая төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломж орон нутгийн төсөвт байхгүй, мөн гэрээний 4.5, 5.3-т заасны дагуу шугам, сүлжээг санхүүжүүлсэн эх үүсвэрийн төлбөрийг төлсний дараа шугам сүлжээг ашиглах эрх үүсэхээр зохицуулсан, гэрээнд хүү, алданги тооцох талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн хүүгийн төлбөр 262651004 сая төгрөгийг төлөх үндэслэл байхгүй байна. Цаашид гэрээний 6.2-т заасны дагуу гэрээ байгуулсан хоёр байгууллага хамтарсан уулзалт зохион байгуулж, зөвшилцөн улсын төсөвт тусгуулах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах шаардлагатай байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон  журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч Т- ТӨҮГ нь хариуцагч Х-с “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний санхүүжилтийн төлбөрт 1670167536 төгрөг, байгууллагад учирсан хохиролд 262651000 төгрөг нийт 1932818540 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х нь “санхүүжилтийн эх үүсвэр орон нутгийн төсөвт байхгүй, гэрээнд хүү, алданги төлөх талаар зохицуулалт байхгүй тул зээлийн хүүгийн төлбөр 262651000 төгрөгийг төлөхгүй“ гэж маргажээ.

 Хэнтий аймгийн Засаг дарга болон Т- ТӨҮГ-ын хооронд байгуулсан 2014/2-12 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний 6.1 дэх заалт, Хэнтий аймгийн Засаг даргын албан бичгийг тус тус үндэслэн Т- ТӨҮГ-ын тэргүүн дэд захирал А, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б нар нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2015/4-07 дугаартай “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулжээ /хх-7-8 хуудас/.

 Хэнтий аймгийн төвд баригдаж байгаа “Тэмүүжин” тохилог орон сууцны хорооллын улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх инженерийн шугам сүлжээний ажилд шаардлагатай 1670167536 төгрөгийн эх үүсвэрийг ТОСК-аас түр санхүүжүүлэх, Хэнтий аймаг санхүүжүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгуулахаар хамтран ажиллах гэрээгээр тус тус үүрэг хүлээсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Дээрх гэрээний 3.2-т зааснаар “үүрэг гүйцэтгэгч нь санхүүжүүлсэн дүнг 2016 оны улсын төсөвт суулгах, 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулах” үүргээ биелүүлээгүй тул хариуцагч Х-г Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Хариуцагч байгууллага нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-т зааснаар хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 127 дугаар тогтоолоор “ түрээсийн орон сууцны барилга барьж байгуулахад зарцуулсан хөрөнгийг улсын төсвөөс эргүүлэн төлөхөд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор зээлийн баталгаа гаргах, үүний улмаас учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Х-д даалгасны дагуу 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Т- ТӨҮГ нь Х-с 3550541310 ам долларын зээлийг 3 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй авч хариуцагч байгууллагад санхүүжилт оруулсан байна /хх-16, 81-86 хуудас/.          

Иймд нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирол нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчийн “хүү алданги төлөхгүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “Тэмүүжин” орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээ нь амины орон сууцанд  зориулагдсан” гэх боловч энэ талаар анхан шатны шүүхэд маргаагүй, нотлох баримт гаргаагүй бөгөөд “Тэмүүжин” тохилог орон сууцны хороолол нь Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх аймаг бүрд “1000 айлын орон сууц” төслийн хүрээнд Хэнтий аймгийн төвд баригдсан нь “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 1.1-т зааснаар тогтоогдож байна /хх-ийн 6-8 хуудас/.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд харин хохирлыг гаргуулахдаа хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийг дутуу гаргуулсан зэргийг зөвтгөж шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т

  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 156/ШШ2019/00178 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “476 дугаар зүйлийн” гэсний өмнө “222 дугаар зүйлийн 222.7,” гэж нэмж, 2 дахь заалт дахь “4.911.02135” гэснийг “9.822.042” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн

172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ