Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00778

 

“Төрийн орон сууцны корпораци” ТӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

          2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 156/ШШ2019/00178 дугаар шийдвэр,

          Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 226/МА2019/00014 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Төрийн орон сууцны корпораци” ТӨААТҮГазар

          Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох

          1,932,818,540 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нямдаваа, Э.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн даргад Ц.Энхтүвшин нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Талууд 2015-07-01-ний өдрийн 2015/4-07 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр Хэнтий аймгийн төвд баригдаж байгаа Тэмүүжин орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээг барьж ашиглалтад оруулахад Төрийн орон сууцны корпораци нь тус гэрээний 3.1-т үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээр хийж гүйцэтгүүлэх орон сууцны гадна инженерийн шугам сүлжээний ажлыг 1,670,167,536 төгрөгөөр гүйцэтгүүлэх бөгөөд төлбөрийг баталсан хуваарийн дагуу санхүүжүүлнэ гэж заасан. Санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалан бүрдүүлсэн хөрөнгө буюу Хөгжлийн банкаар дамжуулан жилийн 7%-н хүүтэй авсан зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэсэн бөгөөд улсын төсвийн зардалд тусгагддаг, эргэн төлөгдөх нөхцөлтэй төсвийн хөрөнгө юм. Тухайн 2015/4-07 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 3.2-т үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн санхүүжүүлсэн дүнг 2016 оны улсын төсөвт суулгах, 2016-10-01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна, 4.3-т үүрэг гүйцэтгэгч нь санхүүжүүлсэн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах замаар эргэн төвлөрүүлэх байдлаар 2016-10-01-ний өдрийн дотор буцаан төвлөрүүлнэ гэж заасны дагуу гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг 2 жил гаруй хугацаанд удаа дараа шаардсан. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл  санхүүжилтийн эргэн төлөлтийг төлж барагдуулаагүй байна.  Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар нь гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас үүссэн төлбөр болох талуудын байгуулсан 2015/4-07 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний санхүүжилтийн төлбөр 1,670,167,536 төгрөг, байгууллагад учирсан хохирол болох Хөгжлийн банкны зээлийн хүүгийн төлбөр 262,651,000 төгрөг, нийт 1,932,818,540 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин хорооллын амины орон сууцны гадна дулаан, бохир усны инженерийн дэд бүтэц, шугам сүлжээнд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг Төрийн орон сууцны корпорациас түр санхүүжүүлж, тус хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт оруулахаар 2015-07-01-ний өдөр 2015/407 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан үүргийн дагуу санхүүжилт хийсэн эх үүсвэрийг улсын төсөвт оруулахаар Засаг дарга 2015-07-29-ний 9/1105 дугаартай албан бичгээр, 2016-08-02-ны 9/908, 2017-07-28-ны 9/1454 дугаартай албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд  хүргүүлсэн. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргад 2018-02-28-ны өдрийн 9/355 дугаартай албан бичгээр танилцуулж дэмжлэг үзүүлэх талаар хүсэлтийг хүргүүлсэн. Гэвч дээрх ажлын санхүүжилтийг улсын төсөвт сууж батлагдаагүйн улмаас Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т олгох санхүүжилтийн төлөлт удаашралтай нөхцөл байдалд хүрээд байна. Цаашид дээрх санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тусган батлуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох яамдын сайдуудад хүргүүлж ажиллана. 1,670,167,536 төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломж орон нутгийн төсөвт байхгүй, мөн гэрээний 4.5, 5.3-т заасны дагуу шугам, сүлжээг санхүүжүүлсэн эх үүсвэрийн төлбөрийг төлсний дараа шугам сүлжээг ашиглах эрх үүсэхээр зохицуулсан, гэрээнд хүү, алданги тооцох талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй тул  хүүгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй. Цаашид гэрээний 6.2-т заасны дагуу гэрээ байгуулсан хоёр байгууллага хамтарсан уулзалт зохион байгуулж, зөвшилцөн улсын төсөвт тусгуулах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах шаардлагатай байна гэжээ.

         Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 156/ШШ2019/00178 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас 1.932.818.540 төгрөгийг гаргуулж Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас 4.911.02135 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

          Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 226/МА2019/00014 дүгээр магадлалаар Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 156/ШШ2019/00178 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “476 дугаар зүйлийн” гэсний өмнө “222 дугаар зүйлийн 222.7,” гэж нэмж, 2 дахь заалт дахь “4.911.02135” гэснийг 9.822.042 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж,  хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурджээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Октябрь, Э.Мөнх-Эрдэнэ нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин хороололын амины орон сууцны гадна дулаан бохир усны инженерийн дэд бүтэц, шугам сүлжээнд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газраас түр санхүүжүүлж тус хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгуулахаар 2015-07-01-ний өдөр 2015/407 дугаартай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан үүргийн дагуу санхүүжилт хийсэн эх үүсвэрийг улсын төсөвт суулгуулахаар аймгийн  Барилга, хот байгуулалтын яаманд удаа дараа хүсэлтүүдийг хүргүүлсэн. Мөн Засгийн газрын хэрэг эрхлзх газрын дэд даргад 2018-02-28-ны өдрийн 9/355 дугаартай албан бичгээр танилцуулж дэмжлэг үзүүлэх талаар хүсэлтийг хүргүүлсэн. Гэвч дээрх ажлын санхүүжилтийг улсын төсөвт сууж батлагдаагүйн улмаас  төлөлт удааширч байна. Санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тусган батлуулахыг Монгол улсын ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам Барилга хот байгуулалтын яам, болон холбогдох газруудад удаа дараа хүргүүлсэн болно. 1,670,167,536 төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломж аймгийн орон нутгийн төсөвт байхгүй, мөн  гэрээнд хүү алданги тооцох талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй тул  262.651.004 сая төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Цаашид гэрээний 6.2-т заасны дагуу гэрээ байгуулсан 2 байгууллага хамтарсан уулзалт зохион байгуулж, зөвшилцөн улсын төсөвт тусгуулах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах шаардлагатай. Шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр Барилга хот байгуулалтын яамны төлөөллийг оролцуулна. Шийдвэр  үндэслэлгүй  байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Төрийн орон сууцны корпораци 2019-01-17-ны өдөр шүүхэд хандаж, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас нийт 1,932,818,540 төгрөг  шаардахдаа “...хариуцагч нь хамтран ажиллах гэрээний дагуу 1,670,167,536 төгрөг шилжүүлэх ёстой ч өгөөгүй мөн ... бид банкнаас зээл авч ажлаа гүйцэтгэхдээ хүү төлсөн тул уг мөнгийг  хохирол гэж үзэж  262,651,000 төгрөгийг  нэмж гаргуулна..” гэжээ.

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... мөнгө нь манай төсөвт  тусгагдаагүйгээс  төлөөгүй байгаа....хүүгийн хэмжээгээр хохирол шаардаж буйг зөвшөөрөхгүй...” гэж маргасан байна.   

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа хариуцагчаас гаргуулах мөнгөний хэмжээг хэвээр үлдээжээ.

       Шийдвэр,магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Зохигч нар нь  2015-07-01-ний өдөр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж , уг гэрээгээр хариуцагч нь “...барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлэхэд шаардлагатай... эх үүсвэрийг...” шийдвэрлэхээр  тохиролцжээ.

       Хоёр шатны шүүх талуудыг хамтран ажиллах хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзсэнийг  үгүйсгэх баримт хэрэгт байхгүй, гэрээ  хүчин төгөлдөр тул гэрээний үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

       Хэнтийн аймгийн Засаг даргын тамгын газар гэрээнд заасан  1,670,167,536 төгрөгийг төлөөгүй байх тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь  Иргэний  хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзлээ. 

       Харин хоёр шатны шүүх  нэхэмжлэлээс   262,651,000 төгрөгийн шаардлагыг хангасан нь дутагдалтай болсон байна.   

       Хэргийн оролцогч  нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.

       Нэхэмжлэгчид 262,651,000 төгрөгийн хохирол учирсан болохыг  нотлох баримт хэрэгт байхгүй  байхад  шүүх  нэхэмжлэлийг бүрэн хангасан нь  Иргэний хуулийн 219 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1,40.2, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

       Иймд шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс  262,651,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг  хангав.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 226/МА2019/00014 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 156/ШШ2019/00178 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг  “...Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 222 дугаар зүйлийн 222.7 -д заасныг баримтлан Хэнтийн аймгийн Засаг даргын тамгын газраас 1,670,167,536 төгрөг гаргуулж Төрийн орон сууцны корпорацид олгож, нэхэмжлэлээс 262,651,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай ..” гэж., хоёр дахь заалтын “...4,911,02135 төгрөгийг...” гэснийг “...8,508,787 төгрөгийг..” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ